Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0653

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************** ХХК /РД:************ /,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нарын хооронд үүссэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч *************** ХХК нь тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаартай Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэрээр " ХХК-ийн ******** аймгийн ******** сумын нутаг дахь ********* нэртэй 344.79 гектар талбай бүхий XV-******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг "***************" ХХК-д шилжүүлсэн.[1][1]

2.2. Ашигт малтмал газрын тосны газар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичгээр *************** ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна... гэж мэдэгдэл хүргүүлжээ.[2][2]

2.3. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **** дугаартай шийдвэрээр[3][3] *************** ХХК-ийн ************ аймгийн  ************ сумын нутаг дахь  ************  нэртэй 344.79 гектар талбай бүхий XV-******** тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ талаар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 10/5227 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.[4][4]

2.4. *************** ХХК нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23-11/1 дугаар албан бичгээр гомдол гаргасан.[5][5]

2.5. Ашигт малтмал, газрын тосны газар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1/5569 дугаар албан бичгээр ... танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье. гэж хариу хүргүүлжээ.[6][6]

2.6. Дээрх хариуг эс зөвшөөрч *************** ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.

2.7. Нэхэмжлэгчийн зүгээс ... *************** ХХК -ийн захирал Б.Б****** нь 2023 оны 09 дүгээр сараас эхлэн бие өвдөж, олон жилийн хугацаанд сахарын өвчнөөр өвчилсөн. Бие нь өвдөж 1 сар гаруй хугацаанд ажлаасаа хөндийрч, ажлаараа очихгүй байсан бөгөөд Улаанбаатар хот, аймаг хоёрын хооронд эмчилгээтэй явж байсан тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, түүний улмаас хариуцагчаас ирүүлсэн албан бичгүүдийг хугацаандаа хүлээж аваагүй, лицензийн төлбөрөө төлж чадаагүй, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан хугацааг буруу тоолсон, улмаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх зэрэг эрхийг эдлүүлээгүй ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.8. Хариуцагчийн зүгээс ... Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. 32 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөр, 33 дахь хэсэгт хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулах талаар зохицуулсан ба энэ үүргээ зөрчвөл 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж шийдвэрлэнэ. Үүний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудас явуулсан, хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх шаардлагатай. Хэрвээ заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэнэ гэх агуулгатай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу буюу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болгож 1 сар сунгуулаад мөн адил тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. Харин дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлнө. 34.6 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулна. 34.7 дахь хэсэгт 34.6 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг цуцална гэж хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 373 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй ... гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өвчтэй байгаа талаарх хүндэтгэн үзэх шалтгаанаа хэлсэн. 100 гаруй кг жинтэй байснаас 80 кг болтлоо турсан. Хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******** аймгийн ************ сумын ********* нэртэй газарт орших 344.79 ректор талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрсөн XV-********** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн **** тоот шийдвэрээр "**************" ХХК-д 2024.09.28-ны өдрийг дуусталх хугацаагаар олгогдсон байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын- 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 57 тоот шийдвэрээр дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг "***************" ХХК-д шилжүүлсэн. "***************" ХХК -ийн захирал Б.Б****** нь 2023 оны 09 дүгээр сараас эхлэн бие өвдөж, олон жилийн хугацаанд сахрын өвчнөөр өвчилсөн. Бие нь өвдөж 1 сар гаруй хугацаанд ажлаасаа хөндийрч, ажлаараа очихгүй байсан бөгөөд Улаанбаатар хот, аймаг хоёрын хооронд эмчилгээтэй явж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр *********** аймгийн *********** сумын дэлгүүртээ очиход эхнэрийн төрсөн дүү болох О.Б********* худалдагчаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгууллагын нэр дээр дугтуй ирсэн гэж хэлээд хүлээлгэн өгсөн байсан. Дугтуйг нээж үзэхэд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10/4839 дугаартай албан бичиг байсан ба энэ нь хариуцагч байгууллагын албан тоот байсан. Уг албан бичиг нь ямар утгатай байсан гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу дараа жилийн ээлжит гурав дахь төлбөрийг төлсөн байх шаардлагатай. 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу төлбөрөө төлөхгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэж тусгажээ. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт заасан алдангийг 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан төлөх боломжтой болохыг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл байсан. Үүнийг шууданч 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр авчирч өгч, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр танилцаж, тухайн өдрөө кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Н********* гэх хүн рүү утсаар залгаж, ах нь өвчтэй байж байгаад шуудангийн бичгийг сая үзлээ, ямар дансанд төлбөрийг шилжүүлэх вэ гэхэд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тана эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Энэ талаарх мэдэгдлийг хаягаар хүргүүлсэн гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар шийдвэр нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мөн адил шуудангаар ирсэн байдаг. Уг албан бичгийг аваад 2023 оны 11дүгээр сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хүсэлт гаргах тухай гэх хэдий ч гомдлын агуулгатай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Гомдолдоо дээрх хугацаанд өвчтэй байсан мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авлаа. Тиймээс хүчингүй болсон шийдвэрийг эргэн харж шийдвэрлэж өгнө үү гээд хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдсан. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хариу албан бичигт Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байсан боловч төлбөрийг алдангийн хамт төлөөгүй учраас дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлах шийдвэр гарсан тул таны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн. Уг албан бичгийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт нь хууль зөрчсөн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллагаас мэдэгдлийг шууданд хийсэн хугацаанаас тооцож мэдэгдсэнд тооцно гэж тайлбарладаг. Тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсны дараа хүлээн авсан болох нь гэрч н.С*********, н.Б*********, мөн өвчтэй байх хугацааны эмчлүүлэгчийн картаар нотлогддог. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс юу гэж үзсэн гэхээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай захиргааны актад Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул цуцалж шийдвэрлэсэн. Цуцлах шийдвэрийн үндэслэх хэсэгт 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг баримталсан. Хуулийн дагуу эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, тайлбар гаргах эрхээр нь хангасан гэж тайлбарлах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасныг баримталсан байдаг. Харин хуулийн 34.7 дахь хэсэгт юу гэж заасан гэхээр хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэлх байх бөгөөд энэ хугацаа өнгөрвөл 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг цуцалсан. Өөрөөр хэлбэл, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлах үндэслэл бүрдсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шууданд мэдэгдлийг хийсэн гэх тайлбарлаж байгаа боловч 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгаа юм. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд мэдэгдээгүй. Мөн оролцож, тайлбар өгөх, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох боломжийг олгоогүй нь үндэслэл болгож буй заалтаа зөрчсөн гэж харж байгаа. Төрийн байгууллага цуцлах үндэслэл бүрдсэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч,ашиглагчид мэдэгдэл өгөх бөгөөд цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж хуульчилсан. Миний үйлчлүүлэгч мэдэгдлийг хүлээн авснаар эрүүл мэндийн шалтгаантай байсан болохоо нотолж, үүнийг нь захиргааны байгууллагаас үндэслэлтэй гэж үзвэл цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох боломжийг хуулиар олгосон. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд захиргааны байгууллагаас нэхэмжлэгчтэй утсаар болон бичгээр мэдэгдсэн зүйл байдаггүй. Энэ нь хариуцагчийн хариу тайлбар болон тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаснаас тодорхой харагддаг. Мэдэгдэх, сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй нь улмаас нэхэмжлэгч компанид маш их хэмжээний хохирол учруулж байна. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг хэрхэн цуцлах талаар тусгайлан заасан байдаг учраас тус зохицуулалтыг баримтлах ёстой. Тиймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд *************** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбарыг гаргаж өгсөн. Тус хариу тайлбараа бүхэлд нь дэмжиж байна. Х*********** аймгийн ********** сумын нутагт орших ******** нэртэй 344.79 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-******** дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр *************ХХК-д анх олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 57 дугаар шийдвэрээр *************** ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн. Шилжүүлж авснаар *************** ХХК нь хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлэх эрх нь бүрэн нээлттэй болж эхэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. 32 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөр, 33 дахь хэсэгт хайгуулын ажлын доод хэмжээг баталгаажуулах талаар зохицуулсан ба энэ үүргээ зөрчвөл 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж шийдвэрлэнэ. Үүний дагуу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн ээлжит төлбөрийг төлөх үүрэгтэй байсан. Хариуцагч байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдэх хуудас явуулсан, хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх шаардлагатай. Хэрвээ заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдэнэ гэх агуулгатай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу буюу 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дотор төлөөгүй. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болгож 1 сар сунгуулаад мөн адил тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө. Харин дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс тооцож жил бүр урьдчилан төлнө. 34.6 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцож алданги ногдуулна. 34.7 дахь хэсэгт 34.6 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг цуцална гэж хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 373 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй болсон. Тусгай зөвшөөрлийн хугацааг цуцалсан талаарх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн. Цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл болон цуцалсны дараах мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст албан ёсоор бүртгэлтэй ******** аймгийн Бор-Өндөр 1-р багийн 39-2 тоот хаягт хүргүүлсэн бөгөөд шуудангийн буцаалтаар буцаж ирээгүй байдаг. Захиргааны байгууллагаас авах ёстой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ямар ч хууль тогтоомжийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч өвчтэй байсан гэж тайлбарлах боловч энэ нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх, хугацааг хойшлуулах шалтгаан болохгүй гэж үзэж байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын төлбөр төлөх үүрэг нь ашигт малтмал эзэмшигчид байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг алдангийн хамт төлж бүртгүүлээгүй. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийн банкны гүйлгээний огноогоор тооцох бөгөөд холбогдох баримтыг ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөнд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч компани өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрийг алдангийн хамт төлөөгүй. Хэдийгээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх боловч интернэт банк, мобайл банкаар төлөх боломжтой байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар шийдвэрийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн бодит үндэслэлийг баримтлан нэхэмжлэгчийн XV-******** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: гээд, мөн зүйлийн 56.1.2 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэж заажээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа хуулийн этгээдэд олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх урьдчилсан нөхцөлийг тогтоосон байна.

4. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 34.6 дахь хэсэгт Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна., 34.7 дахь хэсэгт Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж тус тус зохицуулжээ.

5. Хуулийн дээрх хэм хэмжээнүүдийг системчлэн тайлбарлах үүднээс нэгтгэн дүгнэвэл, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг эзэмших эрхээ хадгалахын тулд дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх үүргийг хүлээсэн, энэ хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй бол 30 хүртэл хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах замаар төлбөрийг төлөх, энэ хугацаанаас хэтрүүлж төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хууль тогтоогч зохицуулсан байна.

6. Маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч *************** ХХК-ийн XV-******** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж байх бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үндсэн хугацаа нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, харин Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт заасан алдангийн хамт төлөх боломжтой хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн ... *************** ХХК -ийн захирал Б.Б****** нь 2023 оны 09 дүгээр сараас эхлэн бие өвдөж, олон жилийн хугацаанд сахарын өвчнөөр өвчилсөн. Бие нь өвдөж 1 сар гаруй хугацаанд ажлаасаа хөндийрч, ажлаараа очихгүй байсан бөгөөд Улаанбаатар хот, аймаг хоёрын хооронд эмчилгээтэй явж байсан тул хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, түүний улмаас хариуцагчаас ирүүлсэн албан бичгүүдийг хугацаандаа хүлээж аваагүй, лицензийн төлбөрөө төлж чадаагүй ... гэх агуулга бүхий тайлбарыг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. Тодруулахад:

8. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн тухайн жилийн ээлжит төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тухайлан зохицуулаагүй хэдий боловч ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь заалтад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр; гэж зааснаар Монгол Улсын татварын төрөлд хамаардгийн хувьд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 дэх заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэх ойлголт, түүнд хуульчилсан тохиолдлууд зарим тохиолдолд хэрэглэгдэхийг үгүйсгэхгүй.

9. Харин маргаан бүхий энэ тохиолдолд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичгээр *************** ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд дараах тусгай зөвшөөрлийн ээлжит 3 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна... гэх мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон.

10. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гэрчээр ******** аймгийн ********** сум дахь Монгол шуудан ХК-ийн шууданч С.С*********** асуухад ... 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичиг нь тус шуудангийн салбарт 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн, ирснээс хойш нэхэмжлэгч компанийн захирал Б***** руу залгаж бичиг ирснийг мэдэгдсэн, Б****** авна гэж хэлсэн, тэгээд аваагүй учраас дахиад 2 хоногийн дараа залгахад ах нь эмчилгээнд явж байна, эхнэр маань очиж авна гэж хэлсэн, тэгээд аваагүй учир сумын Засаг даргын Тамгын газраас хаягийг нь лавласан, тэгсэн чинь ****** дэлгүүрийн эзний компани байна гэхээр нь 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дэлгүүр дээр очоод Б******* гэдэг хүнд бичгийг нь хүлээлгэн өгсөн ... гэх мэдүүлэг[7][7] авагдсан.

11. Дээрх гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбараас дүгнэхэд, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б**** нь 2023 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд Улаанбаатар, ********** сумын хооронд эмнэлгээр явсан гэх боловч яг тухайлсан хугацааг тодорхой хэлээгүй, хэрэгт авагдсан Амбулаториор эмчлүүлэгсдийн карт-аас үзэхэд тус картыг нээсэн, хаасан хугацаа байхгүй, мөн уг картаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчийн илгээсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичиг ******** суманд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө мэдсэн атлаа тухайн бичгийг гардан авах талаар идэвхтэй үйлдэл гаргаагүй, тухайн албан бичигт ямар агуулга тусгагдсаныг бусдын тусламжтайгаар мэдэх боломжтой атал тийм үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хариуцагчаас явуулсан мэдэгдлийг мэдээгүй, улмаар хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэж үзэх боломжгүй байна.

12. Мөн хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 17 болон 23-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б***** ********** дугаарын утсаар залгахад утсаа аваагүй талаар тэмдэглэл үйлдсэн[8][8] байгаагаас үзвэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлжээ.

13. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн ... хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан хугацааг буруу тоолсон, улмаар мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөх зэрэг эрхийг эдлүүлээгүй ... гэх агуулгатай тайлбарыг дараах үндэслэлээр шүүх хүлээн аваагүй. Үүнд:

15. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана., 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. гэж зохицуулсан.

16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнд тусгагдсан Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх ... гэдгийн ажлын 10 өдөрт багтаан гэх хугацааг тоолохдоо тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон гэх хууль зүйн үйл баримтыг /хууль зүйн фактыг/ анхаарна.

17. Хэрэгт авагдсан баримтуудаас судлахад, нэхэмжлэгч *************** ХХК-ийн XV-******** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж байх бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх үндсэн хугацаа нь 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр, харин Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт заасан алдангийн хамт төлөх боломжтой хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр юм.

18. Энэ хооронд буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 10/4839 дугаартай албан бичгээр *************** ХХК-д хариуцагч нь мэдэгдлийг явуулсан, ингэснээрээ нэхэмжлэгчид үүссэн хуулийн зөрчлийг арилгах буюу үүргээ биелүүлэх боломжийг нэхэмжлэгчид олгосон, улмаар 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэхэд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлөөгүй байсан тул хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр **** дугаартай шийдвэрийг гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

19. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *************** ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 56.1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *************** ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

[1][1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 59 дэх талын арын нүүр

[2][2] Хх 31 дэх тал

[3][3] Хх 40 дэх тал

[4][4] Хх 32 дахь тал

[5][5] Хх 34 дэх тал

[6][6] Хх 33 дахь тал

[7][7] Хх 93 дахь тал

[8][8] Хх 42 дахь тал