| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00654/и |
| Дугаар | 152/ШШ2024/00566 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... аймгийн .... сумын ... дугаар багт оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Э-ийн М-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие 1967 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Би аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1985 оны 1 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд цэвэрлэгч, санитарч, малчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болоход бичиг баримт дутуу, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дүгээр зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 361 дүгээр цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, гэрч Н.Б, Р.Р нарын иргэний үнэмлэхийн болон ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Н.Б, Р.Р нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Э.Мийн ХААТР-1 баримт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Мийн 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Э.Мийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 141 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Э.М нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1983-1992 онд ажиллаж байх үеийн ажилд орсон, гарсан тушаал гараагүй тул уг хугацааны жилийг ажилласан жил дээр нэмж тооцох боломжгүй байна. Иймд шүүхэд хандах шаардлагатай гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 361 дүгээр тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт Э.Мийн 1987 оны 4 дүгээр сараас 1991 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
3.3. Э.Мийн ХААТР-1 маягтад: “Овог, нэр – Эийн М, ажилладаг байгууллага – Лениний зам нэгдэл, ажилд орсон он – 1987, эрхэлдэг ажил – хоньчин, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.21” гэж бүртгэсэн байна.
3.4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Б, Р.Р нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Б “Миний бие 1982 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба 1984-1987 онд цэргийн алба хаасан. Э.М нь 1987 оноос 1991 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Ленинийн зам нэгдэлд хоньчноор ажилллаж байсан. Намайг 1987 онд цэргээс халагдаж ирээд Лениний зам нэгдэлд малчнаар ажилд ороход Э.М хоньчноор ажиллаж байсан. Тухайн үед Э.Мийнх манайхтай айл сааталт байсан учраас би сайн мэднэ. Э.М нь насаараа мал маллаж амьдарч байгаа хүн юм” гэж, гэрч Р.Р “Миний бие 1981 оноос 1992 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Э.М нь 1987 оноос 1991 оныг дуустал тус нэгдэлд хоньчноор ажилллаж байсан. Э.М нь багаасаа аав, ээжийн хамт маллаж байсан бөгөөд насаараа мал маллаж амьдарч байгаа хүн юм” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 361 дүгээр тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Э.Мийн ХААТР-1 маягт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.
4. Нэхэмжлэгч Э.М нь 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 361 дүгээр тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, ХААТР-1 маягт хаягийн хуудас, гэрч гэрч Н.Б, Р.Р нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Эийн Мийн 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б ургийн овогт Эийн Мийн 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Э.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ