| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0021/Э |
| Дугаар | 9 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 9
2018 оны 01 сарын 10 өдөр 2018/ШЦТ/09 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0021/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Э.Ядмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан
Хэнтий Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Өлзийгийн Сд холбогдох 1739002740096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр суманд 1992 оны 07 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй , эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Бат-Өлзийгийн С /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутант Э.Ядмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутант Э.Ядмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Ядмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...“...С намайг чи яадаг гэнээ гээд миний нүүр рүү гараараа 3 удаа цохисон. Тэгээд хашааны банз хугалж аваад миний ууц руу 1 удаа цохисон. Тэгээд миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Би газар унахад миний куртикний малгайнаас татаж босгоод миний салтаа руу өвдөглөөд гуя руу өшиглөөд байсан.” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 хуудас/
Гэрч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..”... Э.Ядмаа хэлэхдээ С намайг гэдэс рүү олон удаа өшиглөж зодоод тэгээд би шөнө эмнэлэг дээр ирээд цагдаад мэдэгдсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19 хуудас/
Гэрч А.Гэрэлмээгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Э.Ядмаа... намайг барьж аваад гэдэс рүү олон удаа өшиглөж зодоод тэгээд би шөнө эмнэлэг дээр ирээд биеэ үзүүлээд цагдаад мэдэгдсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх эмнэлэгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №01 дугаартай дүгнэлт
Э.Ядмаагийн биед гадна бэлэг эрхтний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гуя, өвдөгний зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд ньв мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлйин зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Иргэн Э.Ядмаагийн архан хууч өвчнийг тогтоох шаардлагагүй.
Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10% алдагдана.
Шүүгдэгч Б.Сын иргэн Э.Ядмаагийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ядмаагийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Өлзийгийн Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Сд оногдуулсан торгуулийн ялыг 4 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан банзыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ