| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2018/0004/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 14
2018 оны 01 сарын 15 өдөр 2018/ШЦТ/14 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2018/0004/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул,
Улсын яллагч Д.Отгонтуяа,
Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Уянга,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүрэн овогт Долгордоржийн Сэд холбогдох 1739000200051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1968 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар баг “Талын хөндлөн” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Гүрэн овогт Долгордоржийн С /РД:СД68010711/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.С нь 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд Мон-Ит булигар ХХК-ний малыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт итгэмжлэн хариуцан маллаж байхдаа 151 хонийг хувьдаа завшиж 12.835.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Батбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Сэд нийт 387 хонь, 8 үхэр хүлээлгэн өгсөн. 2016 оны манай малын төл нэмэгдсэн. Үүнд –Үхэр 8+3= 11 үхэр, Хонь 387+76 хурга= 463 хонь Нядалгаанд авсан мал Үүнд: хонь 463-217 =246, Үхэр 11-2= 9 үхэр үлдсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны үед ...би Г.Мөнхболдын хамт Д.Сийнд очиж хүлээж авсан.Үүнд:Хонь 246-125 авсан =111 хонь үлдсэн+27 хонь= 138 хонь үлдсэн.Үхэр 9-9 авсан = 0 үхэр Д.Сээс 135 хонь, 9 үхэр аваад Баян-Овоо сум руу Н.Доржбадамд хүлээлгэн өгөхөд Д.С очиж 27 хонь буцааж авсан . Д.С нь 138 хониноос 80 хонийг нь малын гоц халдварт цэцэг өвчнөөр үхсэн гэх бичиг авчирч өгөхөөр нь Баян-Овоо сумын ЗДТГ-ийн албан тоотоор Д.Сийнд цэцэг өвчин гараагүй гэж ирсэн.2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн Д.Сэд бод, бог малын гэрээ байгуулсан. Д.С нь нийт 151 хонь завшиж хувьдаа хэрэглсэн ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 64-65 хуудас/
Гэрч Д.Жавзмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сард тус компани манайхаас малаа авахаас нь өмнө буюу малаа эргүүлж авна гэдгийг сонсож мэдээд 2016 оны 10 дугаар сард шиг санаж байна 2 дугаар багийн малын эмч М.Орхонтуул эгчээс нөгөө дутаасан 109 хониндоо цэцэг өвчин туссаны улмаас устгалд оруулсан гэсэн акт гаргуулж авах гэж гуйгаад түүнийг зөвшөөрөхгүй болохоор нь 40 тооны эм хонь, 40 тооны хурга цэцэг өвчин туссан тул устгасан актыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрүүдээр тус тус гаргуулж авсан.Манай гэрээгээр маллаж байсан хонь цэцэг өвчин тусаж байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 хуудас/
Гэрч М.Орхонтуулийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...компаний 100 гаран тооны хонь дутаад байна. Та эдгээр хонинд цэцэг өвчин туссаны улмаас устгасан гэсэн акт тогтоогоод өгөөч гэхээр нь би “ би тийм их мал устгасан гэж акт тогтоож өгч чадахгүй гэхэд Жавзмаа “Тэгвэл та ядаж 80 хонийг цэцэг өвчин туссаны улмаас устгасан гэсэн акт тогтоогоод өгөөч “ гэхээр нь би танай мал цэцэг өвчин тусаагүй тул устгасан гэсэн акт тогтоож өгч болохгүй гээд мөн л зөвшөөрөөгүй юм. Нөхөр С нь “манай ойролцоо нутагладаг Мөнх-Оргилын мал цэцэг өвчин туссан юм чинь та тэрийг үндэслээд манай хониноос 40 тооны эм хонь, 40 тооны хурга цэцэг өвчин туссан тул устгасан гээд акт тогтоогоод өгчих “ гээд байхаар нь би тэр хоёр акт тогтоож өгсөн юм. Малын гоц халдварт цэцэг өвчин туссаны улмаас зүүн чих шоргоолж имтэй 40 тооны эм хонийг устгасан гэсэн тодорхойлолтыг 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөр 018 дугаартайгаар үйлдэж өгсөн. Мөн 20 тооны эр хурга, 20 тооны эм хургыг цэцэг өвчин туссаны улмаас устгасан акт, тодорхойлолтыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 57 дугаартай гаргаж өгсөн. С, Жавзмаа хоёр надад худал хэлж, акт бичүүлж авсан.Би энэ хоёр хүнд гомдож байна ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27, 70 хуудас/
Гэрч Н.Доржбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын дунд үеэр С танихгүй хүнтэй хамт портер маркийн машинтай ирсэн. Стэй ирсэн хүн нь С манай малыг маллаж байгаад Мон-Ит Булигар ХХК-ид хүлээлгэж өгөхдөө манай хониноос авсан байна гэж хэлсэн.Стэй цуг ирсэн хүн нь хонио имээр нь таниад 27 тооны эм хонь авч явсан. С компаний мал маллаж дутааж айлын хониноос өгсөн байна.С олон хүний мал маллаж байсан юм байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 24-25 хуудас/
Сэжигтэн Д.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2015 оны 10 дугаар сард манай гэр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Далангийн нуга” гэх газар нутаглаж байха үед буюу 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Мон-Ит Булигар” ХХК-ны захирал Мөнхбилэг гэдэг хүнтэй мал маллах гэрээ байгуулж тэр компаний хургатайгаа нийлсэн 300 гаруй тооны хонийг маллаж байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сард нөгөө гэрээгээр маллаж байгаа хонинд 10 тооны хөгшин зааз хонь байсныг би Мөнхбилэгт хэлэхэд Мөнхбилэг та наад 10 тооны хөгшин зааз хонио хувьдаа хэрэглээд дараа нь надад залуу хониор нөхөж өгнө биз дээ гэж хэлсэн учир би тэр 10 тооны хөгшин хонийг хэрэглээд дараа нь 10 тооны залуу хониор нөхөж өгч чадаагүй юм. Мөн 109 тооны хонийг нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын хооронд оюутан хүүхдийнхээ 2 сая төгрөгийн төлбөр, банкны зээлэнд 500.00 төгрөг төлөх, хүнсэндээ хэрэглэсэн, мал худалдаж авч байгаа хүнд хонь зарж борлуулсан зэргээр үрж завшин дутаасан юм. Яг хэдэн сарын хэдний өдрүүдэд хэд хэдээр нь зарж борлуулсныгаа санахгүй байна ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 20-21 хуудас/
Хамтран ажиллах, малжуулах гэрээний хуулбарууд. /ХХ-ийн 14-15 хуудас/
Үхсэн хорогдсон малд олгох тодорхойлолт /ХХ-ийн 16 хуудас/
Мал маллах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /ХХ-ийн 13/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.С нь 2016 оны 01 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Мон-Ит булигар ХХК-ны малыг Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт итгэмжлэн хариуцан маллаж байхдаа 109 хонийг хувьдаа завшиж 9.265.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Сийн мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Батбаатар, гэрч Д.Жавзмаа, М.Орхонтуул, Н.Доржбат, хамтран ажиллах, малжуулах гэрээний хуулбарууд, мал маллах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Сийг Мон-Ит булигар ХХК-ний малыг итгэмжлэн хариуцан маллаж байхдаа 151 хонийг хувьдаа завшиж 12.835.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч үүний 42 хонийг шүүгдэгч завшсан гэх үйлдэл хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, улсын яллагч энэ талаар шүүхэд нотолж чадаагүй тул 42 хонийг завшсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Сийн бусдын малыг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас “Мон-Ит булигаар” ХК-д 9.265.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг үнэлгээ гаргуулахад төлсөн 80.000 төгрөгийн хамт шүүгдэгч Д.Сээс гаргуулан хохирогчид олгох үндэслэлтэй байна. Харин бусад хохиролд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг Хэнтий аймгийн прокурорын газраас бусдын 42 хонийг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүдэгч Гүрэн овогт Долгордоржийн Сийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Сээс 9.345.000 төгрөг гаргуулж хохирогч “Мон-Ит булигаар” ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл 5 ханатай гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Сэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ