| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01033/И |
| Дугаар | 131/ШШ2025/00001 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2025/00001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *********************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч * *****нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие ****** Баянхонгор аймгийн Баянговь суманд 1969 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрөөд, 8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөж 1978 онд Баян-Овоо сумын дунд сургуульд орж 1986 онд Өлзийт сумын дунд сургуулийг төгссөн. 1986-1988 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд илгээлтийн эзнээр мал маллаж байгаад 1988 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан Улаанбаатар хотод дотоодын цэргийн 05 дугаар хороонд 2 жилийн цэргийн алба хааж 1990 онд халагдаж ирсэн. Өлзийт сумын Худаг уртын 4 дүгээр багт одоог хүртэл мал маллаж байна. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарсан тул 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 972 дугаар лавлагаа, Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн тооллогын комиссын хурлын 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хэсгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон хүмүүс 1988 оны 10 дугаар сар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 975, 976 дугаар мал тооллогын лавлагаанууд, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13/965 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ******** ХААТР-1 маягт, гэрч ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ******** нь 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь 1986, 1988 онуудад холбогдох баримт гарсан талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 972 дугаар лавлагаа, 7 дугаар хэсгийн комиссын гишүүн болсон болон 3 дугаар хэсэгт сонгогдсон талаарх Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн тооллогын комиссын хурлын 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоол, хэсгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд сонгогдсон хүмүүс 1988 оны 10 дугаар сар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ********** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 272 дугаар бүртгэлд: “овог, нэр-* а******жилладаг байгууллага-эмчилгээний цэг, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Өлзийт сум” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ******1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч * ******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА