Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/383

 

 

 

 

 

 

  2023             4              11                                      2023/ДШМ/383

 

 

                                                           Н.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өлзийжаргал,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Я.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Я.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Б нь өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн цахим орчинд валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Г-оос 38.000.000 төгрөг шилжүүлэн авсан, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Z” барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Г.З-оос 3.400.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зариудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Н.Б-ийн цагдан хоригдсон 88 /наян найм/ хоногийг эдлэх ялаас хасаж тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-с 26.162.000 /хорин зургаан сая нэг зуун жаран хоёр мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Г-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Я.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Б нь хохирогч З-д учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Харин Г-д учруулсан хохирлоос 11.838.422 төгрөг төлж барагдуулсан. Үлдэгдэл 26.161.578 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хохирогчийн зүй бус хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн байх боловч шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Шүүхээс Н.Б-ийг эрхэлсэн тодорхой ажилгүй, түрээсийн байранд амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 3 удаа өмчлөх эрхийн эсрэг тэр дундаа залилах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч энэ байдалд дүгнэлт хийж, ухамсарлаагүй, залилах гэмт хэрэгт торгох ял шийтгүүлж, уг ялаа биелүүлээгүй, дуусгавар болоогүй байхдаа дахин залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар авагдаагүй баримтыг үндэслэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан хорих ял оногдуулах шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би торгуулийн 1.000.000 төгрөгийг 5 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Эрдэнэт хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад 1.000.000 төгрөгийн торгуулийг төл гэхээр нь тэр дор нь төлсөн байгаа. 2022 оны 5 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд төлсөн. Манай ар гэрийнхэн хашаа байшин зараад хохирлыг өгье гэж хэлсэн. Г бид хоёр хамт 1 дүгээр сарын хугацаанд нэг дор сууж байгаад арилжаа хийдэг байсан. Олох үедээ олоод алдах үедээ алдаж байсан. 38.000.000 төгрөгийн 4.000.000 төгрөгийг Г өөрийнхөө данс руу шилжүүлж өөрөө арилжаа хийгээд сүүлд тэр мөнгөнөөсөө 200.000, 251.000 төгрөг гээд нийт 451.000 төгрөгийг гаргаж авсан байсан. Үүнийг хохирлоос хасуулж тооцуулмаар байна. Тухайн үед олсон ашиг нь байдаг. Гүйлгээн дээр утга нь байгаа. Мөн би хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна. Хохирогч талаас хохирлыг заавал бүтнээр нь авна гэдэг. Хашаа байшингаа зараад төлөх боломжтой. Надад анхнаасаа залилах санаа зорилго байгаагүй. ...” гэв.

Прокурор Б.Өлзийжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Н.Б нь өөрийгөө Форексийн багш гэж итгүүлэн цахим орчинд валютын арилжаа хийнэ, ханшийн өсөлт бууралтаас ашиг олно гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух заамаар төөрөгдөлд оруулан үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.Г-оос 38.000.000 төгрөг шилжүүлэн авсан, 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Z барьцаалан зээлдүүлэх газарт хохирогч Г.З-оос 3.400.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Харин шүүгдэгч Н.Б өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоол /хх 161-165/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх өмнөх торгох ялд хамаарах асуудлыг хэрхэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б-ийн өмнөх 1.000.000 төгрөгийн торгуулийн ял биелэгдсэн эсэх талаарх асуудлыг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “...Н.Б нь 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн гүйцэтгэх баримт бичиг цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй.” гэсэн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 04/6693 дугаар /2хх 144-145/ албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би торгуулийн 1.000.000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын сүүлээр Орхон аймгийн Эрдэнэт хотын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас яриад 1.000.000 төгрөгийн торгуулийг төл гэхээр нь тэр дор нь төлсөн байгаа. 2022 оны 5 дугаар сарын 30-наас 31-ний өдрийн хооронд төлсөн.” гэсэн тайлбар хэлсэн боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.Б-ийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг эдэлж дууссан эсэхийг шалгасны эцэст шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч хэргийн талаар хууль ёсны шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.

Иймд магадлалд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Я.Б-ын гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж өгнө үү.  ...” гэсэн агуулгатай гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шүүгдэгч Н.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/228 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ