| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2017/0027/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 13
2018 оны 01 сарын 12 өдөр 2018/ШЦТ/13 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0027/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А холбогдох 1739002750002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1986 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Хөшөөтийн 3-3 тоот хаягтай, одоогоор Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 5А-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г.А / РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.А нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Гранд” баарны гадаа иргэн Т.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн орчим найзуудын хамт Гранд бааранд орсон Тэр бааранд огт архи уугаагүй. Түүний өмнө Андууд бааранд орой 18 цагийн орчим нэг том нийслэл пивыг 3-лаа хувааж уусан. Баарны үүдэнд нэг танихгүй залууг санамсаргүй мөрлөсөн. Тэгтэл тэр залуу уурлаад бид хоёр хоорондоо барьцалдаж аваад бие биенийгээ заамдаад зогсож байтал бид 2 руу нэг өндөр хар куртиктай залуу хүрч ирээд чи яагаад дүү дээрэлхээд байгаа юм гээд нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Дараа нь зүүн чихний орчим цохисон. Тухайн үед миний зүүн нүдний доод зовхиноос нэлээн их цус гарсан тэгээд би эмнэлэг явж шархандаа 4 оёдол тавиулсан. Би тухайн үед тийм ч их согтуу байгаагүй. Тэр үл таних залуутай харилцан зодолдсон зүйлгүй. Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
Гэрч П.Баттулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Баарны гадаа тамхи татаж байхад намайг нэг өндөр залуу хүрч ирээд мөрлөсөн. Тэр үед Г.А ах гарч ирэд Амармэндтэй заамдалцаад боож унагаасан. Амармэндийн биед Г.А ах гэмтэл учруулсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч Д.Хэрлэнтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Орой 22 цагийн орчим нөхөр маань над руу утсаар яриад би хүнд зодуулчихлаа гэсэн, тэгэхээр нь би такси бариад хүрээд ир гэсэн. Тэгээд цагдаагийн газар дуудлага өгөөд, нөхрөөсөө юу болсон талаар асуухад Наранхүүтэй 3-4 залуучууд Гранд баарны гадаа муудалцсан. Дундуур нь ороод салгах гэтэл намайг зодсон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
Гэрч Д.Доржжанцангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Г.А үл таних залуутай заамдалцаж байхаар нь голоор нь ороод салгах гэтэл Г.А тэр залууг нүүрэн тус газар нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Гэрч Г.Алтанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Г.А нэг залуутай муудалцаж байсан. Голоор нь ороод салгах гэтэл Г.А тэр залуугийн нүүр рүү нь цохиж байгаа харагдсан. Энэ үед би нар тал талаас салгаад таксинд суулгасан. Тэр залуу ч халамцуу, Г.А ч халамцуу байсан. Г.А хүргэн дүүгээ өмөөрөөд цохисон өөр шалтгаан байхгүй. Ийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
2017.12.15-ны өдрийн 2017.009 дугаартай Хүний биед үзлэг хийсэн акт Дүгнэлт 1. Т.Аийн биед баруун нүдний дээд, доод зовхины хэсгийн няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины хэсгийн няцарсан шарх, зүүн чихний гадна дэлбэнгийн дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10% алдагдана /хх-ийн 21 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 35 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Аыг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Гранд” баарны гадаа иргэн Т.Аийг “хүргэн дүүг дээрэлхлээ” хэмээн шалтаглан нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, зодон бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Т.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн бөгөөд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба хохирогч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй болно.
Шүүгдэгч Г.А нь улсын яллагчтай 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр тохиролцсон гэх бөгөөд ямар нэгэн маргаангүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 02 сарын хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА