| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00018/И |
| Дугаар | 137/ШШ2025/00021 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 137/ШШ2025/00021
2025 01 17 137/ШШ2025/00021
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би,
Нэхэмжлэгч: Д аймгийн З сум ...... дугаар баг, Н гудамж .... тоотод оршин суух, М овогт Б-ны Б /РД:, утас:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум .. дугаар баг, Б гудамж ... тоотод оршин суух, Б овогт Ц-ийн Л /РД:, утас:/-д
Хамтран амьдрах хугацаанд өөрт нь шилжүүлэн өгсөн 10,054.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Б миний Ц.Л-тэй 2024 оны 06 сард танилцан, уулзаж учирч байгаад дотно харилцаж хамтран амьдрах болсон. Ц.Л нь хамт нэг гэртээ сайхан амьдарч үр хүүхдүүдтэй болмоор байна миний үеийн залуус одоо аав болсон гэр бүл гэдэг чинь хамт амьдарч байж оршин тогтнож айл болдог юм гэж хэлсэн. Би тухайн үед гэр бүлээсээ салаад удаагүй 3 хүүхдийн хамт амьдарч байсан учир ойрын 2 жилдээ үр хүүхэд гаргахгүй, 3 хүүхэдтэй хүнтэй амьдрал зохиох хэцүү биш үү танай гэр бүлийнхэн зөвшөөрөх юм уу гэж удаа дараа асууж байсан. Тэгтэл болно бүтнэ хамт сайхан амьдарна гэсэн. Ингээд би 8 сард жирэмсэн болсноо мэдсэн ба хүүхдээ үр хөндүүлэх гэж байхад хүүхдээ гаргачих би аав болмоор байна хамт сайхан амьдарна гэж гуйсаар байгаад тээлгэсэн. Ингээд 2024 оны 11 сарын 27-ны өдөр Улаанбаатар хот руу явж аавынхаа өвлийн бэлтгэлийг хангаж өгчхөөд ирье гэж яваад ор сураггүй алга болсон. Бид муудаж хэрэлдсэн зүйл байхгүй, одоо facebook блок хийсэн, утсаар ярихгүй, мессеж чат уншихгүй байна. Түүний 2 эгч нь гэх хүүхнүүд надтай холбогдож 3 хүүхэдтэй хүүхэнтэй суулгахгүй, манай дүү хүүхэдтэй болох нас нь болоогүй тус тусын замаа хөө хүүхдийг чинь төрөхөөр авна гэж мессеж чат бичсэн байсан. Ц.Л нь надтай танилцсан үеэсээ эхлэн 2024 оны 06 сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл надаас өөрийн Х банкны ............ тоот дансаар нийт 10,054.200 төгрөгийг шилжүүлж авсан байх тул дээрх мөнгийг түүнээс гаргуулж өгнө үү. Миний бие өрх толгойлсон 10-4 насны 3 хүүхэдтэй хүүхэдтэй, одоо 7 сартай жирэмсэн, цалингийн өндөр зээлтэй маш хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Энэ хүнтэй учирснаас хойш сэтгэл санаа болон эрүүл мэнд эдийн засгаараа хохироод байна. Иймээс Ц.Л-гээс нийт 10,054.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ц.Л миний бие нь Б-гийн гаргасан 10,054.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б бид хоёр 2024 оны 07 дугаар сараас хамт амьдарч эхэлсэн ба хамтын амьдралын хугацаанд хэн хэнийхээ данс руу мөнгө шилжүүлж ойр зуурын хэрэгцээндээ зарцуулж ирсэн. Б.Баярмаа нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл миний Х банк ХХК-ны ............... данс руу 9,624,000 төгрөгийг шилжүүлсэн. Ц.Л миний бие нь Б.Б-ийн Х банк ХХК-ны ...............тоот данс руу өөрийн Хаан банк ХХК-ны .......... данснаас 2,325,000 төгрөг, Г банк ХХК-ний ........... данснаас 6,650,000 төгрөг нийт 9,525,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Гэвч Ц.Л миний бие нь Б.Б-г жирэмсэн байх хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд төлөх хүсэлтэй байна. Миний бие нь улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг учир одоо ажил төрөл цалин хөлсгүй байгаа болно..” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б овогтой Б нь хариуцагч Ц.Л-д холбогдуулан 10,054,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч уг 5 сая төгрөгийг 2025 оны 05 сараас 09 сарын хооронд төлж барагдуулах хариу тайлбар ирүүлсэн тул уг хариу тайлбарыг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 10,054.200 төгрөгнийхөө 5,054.200 төгрөгнөөсөө татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ц.Л-д холбогдуулан хамтран амьдрах хугацаанд өөрт нь шилжүүлэн өгсөн 10,054.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 10,054.200 төгрөгийн 5,054.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр, хариуцагч тал нэхэмжлэлийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Л-д холбогдох хамтран амьдрах хугацаанд өөрт нь шилжүүлэн өгсөн 10,054.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 10,054.200 төгрөгийн 5,054.200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр, хариуцагч тал нэхэмжлэлийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 5,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийн 50 хувь болох 47,475 төгрөгийг хариуцагч Ц.Л-с, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 47,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ