Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 02164

 

 

 

 

 

 

 

 

 

“Т.Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02178 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Т.Д ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Н.Е.Гт холбогдуулан гаргасан “Т.Д ” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулагдсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т.Д ” ХХК-аас даатгалын хураамжид авсан 241.500.000 төгрөгийг И.Н.Е.Гт буцаан шилжүүлэх, Иргэний нисэхийн ерөнхий газраас нөхөн төлбөрт авсан 12.532.929 төгрөгийг “Т.Д ” ХХК-д буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигдэлгэр, Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Т.Д ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь Иргэний нисэхийн ерөнхий газраас зарласан ИНЕГ/УЗ/ТББ/Ү-37/19 дугаартай тендер сонгон шалгаруулалтад оролцож, шалгарсан бөгөөд тус байгууллагатай 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг тус тус байгуулсан. Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 тоот тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүл мэндийн даатгал” буюу “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал”-ын хэлбэр, бүтээгдэхүүн нь урт хугацааны даатгалд хамаарахаар заасан. Харин “Т.Д ” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр зохицуулж байгаа харилцаа нь Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал” байх бөгөөд агуулгаараа энэ төрлийн даатгалын хэлбэр нь дээр дурдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн даатгал” байна. Манай компани 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ТЗ 201/12 тоот ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ба урт хугацааны даатгалын тусгай зөвшөөрлийг зохицуулагч байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос аваагүй төдийгүй агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын гэрээний харилцаа нь манай компанийн хувьд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, манай компани эрх бүхий байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хорооноос урт хугацаат даатгалын төрөл болох эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл авалгүй даатгалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хүндэтгэн үзэх үндэслэл бүрдсэн. “Т.Д ” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийн бүтээгдэхүүний нөхцөл нь Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэгдээгүй. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл бүрдсэн байх тул бид 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдээс татгалзаж, энэ тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг тул манай компаниас даатгалын хураамжид авсан 241.500.000 төгрөгийг И.Н.Е.Гт буцаан шилжүүлж, Иргэний нисэхийн ерөнхий газраас нөхөн төлбөрт авсан 12.532.939 төгрөгийг буцаан шилжүүлэх үр дагавар үүсэхээр байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар “Т.Д ” ХХК нь Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулагдсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И.Н.Е.Г нь ердийн даатгалын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын тусгай зөвшөөрөлтэй “Бодь даатгал” ХХК-тай 2017-2018 оны хооронд, “Т.Д ” ХХК-тай 2018-2019 оны хооронд тус тус гэрээ байгуулан хамтран ажилласан. Монгол Улсад урт хугацааны даатгалын тусгай зөвшөөрөлтэй “Нэйшнл лайф даатгал” ХХК дангаараа үйл ажиллагаа эрхэлдэг бол бусад 15 даатгалын компаниуд бүгд ердийн даатгалын тусгай зөвшөөрөлтэйгээр эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг байна. Даатгагч нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн эрсдлийг даатгуулагчийн өмнөөс хүлээх үүрэг хариуцлагыг даатгуулагчтай харилцан тохиролцож даатгалын гэрээг байгуулдаг. Гэтэл “Т.Д ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэн гэрээний үүргээс татгалзаж байгаа нь нэг талын ашиг сонирхлыг дээгүүр тавьж, ашгийн төлөө гаргасан үйлдэл гэж үзэж байна. Нэг. “Т.Д ” ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-т дээрх даатгалын гэрээг урт хугацааны даатгалд хамаарахаар заасан гэжээ. Гэвч энэхүү “Сайн дурын даатгалын хэлбэр” нь Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор батлагдан мөн адил мөрдөгдөж байсан. Даатгалын ерөнхий гэрээний 7.2-т “Даатгагч болон даатгуулагчийн хооронд гарсан даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргаантай асуудлыг гэрээний талууд хэлэлцээрийн аргаар зохицуулахыг эрмэлзэнэ” гэж заасныг баримтлан Иргэний нисэхийн ерөнхий газраас “Т.Д ” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийхэд даатгагч талын төлөөлөл Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг мөрдөж ажилладаг байснаа хүлээн зөвшөөрсөн. Хоёр. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2. Урт хугацааны даатгал, 2.5 “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал хамаарна” гэж заасан байдаг. И.Н.Е.Г болон “Т.Д ” ХХК-ийн хооронд байгуулсан эрүүл мэндийн даатгалын дэд гэрээний даатгалын зүйл нь даатгуулагчийн ажилтны эрүүл мэнд байдаг. Энэ тохиолдолд даатгагч нь даатгалын гэрээний нөхөн төлбөрийг И.Н.Е.Гт бус түүний ажилчдын хувийн дансанд шилжүүлдэг болно. Ийнхүү энэхүү даатгалын гэрээ нь урт хугацааны даатгалын хэлбэрт хамаарахгүй юм. Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/756 тоот албан бичгийг ирүүлсэн ба уг бичигт “Т.Д ” ХХК нь гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хэлбэрт хамаарах “Хувийн эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаар тогтоолоор бүртгүүлсэн”-ийг тодорхойлж, “Т.Д ” ХХК-ийн Хороонд бүртгэлтэй даатгалын гэрээний төслийг хавсралтаар ирүүлсэн. Энэхүү Хороонд бүртгүүлсэн “Даатгалын гэрээний төслийн 9 дүгээр зүйлд заасантай тохирч байгаа болно.  Иймээс “Т.Д ” ХХК-ийн нэхэмжлэлдээ дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хэлцэл гэж заасныг баримтлан гэрээнээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орж, Иргэний нисэхийн дүрэм ИНД-67-ын дагуу гэрчилгээжих шаардлагатай 137 нислэгийн удирдагч нар үйлчилгээ авч чадахгүй хүлээж байна. “Т.Д ” ХХК-ийн гэрээнээс татгалзсан шийдвэр нь байгууллагын төлөвлөсөн ажил, цаг хугацааг алдагдуулж, нисэхийн аюулгүй ажиллагааг ноцтой зөрчих эрсдэлийг үүсгэж байгаа тул И.Н.Е.Г болон “Т.Д ” ХХК-ийн хооронд байгуулсан Эрүүл мэндийн даатгалын гэрээг хүчин төгөлдөр хэлцэл мөн гэдгийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Санхүүгийн зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнх-Оргил шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооноос авсан даатгагчийн тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн даатгалын хэлбэрт тохирох даатгалын гэрээг даатгагч болон даатгуулагч хоорондоо байгуулах боломжтой. Санхүүгийн зохицуулах хороо 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 58 дугаартай тогтоолоор “Т.Д ” ХХК-нд эрүүл мэндийн /арилжааны/ даатгалын хэлбэрээр ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. Ердийн даатгалын хэлбэр нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 207 дугаар тогтоолоор баталсан гэнэтийн осол, эмчилгээний даатгал хэлбэрийн тайлбарт “Аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч, эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал. Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна” гэж заасан. Хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан маргаан бүхий тухайн гэрээнүүд нь ердийн даатгалын гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын хэлбэрт хамаарах тул “Т.Д ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгайлан урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. Иймд “Т.Д ” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулагдсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”, 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч И.Н.Е.Гт холбогдох “2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” нэхэмжлэгч “Т.Д ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Т.Д ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 207 тоот тогтоолоор батлагдсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүл мэндийн даатгал” буюу “Эрүүл мэндийн холбогдолтой зардлыг даатгалын гэрээгээр даатгуулагчид төлөх нөхцөл бүхий даатгал”-ын хэлбэр, бүтээгдэхүүн нь урт хугацааны даатгалд хамаарахаар заасан. Өөрөөр хэлбэл даатгалын үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрөлтэй явагддаг, зохицуулалттай зах зээлд борлогддог бүтээгдэхүүн, үйлчилгээ болохын хувьд тухайн төрлийн даатгалын үйл ажиллагааг явуулахад даатгалын төрөл, даатгаж байгаа эрсдэл, гэрээний нөхцөл, нөхөн төлбөрийг ямар зориулалтаар олгож байгаа зэрэг олон шинжийг харгалзан үзэж тухайн байгуулсан Даатгалын гэрээ нь Эрүүл мэндийн даатгал уу, гэнэтийн ослын даатгал уу, гэдгийг тогтоох, түүний дараа Т.Д  ХХК-д аль даатгалын тусгай зөвшөөрөл байгааг харгалзаж үзэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, даатгапын бүтээгдэхүүн буюу тухайлсан даатгалын гэрээг зах зээлд борлуулах эсэхийг зохих ёсоор олгодог этгээдийн зөвшөөрөлгүй даатгалын бүтээгдэхүүн борлуулсан нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх ойлголтод хамаарахаар байхад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Шүүгчийн зүгээс ямар нотлох баримт, хуулийн зохицуулаптыг үндэслэн урт хугацааны даатгалын үйл ажиллагаа гэдэг нэг жилээс дээш хугацаатай гэрээ байгуулсныг ойлгоно гэж үзсэнээ тодорхойлоогүй. “Т.Д ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд ердийн даатгалын үйл ажиллагаа гэдэгт 1 жил хүртэлх хугацаатай даатгалыг ойлгох талаар зохицуулалт байхгүй байхад үндэслэлгүйгээр ердийн болон урт хугацааны даатгалын ялгааг хугацаагаар нь дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй дүгнэлт болсон. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Т.Д ” ХХК нь хариуцагч И.Н.Е.Гт холбогдуулан “Т.Д ” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд байгуулагдсан 19919110010 тоот “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 тоот “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон 193/19-01 тоот “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, “Т.Д ” ХХК-аас даатгалын хураамжид авсан 241.500.000 төгрөгийг И.Н.Е.Гт, Иргэний нисэхийн ерөнхий газраас нөхөн төлбөрт авсан 12.532.929 төгрөгийг “Т.Д ” ХХК-д тус тус буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

“Т.Д ” ХХК болон Иргэний нисэхийн ерөнхий газрын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19919110010 дугаар “Даатгалын ерөнхий гэрээ”, 619919028146-7 дугаар “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ” болон 193/19-01 дугаар “Агаарын навигацийн нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтнуудын эрүүл мэндийн даатгалын нэмэлт гэрээ” байгуулагдсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон./1хх-13-20,21-38,39/

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх явцад зөвхөн 619919028146-7 дугаар “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ “уг даатгалын гэрээ нь урт хугацааны даатгалд хамаарах бөгөөд зах зээл дээр борлуулахаас өмнө Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл аваагүй” гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд байгуулагдсан “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан буюу зохих этгээдийн тусгай зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэлд тооцох нөхцөлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дах хэсэгт “Сайн дурын даатгалын хэлбэрийг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно” гэж зохицуулсан ба Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар тогтоолоор баталсан “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийн 2.5-д эрүүл мэндийн даатгалыг урт хугацааны даатгалд хамруулахаар заажээ./1хх-86-88/

“Т.Д ” ХХК нь 2007 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны 58 дугаар тогтоолоор ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан ба уг зөвшөөрлийг үндэслэн 2019 оны 10 сарын 07-ны өдөр зарласан Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерт оролцож, маргааны зүйл болж буй гэрээг байгуулсан.

Түүнчлэн, хэрэгт нотлох баримтаар авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 4 сарын 15-ны өдрийн 9/1553 тоот албан бичигт “...“Т.Д ” ХХК нь гэнэтийн осол, эрүүл мэндийн даатгалын хэлбэрт хамаарах “Хувийн эрүүл мэндийн даатгал”-ын бүтээгдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 58 дугаар тогтоолоор бүртгүүлсэн тул бүртгүүлсэн даатгалын гэрээний нөхцөл шаарлагын дагуу дээр дурдсан даатгалын гэрээг байгуулах боломжтой юм ...” гэжээ./1хх50/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын хариуцагч компанитай байгуулсан эрүүл мэндийн даатгалын гэрээний тухайд эрх бүхий байгуулагын зүгээс уг даатгасан үйл ажиллагаа нь хуульд нийцэх эсэх асуудлаар хариу өгсөн байх бөгөөд энэ төрлийн даатгалыг явуулахад тусгай зөвшөөрөл авах талаар хуульд тусгайлан заагаагүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан журмын дагуу сайн дурын даатгалын хэлбэрийг тодорхойлох эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмаар эрүүл мэндийн даатгалыг “урт хугацааны” гэх хэлбэрт хамааруулсан байна. Нэхэмжлэгч байгууллагын хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар зааж буй хэлцэл нь 1 жилийн хугацаатай байсны улмаас уг журмын төрөлтэй зөрсөн байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалт буюу хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэлд хамаарахгүй. Даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны дээрх албан бичигт зааснаас үзэхэд уг хэлцлийг зөвшөөрөлгүй хийгдсэн, тусгай зөвшөөрлөөс гадуур хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцоход  “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх” нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Санхүүгийн зохицуулах хороо нь талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус буюу тусгай зөвшөөрөлгүй байгуулсан гэх тайлбар гаргаагүй.

Мөн эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос даатгагчийн явуулж байгаа үйл ажиллагаа хууль, дүрэмд нийцэхгүй гэж үзвэл нийцүүлэхийг шаардаж болохыг Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт зохицуулсан. Нэхэмжлэгч Т.Д  ХХК-иас эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулах буюу урт хугацаатай гэрээг байгуулахыг хориглосон, тухайн гэрээг хууль дүрэмд нийцүүлэхийг даалгасан агуулгатай баримт хэрэгт байхгүй байна.

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 02 тоот тогтоолоор батлагдсан “Даатгалын багц дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтын 4.7.1, 4.7.2-т заасан үүрэг нь нэхэмжлэгчийн хувьд хамаарах, мөрдөж биелүүлбэл зохих үүрэг тул хариуцагчийг “Эрүүл мэндийн даатгалын дэд гэрээ”-г зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй  гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн талуудын хоорондын хэлцлийн хүчин төгөлдөр бус байдалд нөлөөлөх үндэслэлд тооцохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Харин Даатгалын тухай хуульд ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагааг хугацаагаар тогтоох талаар зохицуулаагүй байхад анхан шатны шүүх эдгээр даатгалын ялгааг хугацаанд үндэслэн дүгнэсэн нь учир дутагдалтай байх хэдий ч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно. 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч, 2020 оны 7 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүх хуульд заасны дагуу зохих ёсоор шийдвэрлээгүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсгийг зөрчжээ. /1хх175-176, 180-181/ Гэвч дараа дараагийн шүүх хуралдаанаар зохигчид шүүгчийг татгалзан гаргах эсэхийг тодруулахад “татгалзахгүй” гэх тайлбаруудыг гаргасан байх тул хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээргүй байна.

Дээрхээс үзвэл шүүх хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/02178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Б.НАРМАНДАХ