Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 356

 

Б.Я нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 27 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар тогтоолтой, Б.Я, Н.Б, Б.Ц, Г.Ч, Х.Ш, Т.Э, Т.Д нарт холбогдох 1802001010057 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор О.Сарангэрэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, ял шийтгэлгүй, О овогт Н.Б,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Б.Ц,

3.Монгол Улсын иргэн, 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Г.Ч,

4.Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, О овогт Х.Ш,

5.Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б овогт Т.Э,

6.Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, эрэгтэй,

2011 оны 7 дугаар сарын 26-нд Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ө овогт Т.Д,

7.Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 2002 оны 3 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4, мөн  хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2003 оны 1 дүгээр сарын 20-нд эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

2003 оны 9 дүгээр сарын 9-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар хорих ялын зарим ял болох 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 2-нд эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 20-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон,

2014 оны 5 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 6-нд суллагдсан,

2016 оны 12 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь заалтад зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Б.Я.

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ Карго илгээмжээр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 7 дугаар байрны 2-6 тоотод метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан,

Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны гадаа 86-50 УББ улсын дугаартай Тоуоtа mагk х загварын автомашинд метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч Х.Ш нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан,

Шүүгдэгч Т.Э нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,

Шүүгдэгч Б.Я нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Яд урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар багасгаж 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Б.Цод холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Г.Чад холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Б.Яд холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн өөрчилж,

шүүгдэгч Х.Шд холбогдох Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэсэн хэргээс “Худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдсан” гэж хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг, мөн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х.Шыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг,

шүүгдэгч Г.Чыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг,

шүүгдэгч Б.Яг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг,

шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг,

шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар,

шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

шүүгдэгч Х.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

шүүгдэгч Б.Яг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч, Т.Э, Т.Д нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

шүүгдэгч Г.Ч, Т.Э, Т.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 10 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Яд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоно хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Б.Ц, Х.Ш нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Яд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

нийт 660.000 төгрөгийг улсын орлого болгож, Тоёота Марк х загварын 86-50 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,

шүүгдэгч Н.Б, Б.Ц нарын баривчлагдсан, цагдан хоригдсон 30 хоног, шүүгдэгч Х.Шын баривчлагдсан 2 хоног, Б.Ягийн баривчлагдсан, цагдан хоригдсон 707 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Г.Ч, Т.Э, Т.Д нар тус бүр 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Яд энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Яд энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

Г.Ч, Т.Э, Т.Д нарт холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, тэдэнд холбогдох хэсгийг тусад нь дахин хэлэлцүүлэхээр буцааж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч Г.Галбадрах, шүүгдэгч Т.Дын өмгөөлөгч Ц.Батзаяа, А.Төмөрчулуун, шүүгдэгч Н.Б болон түүний өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Г.Чын өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүгдэгч Б.Цын өмгөөлөгч А.Ариунаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Я нарт холбогдох эрүүгийн 1802001010057 дугаартай хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй "дараах нөхцөл байдал илэрсэн байна. Үүнд:

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 1 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүгдэгчийн ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулах тухай” холбогдох заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шийдвэрлэх эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан...” шинэ нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 27 дугаар магадлал болон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хяналтын шатны шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэлийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Б.Я нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Я нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед давж заалдах болон хяналтын шатны шүүх нь хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж өөрчлөх эрх хэмжээтэй байжээ.

Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Б.Я нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Яд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сар 14 хоног хорих ялыг 4 жил 6 сар 14 хоног болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсныг хяналтын шатны шүүх мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасан бүрэн эрхийн дагуу хэвээр үлдээж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Гэвч Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно”, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;”, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...", “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 1 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад өөрчлөлт оруулжээ.

Иймд Б.Я нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдлын улмаас тухайн шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлд хамаарч байх тул энэ талаар прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Яд оногдуулсан ялыг 4 жил 6 сар 14 хоног болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дүгээр шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Б.Яг...1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Б.Яг...2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар...”,

тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...Б.Ягийн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар...” гэж тус тус өөрчлөлт оруулсан “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 27 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын  холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар тогтоолын тогтоох хэсэгт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлал болон хяналтын шатны шүүхийн тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                       

                                         ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН