| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0025/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 12
2018 оны 01 сарын 12 өдөр 2017/ШЦТ/12 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0025/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энзул,
Улсын яллагч Д.Отгонтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруун богд овогт Сүрэнхорлоогийн Сд холбогдох 1739002650007 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 12 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1990 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 10-01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, Хэнтий аймгийн Сумн дундын 28 шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан Баруун богд овогт Сүрэнхорлоогийн С /РД:СЛ90112919/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Дулааны энгэр” гэх газарт иргэн Л.Ганболдын нэг тооны алдуул малыг завшиж 500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Ганболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайхыг 2015 оны хавар 05 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Хавцал” гэх газар манай цагаан буурал азаргатай адуунд байсан хээр зүсмийн шүдлэн байдас нь азаргандаа хөөгдөөд тухайн үед манай тэр хавиар бэлчээрлэж байсан Норовын Алтантөгс гэдэг залуугийн адуунд нийлсэн байсан. Тэгэхээр нь би Алтантөгсийг таньдаг, тохьтой томоотой залуу учраас танай адуунд байж байг гээд тэднийд адуунд байлгаж байсан. Манай тэр хээр зүсмийн шүдлэн байдас нь Алтантөгсийн адуунд байж байхдаа 2016 онд хязаалан насандаа унагалсан байсан. Тэр унага бол бор зүсмийн эр унага гарсан байсан. Тэгээд 2017 оны хавар тэр гүү маань дахин унагалсан гэсэн.Тэр унага нь хээр зүсмийн охин унага байсан гэсэн. 2016 оны намар тэр бор зүсмийн унагыг Алтантөгс өөрийнхөө тамгаар тамгалсан . Алтантөгс миний тэр хээр зүсмийн гүүний хар бор зүсмийн унагыг хоёр гуяанд нь өөрийнхөө сартай чандмань тамгаар тамгалсан гэж хэлсэн. Тэрнээс хойш 2017 оны 06 дугаар сарын дундуур Алтантөгсийнхийг Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг “Ногоон арал” гэх газар нутаглаж байхад тэр хээр зүсмийн гүү маань унагатай даагатайгаа алга болсон гэсэн. Тэгтэл Алтантөгсийнхөөс баруун урагш ойрхон нутагладаг байсан Сүрэнхорлоо гэдэг хүний хээр халзан зүсмийн азаргатай адуунд нийлсэн байсныг нь 2017 оны 08 дугаар сарын эхээр Алтантөгс мэдсэн байсан. Тэгтэл 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Алтантөгс манай хүү Сд танай аавын чинь хээр зүсмийн гүүний даага нь алга болсон байна. Хүн идчихсэн юм шиг байна, аавдаа хэлээрэй гэж хэлсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 хуудас/
Гэрч Г.Сын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Норовын Алтантөгс гэдэг ах надтай уулзаад танай аавын манай адуунд ирээд 2-3 жил болсон хээр зүсмийн гүүний даагыг нь хүн идчихсэн юм шиг байна алга болсон байна, аавдаа бушуухан хэлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 8 хуудас/
Гэрч Т.Сүрэнхорол мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр П.Ганболд нь 017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нас барсан. Тэгээд ажил явдал өнгөрснөөс хойш би адуу малаа хүү С.Сдаа хүлээлгэж өгсөн. Харин малын “А” данс маань нөхрийн нэр дээр байсан болохоор одоогоор хүүгийнхээ нэр дээр оруулж чадаагүй байгаа юм. Манай хүү л адуу малаа сайн мэднэ.. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-11 хуудас/
Гэрч Ж.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тэр хөх бордуу зүсмийн даага нь Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух Норовын Төгөөгийн адууны тамгатай адил тамгатай байсан. Би дотроо Төгөөгийн тамгатай адуу байна гэж бодож байсан. Намар Төгөө манай энүүгээр явж байхдаа талийгаач Ганболд гуайн адуунд миний нэг адуу байгаа авна гэж хэлж байсан юмаа. Тэгж Төгөөг ярьж байсан болохоор нь аваагүй юм байна даа гэж бодож байсан юм аа.. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 хуудас/
Гэрч Н.Алтантөгс мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сард тэр хээр зүсмийн гүү нь даагатай унагатайгаа байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би өөрсдөө авсан юм байх гэж бодсон. Тэгтэл 2017 оны 07 дугаар сарын сүүлчээр Сүрэнхоролоо гуайн хүү С манай адуунд танай тамгатай бор зүсмийн даага байгаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайд уг нь тийм бор даага байхгүй дээ хүнд л өгсөн бор зүсмийн даага л байх ёстой гэж хэлээд би очиж харнаа гэж хэлсэн. Тэгээд би удаагүй адуундаа явангаа тэдний адуугаар орж харахад Ганболд гуайн хээр зүсмийн гүү, халтар бор зүсмийн даага, хээр зүсмийн унага нь байж байсан. Би тэр унагатай даагатай гүүг нь харчихаад Сд Ганболд гуайн гүү байгаа юмаа манай адуунд байж байсан юм гэж хэлсэн. Тэгэхэд С за л гэж хэлж байсан. .. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 хуудас/
Сэжигтэн С.Сын мөрдөн байцаалтан өгсөн: “... Манай талийгаач маань Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ганжингийн Эрдэнээ гэх хүнд үстэй хурган дотортой дээл зарж оронд нь хээр зүсмийн охин даага авч байсан гэж ярьдаг байсан. Тэр авсан хээр зүсмийн охин даага нь 2012 2013 онд даага анх унгалж хээр зүсмийн охин унага гаргаж байсан. Тэр охин унага нь одоо хээр зүсмийн гүү болоод 2 дахь удаагаа унагалаад байгаа. Би 2017 оны 07 дугаар сараас хойш аавыгаа нас барсанаас хойш адуугаа хүлээж авсан. Намайг адуугаа хүлээж авахад хээр зүсмийн гүү, халтар саарал эр даага, хээр зүсмийн охин унага 3 байсан. Энэ 3 тооны адууны хээр зүсмийн гүү нь зөв талын гуяандаа хөндөлтэй гурвалжин, буруу талын гуяандаа сартай зүрх тамгатай байсан. Эр халтар саарал зүсмийн даага нь зөв талын гуяандаа сартай гал, буруу талын гуяандаа сартай чандмань тамгатай байсан. Хээр зүсмийн унага нь тамгагүй байсан. Би 2017 оны 11 дүгээр сарын 23-ны үед адуунаасаа хээр зүсмийн охин даага халтар саарал зүсмийн эр даагыг ажиллсан. Би тэр 2 даагыг 1 хоногийн өмнө адуунаасаа барьж уяж хоноод маргааш нь ажилсан....” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Сын иргэн Л.Ганболдын алдуул малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ганболдод 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүдэгч Баруун богд овогт Сүрэнхорлоогийн Сыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Сын торгох ялыг 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ