Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 02234

 

 

 

Л.Т-ын нэхэмжлэлтэй

                                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02806 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Н-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс өөрт ногдх хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Т, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Тшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний бие Э.Н-тай 2000 онд танилцаж 2004 оноос хамт амьдарч эхэлсэн. 2014 оны 8 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний том охин Н.Анужин 2004 оны 02 дугаар сарын 5-ны өдөр, бага охин Н.Энхжин 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төрсөн. 2014 оны 9 дүгээр сард “Голомт банк” ХХК-аас 15 жилийн хугацаатай орон сууцны зээлийг авч тусдаа амьдрах болсон. Энэ үеэс Э.Нархи уух агсам тавих нь их болж улмаар байнга дарамтлан зодож, хэл амаар доромжлох болсон. Шүүхээс түүнийг эрүүлжүүлэх, цагдан хорих, торгууль төлүүлэх, олон нийтийн ажил хийлгэх зэрэг сахилгын болон эрүүгийн шийтгэл хүлээлгэж байсан. Энэ бүхэнд Э.Нихэд хорсож, эрүүлдээ ч гэсэн байнга дарамтлах болсон. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул хоёр охинынхоо хамт эцгийндээ амьдарч байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр охиныг эхийнх нь асрамжид үлдээн, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн дундын өмч болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 хороолол, 1 дүгээр байр 46 тоотод байрлах 30 м.кв талбайтай, 69 120 000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцнаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох 51 840 000 төгрөг, 37-21УНГ улсын дугаартай автомашины үнэлгээгээр тогтоосон дүн болох 10 417 000 төгрөгөөс өөрт болон хоёр хүүхдэд ноогдох 7 812 750 төгрөг нийт 59 652 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ншүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Тэгшжаргалтай 2000 онд танилцаж, өмнөх эхнэр н.Ганчулуунаас гэрлэлтээ цуцлуулж, 2004 оноос хамт амьдарч эхэлсэн. Тэгшжаргалтай 2014 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Том охин Н.Анужин 2004 онд төрсөн. Л.Тохиноо төрүүлээд 6 сар болоод ажилдаа орсон. Л.Тнь 2017 оны 7 дугаар сард Солонгос улс явсан. Тэр үеэс хойш ааш зан нь хувирсан. Л.Тнь ажлынхаа хүмүүстэй архи ууж дандаа харанхуй шөнө гэртээ ирдэг. Энэ явдал нь сүүлийн 3 жил үргэлжилж байна. Зун болохоор хоёр хүүхдээ аваад яваад өгдөг. Миний зүгээс эхнэр, хүүхдээсээ салах бодолгүй байна. Хэрэв үнэхээр гэрлэлтээ цуцлуулах юм бол Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 хороолол, 1 дүгээр байр, 46 тоотод байрлах 30 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулаад үнийг нь хувааж өгөхийг хүсэж байна. Цаашдаа алдаа дутагдлаа засаж гэр бүлтэйгээ хамт амьдрах хүсэлтэй байна. Автомашины зээлийг төлсний дараа гэрлэлтээ цуцлуулах санал тавьсан. Гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Эрхэмбаярын Н, Лхагвасүрэнгийн Тнарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 02 дугаар сарын 5-ны өдөр төрсөн охин Н.Анужин, 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр төрсөн охин Н.Энхжин нарыг эх Л.Т-ын асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Н.Анужин, Н.Энхжин нарыг 11 нас хүртэл оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, тэднийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.Нгаар тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр 46 тоотод байршилтай 30 м.кв хоёр өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2201008458 дугаарт бүртгэлтэй орон сууцыг нэхэмжлэгч Л.Т-ын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс орон сууцны ногдох хэсэг 23 040 000 төгрөг гаргуулж хариуцагч Э.Н-д олгож, Т.Приус маркийн 37-21УНГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Э.Нгийн өмчлөлд үлдээж, хариуцагчаас авто машины ногдох хэсэг 3,472,333 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 100 417 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Тулсын тэмдэгтийн хураамжид 291 494 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Э.Нгаас улсын тэмдэгтийн хураамж 642 251 төгрөг гаргуулж, үүнээс 291,494 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 350 757 төгрөг, нэхэмжлэгчээс 50 502 төгрөг гаргуулж тус тус улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 129.2, 129.3 заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нийт гишүүдэд адил байна гэж заасан. Энэ заалтыг баримталбал нийт 69 120 000 + 10 417 000 төгрөг буюу 79 537 0007 төгрөгөөс 2 хүүхэд болон надад 59 652 750 төгрөг ногдож байна. Гэтэл хариуцагчид 23 040 000 төгрөг олгож, хариуцагчаас 3 472 333 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс хариуцагчид ногдох хувийг 19 567 667 төгрөг гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заалтыг мөн дурдсан байдаг. Энэ заалт нь гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал болон хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүхээс гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг мөн зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас өөр байхаар тогтоох тухай зохицуулсан заалт байна. Гэтэл, хариуцагчийн эрүүл мэндийн байдал нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлаас муу биш буюу тэгж тогтоогдоогүй, хүүхдүүд нь эхийн асрамжид үлдэж байгаа атал шүүхээс хүүхдүүдийн эрх ашгийг анхаараагүй буюу үүгээрээ хүүхдүүдийн болон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг үндэслэлгүйгээр дордуулсан байна. Насанд хүрээгүй 2 хүүхдүүд нь эхийн асрамжид үлдээж байгаа тохиолдолд нэхэмжлэгчид гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөнөөс дөрөвны гуравыг ногдуулан шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Түүнчлэн уг орон сууц нь зээлээр худалдан авсан, зээлийг нь бүрэн төлж барагдуулаагүй байгаа юм. Энэ орон сууцын зээлийг хамтран төлөх үүрэгтэй.  Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид юм. Орон сууц нь банкны зээлийн барьцаа баталгаанд байгаа тохиолдолд ногдох хэмжээгээр үүргийг хүлээх ёстой. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үеэр  орон сууцыг 15 жилийн хугацаатай “Голомт банк” ХХК-ийн ипотекийн зээлээр авсан тухайгаа тайлбарласан. Орон сууцны зээлийн гэрээг нотлох баримтаар гаргуулах нь ач холбогдолтой. Э.Ннь “мөнгөө авч байж энэ гэрээс чинь явна, байраа зараад хурдан мөнгө гаргаж өг” хэмээн шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн дарамтлах болсон. Хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон 69 000 000 төгрөгөөр зарлаа гэхэд 57 797 836 төгрөгөөр банкны зээлийн төлбөрт төлж,  миний бие 2 охины хамт орон гэргүй болж, харин хариуцагч автомашин болон мөнгөн хөрөнгөтэй үлдэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Тнь хариуцагч Э.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө орон сууц болон автомашинаас өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр тооцож гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

Шүүх гэрлэгчид, тэдний гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаарх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүйгээс гадна тухайн маргаанд ач холбогдолтой дор дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байна.

Гэрлэгчид хариуцагч Э.Нгийн нэр дээр 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 1 дүгээр байр, 46 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахдаа “Голомт банк” ХХК-аас мөнгөн хөрөнгө зээлсэн, уг орон сууц одоо зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд байгаа талаар тайлбарласан.

Зохигчдын хэн аль нь дээрх орон сууцтай холбоотой ипотекийн зээл байгаа талаар тайлбарласан байхад шүүх дээрх байдлыг тодруулалгүй орон сууцнаас Э.Н-д ногдох хэсэг 23 040 000 төгрөгийг Л.Т-аас гаргуулж, орон сууцыг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Тухайн барьцааны гэрээ хэрэгт авагдаагүй, уг зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан орон сууцанд хэдий хэмжээний өр төлбөр ногдож байгаа зэрэг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн ногдох хувийг тодорхойлоход ач холбогдолтой. Уг нөхцөл байдал тодорхой бус байхад зохих хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх боломжгүй.

Мөн хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг дүгнээгүй байна.

Дээрх үндэслэлээр бөгөөд давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 184/ШШ2020/02806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 257 375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                 ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                                        Д.БАЙГАЛМАА