Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 512

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэрэгт Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасныг хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан хүсэлтдээ: “Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү хүсэлтийг гаргаж байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Аймгийн Засаг даргаас огцруулах тухай” саналыг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-1/46 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд хүсэлтийг хүлээн авч хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

                                                         ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий сайдад холбогдуулан “Аймгийн Засаг даргаас огцруулах тухай” саналыг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-1/46 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Мөн Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                         

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан “Аймгийн Засаг даргаас огцруулах тухай” саналыг хүлээн авахаас татгалзсан Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ-1/46 тоот шийдвэр хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 ШҮҮГЧ                      Б.АДЪЯАСҮРЭН