Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0800

 

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0800

 Улаанбаатар хот

 

 

З.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Э.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор, З.Б нэхэмжлэлтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүү илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэрээр:  

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1, 37 дугаар зүйлийн 37.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаал болон 222 дугаар тушаалын З.Б-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, З.Б-ыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 15480688 /арван таван сая дөрвөн зуун наян мянга зургаан зуун наян найман/ төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцон нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргад даалгаж  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх

хэсэгтээ"... З.Б-ын хувийн хэргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн баримтаас үзвэл хувийн хэрэгт ажлын байрны тодорхойлолт болон 2006 онд ахлах референтээр томилогдсоноос хойш байгуулсан үр дүнгийн гэрээ байхгүй нь нэхэмжлэгчийг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй юм" гэж дүгнэсэн атлаа мөн хэсэгт "... нэхэмжлэгчийн ажиллаж байсан гэх Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт"-ийн орон тоо нэрийн хувьд өөрчлөгдсөн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан "... чиг үүрэг нь хэд хэдэн шинжээч, референтэд хуваагдсан..." гэсэн тайлбараар чиг үүрэг хадгалагдан үлдсэн болох нь нотлогдож байна ... Эдгээрээс дүгнэвэл нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн ..." гэж хоёр зөрүүтэй дүгнэлт хийсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хийсвэр дүгнэлтэд үндэслэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийгөө Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан ахлах референтийн албан тушаалд ажиллаж байсан гэж, хариуцагчаас Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтээр ажиллаж байсан гэж маргаж байхад анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадалгүй зөрүүтэй дүгнэлт хийж, ямар нотлох баримтад тулгуурлаж, ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа нь тодорхой бус, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.

2.Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж, мөн хуулийн 27.4-т "Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна”, “ 27.4.3-д “биечлэн уулзах" гэж тус тус заасан.

Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга маргаан бүхий тушаалуудыг гаргахын өмнө нэхэмжпэгч З.Б-тай урьдчилан биечлэн уулзах хэлбэрээр сонсох ажиллагааг явуулж, түүний саналыг сонссон болох нь гэрч Н.А-ийн мэдүүлгээр бүрэн нотлогддог.

 Сонсох ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн саналыг сонсож, талууд харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга тушаал гаргасан байдаг. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 22.1-д "Албан тушаалын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно" гэж заасантай нийцэж байгаа болно. Гэвч анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэлгүй, энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхээр байна.

3. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б-оос "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/2475 тоот албан бичиг"-ийг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд түүнийг нэхэмжлэгч З.Б-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.3-т заасны дагуу нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

Нотлох баримтаар хасуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6-д "Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшеөрөгдөегүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй" гэж, мөн хуулийн 111.1-д "... хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана" гэж, мөн хуулийн 122.1-д "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 32.6, 54.2, 61.1, 65.1, 111.3, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно" гэж тус тус заасны дагуу шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хангах эсэх талаар тогтоол гаргаж, түүнийг нь хэргийн оролцогчид эс зөвшеөрвөл гомдол гаргах эрхийг нээж өгөх ёстой байсан.

Гэвч нэхэмжлэгчийн гаргасан "нотлох баримт хасуулах тухай" хүсэлтийг даргалагч шүүгч хэлэлцэлгүй орхисон нь шүүх урьдаас дүгнэлтээ гаргасан байгаа мэт харагдаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“З.Б-ын нэхэмжлэлтэй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8-р сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль болсонтой холбогдуулж Засгийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 211 дүгээр тушаалаар Хэрэг эрхлэх газрын бүтэц, ажил үүргийн хуваарыг шинэчлэн баталсан. Үүнтэй уялдуулж ажлын байр хасагдсан албан тушаалтан болох З.Б-ыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу нэмэгдэл баталгааг хангах үүднээс өөртэй нь тохиролцож өөр байгууллагад шилжүүлсэн болох нь гэрч болон ажлын байраар хангах байгууллагын албан бичгээр нотлогдож байгааг шүүх дүгнээгүйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Хедөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д "орон тоо хасагдсан гэдэгт ...байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино" гэжээ. Иймд ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг хуваагдаж хэд хэдэн этгээдэд шилжсэнийг ажлын байр хэвээр хадаглагдаж байна гэж үзэх боломжгүй юм.

Мөн тогтоолын 9-д "тохиролцсон гэдгийг тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулна гэж ойлгоно" гэжээ. Нэгэнт З.Б-ын ажлын байр хасагдсан тул төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах үүднээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С болон хүний нөөцийн мэргэжилтэн н.А нар уулзаж харилцан тохиролцож өөр байгууллагад шилжүүлэх болсон талаар шүүхэд н.А нь гэрчээр мэдүүлсэн болно. Үүнээс харахад харилцан тохиролцсон болох нь нотлогдож байна.

Шүүхийн шийдвэрт Захиргааны актын талаар эрх нь зөрчигдөж буй этгээдэд мэдэгдээгүй, тайлбар санал гаргах боломж олгоогүй гэж дүгнэсэн байх бөгөөд тухайн шийдвэр гарахаас өмнө нь урьдчилан тохиролцсон болох нь гэрчийн мэдүүлэгээр нотлогдож байх тул Захиргааны актыг мэдээлээгүй гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0618 шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Б нь шүүхэд “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 221 дүгээр тушаалыг бүхэлд нь, “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 222 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах референтийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажилд шилжүүлэн ажиллуулах тухай” “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 221 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: 

Хариуцагч нь маргаан бүхий 211 дүгээр тушаалаар тус бүрдээ өөр өөр нөхцөлд хэрэглэгдэх Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /албан ажлын зайлшгүй шаардлага гарсны улмаас төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болох боловч ийнхүү шилжүүлэхдээ өөртэй нь тохиролцсон байхыг шаардсан/, 27 дугаар зүйлийн 27.2.4 /хэрэв төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаалын орон тоо өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагдсан бол эрх бүхий албан тушаалтан нь цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшүүлж энэ хугацаанд түүний эрхэлж байсан албан тушаалын цалин хөлсийг олгож, ажлын байраар хангах эсхүл тухайн байгууллагаас 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох зэрэг төрийн жинхэнэ албан хаагчийн хангагдах нэмэлт баталгааны хэлбэрээс аль боломжтойг хэрэглэхээр заасан/ дэх хэсгийн заалтуудыг баримтлан “өөртэй нь болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай тохирсон” гэх үндэслэлээр З.Б-ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Маргаан бүхий тус тушаалаар З.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө “... өөртэй нь тохирсны дагуу...” гэх үндэслэлийг заасан бол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга ажлын туршлагатай албан хаагчийг тус байгууллагад шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1/2199 дүгээр албан бичгээр ирүүлсэн ... хүсэлтийн дагуу 2 байгууллагын удирдлагууд харилцан тохиролцож ...” гэж нэхэмжлэгч З.Б-ыг өөр байгууллагад шилжүүлэх болсон шалтгаан үндэслэлийг тушаалд зааснаас өөрөөр тайлбарласан атлаа энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гаргаж өгөх, энэ талаар хүсэлт гаргах эрхийг хязгаарлахгүй“ гэж заасны дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй түүнчлэн мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас өөртэй нь тохирсон” гэх үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байжээ. 

Анхан шатны шүүх маргаан бүхий 221 дүгээр тушаалд “өөртэй нь ...тохирсны дагуу...” гэсэн боловч ... хариуцагчийн З.Б-тай “тохирсон” гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж шүүх нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцсэн байна. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д төрийн албан хаагчийг өөр байгууллагад албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлэх тохиолдолд “... төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож...” гэж өөртэй нь тохиролцсон байхыг шаардсан байхаас бус байгууллагын бусад албан тушаалтнууд өөр бусад этгээдтэй тохиролцсон байхыг шаардаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...ажлын байр хасагдсан тул төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах үүднээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.С болон хүний нөөцийн мэргэжилтэн н.А нар уулзаж харилцан тохиролцож өөр байгууллагад шилжүүлэх болсон талаар шүүхэд н.А гэрчээр мэдүүлсэн. Үүнээс харилцан тохиролцсон болох нь нотлогдож байна...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон тоо, ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 01 дүгээр тушаалаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг 8 хэлтэс албатай нийт 106 орон тоотойгоор, Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрыг 8 орон тоотой баталсны дотор “Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан”, “Хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийн биелэлт хариуцсан”, “Яам болон аймаг, нийслэлийн үйл ажиллагаанд хийх хяналт шинжилгээний асуудал хариуцсан” ахлах референт гэсэн гурван ахлах референтүүдтэйгээр батлагдсан байсан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 211 дүгээр тушаалаар зохион байгуулалтын бүтцийг 12 газар албатай, орон тооны хязгаарыг 115 байхаар тогтоосон байх бөгөөд Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрыг нийт 10 орон тоотой баталсны дотор “Хууль, тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн асуудал хариуцсан”, “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан”, “Яам, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийх хяналт, шинжилгээ, үнэлгээ болон арга зүйн асуудал хариуцсан” ахлах референт тус бүр нэг, нийт гурван ахлах референт байхаар батлагджээ.  

Ийнхүү өмнөх бүтцээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нийт орон тоо 106 байсан бол шинэ бүтцээр 115 болж, нэхэмжлэгч З.Б-ын ажиллаж байсан Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын орон тоо өмнөх бүтцээр 8 байсан бол 10 болж нэмэгдсэн, орон тоо цөөрч, хасагдаагүй буюу түүний эрхэлж байсан албан тушаалын орон тоо Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан...” гэх нөхцөл байдал бий болоогүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын “... З.Б-ын эрхэлж байсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референтийн орон тоо ... тус газрын бүтэц шинэчлэн батлагдсанаар хасагдсан, ... шүүхээс ... ямар албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа нь тодорхой бус, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна...” гэх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагчаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг ямар чиглэлийн үүрэг гүйцэтгэх талаар тухайлан зааж томилдог байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул анхан шатны шүүх “...Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг томилж байсан тушаалуудаас үзвэл аливаа ажилтныг албан тушаалд тухайлан томилолгүй ерөнхий байдлаар “ахлах референтийн”, референтийн, ахлах шинжээчийн, шинжээчийн гэх зэргээр томилдог ... Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь ажилтан, албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулдаггүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна ...” гэж  дүгнэсэн нь зөв байна.  

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлд заасан ёсоор Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ...” гэж, 20.4-т “Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь асуудал хамаарна:” гээд “улсын хөгжлийн цогц бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, төрийн өмчийн бодлого” зэрэг асуудал ерөнхий сайдын эрхлэх асуудалд хамаарахаар заажээ.

Харин мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаас үзвэл Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж  төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулах, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлох, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангах чиг үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

Ийнхүү Засгийн газар Ерөнхий сайдын үндэсний хөгжлийн цогц бодлого, боловсруулах шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, энэ талаарх яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулах, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх асуудал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үүрэг байхаар хуульчилснаас үзвэл  тус газрын үндэсний хөгжлийн бодлого, засгийн газрын хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хариуцах хуулиар тогтоосон чиг үүрэг үгүй болоогүй байна. Өөрөөр хэлбэл, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газраас боловсруулан гаргасан үндэсний хөтөлбөр, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн асуудлыг хариуцан хэрэгжүүлэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын хуулиар тогтоогдсон байх тул тус үүргийг хэрэгжүүлэх ахлах референтийн албан тушаал нэрийн хувьд “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал хариуцсан ахлах референт” болж өөрчлөгдсөнийг “албан тушаалын орон тоо хасагдсан” гэж үзэх үндэслэлгүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “...зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын ... чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Б-ыг үргэлжлүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн үйлдэл хууль бус, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байна.

 Нэхэмжлэлийн “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 222 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Тус тушаалаар Төсвийн тухай хуулийн 16.5.1-т “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах” гэж төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан зохицуулалт, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.3-т “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, халах” гэж заасан Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргад үндсэн эрх олгосон заалтыг тус тус баримтлан “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц шинэчлэн батлагдсан” гэх үндэслэлээр нэр бүхий ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн үүрэг гүйцэтгэж байсан нэхэмжлэгч З.Б багтсан байна.

Хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 221 дүгээр тушаалаар төрийн жинхэнэ албан хаагч, нэхэмжлэгч З.Б-ыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын Засгийн газрын ахлах референтийн үүрэгт ажлаас чөлөөлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжүүлсэн атлаа, мөн өдрийн 222 дугаар тушаалаар төрийн жинхэнэ албаны харилцаанд мөрдөгдөх Төрийн албаны тухай хуулийг хэрэглэлгүйгээр ажлаас чөлөөлж, нэг дор хоёр өөр үндэслэлээр давхардуулан шийдвэр гаргаж, төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4.1, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан тусгай зарчимд нийцээгүй, хууль бус байна.

Түүнчлэн шүүх ажилгүй байсан хугацаа, болон нэхэмжлэгчийн цалинг зөв тооцож гаргуулахаар, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                    ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ