| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/01031/И |
| Дугаар | 131/ШШ2025/00002 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2025/00002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***********
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *,***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1980 онд Шинэжинст сумын 8 жилийн сургуульд төгсөж, Дэлгэрэх нэгдэлд 1982 оны 06 дугаар сар хүртэл мал маллаж байгаад цэрэгт татагдсан юм. Одоо миний бие энэ жил тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өгөхөд 1982-1982 оны 06 дугаар сар хүртэл Дэлгэрэх нэгдэлд мал маллан ажиллаж байсан тухайгаа шүүхээр тогтоолгох талаар хэлсэн. Аймгийн төв архиваас лавлагаа авахад тухайн үеийн тушаалд миний нэр байхгүй байсан тул нийгмийн даатгалын хэлтэс шүүхээр ажилласан жилээ тогтоолгох талаар зөвлөсөн. Миний бие 1980 онд Шинэжинст сумын 8 дугаар ангийг төгсөөд 9 дүгээр ангид хуваарилагдсан боловч ар гэрийн гачигдлын улмаас 9 дүгээр ангидаа сурч чадалгүй аав, ээждээ тус болж мал маллаж байсан. Ингээд Дэлгэрэх нэгдэлд 1980 оны 06 дугаар сараас 1982 оны 06 дугаар сар хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. Цэргийн алба хааж ирээд 1987 он хүртэл мөн нэгдэлдээ мал маллаж байгаад сургуульд явсан.
Мөн миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний нэрийг ******** гэж бичсэн нь тухайн үед нутгийн хүмүүс бүгдээрээ Магнай гэж дууддаг байсан. Учир нь багийн дарга нэрийг минь дуудлагаараа бичсэн байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1981 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар тушаал, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0801/3280 дугаар лавлагаа, 1982 оны “Дурсамж”, 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Дурсамж”, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч ****** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
1. Хүсэлт гаргагч ****** нь 1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо болон 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Шинэжинст сумын малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
2. Хүсэлт гаргагч ********1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох болон 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Хүсэлт гаргагч ****** нь 1964 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрж, Намсрай овогтой Баярмагнай гэж бүртгэгдэн төрсний бүртгэлд бүртгэгдсэн, улмаар Намсрай овогтой Баярмагнай гэж иргэний үнэмлэхээ авч, уг нэрээр ажиллаж амьдарчээ.
4. Гэвч хүсэлт гаргагч ******ь “... нутгийн хүмүүс намайг Магнай гэж дууддаг, хөдөлмөрийн дэвтэр нээхэд манай нэгдлийн дарга Магнайбаяр гээд биччихсэн байсан...” талаар тайлбарладаг, түүний ажиллаж байсан талаарх нотлох баримтууд ч ******** нэрээр байх тул баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.
5. 1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх овог, төрсөн он, боловсрол, ажиллаж байсан газар, нэгдэл зэрэг нь ******иргэний үнэмлэхэд бичигдсэн эцгийн нэр, төрсөн онтой тохирч байх тул 1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ****** мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Мөн ********нь 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь ажилд орсон болон гарсан тушаалуудыг болон 1981, 1982 онуудад авч байсан сар бүрийн цалинг бичиж тэмдэглэсэн 1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ****** нь тэмцээн уралдаанд амжилттай оролцож, шагнаж урамшуулсан талаарх 1982 оны “Дурсамж”, 1982 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Дурсамж”, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *****мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
7. Иймд хүсэлт гаргагч ******* 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан 1981 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******** мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА