| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/00323/И |
| Дугаар | 137/ШШ2024/00277 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2024/00277
2024 11 27 137/ШШ2024/00277
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би
Нэхэмжлэгч: У хот, Со дүүрэг, ........ дугаар хороо, ............. тоотод оршин суух Б овогт А-ийн Х /РД:, утас:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д аймгийн З сум ... дугаар баг ................. тоотод оршин суух, Ш овогт М-ын З /РД:, утас:/-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үнэ 21,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч А.Х нь 2013 оноос эхлэн "С.Б" худалдааны төвд авто гоёлын барааг худалдан борлуулдаг. Хариуцагч М.З нь 10 жилийн ангийн найз бөгөөд З-Ү-ээс Э-ний хооронд суудлын авто машинаар зорчигч тээвэрлэдэг болохоор ковидын улмаас хил хаагдаад ачаа бараа орж ирэх нь удааширсан учраас чамд Эрээнд таньдаг хүн байна уу, БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох гээд цуглуулж байгаа мөнгөөрөө бараа авч эргэлтэд оруулахад чингэлэг хэрэгтэй байна гэж утсаар ярьсан. Удалгүй М.Золжаргал нь утсаар холбогдоод Эрээний гаальд ажилладаг найз руугаа ярилаа, ачааны чингэлэг олоод өгье гэж байна. Харин ачааны чингэлэг 60,000 юанийн үнэтэй юм байна, мөнгөө шилжүүлбэл 7-14 хоногт бараа чинь Улаанбаатарт хүрнэ гэж хэлсэн. Ингээд хариуцагч М.З-н эзэмшдэг Х банкны ........... тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 27,300,000 /хорин долоон сая гурван зуун мянга/ төгрөгийг ачааны чингэлэг авахаар шилжүүлсэн. М.З нь мөнгө хүлээж авснаас хойш удаа дараа шаардахад 7 хоногийн дараа, 10 хоногийн дараа чингэлэг бүтнэ гээд, сүүлдээ чингэлэг бүтэхгүй байна гээд сураг тасарч байгаад 2024 оны 01 дүгээр сард А.Х-ын Х банкны ........... тоот дансанд Ц гэж нэрээр 6,000,000 төгрөг орж ирсэн. Үүнээс хойш өдий хүртэл хугацаанд ямар ч мөнгө төлөөгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч М.З-аас ачааны чингэлэг авахаар шилжүүлсэн үлдэгдэл төлбөр 21,300,000 /хорин нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М овогтой З нь А.Х-ын нэхэмжлэлийн шаардлага болох 21,300,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч М.З-д холбогдуулан 21,300,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.З нь 21,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.З-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үнэ 21,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.З нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 132,225 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 132,225 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ