| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0702/3 |
| Дугаар | 128/ШШ2024/0697 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “****************” ХХК /РД: ************** /
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б******* нарын хооронд үүссэн улсын байцаагчийн гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б**************, хариуцагч Ж.Б************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. ***********ХХК нь “Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б*******гийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Гомдол гаргагч “**************” ХХК нь 2004 оноос хойш цэвэр ус үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр төвийн төвлөрсөн шугам сүлжээнээс хэрэглэгчид ирж байгаа цэвэр усыг савлан Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд байрлах албан байгууллага болон айл өрхүүдэд савласан цэвэр ус түгээж ажилладаг байна.
2.2. Гомдол гаргагч нь Ус сувгийн удирдах газартай 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ************** хэрэглэгчийн дугаартай “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээ” байгуулжээ.[1]
2.3. Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Байгалийн нөөц ашиглан төсөл хэрэгжүүлэгч болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль хамгаалах үүргийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/05 дугаар удирдамж[2], “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын ус, рашаан ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/07 дугаар удирдамжийн[3] хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “**************” ХХК-д хяналт шалгалт хийжээ.
2.4. Дээрх хяналт шалгалтын хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б******* 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ************** дугаар “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан” үйлдэлд Зөрчлийн хэрэг нээж, прокурорт танилцуулан дугаар авчээ.[4]
2.5. Зөрчлийн хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/2506 дугаар албан бичигт[5] “...*********** ХХК /РД:*********** / нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст 2017-2023 оны хооронд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт ирүүлээгүй байна.” гэжээ
2.6. Зөрчлийн хэрэгт авагдсан ************* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/317 дугаар албан бичигт[6] “…Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас *********** ХХК-ийн хэрэгжүүлэх төслийг дэмжсэн шийдвэр гараагүй байна.” гэжээ.
2.7. Дээрх албан бичгүүдэд үндэслэн гомдол гаргагчийг байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулаагүй үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********** дугаар шийтгэлийн хуудсаар Нийслэлийн Байгаль орчны газрын зөрчлийн хэргийн нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулжээ.[7]
2.8. Гомдол гаргагчийн зүгээс “...Манай компанийн үндсэн үйл ажиллагааны процесс нь Төвийн шугам сүлжээнээс хэрэглэгчид ирж байгаа цэвэр усыг цэвэршүүлж, хэрэглэгчид ирж байгаа цэвэр усыг цэвэршүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэж хангаж ажилладаг. Нийслэлийн Байгаль орчны газраас манай байгууллагыг байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийлгээрэй гэж мэдэгдсэний дагуу манай компанийн зүгээс Нийслэлийн Байгаль орчны газарт байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг холбогдох баримтын хамт хавсаргаж өгсөн. Гэтэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй ажилласан гэж шийтгэлийн хуудас ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.9. Хариуцагчийн зүгээс “...***********ХХК нь Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргаж байгаагүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 05 дугаар 24-ний өдрийн 03/2506 дугаартай албан бичиг, ************* дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/317 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн. ***********ХХК нь Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7.3 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон тул шийтгэлийн хуудас ногдуулсан.” гэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*********** ХХК нь 2003 оноос Цэвэр ус худалдах, түгээх түүгээр үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж байна. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны процесс нь төвийн төвлөрсөн шугам сүлжээнээс хэрэглэгчид ирж байгаа цэвэр усыг цэвэршүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэж хангаж ажилладаг. Нийслэлийн байгаль орчны газраас манай байгууллага дээр 2024 оны 05 дугаар сард ирж байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийлгээрэй гэж мэдэгдсэний дагуу манай компанийн зүгээс Нийслэлийн байгаль орчны газарт байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр холбогдох баримтыг бүрдүүлж хавсарган хүсэлтээ өгсөн. Гэтэл Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б******* нь 2024 оны 07 дугаар сарын 04-ны өдөр ************** дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.1 дэх хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжээр буюу 3,000,000 сая төгрөгөөр торгууль ноогдуулсан.
Захиргааны байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлж манай компанийн зүгээс байгаль орчны нөлөөллийн шинжилгээ хийлгэх хүсэлтээ гаргасныг захиргааны байгууллага шийдвэрлээгүй, байгаль орчны шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу шинжээч томилоогүй атлаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгээгүй байгаа нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр захиргааны акт тавьж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.1 дэх хэсэгт "Захиргааны акт" гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" мөн хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 дугаар зүйл "иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй" гэж дурджээ. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага байхад зөрчлийн тухай хуулиар захиргааны акт тавьж шийтгэл оногдуулах шаардлага үүсээгүй байсан.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийх үүргээ үйлдэл, эс үйлдэхүйгээр биелүүлээгүй атлаа бусдаас үүрэг шаардах нь өрөөсгөл ойлголт, захиргааны байгууллага бусдын хууль ёсны эрхийг ашгийг зөрчсөн атлаа манай ариг цэвэр усны компани болох "**************" ХХК-ийг хууль зөрчсөн гэж үзэх нь хуулийн шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх хуулийн эл зарчмыг зөрчиж байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйл төрийн захиргааны төв байгууллагын эрх 15.1 дэх хэсгийн 1-д байгаль орчныг хамгаалах түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх байгаль орчны тэнцлийг хангах байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль 7 дугаар зүйл 7.3 дахь хэсэгт “төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт тухайн сум дүүргийн засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ", гэж, мөн хуулийн 7.4 дэх хэсэгт "шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр үйлчилгээ........төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дүгнэлт гаргана" гэж тус тус заасан байтал өнөөдрийг хүртэл манай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой хариу өгөөгүй бөгөөд холбогдох баримтыг е-монголиа-аар ирүүлнэ үү гэсэн хариу мэдэгдэх хуудсаар ирүүлсэн, тус мэдэгдэх хуудасны дагуу манай компанийн зүгээс хариуцсан мэргэжилтэнтэй уулзаж ямар, ямар баримт бичгийг нэмэлтээр хавсаргаж өгөх талаар тодруулах гэж очсон болов ч ээлжийн амралтаа авсан одоо хариуцаж байгаа хүн байхгүй гэсэн мэдээлэл өгсөн. Нийслэлийн Байгаль орчны газрын уялдаа холбоогүй байдал төрийн байгууллагын мэдээлэл дутмаг байдлаас болж манай компанийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.
Нийслэлийн байгаль орчны газар Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулийн 7 дугаар зүйл 7.3, 7.4 хэгсийг тус тус зөрчсөн нь "**************" ХХК- ийг Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б*******гийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ************ дугаартай шийтгэх хуудсаар 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгосон зөрчил захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл илт хууль бус захиргааны акт 47.1.6 дугаар зүйл иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад Зөрчлийн тухай хуулиар захиргааны акт тавьж шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл 47.1.6 дах хэсэг, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл 106.3.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б*******гийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай шийтгэх хуудсаар 3000 нэгж буюу 3,000,000 төгрөгөөр торгосон зөрчлийг захиргааны илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
3.2. Хариуцагч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Салбарын хяналтын газрын Ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "Байгалийн нөөц ашиглан төсөл хэрэгжүүлэгч болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль хамгаалах үүргийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" 01/05 дугаар, "Иргэн аж ахуйн нэгж байгууллагын ус рашаан ашиглалтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" 01/07 дугаар тус тус удирдамжийн хүрээнд “**************” ХХК-ийн "*********" цэвэр усны үйлдвэрт 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчны газрын хяналтын улсын ахлах байцаагч Д. Б**********, Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б******* нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт хийсэн. Тус өдөр тухайн компанийн үйлдвэр дээр компанийн үйл ажиллагаатай холбоотой холбогдох зарим бичиг баримт байгаагүй тул 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 08 цагт нийслэлийн байгаль орчны газарт хүрэлцэн ирж нөхөн үзүүлэхээр мэдэгдэх хуудас үлдээсэн боловч ирээгүй.
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тус компанийн нягтлан бодогч албан тушаалтай Ш.Д************ нь хүрэлцэн ирж уг хүнээс компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ зэрэг баримт бичгийг гаргуулсан эсэх талаар тодруулахад мэдэхгүй гэсэн хариу өгсөн тул холбогдох төрийн захиргааны байгууллага руу тодруулахад “**************” ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргаж байгаагүй болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03/2506 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/317 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа эхэлж байгааг тус компанийн захирал П.Т************** мэдэгдэж компанийг төлөөлөх хууль ёсны төлөөлөгч томилуулж ирэх, мэдүүлэг тайлбар өгөх талаар мэдэгдсэн боловч хөдөө байна гэх шалтгааны улмаас удаа дараа мэдүүлэг тайлбар өгөхөөс татгалзсаар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээгдсэн.
“**************” ХХК нь Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7.3 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж үйл ажиллагаа явуулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтаар тогтоогдож байх тул 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********** дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулж тус компанийн хаягаар шуудангаар хүргүүлсэн болно.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагч “*************” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Маргаж буй 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ************ дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэн 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
2. Шийтгэлийн хуудаст дурдсан бодит үндэслэлийн хувьд гомдол гаргагчийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй ажилласан” гэж буруутгасан байна.
3. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэжээ.
4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, эсхүл зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан бол хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ.
5. Тус хуулийн хэм хэмжээнд заасан “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр ... үйл ажиллагаа явуулсан” гэх нөхцөл заасан хэсэг /гепотез/ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар тогтоосон байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий, эсхүл нарийвчилсан үнэлгээ хийлгэх үүрэгтэй холбогдохоор байна.
6. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас энэ талаар тодруулахад, гомдол гаргагчийг “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх үүргээ биелүүлээгүй” гэж үзсэн талаар тайлбарласан болно.
7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “төсөл гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг;”, 3.1.2 дахь заалтад “төсөл хэрэгжүүлэгч гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;” ойлгохоор заасан байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.” гэж зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийхдээ бүрдүүлэх баримт бичгийг хуульчилжээ.
8. Ингэхдээ мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.” гэж байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэх шаардлагатай тохиолдол, хугацааг хууль тогтоогчоос тогтоохдоо “байгалийн нөөцийг ашиглах эрх ... авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө” хийхээр зохицуулсан байна.
9. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас судлан үзэхэд, гомдол гаргагч “**************” ХХК нь цэвэр ус үйлдвэрлэх, худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2004 онд үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн[8], энэ чиглэлээрээ тасралтгүй 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримттай хариуцагч маргадаггүй.
10. Мөн тус компанийн үйл ажиллагаанд холбогдуулан урьд өмнө “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх” талаарх шаардлагыг төрийн холбогдох эрх бүхий байгууллагаас тавьж байгаагүй талаар гомдол гаргагч болон хариуцагчийн хэн аль нь тайлбарласан, түүнчлэн, мэргэжлийн хяналтын алба татан буугдсаны улмаас төрийн хяналт шалгалтын чиг үүрэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-д оногдсонтой холбоотойгоор хариуцагчаас өргөн хүрээний хяналт шалгалт хийх удирдамж гардаг болсон, түүний дагуу тус компанийн үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэхэд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүй үйл ажиллагаа явуулж байсан гэх зэрэг тайлбаруудаас дүгнэхэд, гомдол гаргагч “**************” ХХК-д өмнө нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх талаар шаардлагыг төрийн эрх бүхий байгууллагаас ямар нэг шаардлага тавьж байгаагүй, тус компани нь цэвэр ус үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа буюу төслийг анх удаа хэрэгжүүлэгч бус, харин 20 жилийн өмнөөс буюу 2004 оноос хойш энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа болох нь тогтоогдов.
11. Энэ тохиолдолд тус компанийг анхлан төсөл хэрэгжүүлэгч гэж үзэхгүй бөгөөд энэ агуулгаараа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх үүрэгтэй гэж шууд дүгнэх боломжгүй.
12. Өөрөөр хэлбэл, хариуцагч анхнаасаа гомдол гаргагч “**************” ХХК-ийг төсөл хэрэгжүүлж эхлэхээс өмнө “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх” талаар шаардлага тавьж байгаагүй атлаа үйл ажиллагаа явуулаад 20 жил өнгөрсний дараа ийм шаардлага тавьж байгаа нь ойлгомжгүй байна.
13. Тиймээс хариуцагчийн гаргасан шийтгэлийн хуудас хуульд нийцсэнгүй.
14. Харин хариуцагчаас цаашдаа гомдол гаргагч “**************” ХХК болон түүнтэй адил төрлийн технологиор ус цэвэршүүлж худалдаалдаг хуулийн этгээдэд “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх” талаар шаардлага тавьж, энэ талаар хууль тогтоомж, аргачлалыг сурталчилсны дараа энэ төрлийн хяналт шалгалтыг хийх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг илрүүлж таслан зогсооход энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
15. Мөн хариуцагчаас гаргасан маргаж буй ********* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкцийг хэрэгжүүлэхдээ “хууль бус үйл ажиллагааг зогсоож, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заасан байхад хариуцагч энэхүү санкцийг сонгох санкци мэтээр ойлгож, зөвхөн гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй болохыг тэмдэглэж байна.
16. Хэдийгээр гомдол гаргагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохдоо “шийтгэлийн хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс үзэхэд энэхүү маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан эрх зүйн алдааг агуулаагүй, харин хуулийг буруу хэрэглэсэн эрх зүйн алдаатай, мөн гомдол гаргагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо гаргасан байх тул шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.[9]
17. Иймд хариуцагчийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ********* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “бодит нөхцөлд тохирсон, зорилгодоо нийцсэн, үндэслэл бүхий байх” зарчим болон хуульд нийцээгүй байх тул гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7.1 дүгээр зүйлийн 1, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “**************” ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, Нийслэлийн Байгаль орчны газрын улсын байцаагч Ж.Б*******гийн гаргасан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ************** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 96 дахь тал
[2] Хх 33 дахь тал
[3] Хх 38 дахь тал
[4] Хх 29 дэх тал
[5] Хх 43 дахь тал
[6] Хх 45 дахь тал
[7] Хх 12 дахь тал
[8] Хх 8 дахь тал
[9] Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын “Тайлбарлах нь” хэсгийн 8-д заасныг үз.