Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2024/00591

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн .... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., У ургийн овогт Дийн Бын,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн. Би цэргээс халагдаж ирээд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд анх жолоочоор 1 жил гаруй ажиллаж байгаад дараа нь усжуулагч, бороожуулагч, туслах ажилчнаар ажиллаж байсан ба 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ажилласан. Шүдэн уулын давсны уурхай 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тарсан. Шүдэн уулын давсны уурхай нь Тэс сумын Тэжээлийн аж ахуйд харьяалагдан үйл ажиллагаа явуулж байсан учраас ХААТР-1 маягтад намайг Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилладаг гэж бичсэн байх. Одоо тэтгэвэр гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд жолооч, усжуулагч, бороожуулагч, туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.                                                                                                                                   

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дүгээр зөвлөмжийн хуудас, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3163 дугаар шимтгэл төлөлийн лавлагаа, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 362 дугаар тодорхойлолт, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18324 дүгээр лавлагаа, гэрч Б.И, Д.О нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Б.И, Д.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, Д.Бын ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Бын 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд жолооч, усжуулагч, бороожуулагч, туслах ажилчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч Д.Бын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дүгээр зөвлөмжийн хуудсанд: Ажилд орсон тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалын бичилт зөрчилтэй архивд байхгүй ба 1986-1994 оны ажиллаж байсан хугацааг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэжээ.

3.2. Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3163 дугаар шимтгэл төлөлийн лавлагаанд: Шүдэн уулын давсны уурхай 1991-1994 онд Увс аймгийн Давст суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно гэжээ.

3.3. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 362 дугаар тодорхойлолтод: Увс аймгийн Давст сумын Давсны уурхайн баримт тус архивд шилжиж ирээгүй тул Дийн Бд холбогдох баримтыг гаргах боломжгүй болно гэжээ. 

3.4. Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайгаас 1986 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.Бд олгосон 443393 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Шүдэн уулын давсны уурхайд жолоочоор авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Шүдэн уулын давсны уурхай тарсан тул жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэх бичилтүүд хийгдсэн байх боловч Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дүгээр зөвлөмжийн хуудсанд “...хөдөлмөрийн дэвтэр дээрх тушаалын бичилт зөрчилтэй, архивд баримтууд байхгүй” гэсэн байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.

3.5. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18324 дүгээр лавлагаанд: Дийн Б нь БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Увс аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 131 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 619754 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

3.6. Д.Бын ХААТР-1 маягтад “Овог, нэр – Дийн Б, байнга оршин суух хаяг – Давсны уурхай, ажилладаг байгууллага – Тэсийн тэжээлийн аж ахуй, ажилд орсон он – 1987, эрхэлдэг ажил – туслах ажилчин, байгууллагын оршдог, сум хэсэгт – Давст сум, маягтыг бүртгэсэн он, сар, өдөр – 1988.06.19” гэж бүртгэсэн байна.

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.И, Д.О нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.И “Миний бие 1974 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд экскаваторчноор ажиллаж байсан. Д.Б 1983-1986 онд цэргийн алба хаасан ба 1986 оноос 1994 оныг дуустал Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд туслах ажилтнаар ажилллаж байсан. Шүдэн уулын давсны уурхай нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд харьяалагдан ажиллаж байсан. Д.Б нь Шүдэн уулын давсны уурхайд жолооч, өрмийн туслах, давс нунтаглагч зэрэг янз бүрийн ажил хийж байсан” гэж, гэрч Д.О “Миний бие 1974 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд экскаваторчноор ажиллаж байсан. Д.Б 1983-1986 онд цэргийн алба хаасан ба 1986 оноос 1994 оныг дуустал Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд туслах ажилтнаар ажилллаж байсан. Шүдэн уулын давсны уурхай нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд харьяалагдан ажиллаж байсан. Д.Б нь Шүдэн уулын давсны уурхайд жолооч, өрмийн туслах, давс нунтаглагч зэрэг янз бүрийн ажил хийж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Д.Бын ХААТР-1 маягтаар тогтоогдож байх тул хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

4. Увс аймгийн Давст сумын Давсны уурхайн баримт тус архивд шилжиж ирээгүй тул болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 362 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Дийн Бын ажиллаж байсан байдалтай холбоотой баримтыг гаргуулахад ХААТР-1 маягтыг ирүүлсэн ба тус баримтад “Овог, нэр – Дийн Б, байнга оршин суух хаяг – Давсны уурхай, ажилладаг байгууллага – Тэсийн тэжээлийн аж ахуй, ажилд орсон он – 1987, эрхэлдэг ажил – туслах ажилчин, байгууллагын оршдог, сум хэсэгт – Давст сум” гэж бүртгэгдсэн байна. Улмаар Увс аймгийн Архивын тасгаас Д.Бын Тэсийн тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан байдалтай холбоотой тушаал, цалингийн баримтыг шүүлгэхэд “Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1987, 1989, 1990, 1992-1994 оны тушаал, 1989, 1991, 1993, 1994 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй ба шилжин ирсэн ТАА-н даргын 1985, 1986, 1988, 1991 оны тушаал, 1986-1988, 1990, 1992 оны цалинг шүүн үзэхэд Д.Бтай холбогдох баримт гараагүй болно” гэх хариуг ирүүлжээ. Нэхэмжлэгчийн ХААТР-1 маягтад “ажилладаг байгууллага – Тэсийн тэжээлийн аж ахуй” гэж бүртгэгдсэн байх боловч “байнга оршин суух хаяг – Давсны уурхай, байгууллагын оршдог, сум хэсэгт – Давст сум” гэж тэмдэглэгдсэн байгаагаас гадна нэхэмжлэгч Д.Б “Шүдэн уулын давсны уурхай нь Тэс сумын Тэжээлийн аж ахуйд харьяалагдан үйл ажиллагаа явуулж байсан учраас ХААТР-1 маягтад намайг Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилладаг гэж бичсэн байх” гэж, гэрч Б.И, Д.О нар “Шүдэн уулын давсны уурхай нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд харьяалагдан ажиллаж байсан” тус тус мэдүүлсэн тул Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхай нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд харьяалагдан ажиллаж байсан гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Быг Шүдэн уулын давсны уурхайд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь “1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд жолооч, усжуулагч, бороожуулагч, туслах ажилчнаар ажиллаж байсан” гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд 1987 оноос ажиллаж эхэлсэн болох нь “ажилд орсон он – 1987, эрхэлдэг ажил – туслах ажилчин” гэж тэмдэглэсэн ХААТР-1 маягтаар тогтоогдож байх тул түүнийг 1987 оноос туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн гэх үзлээ. Нэхэмжлэгч нь “Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд жолооч, усжуулагч, бороожуулагчаар ажиллаж байсан” гэх боловч түүнийг эдгээр ажлуудыг хийж байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байх тул туслах ажилчнаар ажиллаж байсан гэж үзсэн болно.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Б нь 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3163 дугаар шимтгэл төлөлийн лавлагаа, ХААТР-1 маягт, гэрч Б.И, Д.О нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

5. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч У ургийн овогт Дийн Бын 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч У ургийн овогт Дийн Бын 1987 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Увс аймгийн Давст сумын Шүдэн уулын давсны уурхайд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1986 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ