Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 3

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй, Завхан

 аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:       Танхимын тэргүүн М.Батсуурь

 Шүүгчид:          Л.Атарцэцэг

                           Г.Банзрагч

                           П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль бус захиргааны акт хүчингүй болгох тухай” Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0560 дугаар магадлал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх шаардлага бүхий иргэн Л.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлоор хэргийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0560 дугаар магадлалаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Л.Б-ыг Завхан аймгийн Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

         Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгор хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.Б-ыг Нөмрөг сумын сургуулийн захирлын ажилд томилуулахаар Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөл Салбар зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор нэрийг нь дэвшүүлснийг үндэслэн уг албан тушаалд 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдсон боловч Л.Б- нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад оролцох үедээ мэргэжил, мэргэшлийн хувьд цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын ажлын байранд тавигдсан шаардлагыг хангаагүй байхад төрийн үйлчилгээний удирдах албанд томилогдсон болох нь Л.Б-ын Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2015 оны Р201507198 дугаартай дипломоор нотлогдсон /“...сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийн дипломгүй талаар мэдэж байсан, тэр талаар маргаагүй” гэх давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэг, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 7 дугаар хуудас, хэрэгт авагдсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2015 оны 0201507198 дугаартай диплом/ гэсэн үндэслэлээр төрийн үйлчилгээний удирдах албанд томилсон 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/317 дугаартай захирамжийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

4. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт”-ыг хүчингүй болгох тохиолдлуудыг заасан, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа... бусад хууль бус аргыг хэрэглэсэн” бол уг актыг хүчингүй болгоно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4-т заасан дээрх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс Л.Б- нь Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын ажлын байранд тавигдсан мэргэжил, мэргэшил-сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч байх гэсэн шаардлагыг хангаагүй байхдаа сонгон шалгаруулалтад орж, цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон гэх үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн боловсролын бичиг баримтаар нотлогдож байх тул хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтыг баримталсан нь буруу гэх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5. Давж заалдах шатны шүүхийн хянавал хэсэгт ...хариуцагчийн шийдвэрийн үндэслэл нь түүнийг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл болохгүй байхад маргаж буй захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ. Тодруулбал, хүн, хуулийн этгээд нь хууль ёсны дагуу үүссэн тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал хаших ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байж төрийн албан тушаалд томилогдох, хууль ёсны дагуу томилогдсоны үр дүнд эрхлэх эрхтэй юм. Тиймээс Л.Б- нь анхнаасаа цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохдоо сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжил эзэмшсэн гэх дипломгүй байсан, уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй байсан нь баримтаар тогтоогдсон байхад хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагааны үр дүнд гаргасан буюу түүнийг ажилд томилсон 2014 оны Б/317 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасантай нийцсэн тул 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/43 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0560 дугаар магадлалыг хүчингүй болгож Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв хэрэглэж чадаагүй тул давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасанд нийцжээ.

9. Завхан аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх тухай” 52 дугаар тогтоолоор “орон нутгийн өмчийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн” гэх 19 иргэнийг төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэсэн, уг тогтоолын үйлчлэлд нэхэмжлэгч Л.Б- нь хамаарсан, Л.Б-ыг Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/317 дугаар захирамжаар Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилох үед тэрээр Боловсролын их сургуулийн Багшийн сургуульд “сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлээр суралцаж байсан, 2015 оны 01 дүгээр сард сургуулиа төгсгөж, 2015 оны 2 дугаар сард мэргэжлийн “Бакалаврын диплом” авсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

10. Түүнчлэн, Сонгон шалгаруулалтын комисс нь Л.Б-ын “сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлээр суралцаж байгаа тухай” Боловсролын их сургуулийн тодорхойлолтыг үндэслэн бүртгэж, сонгон шалгаруулалтад оруулсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд Л.Б-ыг “сонгон шалгаруулалтад орохоор хуурамч материал бүрдүүлсэн болон хууль бусаар Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон” гэх үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй, шүүхээс холбогдох нотлох баримтыг цуглуулахад нэхэмжлэгчийг буруутгаж буй уг нөхцөл байдал нь тогтоогдоогүй байна.

11. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасны дагуу төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу  байгуулагдах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн..., цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр тусгайлан зааснаас үзэхэд аймгийн Засаг дарга нь эрх бүхий этгээдийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө,... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх үүрэгтэй.

12. Мөн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4-т заасны дагуу “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” нь тогтоогдсон бол “эерэг” нөлөөлөлтэй байсан ч хууль бус захиргааны актыг эрх бүхий этгээд, энэ маргааны тухайд аймгийн Засаг дарга нь хэдий ч хүчингүй болгох боломжтой юм.

13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, тухайн үед ажиллаж байсан Завхан аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Б-ыг “сургуулийн өмнөх насны хүүхдийн багш” мэргэжлийг бүрэн эзэмшээгүй, боловсролын дипломгүй байсныг мэдсээр атлаа Нөмрөг сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллуулахаар томилсон нь тогтоогдсон хэдий ч уг албан тушаалд томилогдохын тулд Л.Б-ын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан үйлдлийг гаргаагүй нь тогтоогджээ.

14. Иймээс, эрх зүйн үндэслэлгүй байхад хариуцагч нь  2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Хууль бус захиргааны акт хүчингүй болгох тухай” Б/43 дугаар захирамжийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамаарч илт хууль бус болохыг, уг актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

15. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2015 онд сургуулиа төгсгөж, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш мэргэжлийг эзэмшсэнээс үзвэл түүнийг Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдсан мэргэжил, боловсролын шаардлагыг огт хангахгүй байна гэж үзэхгүй, тухайн үеийн /2014 оны/ зөрчил нь бүрэн арилсан байхад уг зөрчилд холбогдуулан 4 жилийн дараа түүнийг буруутгасан нь хуульд үндэслээгүй буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны хувьд Л.Б-ыг ажлаас чөлөөлөх, халах хуульд заасан үндэслэл байгаагүй болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4 дэх заалтыг тайлбарлан хэрэглээгүй, тухайлбал “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэдэг нь тодорхой үр дагаварт хүрэхийн тулд санаатай хийсэн үйлдлүүд байхад энэ маргааны хувьд нэхэмжлэгч нь Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд “томилогдох”-ын тулд дээрх хууль бус үйлдлийг хийсэн нь тогтоогдоогүй, 4 жилийн өмнөх зөрчил одоо арилсан нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй байна.

17. Мөн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт дүгнэлт хийхдээ уг тушаалыг “...хуулийн 47.1.6 дахь заалтын хэм хэмжээний нөхцөлийн шинжийг агуулж, хэлбэржээгүй” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, уг зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэхээр байна.

18. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Долгорын гаргасан “...ажлын байрны мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангаагүй байхдаа сонгон шалгаруулалтад орж, томилогдсон үйл баримт нь нэхэмжлэгчийн тайлбар,... зэргээр тогтоогдсон,... Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4 дэх заалтыг зөв баримталж нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон,... хууль ёсоор томилогдоогүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/МА2018/0560 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.1-д заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ