Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/454

 

 

 

Н.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Бт холбогдох эрүүгийн 2203002560314 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Нн Б, 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа аялал жуулчлал зохион байгуулагч, хөтөч, тайлбарлагч ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, эхнэрийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/.

            Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 25 минутын орчимд Хан-Уул дүүргийн Сонсголонгийн зам, нисэхийн тойргийн хойд замд “Lexus RX-400” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б овогт Нн Бийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б овогт Нн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Н.Бийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн Н.Бийн В, D ангиллын 504279 дугаарын 1 ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж шийдвэрлэжээ.

            Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг дурдаж тухайн зүйлд заасан гэмт хэргийн санкцийн хамгийн бага ялыг оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хуний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. Хохирогч Д.Бгийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар тогтоолгож цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Түүнчлэн түүний тархиндаа авсан гэмтлийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүйгээс гадна байнга мартах, өөрийн үйлдлийн учир байдлыг ойлгохгүй зэргээр өдөр тутмын амьдралд нь ихээхэн бэрхшээл тулгарч байна. Энэ мэтээр тухайн гэмт хэргийн хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй, цаашид ч хүндрэх төлөвтэй байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчид тухайн зүйл заалтад заасан ялын хамгийн бага ялыг оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шүүхээс хохирол, хор уршгийн тухай дүгнэхдээ дутуу дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирлын хүрээнд дүгнэлт хийсэн байна. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирол болох 3.930.000 төгрөг, мөн хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд учирсан гэх мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн 1.516.000 төгрөг төлж барагдуулсан, бусад хохирол буюу шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн 1.329.405 төгрөгийг шүүх хуралдаан түр завсарлах хугацаанд төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Гэтэл хохирогч Д.Бгийн олох ёстой байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шийдвэрлэн тусгах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна. Хохирогч талаас нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэж шийдвэрлэх боломжтой байсан боловч хор уршгийг ийнхүү шийдвэрлээгүй нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Хохирогч талаас нийт 42.000.000 төгрөгийн хор уршиг учирсан талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг боловч зөвхөн хохирол талаас нь тайлбарлаж хор уршгийг шийдвэрлээгүй нь хохирогчийн эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлахаар байна. Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дулааны инженер ажилтай хүн юм. Сантехник гэдэг нь эхлээд гадна шугамаа гүйцэтгээд барилга баригдаж дууссаны дараа бохир, цэвэр усны шугамаа холбоод барилга 100 хувь дууссаны дараа дотор халаалтаа өгнө гэсэн гэрээ байгуулдаг. Зарим дансаар авсан ажлын хөлснийхөө хуулгыг өгч байсан. Би тархины том хагалгаанд орсон учраас 2021, 2022 онд болсон үйл явдлаа сайн санахгүй байна. Одоо ажил хийе гэхээр “чи инженер хүн байж яаж ийм байдалтай ажиллах юм. Ийм хүн хүмүүсийг удирдаж чадахгүй” гэсэн яриа гараад ажлаа хийж чадахгүй байгаа. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс надад оногдуулсан эрүүгийн ял шийтгэлийг тохирсон гэж өөрийн зүгээс үзэж байна. Шүүх миний үйлдсэн хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь дүгнэсэн. Хохирогч Бгийн эрүүл мэндийг сайжруулах талаар миний зүгээс өөрийн бүх боломжит арга хэмжээг авч ирсэн. Цаашид гэм хорын хохирлыг нотлох баримтын үндсэн дээр төлнө гэдгээ байнга илэрхийлсээр ирсэн ба одоо ч илэрхийлж байгаа. Бг эмчлүүлэх болон нөхөн сэргээх эмчилгээ, эргэлтийн хоол, чихэр жимс бусад зардалд шаардлагатай зардлуудыг би хариуцан байнгын сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн. Шүүх миний биеийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэм буруутайд тооцож 1.329.405 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг шүүх хуралдааны үед түр завсарлага авч төлсөн. Энэхүү түр завсарлагааны үеэр би өөрийн унаж явсан зах зээлд 18.000.000-20.000.000 төгрөг хүрэх үнэтэй автомашинаа шууд өгөх талаар санал гаргасан боловч Б болон түүний эхнэр хүлээн зөвшөөрөөгүй. Надад прокуророос тавьсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байгаа талаараа болон миний санал болгосон автомашиныг авахгүй талаараа мөн хэлж байсан. Анхан шатны шүүх хуралдаан дууссаны дараа ч би санал болгосон автомашинаа ч өгөх талаар санал хэлсэн авахгүй гэсэн. Мөн эсвэл бэлэн мөнгө 6.000.000 төгрөг өгөх талаар санал хэлсэн, зөвшөөрөөгүй. Хохирогч шүүх хуралдаан дээр 40.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Шүүх хохирогч Бг олох ёстой байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шийдвэрлэн тусгах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна гэж хохирогчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдаж өгсөн. Энэ талаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөв шийдвэрлэсэн. Иймд надад холбогдох хэрэгт цугларсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэтгэлцээн зэргийг харгалзан үзэж хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Бийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийг өмгөөлөгчгүй оролцсоноор өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаан маш олон удаа хойшилсон. Энэ хугацаанд хохирогчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч нь хохирогчид үнэхээр их сэтгэл гаргаж хүүхдүүдийг нь хүртэл 6 дугаар сарын 01-ний өдөр тоглоомын паркт тоглуулсан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал хамгийн чухал байдаг. Хэрэг гарсан нөхцөл байдлыг харвал хоёр талыг харуулж болохоор баримтууд хэрэгт авагдсан. Бидний зүгээс хохирогчоос хэдэн төгрөг нэхэмжилж байна гэдгийг асуухад 40.000.000 төгрөгийг ярьдаг. Тийм учраас бидний зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээхээр шийдсэн. Хохирогч талаас гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангадаггүй. Тийм учраас хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээс өөр аргагүй. Шүүх хуралдааны дараа хохирогч, хохирогчийн өмгөөлөгчтэй бид 4 уулзсан. Шүүх хуралдаан завсарлахад унаж байгаа машины өгье. Шүүх хуралдаан дуусахаар нэрийг нь шилжүүлээд өгье гэж хэлсэн боловч аваагүй. Хохирогч талаас тодорхой юм хэлэлгүй 40.000.000 төгрөгийг нэхэмжилдэг. Бидний зүгээс нотлох баримт байгаа бол хүний ажил хүндрүүлэхгүй. Миний үйлчлүүлэгч нь давж заалдах гомдол ирэх хүртэл ялаа эдэлж байсан бол болох байсан. Шүүгч хэргийг нухацтай шийдвэрлэж  шүүгдэгчийн эрх зүйн байдал, өндөр настай эхтэйгээ амьдардаг зэргийг нь харгалзаж 2 дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Бидний зүгээс бусдыг мэхэлж байгаа юм шиг машин авах уу гэж хэлээгүй. Энэ гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй гэдгийг шүүх харгалзаж үзсэн. Тийм учраас хохирогчоос нэхэмжилж байгаа 40.000.000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би хохирогчийн дансны хуулгыг харахад өдөртөө орж ирсэн мөнгөө тараагаад дуусгадаг. Мөн гэрээний мөнгө гэж орсон орлого гэж байгаагүй. Тийм учраас олох байсан орлого гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр хохирогчоос “би ийм төгрөгийн орлого олдог. Ийм татвар төлсөн” гэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Гэтэл энэ хугацаанд миний үйлчлүүлэгчийн зүгээс шүүгдэгчид хоол, унд зэрэг бүх асуудалд тусалж байсан. Миний зүгээс хохирогчийн эхнэрийн нэхэмжилсэн 900.000 төгрөгийг төлөхгүй гэж хэлэхэд шүүгчээс “шүүгдэгчийн өмгөөлөгч үндэслэлтэй зүйл ярьж  байна” гэж хэлсэн. Шүүхийн шийдвэрээр хохирогчид дээрх 40.000.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна гэж үзвэл манай зүгээс төлөхөө илэрхийлдэг. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой өөрчлөлт оруулаад өгөөч гэсэн гомдол гаргаж байгааг ял шийтгэлтэй холбоотой гомдол гаргаагүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Н.Бийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон. Хохирлын хувьд хохирогч талаас 1.516.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан. Мөн бусад хохирол буюу шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн 1.329.405 төгрөгийг шүүх хуралдаан түр завсарлах хугацаанд төлсөн. Мөн хохирогч талаас гэмт хэргийн улмаас хохироогүй байсан бол олох ёстой байсан 22.000.000 төгрөгийн баримт гаргаж өгч нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзээд, гэм хорын улмаас учирсан хохирлуудыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 цаг 25 минутын үед Хан-Уул дүүргийн Сонсголонгийн зам, нисэхийн тойргийн хойд замд “Lexus RX-400” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Бг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Бн “...2022 оны 5 дугаар сарын 10-ны орой Нисэхэд оршин суудаг танил Сандагдоржийн гэрт архи ууж байгаад гарсан. Би яг хэдэн цагт гарсан болон хэр зэргийн согтолттой байсан, хаана явж байгаад хэрхэн осолд орсон эсэхээ сайн санахгүй байна. Ямар ч байсан такси барих гээд л явж байснаа санаж байгаа. Би ослоос үүдэн толгойдоо маш хүнд гэмтэл авсан учраас гэмтлийн эмнэлэгт хэвтсэнээ ерөөсөө санахгүй байгаа бөгөөд гэмтлээс гараад хувийн эмнэлэгт хэвтэж байхдаа ухаан орсон. ...Тархиндаа 2 газар цус хуралттай, тархины яс бяцарсан, цус харвалттай гэсэн оноштой байгаа. Одоогоор биеийн байдал зүгээр болоогүй байгаа бөгөөд байнгын эмчийн хяналтад байгаа. Надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй. Намайг мөргөсөн гэх жолооч миний эмчилгээнд гарсан бүх зардлыг төлөөд баримтаа өөрөө цуглуулаад явж байгаа. Тиймээс яг хэдэн төгрөгийн зардал гарсныг одоогоор хэлж мэдэхгүй байна. Би жолоочоос эмчилгээтэй холбоотой бүх зардал мөнгийг гаргуулна гэж бодож байгаа. Намайг ойрын 1 жилдээ ажил хийж болохгүй, биеийн ачаалал авч болохгүй, хүнд юм өргөж болохгүй гэсэн. ...” /хх 18-19/,

иргэний нэхэмжлэгч О.Оийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.930.000 төгрөг гарсныг яллагдагч Н.Боос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дансанд төлүүлж өгнө үү. ...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно. ...” /1хх 76-77/,

Н.Бийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэр рүүгээ харих гээд Сонсголонгийн замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн 1 нэгдүгээр эгнээгээр 50-60 км цагийн хурдтай ганцаараа явж байтал явган хүний гарцаар нэг хүн зам хөндлөн алхаад машины гэрэлд гараад ирэхээр нь би тоормос гишгэтэл гулгаад очоод мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад түргэн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд би машинаас буугаад түргэн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн. Би машинтай явж байхдаа гарцын тэмдэг тэмдэглэгээгээ хараагүй, осол болсны дараа машинаас буугаад хартал тэмдэг тэмдэглэгээ байсан. Би цаашид бусдын хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 135-136/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Д.Бн биед баруун зулай, чамархай, хөхлөг сэртэн, чихний сувгийн шугаман хугарал, баруун зулай, чамархай дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн дух, чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн дух, зулай, чамархай, баруун чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн дээд, доод зовхи, хоёр нүдний алимын салстад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн /1хх 93-94/ 7138 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Тээврийн цагдаагийн албаны “...“Лексус RX-400” маркийн - УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Дашдондогийн Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн /1хх 127/ мөрдөгчийн 685 дугаар магадлагаа,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /1хх 4-11/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 148/, жолоодох эрхийн лавлагаа /1хх 149/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Н.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Бийг тухайн зүйл хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, шүүгдэгч Н.Бийг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялын хүрээ хязгаарыг тогтоосон атлаа хяналт тавих үүргийг нэгэнт хуулиар үүрэг хүлээсэн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зохимжгүй болсон байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан “...Хохирогч Д.Бгийн олох ёстой байсан орлоготой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг шийдвэрлэн тусгах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байна. Хохирогч талаас нийт 42.000.000 төгрөгийн хор уршиг учирсан талаар шүүх хуралдаанд мэдүүлдэг боловч зөвхөн хохирол талаас нь тайлбарлаж хор уршгийг шийдвэрлээгүй нь хохирогчийн эрх ашгийг зөрчсөн нөхцөл байдлуудыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Хэргийн материалыг шинжлэн судлахад, шүүгдэгч Н.Б нь хохирлыг баримтын хүрээнд буюу 1.329.405 төгрөгийг хохирогч Д.Бд өгсөн талаар мэдүүлсэн ба уг мөнгийг эхнэрийнхээ дансаар авсан талаарх хохирогч Д.Бгийн мэдүүлэг анхан шатны шүүхийн тэмдэглэлд авагдсан байна.

Хохирогчоос ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой олох байсан орлого 42.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн боловч уг гэрээ нь цаг хугацааны хувьд зам тээврийн осол болохоос өмнө хийгдэж дуусгавар болсноос гадна гэрээг талууд дүгнэж хэлэлцээгүй байх тул хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд хохирлыг үнэлж дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогч, шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх бөгөөд хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болно:” гээд, мөн зүйлийн 174.1.1, 174.1.2, 174.1.3, 174.1.4, 174.1.5, 174.1.6-д прокурор ахлах шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ялтны зорчих бүсийг өөрчилж болох үндэслэлүүдийг заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар, шүүгдэгч Н.Б нь зорчих эрх хязгаарлах ял эдлэх бүсчлэлээ өөрчлөх үндэслэл бий болсон гэж үзвэл хүсэлт гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/72 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрээр тогтоосугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ