Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/460

 

 

 

 

    2023           04            27                                       2023/ДШМ/460

 

Д.Зт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Д.З,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Зийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд  холбогдох 220903370035 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Д.З, 1968 оны 02 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төмөр замын ашиглалтын техникч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 17 дугаар гудамжны 31 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, задгай тоотод оршин суудаг, 5 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЧГ68020872/;

Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 277 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Шүүгдэгч Д.З нь өөрийн эзэмшлийн “Тоёота приус-20” загварын 69-39 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “UB Cab”-р такси үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр байрны гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Н.Ттэй төлбөр, тооцооны асуудлаас болж маргаан үүсгэн, улмаар Н.Тийн хоолойг нь багалзуурдах, түлхэж унагах, чирэх, татах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Зийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Д.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зоос 2.085.500 төгрөгийг гаргуулан, хохирогч Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо 44-13 тоотод оршин суух Боржигон овогт Н.Тд олгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалуулж, шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан бөгөөд нотлох баримт хангалттай бус, зөвхөн намайг яллаж хохирогчид нөхөн төлбөр оногдуулах зорилготой байсанд гомдолтой байна. СиДи бичлэг үзэх гэсэн боловч хоосон байсан. Тэр үед прокурор, хохирогч хоёр хоорондоо нүдээрээ дохилцоод, прокурорын утсанд ямар нэгэн бичлэг хаа нэгтэйгээс ирсэн боловч шүүх түүнийг нотлох баримт болгоогүй. Миний мэдүүлгүүдийг уншсан боловч огт авч хэлэлцэхгүй байсан зэрэгт гомдолтой байна.

            Би өөрийн эзэмшлийн машинаар явж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 05 цагийн үед уг эмэгтэйн дуудлагыг авч байрлалыг нь тодруулахад “наад локейшн дээрээ байж бай” гэж хэлсэн бөгөөд гадаа нь 30-аад минут хүлээсэн. Ингээд над руу залгаад “хаана байна вэ” гэхэд нь би байрлалаа хэлэхэд шууд л “тэнэг юм уу, баруун эгнээ мэддэггүй юм уу, би зам дээр байна, хөлдөж үхлээ” гэх мэтээр загнаад эхэлсэн. Энэ тухайгаа буюу газар локейшн заасан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Би буцаж гарч шинэ гүүрэн доогуур тойрч “Home plaza”-ын нөгөө талаас очиж авсан. Нилээд согтуу эмэгтэй “яасан уддаг юм бэ, би үйлчлүүлэгч байна” гэж загнасаар орж ирсэн. Өөрөө шүүх хуралдаанд 5 лааз пиво уусан гэж хэлдэг боловч нилээд согтолттой, үг яриагаа хянах чадваргүй хүн байсан. Надад очих хаягаа “Хүүхдийн зуу” гэж хэлээд намайг явж байх хооронд унтсан. Би хүүхдийн зуу орчим ирээд дахиж хаягийг нь асуухад сэрээд “зүүн эргэ” гэхээр нь эргэтэл “өө биш ээ” гэх мэтээр будилж явсаар Наран моллын урд гаражуудын хооронд давчуу зайнд зогсоосон. Тооцоогоо үзүүлтэл “танай апплекейшн чинь болохгүй байна” гээд байсан. Би “дата цацах юм уу, болохгүй бол энэ данс руу шилжүүлж болно” гээд дансаа өгөх гэтэл юу ч хэлэлгүй гэнэт машинаас буугаад явсан. Би тухайн үед төлбөрөө хийлгүй зугтлаа гэж ойлгоод араас нь буугаад “төлбөрөө хий” гэж хэлтэл “хар чи, төлчихсөн байгаа биздээ” гэж хэлээд утсаа надруу чичилсэн. Ингэхдээ утсаа өөрөө газарт унагасан, “чи миний утсыг хагалчихлаа, чамаар төлүүлнэ, миний найзууд цагдаа, чи харж байгаараа” гэх мэтээр хашгирсан. Намайг машиндаа буцаад суух хооронд хөлөөрөө өшиглөж, цохисон. Би машины хаалгаа хаагаад хөдөлсөн боловч зогссон газар маань хөдлөх боломжгүй нэг талаасаа ордог газар байсан. Тэр эмэгтэй зам хааж зогсоод утсаараа бичлэг хийсэн. Би түүнийг замаас холдуулах, бас өөрийгөө хамгаалах байдлаар гараараа түлхэх хариу үйлдэл үзүүлсэн. Цохих, өшиглөх гэх мэт халдсан үйлдэл гаргаагүй. Ажлаа хийгээд явж байхад үйчлүүлэгчээ зодоод, дээрэмдэх зорилгоор биед нь халдаад, санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэж байгаад гомдолтой байна.

            Хохирогч утасны эвдрэл 1.200.000 төгрөг гэж байгаа боловч 2.000.000 төгрөгөөр утсаа зарсан гэж мэдүүлсэн. Үнэлгээний дурын компани дээр очоод ямар ч бичиг хийлгэж болно. Би эхнэр, охинтойгоо нийтийн байранд амьдардаг ба охин маань оюутан. 2.000.000 төгрөг бол миний сар гаруй хугацааны орлого. Өмнө нь залуу насандаа алдаж, ял шийтгэгдсэн минь үнэн боловч хүн зодох хүн биш. Ер нь шөнөөр согтуу хүмүүс их үйлчлүүлдэгч би согтуу хүн бүртэй асуудал үүсгээд байддаггүй. Иймд гомдлыг минь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, төлбөртэй холбоотой заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол, төлбөрийн хувьд нотлох баримтын шаардлага хангасан. Томографик болон бусад шинжилгээний төлбөр болох 873.835 төгрөгийн баримт байгаа, “Айфоне 13 промакс” гар утасны дэлгэцийн үнэлгээ 1.200.000 төгрөг гарсан. Гар утасны үнэлгээг мөрдөгч шинжээч томилж, “Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний газраас үнэлж, 1.200.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн явцад хохирогчийн эмчилгээний зардал, хор уршиг болох гар утасны дэлгэцийн төлбөрийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Д.Зт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.З нь “Тоёота приус-20” загварын 69-39 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр “UB Cab”-н такси үйлчилгээ үзүүлж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр байрны гадна хүргүүлсэн үйлчлүүлэгч Н.Ттэй төлбөр, тооцооны асуудлаас болж маргаан үүсгэн, улмаар хохирогч Н.Тийн хоолойг нь багалзуурдах, түлхэж унагах, чирэх, татах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь “дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, илтгэх хуудас /хх 12/, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 34/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх 19-20, 23-24/, хохирлын баримтууд /хх 31, 41/ болон,

хохирогч Н.Тийн “...2022 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө анх утсаар ярихаас эхэлж “чи буруу газар дуудаад байна шүү дээ” гэж хэлсэн. Дараа нь “уучлаарай ахаа, би зам дагуу гараад зогсъё” гэж хэлээд “Санто” апартментийн эсрэг талд гарч зам дагуу хүлээж зогссон. Тухайн үед жолооч ах байнгын үглээд яваад байсан. Байрны гадаа очиж төлбөр хийх гэсэн боловч аппликейшн дээр ирэхгүй байсан. “Чи энэ данс руу хий” гээд байхаар нь “аппликейшнээр төлье” гэж хэлсэн. Би ороод шууд энэ хүнийг загнаагүй. “Ахаа уучлаарай, буруу газар дуудсан байна. Та яагаад намайг загнаад байгаа юм бэ? Та үйлчилгээний байгууллагын ажилтан шүү дээ” гэж хэлсэн. Таксинаас юу ч хэлэлгүй буусан нь үнэн. Таксинаас буумагц энэ хүн миний хүзүүнээс багалзуурдсан. Хүзүүн дээр байгаа шархны зургийг дарж явуулсан. Тэгээд энэ хүн цааш зугтсан. Гэхдээ мухар гудамж гэдгийг мэдэж байсан тул “энэ хүн миний биед халдлаа. Одоо зугтах гэж оролдож байна” гэж бичлэг хийсэн. Машины дугаарыг бичих зорилготойгоор машины урдаас холдохгүй байсан чинь намайг “холд” гэсэн. Би тоолгүй бичилгээ хийж байсан. Тэр хүн надаас холдох гэж байхдаа машинаараа намайг шүргэсэн. Мөн бичлэг хийж байгааг хараад миний утсыг хоёр удаа авч шидсэн. Хийсэн бичлэгээ бүгдийг нь цагдаагийн байгууллагад өгсөн. Би бөгсөөрөө биш тархиараа унасан тул босч чадаагүй. Би түргэн дуудах гэж байгаад цагдаагийн байгууллага дуудсан. Цагдаа 5-10 минутын дотор ирсэн. Би “намайг авраарай, хүн аллаа” гэх мэтээр орилсон. Тэгтэл жолооч намайг тооцоогоо хийж чадахгүй согтуу байна гэж хэлээд машинаасаа хөөж буулгаад миний хоолойг багалзуурдаж намайг арагш түлхэж унагасан. Энэ үед би толгойдоо гэмтэл авсан. Эмчилгээний зардал 875.000 төгрөг, гар утасны дэлгэцийн төлбөр 1.200.000 төгрөг нэхэмжилнэ. ...” /хх 23-30/,

яллагдагч Б.Зийн “...Миний машины хаалгыг саваад буухаар нь би араас нь дагаад “төлбөрөө төл” гэж хэлэхэд утсаа харуулаад өөрөө утсаа газарт унагаасан. Тэгээд удалгүй миний утсанд мөнгө төлсөн зурвас ирсэн болохоор би машиндаа суугаад хөдлөөд явах гэтэл уг байрны гараж мухар байсан болохоор эргээд иртэл “чи миний утсыг эвдэлчихлээ” гэж дайраад өшиглөөд байсан. Би өөрийгөө хамгаалах зорилготой үйлдэл гаргасан. Бүх зүйлийн эхлэл нь энэ хүн согтуу байсан. Намайг хүлээсэндээ уурласан. Таксинд орж ирээд намайг дээрэлхэж, доромжилж эхэлсэн. Би такси үйлчилгээ эрхэлдэг учир хэзээ ч хүнрүү дайрч довтолж, зодож, дээрэмдэх санаа зорилго агуулаагүй байсан.” /хх 50-51/ гэсэн мэдүүлгүүд,

 “...Н.Тийн биед дагзанд няцарсан шарх, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15494 дугаар дүгнэлт /хх 13-15/, “...Н.Тийг түлхэж байгаа дүрсийг харуулав, та ямар аймар ах вэ гэж хэлээд чанга дуугаар орилж байв, такси үйлчилгээний ажилтан газарт унасан гар утсыг авч бичлэгийг зогсоов. ...” гэсэн СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 36-38, 39-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.З ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гурван төрлийн ялаас 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.З “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирол төлбөртэй холбоотой өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчоос гаргаж өгсөн /эмчилгээний зардал/ баримтын хэмжээнд хохирлыг тооцон мөн “Дамно” ХХК-ийн үнэлгээг үндэслэн гар утасны дэлгэцийн үнэ 1.200.000 төгрөг, нийт 2.085.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. 

Харин зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл анхан шатны шүүх Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг хэт өргөн хүрээгээр буюу Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйгээс гадна эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулсан байх тул Д.Зийн зорчих эрхийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шүүгдэгч Д.Зийн хохирлын хэмжээг өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/259 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Зийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.ДАРЬСҮРЭН

                                  ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ