| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00013/И |
| Дугаар | 137/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2025/00011
2025 01 08 137/ШШ2025/00011
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: Н-ийн Х дүүргийн . дугаар хороо, Ч.Ө.Ч-нд байрлах Э.М.Д.Е.Г /улсын бүртгэлийн дугаар .........., регистрийн дугаар .........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын ..... дугаар баг, Ө-ийн гудамж .... тоотод оршин суух, Б овогт Б-ын Г /РД:....., утас:.../-д холбогдох
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 146,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М.Д.Е.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна” гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн" байдлыг судалж, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан. Тус прокурорын газраас хариуцагч Б овогтой Г нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 11 цаг 00 минутын орчимд Д аймгийн З сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах З сумын Нэгдсэн эмнэлгийн авто зогсоол дээр .............. улсын дугаартай иргэн О.А-ийн өмчлөлийн ........... загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч болох ….. овогт Н-ийг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэж эрх бүхий албан тушаалтнаас 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогч А.Н-ийн биед цээж, хэвлий, зүүн гуя, зүүн ташаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд зам тээврийн ослын улмаас З сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Г-ийн үйлдсэн зөрчлийн улмаас учирсан гэмтлийг эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, эмчлүүлсний төлбөрт даатгуулагч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 146,997 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан байдаг. Зөрчлийн хэргийн хохирогч А.Н-т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр өнөөдрийг хүртэл Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж заасны дагуу зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. Хууль зүйн хувьд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Прокурор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 41 дүгээр зүйлийн 41.1-д “шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэж тус тус хуульчилсан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Прокурор Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Дээрх хэрэгт Б.Г-ийн үйлдсэн зөрчлийн улмаас А.Н-ийн биед гэмтэл учирсан, улмаар эдгээр гэмтлүүдийг эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 146,997 төгрөгийн тусламж үйлчилгээг авсан, харин эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол нь шийдвэрлэгдээгүй орхигдсон тул буруутай этгээдээс гаргуулах нь зүй ёсны гэж үзэн төрийн байгууллагын хүсэлтээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Г нь Э.М.Д.Е.Г-ын нэхэмжилсэн 146,997 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М.Д.Е.Г нь хариуцагч Б.Г-д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 146,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 146,997 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М.Д.Е.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 146,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Э.М.Д.Е.Г нь улсын тэмдэгтийн хураамжинд 5,060 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Г-оос улсын тэмдэгтийн хураамж 5,060 төгрөгний 50 хувь буюу 2,530 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ