| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00009/И |
| Дугаар | 137/ШШ2025/00010 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2025/00010
2025 01 08 137/ШШ2025/00010
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Д аймгийн Э сум .... дугаар баг ......... байрлах, Д аймгийн Э сумын З.Д-ын т.г /улсын бүртгэлийн дугаар .........., регистрийн дугаар .............../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн Э сум .... дугаар баг ......... тоотод оршин суух, ........ овогт Х-ын Б /РД:...., утас:........./-д холбогдох
Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 30,852.002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын З.Д-ын т.г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д аймгийн Э сумын З.Д-аас "Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 30,852.002 төгрөгийг иргэн Х.Б-өөс гаргуулах" тухай маргаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр прокурорыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцуулах тухай хүсэлт гарган, ирүүлжээ. Иргэн Х.Б нь тус аймгийн Д аймгийн Э сумын З.Д-ын т.г-ын хороо хөгжүүлэх сангаас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5 жилийн хугацаатай 30,000,000 төгрөгийг хувийн хүүтэй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2027 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дуусахаар байна. Гэтэл иргэн Х.Б нь зээлийн гэрээний 7.1.4 дэх заалтыг зөрчиж, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, түүнчлэн зээл авсан үеэс хойш 2 жил 1 сарын хугацаанд үндсэн зээл 3,976,092 төгрөг, хүү 596,712 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3196 төгрөг, нийт 4,576.000 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэх үндсэн зээл 26,023.908 төгрөг, хүү 3,905.749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 922,345 төгрөг, нийт 30,852.002 төгрөгийг төлөөгүй нь нэг талаар төрөөс иргэдэд олгож буй хөнгөлөлттэй санхүүгийн дэмжлэгт саад учруулсан нь төрийн ашиг сонирхол зөрчсөн, нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгч бусад иргэдийн зээл авах боломжийг хязгаарласан нь нийтийн ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул прокурор төрийн байгууллагыг төлөөлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндэслэл болж байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасныг үндэслэн прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан дээрх маргаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож, иргэдийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлээс төлөгдөөгүй үлдэгдэл төлбөрийг төрийн байгууллагыг төлөөлөн, нэхэмжлэх эрх үүснэ. Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн төлбөрийн үлдэгдэл 30, 852.002 төгрөгийг иргэн Х.Б-өөс гаргуулж өгнө үү.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр прокурорын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Х овогтой Б миний бие нь Д аймгийн Э сумын З.Д-ын т.г-ын нэхэмжилсэн зээлийн 30,852.002 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын З.Д-ын т.г нь хариуцагч Х.Б-д холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 30,852.002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Б нь хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 30,852.002 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д аймгийн Э сумын З.Д-ын т.г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Б-д холбогдох хоршоо хөгжүүлэх сангаас олгосон зээлийн үлдэгдэл төлбөр 30,852.002 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д аймгийн Э сумын З.Д-ын т.г нь улсын тэмдэгтийн хураамжинд 312,210 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Б-өс улсын тэмдэгтийн хураамж 312,210 төгрөгний 50 хувь болох 156,105 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ