Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01138

 

Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаагийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарт 1998 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ашиглалт засварын монтёроор, 2001 оны 08 дугаар сарын 15-наас ашиглалт засварын мастераар ажиллаж байгаад 2010 оны 03 дугаар сарын 29-нд Сүхбаатар салбарын даргаар томилогдон 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл нийт 18 жил тасралтгүй ажиллаж ирсэн.Би “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д 18 жил ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль болон ажил олгогч компаниас баталсан дүрэм журамд заасны дагуу өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж шударгаар ажиллаж ирсэн. Гэтэл “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.Иймд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 1 445 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Сүхбаатар салбарын даргаар ажиллаж байсан Н.Гэрэлт-Од нь компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 3 дугаар шатны үзлэг, төлөөлөн удирдах зөвлөлөөс хийсэн шалгалт, Хяналтын албанаас хийсэн шалгалтууд, Зүүнбүрэн суманд осол гарч Зүүнбүрэн сумын техникч Д.Ариунбат амь нас эрсэдсэн салбарын борлуулалт муу, авлага өссөн, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг удаа дараа арилгаагүй мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй.Иймд Н.Гэрэлт-Од нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажилтны үүрэг, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай биелүүлээгүй тул Сүхбаатар салбарын дарга Н.Гэрэлт-Одын хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 8.2, 40.1.4, “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4.е, 8.2.4.ж ажлын байрны тодорхойлолт, холбогдох бусад хууль тогтоомжуудын хүрээнд хөдөлмөрийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Н.Гэрэлт-Одын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одыг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Сүхбаатар салбарын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 445 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар магадлалаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Ч.Чинцогт нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхэд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлтэй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба шүүх тэдгээрийг үнэлээгүй. Анхан шатны шүүх ажлаас халсан үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар гаргаж өгөөгүй гэж дүгнээгүй байхад давж заалдах шатны шүүх буруу дүгнэсэн байна.Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлтэд Д.Ариунбат нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр шугам солих ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж сип утас сольсон, энэ үедээ дуулга, хамгаалах хэрэгслэлээ хэрэглээгүй байснаас 380 кв.н шонгийн модноос унаж нас барсан нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний шинжээчийн дүгнэлтээр “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д 4.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараахь тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно” гэж зааснаас үзэхэд үйлдвэрлэлийн осол гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.Энэ нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хууль, Н.Гэрэлт-Одтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хангалтгүй хийсэн, хариуцлага алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг ноцтой зөрчсөн нь харагдаж байна.Хариуцагч “Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх” ХК-ийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаартай тушаалд нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын гаргасан сахилгын ямар зөрчилд сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь тодорхой тусгаагүй гэсэн нь дээрх хангалттай нотлох баримтыг шинжлэн судлаагүй нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн саналаар цуцлахыг хуульчилсан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргаж, зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй гэж Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тайлбарт тайлбарласан байдаг. Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Одын гаргасан дээрх үйлдлүүд нь ажил олгогчид санхүүгийн хохирол учруулж эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц хариуцлага алдсан, сөрөг үр дагаврыг бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй гэдэг нь хангалттай нотлох баримтаар харагдаж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь тус тус нотлох баримтыг үнэлээгүй илт хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, ажил олгогчийн тушаал хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Гэрэлт-Од ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хариуцагч “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК нь Н.Гэрэлт-Одтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль зүйн үндэслэлтэй цуцласан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 23 дугаар тушаалаар Н.Гэрэлт-Одыг Сүхбаатар салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5., 131 дүгээр зүйлийн 131.1.-д заасныг баримталж, “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар салбарт осол гарч, ажилтны амь нас эрсэдсэн, салбарын борлуулалтын алдагдал, цахилгаан эрчим хүчний авлага өссөн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 3 дугаар шатны үзлэг, ТУЗ-өөс хийсэн шалгалт, 2015 оны жилийн эцсийн тайлан хамгаалалтаар удаа дараа салбарын ажил хангалтгүй дүгнэгдсэн, зөрчлийг арилгаагүй, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаагүй” гэх үндэслэлийг заажээ.

Хоёр шатны шүүх Н.Гэрэлт-Одын гаргасан гэх зөрчил баримтаар тогтоогдоогүй, ажилтны амь нас эрсэдсэн явдалд нэхэмжлэгч гэм буруугүй, зарим зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Нөгөө талаар, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажил олгогч нь  хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэйгээр заасан ба ийнхүү зөрчил гаргасан үйл баримт баримтаар тогтоогдсон байх учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.2.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй боловч сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулж болох байна.

Шүүхийн зүгээс маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 641 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН