Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/456

 

 

О. Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сарантуяа,

хохирогч Г.Мгийн өмгөөлөгч Д.Г,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.М, шүүгдэгч О.Г нарын давж заалдах гомдлуудаар О.Гт холбогдох эрүүгийн 2209028592267 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Оын Г, 1982 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 1, - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/.

            Шүүгдэгч О.Г нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр - тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Мгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар зулгаралт, уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Х овогт Оын Гийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гийг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гаас 4.209.900 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мд олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.М гаргасан давж заалдах гомдолдоо: “...2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүү Б маань төрсөн. Нөхөр маань хөдөө голдуу ажлаар явдгаас болж бидэнд нэг нэгнээ хардах зүйлүүд гардаг байсан. Асуудал маань даамжирч хүндрэх нөхцөл болсон. 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдөр бид бас маргалдсан ба энэ маргаанд хадам ээж, эгч нараа оролцуулсны улмаас нөхөр ууртай манай ээжийн гэрт ирсэн. Улмаар надад гар хүрч гэмтэл учруулсан. Тэрнээс хойш бид хоёр учраа олохгүй хэн хэндээ гомдож явсаар шүүх хурал болсон. Шүүх хуралдаан дээр миний бие гомдол саналтай гээд эмчилгээний мөнгө нэхсэн. Эмчилгээг маань хийлгэж байгаа. Миний хувьд өөрийн нөхөр О.Гт ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд түүнд оногдуулсан 600 цагийн ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Учир нь, Г зуны улиралд орон нутаг руу барилгын туслан гүйцэтгэх ажил хийж, ар гэрээ тэжээдэг юм. Иймд түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Г.Мгийн өмгөөлөгч Д.Г тус  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь миний үйлчлүүлэгчид хохирол төлбөр төлөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өөрийн эхнэр Мтай маргалдаж, түүнд хөнгөн хохирол учруулан зодсон үйлдэлдээ үнэхээр гэмшиж байгаа бөгөөд бид шүүх хурлаас хойш эвлэрч учраа олсон тул дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ баталж байна. Миний хувьд ээж, эгч нарыгаа өмөөрч эхнэртээ гар хүрсэн нь миний буруу юм. Шүүх хурлаас хойш би эхнэрийнхээ хохирлыг барагдуулан эмчилгээнд нь анхаарал тавьж байгаа. Миний өмнө ямар нэгэн зөрчилд холбогдож байгаагүй нөхцөлийг харгалзан надад оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг маань хөнгөрүүлж торгох ялаар сольж өгнө үү. Учир нь, ажил хийхгүй, ажлаас зугтааж байгаадаа биш юм. Би зуны улиралд хөдөө голдуу барилгын туслан гүйцэтгэгчээр ажил хийж амьдралаа залгуулдаг юм. Тиймээс надад нэг удаа боломж олгож торгох шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх гэмт хэрэг гарсан үеэс эхлэн өөрийн үйлдэл гэм буруугийн талаар маргаагүй. Ажил төрлийн онцлогоос хамаарч хардалт бий болсон нь уг гэмт хэргийг гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Анхан шатны шүүх хуралдаан болох үед тухайн гэр бүлийн маргаан эцэслэгдээгүй байснаас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний ойлгосноор хохирогч өөрөө шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдлоо гаргасан гэж ойлгосон. Энэ талаар анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас асуусан. Иймд хохирогчийн өөрийнх нь байр суурь гэж ойлгосон. Миний үйлчлүүлэгчийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тухайн оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан. Учир нь, миний үйлчлүүлэгч хөдөө орон нутагт барилгын туслахын ажил эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар явж уг ажлаа хийж амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн. Одоо ч гэсэн Сайншандад тухайн ажлаа хийдэг. Анхан шатны шүүхээс оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тооцож үзэхээр зуны 3 сарын хугацаа бөгөөд энэ үе нь миний үйлчлүүлэгч эд ажил, орлоготой үе нь таарч байгаа учир уг ялын сольж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харахаар аль аль талын эгч нар нь тухайн гэр бүлийн асуудалд оролцсон нь харагддаг. Гэр бүлийн маргаан эхийгээ өмөөрсөн байр сууринаас эхэлсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд миний бие оролцоогүй ч гэсэн тухайн үед талууд эвлэрээгүй байсан учир хөнгөрүүлэх талын нөхцөл хангагдаагүй гэж хардаг. Торгуулийн ял оногдуулахад миний үйлчлүүлэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн учир тухайн ял нь цээрлэл болно. Шүүхийн шийдвэр гэхээсээ анх удаагаа гэр бүл зохиож, анхны хүүхэд гарч байгаа хүний хувьд гэр бүл нь салах юм бол оногдуулсан ялаас илүү шийтгэл болно. Миний үйлчлүүлэгч нь хохирогчид мөнгөн төлбөр төлөөгүй боловч эмчилгээ хийлгэхэд нь хамт явдаг. Одоо эрхэлж байгаа ажлынх нь цалин буухаар хохирогчид хохирол төлөхөө илэрхийлдэг. Иймд түүнд оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ялаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь “миний ээжийг зодсон учраас би ийм үйлдэл хийсэн” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулаагүй байсан учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг прокурорын зүгээс гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.Г нь - тоотод 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Мгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар зулгаралт, уруулын салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Мгийн “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр миний фейсбүүк чат руу О.Г нь өөрийн гэртээ хамт байсан нүцгэн хүүхний зургийг явуулаад “чамайг надаас нэг мөсөн явахад чинь тус болж байна, би одоо энэ хүүхэнтэй байна” гэж явуулсан байсан. Ингээд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өглөө О.Г над руу залгаад “хүүхдээ санаад байна, хүүхдээ аваад хүрээд ирээч” гэж гуйхаар нь би 12-13 цагийн үед хүүхдээ тэврээд Чингэлтэй дүүрэгт байрлах гэрт нь очоод О.Гийн эгч О.Д болон ээж Н нарт “танай хүү О.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ өөр хүүхэнтэй нүцгэн хэвтэж байсан, над руу нүцгэн хүүхнийхээ зургийг явуулсан” талаар хэлтэл эгч, ээж хоёр нь О.Гийг өмөөрч “чи ч бас адилхан явдалтай юм байж энэ талаар бидэнд хэлээд яадаг юм” гэж хэлэхээр нь би “та юу яриад байгаа юм бэ, би та нарт хэлэхгүй өөр хэнд хэлэх” юм гэж хэлтэл О.Г нь гэртээ байсан нэрмэл архиа уучхаад намайг “тэнэг гичий минь, миний эгчийн урдаас уурладаг хэн юм” гэж хэл амаар доромжлоод байхаар нь би хүүхдээ тэврээд гэрээс нь гараад явсан чинь миний ардаас элдэв мессеж бичээд доромжлоод байхаар нь би утас руу нь залгаад “чи одоо болиоч, ямар ядаргаатай юм бэ” гэж хэлтэл миний ээжийг хэл амаар доромжлоод “танай ээж янхан, чи хоноцын шээс” гэх мэтээр доромжлоод “...одоо очиж ална” гэж хэлэхээр нь би утсаа тасалсан чинь орой 20 цаг 40 минутын орчим согтуу машинаа жолоодон хашааны гадна ирээд манай хашааны хаалгыг өшиглөөд байхаар нь ... гартал хашаа давж орж ирсэн. ...О.Г миний дүү Тыг намайг байна гэж андуураад дүүг бариад авахаар нь би “хөөш” гэж хэлтэл над руу хараад миний нүүрэн тус газарт гараараа 2 удаа хүчтэй цохисон чинь хамраас цус гартал манай дүү түүнийг барьж аваад болиулсан. ...Намайг төрсний дараа 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би О.Гийн ээж Нийн хамт хүүхдээ авч очоод байрлаж байтал 2022 оны 8 дугаар сарын 9-ний 23 цагийн үед сэрээд ариун цэврийн өрөө ороод иртэл миний ардаас ирээд “чи шөнө хэнтэйгээ заваарч байгаад ирэв” гэж хэлээд миний үснээс зулгаагаад, толгой руу 2 удаа нударсан. Энэ үед цагдаагийн байгууллагад хандаагүй. ...” /хх 16-20/,

гэрч Л.Эийн “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20 цаг 30 минутын үед манай хашааны хаалгыг хүн өшиглөх чимээ гарахаар нь Г.М, Г.Т нар гэрээс гартал О.Г шаал согтуу машинаа бариад ганцаараа ирсэн. Хашаа давж орж ирэхээр нь Г.Т дөхөөд очтол түүний нүүрэн тус газар цохих гэхээр нь Г.М нь “хүүш яаж байна” гэж хэлтэл О.Г Г.Мгийн нүүрэн тус газар бөгжтэй гараараа нэг удаа цохисон байсан. ...Г.М “ээжээ О.Г согтуу ирсэн, намайг зодчихлоо” гээд цусаа гоожуулаад уйлаад ороод ирэхээр нь би цагдаа дуудсан. ...” /хх 22-23/,

гэрч Г.Тын “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны 20 цаг 40 минутын үед ... гэртээ ээж, эгч, дүү нарын хамт байж байтал хашааны хаалга цохиод байх шиг чимээ гарахаар нь би хаалга тайлах гээд гарсан чинь О.Г согтуу хашаа давж орж ирээд намайг Г.Мтай андуураад над руу дайраад цохих гэхээр нь Г.М ардаас нь бариад авсан чинь эргэж хараад Г.Мгийн нүүрэн тус газар нь атгасан гараараа 2 удаа цохиод хамар, амнаас нь цус гарахаар нь би О.Гийг ардаас нь барьж аваад газар унагаасан. Тэр үед О.Г нь Г.М эгчийн хувцаснаас нь зуурчихаад тавихгүй байсан бөгөөд би О.Гийн дээр нь 1 цаг гаран дарж сууж байх хооронд ээж цагдаа дуудаад цагдаад хүлээлгэж өгсөн. Тэр үед Г.М эгчийн хамраас цус гараад Тгүй байсан. ...” /хх 25-26/,

О.Гийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ... Г.М гэртээ харьчхаад ээжийг минь утасны цаанаас янз бүрээр доромжлоод байхаар нь миний уур хүрээд нэг аяга Монгол архи уучхаад Г.Мгийн амьдарч байсан гэрт нь өөрийн эзэмшлийн ... машинаа бариад түүнийг зодох гэж очсон. Тухайн үед харанхуй болсон учир хашааны хаалга нь цоожтой байхаар нь хаалгыг нь нүдсэн боловч тайлахгүй байхаар нь хашааг нь даваад орж байтал хадам дүү Г.Т, хамтран амьдрагч Г.М нар урдаас гарч ирэхээр нь би Г.Мгийн нүүрэн тус газар нь бөгжтэй атгасан гараараа 2 удаа цохисон. Тэгсэн хадам дүү Г.Т намайг барьж аваад миний дээрээс дарж байгаад цагдаа дуудаад намайг өгсөн. ...” /хх 69-71/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Мгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зулгаралт, уруулын салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 11-12/ гэсэн 14289 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч О.Гийн үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн агуулж буй талаар болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14289 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 11-12/, дүрс, оношилгооны шинжилгээ /хх 54/, Э чих хамар хоолойн эмнэлгийн эмчилгээний баримт /хх 100-101/ зэргийг үндэслэн О.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нь зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлага гарсан нөхцөл байдлыг харгалзан хохирогч Г.Мд учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч О.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Гийг тухайн зүйл, хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч О.Г, хохирогч Г.М нарын “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршгийн хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан өөр төрлийн ял болгон өөрчлөн хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.М, шүүгдэгч О.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.М, шүүгдэгч О.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ