| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2017/0024/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 11
2018 оны 01 сарын 11 өдөр 2018/ШЦТ/11 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0024/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Уламбаяр
Улсын яллагч Д.Отгонтуяа
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-ын А-д холбогдох 1739002600004 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд оршин суух хаягтай, одоогоор Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд түр оршин сууж байгаа гэх Д овогт Э-ын А /РД: РЕ93101812/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт иргэн Б.Н-ын 14 тооны ямааг завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Н-ын: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ байхад манай саахалт айлын Б ах манай гэрт ирээд танай 14 тооны эзэнгүй ямаа байна. Зүүн эвэр нь ногоон будагтай, зүүн чих урдаасаа сүйх, баруун чих араасаа сүйх имтэй юм байна гэсэн. Манай хонь ямааны шинж тэмдэг таарч байсан болохоор очиж үзэхэд манай 14 тооны ямаа зүсээрээ байсан. Зусаг ямаа 2, 12 тооны ямаа нь бүдүүн нас гүйцсэн ямаа байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 6-7хуу/
Гэрч Б.Ж-н: 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нөхөр маань нөгөө нийлсэн ямаанууд алга болж, салаад явчихсан юм байхдаа гэж байсан. Гэтэл А, У хоёр манай хонинд нийлсэн ямааг нөхөр бидэнд хэлэхгүй аваад явсан байна. Нийт 14 ямаа байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 8-14хуу/
Гэрч Д.Б: Манай хүү У, дүү А нар малын шүүнд явна гэж 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яриад орой нь 19 цагийн үед машинаа асуусан. Ногоон микро автобустай юм. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой манай хонинд нийлсэн ямааг микро автобусанд ачаад явсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11хуу/
Гэрч Б.У-ын: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой би Багануур орох ажилтай болсон. Тэгээд А-г хамт яваад ирье гэсэн чинь би өөрийнхөө хэдэн ямааг зарах гэсэн юм, ачаад аваад явъя гэхэд нь би зөвшөөрөөд аваад явсан. Тэгээд Хэрлэн гүүрний постон дээр цагдаад баригдсан. Цагдаа нарт баригдсаныхаа дараа мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 12хуу/
Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 14хуу/
Шүүгдэгч Э.А-н: .... 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед адуундаа явж байхад нөгөө 14 тооны ямаа Мандалын таг гэх газар бэлчиж явахаар нь туугаад эзэнгүй явж байсан Б ахын хонинд нийлүүлчихсэн юм. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр адуундаа явж ирээд 27-ныхоо орой 19 цагийн үед Б ахынд очиж Б ахын хүү У аавынхаа машинтай Багануур явах гэж байхаар нь хөгшин нь танай хонинд 14 тооны ямаа нийлүүлсэн байгаа, хүнээс авсан юм, энэ хэдэн ямааг зарж мөнгө болгох гэж байгаа гэж хэлээд Б ахын хониноос 14 тооны ямаагаар ялгаж аваад тэр оройноо Ууганбаярын машинд ачаад би өөрөө хамт суугаад 19 цагийн үед Багануур дүүрэг рүү хөдөлсөн. ... гарал үүслийн бичгээ шалгуул гэж хэлэхээр нь бичиг аваагүй гэж хэлсэн чинь Д гэх ахмад шалгаад намайг хулгайн ямаа авч яваа юм байна гээд саатуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 20хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны орой Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт иргэн Б.Н-н 14 тооны ямааг завшиж 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүгдэгчид ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Н алдсан 14 тооны ямаагаа буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 35хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Д овогт Э-ын А-г алдуул мал завшиг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА