Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 02223

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02223

 

 

ЧД, НДХ

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЧД, НДХ хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрт нийт 71 888 858 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ЧД, НДХшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэстэй харилцагч Скайпрофешнл ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Уг шимтгэлийн өр 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хуримтлагдсан. Энэхүү зөрчлийн улмаас тус компаний даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Дээрх 47 925 905 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэхээр Скайпрофешнл ХХК-д ЧД, НДХ Улсын байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай 24 тоот албан шаардлага, тус хэлтэст бүртгэлтэй Хас банкны 5000525952 тоот дансны зарлагын гүйлгээг 602 тоот мэдэгдлээр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зогсоож тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл шимтгэлээ төлөөгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам, 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг-ийг тус тус зөрчиж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүйд тооцсон тул хэрэглэх боломжгүй. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох Дээрх 47 925 905/дөчин долоон сая есөн зуун хорин таван мянга есөн зуун тав/ төгрөгөнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1.2-т заасан Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хзтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэснийг үндэслэн хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцож 23 962 953 төгрөг нийт 71 888 858 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Скайпрофеншнл” ХХК шүүх гаргасан хариу тайлбартаа: Тайлбар ирүүлээгүй.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас нийт 71 888 858 /далан нэгэн сая найман зуун наян найман мянга найман зуун тавин найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ЧД, НДХ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 517 394 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс алдангийг үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөхгүй тодорхой хэмжээгээр хуваарь гарган төлнө гэсэн хүсэлт гаргасаар атал санхүүгийн хүндрэлтэй байгаа компанийг улам дарамтанд оруулж алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар уг ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч ЧД, НДХнь хариуцагч С ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдөөгүй өр 47 925 905 төгрөг, түүний алданги 23 962 953 төгрөг, нийт 71 888 858 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал хүлээн авсан байх боловч зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй байна.

 Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч С ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд, төлвөл зохих хэмжээгээр төлөөгүйн улмаас 47 925 905 төгрөгийн өр үүсгэжээ. Энэ нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай нэхэмжлэгч байгууллагын 2017 оны 4 сарын 18-ны өдрийн улсын байцаагчийн албан шаардлага, хариуцагч байгууллагын зүгээс 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гаргаж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 05-р сарын тайлан гэх баримтаар тогтоогдож байна. /хх17,19/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлын үндэслэлээ  “нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, санхүүгийн хувьд тодорхой хугацаанд хүнд нөхцөл байдалд орсон, мөн шүүхийн ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэжээ.

Хэргийн 27 дугаар талд авагдсан нэхэмжлэл гардуулсан тухай баримтаас үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэцэгсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын хувийг 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, уг хэргийг хариуцагчийн үйл ажиллагаа явуулж буй газрын харьяалах Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гаргаснаар хэргийг мөн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан байна. /хх44/

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хариуцагч талд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан /хх49/, шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх хугацааг товлож энэ талаар хариуцагчид мэдэгдэж /хх64/, шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтийг хангаж хойшлуулж байжээ. /хх58-61/ Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байх талаар хуульчлан тогтоосон. Хуулийн дээрх зохицуулалт ёсоор нэхэмжлэгч нь 47 925 905 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөрийн 50 хувиар алданги тооцсон нь хуульд нийцжээ. С ХХК нь санхүүгийн хувьд тодорхой хугацаанд хүнд нөхцөл байдалд орсон гэх тайлбар, гомдол нь баримтаар тогтоогдоогүй тул алдангийн хэмжээг хасах, чөлөөлөх боломжгүй  гэж үзлээ.

Иймд, анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, түүний алдангид нийт 71 888 858 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүлйинй 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасанд нийцнэ.

 Дээрхээс гадна, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй тайлбар, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй. Энэ нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл болох бөгөөд шүүхээс энэ талаар хийсэн дүгнэлт зөв ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/01507 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

                                                                                     Б.НАРМАНДАХ