Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 152/ШШ2024/00583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн .... сумын ... дугаар баг, ... айлын ... тоотод оршин суух, регистрийн дугаар ..., М ургийн овогт Мын Дгийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Д шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Миний бие 1964 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 60 настай. Би 1972 онд Увс аймгийн Тэс сумын багa сургуульд элсэн суралцаад 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Лениний зам нэгдэлд малчнаар ажиллах болсон. Тус нэгдэлд мал маллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1982-1985 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Бөөний бараа баазын даргын 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 47 тоот тушаалаар 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажилалж байгаад ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон бөгөөд тэтгэвэрт гарах бичиг баримтуудаа бүрдүүлэхээр Увс аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан хугацааны цалингийн тодорхойлолт, ажилд орсон, гарсан тушаалууд зэрэг баримтуудаа шүүлгэсэн боловч дээрх баримтууд архивд шилжиж ирээгүй гэх шалтгаанаар гарч ирээгүй болно. Иймд намайг 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.                                                                                                                                    

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар зөвлөмжийн хуудас, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 394 дүгээр тодорхойлолт, 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 684 дүгээр цалин тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/808 дугаар лавлагаа, гэрч Ж.Н, Ч.С, О.Ц нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Шүүхээс Ж.Н, Ч.С, О.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан, М.Дгийн ХААТР-1 маягт, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Дгийн 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Дгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаар зөвлөмжийн хуудсанд: М.Д 1980-1982 онд Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан тушаал архиваас гараагүй тул уг хугацааны жилийг тэтгэвэр тогтоолтод оруулан тооцох боломжгүй байна гэжээ.

3.2. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 394 дүгээр тодорхойлолод: Увс аймгийн Бөөний бараа баазын тушаал, 1985 оны цалингийн баримт тус архивд шилжиж ирээгүй ба архивд ирүүлсэн Тэс сумын Лениний зам нэгдлийн 1980-1982 оны тушаал, 4 дүгээр бригадын 1980-1982 оны цалин, Бөөний бараа баазын 1986-1989 оны цалингийн баримтыг шүүн үзэхэд Мын Дд холбогдох 1988 оны 01-02 сарын цалин гарсан болно. Тэс сумын Лениний зам нэгдлийн 1980-1982 оны цалин, Бөөний бараа баазын 1986-1987, 1989 оны цалингийн баримтаас холбогдох баримт гараагүй гэжээ.

3.3.  Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 684 дүгээр цалин тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт М.Дгийн 1988 оны 1-2 дугаар сард Увс аймгийн Бөөний бараа баазад ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байх тул цалингийн тодорхойлолтыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ. 

3.4. Увс аймгийн Бөөний бараа баазаас М.Дд олгосон 345603 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: ...1985 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар авч ажиллуулав, 1989 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул ачигчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн бичилтүүд хийгджээ. Хөдөлмөрийн дэвтрийн эдгээр бичилтүүд өөр өөр цаг хугацаанд хийгдсэн атал бичвэр ижил, нэг цаг хугацаанд бичигдсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн хөдөлмөрийн дэвтрийн олгосон сар, өдөр засвартай байх тул хөдөлмөрийн дэвтрийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

3.5. М.Дгийн ХААТР-1 маягтыг 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэхэд “ажилгүй, бусад эх үүсвэр” гэж бүртгэгдсэн байна. Мөн түүний гэрлэснийг бүртгэх анкетыг 1989 оны 8 дугаар сарын 09-ний өдөр бүртгэхэд “Ажилладаг байгууллага, эрхэлдэг ажил хэсэгт – Тээврийг удирдах газарт жолооч” гэж бүртгэгджээ.

3.6. Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/808 дугаар лавлагаанд: Мын Д нь БХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Увс аймгаас 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /138/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 505646 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэжээ.

3.7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Н, Ч.С, О.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Н “Миний бие 1968 оноос 1976 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хоньчноор, 1976 оноос 1986 он хүртэл Тэс сумын сургуульд нярав, 1986 оноос 1994 он хүртэл Лениний зам нэгдэлд бригадын даргааар ажиллаж байсан. М.Д 1980 оноос 1982 он хүртэл Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд ямар ажил эрхэлж байсныг мэдэхгүй байна” гэж, гэрч Ч.С “Миний бие 1975 оноос 1990 он хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. М.Д 1980 оноос 1982 он хүртэл Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан” гэж, гэрч О.Ц “Миний бие 1985 оноос 1990 оны 8 дугаар сар хүртэл Увс аймгийн Бөөний бараа бааз, Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барааны нэгдсэн агуулахад грушик, ачигчаар ажиллаж байгаад хөлөө хугалсны улмаас ажпаас гарсан. М.Д 1985 оны 8 дугаар сараас 1989 оны хүртэл Увс аймгийн Бөөний бараа бааз болон Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын барааны нэгдсэн агуулахад грушик, ачигчаар ажиллаж байгаад өөр байгууллага руу шилжсэн” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгт ач холбогдолгүй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч М.Д цэрэгт явахаас өмнө 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх хугацааны ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

5. Харин нэхэмжлэгч М.Д 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 684 дүгээр цалин тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Батлан хамгаалахын яамны Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 06/808 дугаар лавлагаа, гэрлэснийг бүртгэх анкет зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М ургийн овогт Мын Дгийн 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М ургийн овогт Мын Дгийн 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарыг дуустал Увс аймгийн Бөөний бараа баазад ачигчаар, 1988 оны 10 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1980 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч М.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ