| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00350/И |
| Дугаар | 137/ШШ2024/00303 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2024/00303
2024 12 19 137/ШШ2024/00303
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг ... дугаар хороо Б тойруу С.Ц ........ тоотод байрлах, “З.С групп” ББСБ ХХК /улсын бүртгэлийн дугаар ...., РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сумын .... дүгээр баг ......... тоотод оршин суух, Э овогт У-ын Ц /РД:......., утас:......../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4,467,245.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.С-ийн групп ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...З.С ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. У.Ц нь 2024 оны 05 сарын 31-ны өдөр сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 38,4 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/2024/0101130101002300 тоот "Зээлийн гэрээ” байгуулж 3,950,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг "IPHONE 15 PLUS" загварын гар утас"-ийг "Ант онлайн молл" ХХК-аас авсан байдаг ба өнөөдрийг хүртэл /2024.11.04-ны өдрийн байдлаар/ нийт 132 хоног зээл төлөлтийн хоцролттой болсон байна. Манай ББСБ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч Зөгий санхүүгийн групп ББСБ нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохирлыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдын томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдлийг "Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь"-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 “зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө”, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д “Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ." тус тус заасныг ноцтой зөрчиж байна. Иймд зээлдэгчээс зээлийн үлдэгдэл нийт 4,467,245.08 /дөрвөн сая дөрвөн зуун жаран долоон мянга хоёр зуун дөчин таван төгрөг найман мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие У.Ц нь З.С-ийн групп ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 4,467,245.08 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.С-ийн групп ББСБ ХХК нь хариуцагч У.Цэдэвт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,467,245.08 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Цэдэв нь зээлийн гэрээний үүрэгт 4,467,245.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.С-ийн групп ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч У.Ц-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,467,245.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Цэдэв нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86,425.92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 43,212.96 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 43,212.96 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ