| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00532/и |
| Дугаар | 152/ШШ2024/00565 |
| Огноо | 2024-12-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... аймгийн ... сумын .. дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ...., З ургийн овогт М-гийн Бийн,
Хариуцагч: Увс аймгийн .. сумын ... дүгээр багт байрлах, ... аймгийн ... сумын Е холбогдох,
Сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч .... аймгийн .... сумын Е-д холбогдуулан сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие хөдөө мал маллаж байгаад … аймгийн ... сумын Е-д сав угаагчийн орон тоо гарсан тул тус сургуулийн захиралд өргөдөл өгч 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар сав угаагчийн ажилд томилогдсон. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлын орон тооны илүүдэлтэй байна, чи ажлаас гар гээд хэрвээ чи ажил хийгээд яваад байвал чиний цалинг бид 2 хувааж төлнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А/33 дугаар тушаалаар ажлаас намайг чөлөөлснөөс 7 хоногийн дараа өөр хүн аваад миний хийж байсан сав угаагчийн ажилд томилсон ба намайг ажлаас гарсан хугацаанаас хойш Д, Н, Ж гэх хүмүүс сав угаагчаар ажилласан, одоо Пагмаа гэх хүн ажиллаж байна. Ажлаас чөлөөлөгдөөд Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд хандахад Өлгий сумын Засаг даргын тамгын газарт ханд гэсэн зөвлөгөө өгсөн. 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Өлгий сумын Засаг даргын тамгын газарт хандахад манай суманд маргаан таслах, зохицуулах 3 талт хороо одоогоор байгуулагдаагүй байна гэх хариу бичгээр өгсөн. Ямар нэгэн ажлын зөрчил гаргаж сануулга аваагүй байхад намайг орон тооны илүүдэлтэй гэж илт худал хэлж ажлаас чөлөөлчихөөд өөр хүн авч ажиллуулж байгаад гомдолтой байна. Иймд намайг сав угаагчийн ажилд эгүүлэн тогоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болно. Энэ хугацаанд иргэн М.Бийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн сав угаагчийн орон тоонд түр авсан байсныг Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Иймээс иргэн М.Бийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй гэж үзэж байгаа. Ямар учраас ажлаас чөлөөлснөө нотлох тайлбаруудыг хүргүүлж байна. Үүнд: 1. 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар бүтэц орон тоо батлахад 63 орон тоо батлагдсан. Орон тоо хэтрүүлэн ажилд авсан байсан. 2. Гал тогооны ажилчдын орон тоо илүүдэлтэй байсан. Манай байгууллагад М.Б 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 тоот тушаалаар түр ажилд орсон. 4. Манай байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, дутуу төлөлттэй, батлагдсан орон тооны норм хэтэрсэн. 5. 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаал нь 1 тамгатай, 1 нь тамга тэмдэггүй. 2024 оны 1 дүгээр сард 63, 2 дугаар сард 64, 3 дугаар сард 64, 4 дүгээр сард 68, 5 дугаар сард 65, 6 дугаар сард 65, 8 дугаар сард 65, 9 дүгээр сард 66, 10 дугаар сард 63 ажилтанд цалин мөнгө бодогдсон. Орос хэлний багш, хоол зүйч нар өөрийн хүсэлтээр амьдралын шаардлагаар шилжсэн учир 2 орон тоо хавсруулсан байгаа. Иймд байгууллага бүтэц орон тоо баталсан А/01 тушаалд заасан бүтэц орон тоонд тохируулан ажиллаагүйгээс болж цалингийн сан хүрэхгүй дутаж, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байгааг үндэслэн түр ажилтныг чөлөөлсөн болно. Төсвийн захирагчийн хувьд төсвийн хуульд тохируулан шийдвэр гаргасан болно. Мөн шинэчилсэн журам батлагдаж гараагүй байгаа учир сургуулийн жишиг норматив шинэчлэгдэж батлагдаад норм норматив тухайн ажилтны ажиллах боломж гаргавал эргэж дуудаж ажиллуулан гэдгийг өөрт нь хэлсэн болно. Мөн намайг гарсны дараа 7 хоногийн дараа 1 хүн авсан гэдэг нь орон тооны жишиг баталсан Б/22 дугаар тушаалд 3 тогооч гэсэн атал 4 тогооч ажиллаж байсан тул туслах тогооч Дг М.Бийн оронд сав угаагчийн ажилд ажиллуулж байсан. Д нь эрүүл мэндийн шаардлагаар ажлаас гарах өргөдөл өгөхөд Ерөнхий боловсролын сургуульд ажилд орох өргөдөл өгсөн 2 хүнээс нэгийг нь шалгаруулж ажиллуулсан болно. Дгийн дараа Н, Ж гэх хүмүүс сав угаагчаар ажиллаж байсан, одоо Пагмаа гэх хүн ажиллаж байгаа нь үнэн болно. М.Б нь хүлээж бай гэхэд хүлээж чадахгүй, удаа дараа ирэхдээ уурлан ажил хүссэн өргөдөл өгөөгүй мөртлөө “би ажилд орохгүй хүлээгээд гэртээ сугаад байх уу” гэж уурлаад хаалга шидэж гарч явсан болно. Иймд М.Бийг ажилд авах боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, ... аймгийн ... сумын Е захирлын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар “М.Бийг түр ажилд авах тухай” тушаал, 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/33 дугаар “М.Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн ... сумын Засаг даргын 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 118 дугаар тушаал, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц, орон тоо, цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралт, Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй даатгуулагчдын 2024 оны 1-9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/38 дугаар “Б.Бийг хавсран ажиллуулах тухай” тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Бийн хариуцагч Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд сав угаагчийн орон тоо гарсан тул тус сургуулийн захиралд өргөдөл өгч, 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар сав угаагчийн ажилд томилогдсон.
2.2. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлын орон тооны илүүдэлтэй байна, чи ажлаас гар гээд хэрвээ чи ажил хийгээд яваад байвал чиний цалинг бид 2 хувааж төлнө гэж хэлээд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас намайг чөлөөлснөөс 7 хоногийн дараа өөр хүн аваад сав угаагчийн ажилд томилсон ба намайг ажлаас гарсан хугацаанаас хойш Д, Н, Ж гэх хүмүүс сав угаагчаар ажилласан, одоо Пагмаа гэх хүн ажиллаж байна.
2.3. 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Өлгий сумын Засаг даргын тамгын газарт хандахад манай суманд маргаан таслах, зохицуулах 3 талт хороо одоогоор байгуулагдаагүй байна гэх хариу бичгээр өгсөн.
2.4. Ямар нэгэн ажлын зөрчил гаргаж сануулга аваагүй байхад намайг орон тооны илүүдэлтэй гэж илт худал хэлж ажлаас чөлөөлчихөөд өөр хүн авч ажиллуулж байгаад гомдолтой байна. Иймд намайг сав угаагчийн ажилд эгүүлэн тогоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. М.Бийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сургуулийн сав угаагчийн орон тоонд түр авсан байсныг Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.
3.2. М.Бийг орон тоо хэтрүүлэн ажилд авсан байсан ба сав угаагчийн ажилд түр орсон, гал тогооны ажилчдын орон тоо илүүдэлтэй байгаа. Мөн манай байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, дутуу төлөлттэй.
3.3. М.Б намайг гарсны дараа 7 хоногийн дараа 1 хүн авсан гэдэг нь орон тооны жишиг баталсан Б/22 дугаар тушаалд 3 тогооч гэсэн атал 4 тогооч ажиллаж байсан тул туслах тогооч Дг М.Бийн оронд сав угаагчийн ажилд ажиллуулж байсан. Д нь эрүүл мэндийн шаардлагаар ажлаас гарах өргөдөл өгөхөд Ерөнхий боловсролын сургуульд ажилд орох өргөдөл өгсөн 2 хүнээс нэгийг нь шалгаруулж ажиллуулсан болно. Дгийн дараа Н, Ж гэх хүмүүс сав угаагчаар ажиллаж байсан, одоо Пагмаа гэх хүн ажиллаж байгаа нь үнэн болно.
3.4. Иймд М.Бийг ажилд авах боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч М.Б нь ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Увс аймгийн Өлгий сумын Засаг даргад хандсан боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэх хариуг өгсөн тул нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргасан байна. Хариуцагч нь тухайн үйл баримтын талаар маргаагүй болно.
5. ... аймгийн ... сумын Е-ийн захирлын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/33 дугаар “М.Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтыг тус тус М.Бийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс сав угаагчийн ажлаас чөлөөлсөн байна.
2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталсан Боловсролын тухай хууль нь 2023 онд хүчингүй болж, 2023 оноос шинэчлэн найруулагдсан Боловсролын ерөнхий хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Хариуцагч тушаалаа хүчингүй болсон Боловсролын тухай хуулийг баримталж гаргасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж заажээ.
Хариуцагч нь М.Бийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ямар үндэслэлээр цуцалж байгаа талаараа тушаалдаа тодорхой заагаагүй, шүүхэд гаргасан тайлбартаа “М.Бийг бүтэц орон тоо хэтрүүлэн ажилд авсан, М.Б түр тушаалтай байсан, гал тогооны ажилтнуудын орон тоо илүүдэлтэй байгаа, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй, дутуу төлөлттэй” гэж тайлбарлаж байна.
Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 дүгээр “Бүтэц, орон тоо, цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тушаалаар тус сургуулийн 2024 оны бүтэц, орон тоог 1 дүгээр хавсралтаар баталсан байх ба тус хавсралтын Захиргаа аж ахуй хэсэгт – сав угаагчийн орон тоог 1 орон тоотой байхаар баталжээ. Иймд хариуцагчийн “М.Бийг бүтэц, орон тоо хэтрүүлэн ажилд авсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Мөн Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаар “М.Бийг түр ажилд авах тухай” тушаалаар М.Бийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс сав угаагчийн ажилд түр томилсон байна. М.Бийг улирлын шинжтэй болон ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллуулсан, мөн түр ажлын байранд ажиллуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “М.Б сав угаагчийн ажилд түр авсан” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
6. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
Ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлах ёстой ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
80.1.1. аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн;
80.1.2. ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино;
80.1. 3.ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй, энэ хуулийн 144.1-д заасан арга хэмжээг ажил олгогч авсан боловч ажилтан хөдөлмөр эрхлэх боломжгүй бол;
80.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
80.1.5. ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
80.1.6. ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор хуульчилжээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч М.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлийн аль үндэслээр ажлаас чөлөөлсөн болох нь тодорхойгүй, сав угаагчийн ажлын байр хасагдсан, цөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
7. Ийнхүү хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Бийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч З ургийн овогт М-гийн Бийг Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
8. Нэхэмжлэгч М.Бийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч З ургийн овогт М-гийн Бийг .... аймгийн ... сумын Е- ийн сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Бийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулиас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ