| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00648/и |
| Дугаар | 152/ШШ2024/00568 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... багт оршин суух, регистрийн дугаар ..., Ц ургийн овогт Жын Сгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Миний бие 1969 онд төрсөн. Би 1987 оны 6 сард Баруунтуруун сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар орж ажилласан бөгөөд тус эмнэлэгт 1996 оныг дуустал ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болсон боловч хөдөлмөрийн дэвтэр маань усанд орсон, зарим бичилт нь арилсан. Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүйгээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй хохирч байна. Увс аймгийн Архивын тасгаас баримт шүүлгэхэд ээлжийн амралт олгосон тушаалуудаас өөр баримт олдохгүй байна. Би 1990 оноос 1993 оныг дуустал нөхөн даатгалаар ажилласан жилээ баталгаажуулж авсан. Иймд миний Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал, мөн 1994 онд асрагчаар ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хуудас, 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 134 дүгээр тодорхойлолт, Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар “Эмч, ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр “Ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар “Эмч, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1994 онд авахуулж байсан гэх фото зураг, гэрч Г.Б, Ц.Г нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Г.Б, Ц.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Ж.Сгийн гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Сгийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал, 1994 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Сгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зөвлөмжийн хуудсанд: Хөдөлмөрийн дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул 1987 оны 9 дүгээр сараас 1989 он, 1994 онд ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тодорхойлолтод: Ж овогтой С 1990 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сар, 1998 оны 5 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн даатгалаар 6 жил 8 сар баталгаажсан нь үнэн болно гэжээ.
3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 134 дүгээр тодорхойлолтод: Увс аймгийн Баруунтуруун сумын Хүн эмнэлгийн 1987-1989 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Жын Стай холбогдох баримтыг шүүн үзэх боломжгүй ба архивд байгаа 1987-1989 оны тушаалын баримтаас холбогдох баримт гараагүй болно гэжээ.
3.3. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгээс 1988 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Сд олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийг тус эмнэлэгт асрагчаар ажилд авсан оныг 1987 он гэж тэмдэглэсэн байх боловч сар, өдрийг зассан, ажлаас чөлөөлсөн хэсгийн бичилт арилсан байна. Ж.Сг ажилд томилсон хэсгийн сар, өдөр засвартай байгаа хэдий ч он засваргүй, тухайн бичилтэд тамга дарж баталгаажуулсан байх тул нэхэмжлэгчийг 1987 оноос эхлэн тус эмнэлэгт ажиллаж эхэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
3.4. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1990 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1992 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 37 дугаар “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар “Эмч, ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1995 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр “Ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1996 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар “Эмч, ажилчдын ээлжийн амралт олгох тухай” тушаалаар асрагч Ж.Сд ээлжийн амралт олгосон байх ба эдгээр тушаалуудаас Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалыг нэхэмжлэгчийн 1987-1989 он, 1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
3.5. Ж.С нь 1994 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн ажилтнуудтай авахуулж байсан гэх фото зургийг зургийг хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул фото зургийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.
3.6. Ж.Сгийн гэрлэснийг бүртгэх анкет 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бүртгэхэд “Ажилладаг байгууллага – Сум дундын эмнэлэг, эрхэлдэг ажил – асрагч” гэж бүртгэгдсэн байна. Тухайн анкетад Ж.Сгийн 1996 онд ажиллаж байх үеийн мэдээлэл тусгагдсан байх тул баримтыг нэхэмжлэгчийн 1987-1989 он, 1994 онд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт хамааралгүй гэж үээв.
3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Б, Ц.Г нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Б “Миний бие 1984 оноос 2012 он хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Ариун цэвэр, халдвар судлалын станцад үйлчлэгчээр, Сум дундын эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан. Ж.С 1987 оноос 1996 он хүртэл тус эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан ба 1996 онд ажлаасаа гарсан. Тухайн үед тус эмнэлэгт асрагчаар Иван, Алтанцэцэг, Гүнсмаа, Дуламсүрэн, Хандсүрэн, Ж.С нар ажиллаж байсан ба нийт 8 хүн асрагчаар ажилладаг байсан” гэж, гэрч Ц.Г “Миний бие 1988 оноос 2024 он хүртэл Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэг болон Эрүүл мэндийн төв сувилагчаар ажиллаж байсан. Ж.С 1987 оноос 1996 он хүртэл тус эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. Тухайн үед тус эмнэлэгт нийт 8 хүн асрагчаар ажилладаг байсан. Ж.С бид хоёр нэг ээлжинд гардаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Ж.Сгийн хөдөлмөрийн дэвтрийн ажилд томилсон хэсгийн бичилт, Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч Ж.С 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал, 1994 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан болох нь Ж.Сгийн хөдөлмөрийн дэвтрийн 1987 онд ажилд томилсон хэсгийн бичилт, Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, гэрч Г.Б, Ц.Г нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц ургийн овогт Жын Сгийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал, 1994 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц ургийн овогт Жын Сгийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оныг дуустал, 1994 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ж.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ