Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/455

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Гармаа,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ч.Бд холбогдох эрүүгийн 2210020591339 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Чы Б, 1962 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт - тоотод оршин суух, /РД:-/.

            Ардын армийн Зүүнбаян гарнизоны тусгай шүүхийн 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1961 оны Эрүүгийн хуулийн 200в, 76а-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 121 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 544 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 307 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй 2 жил 6 сарын 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 6 cap 18 хоног ялаар,

Сонгинохайрхан дүүргийн 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 283 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Нийслэлийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 497 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил 11 cap болгон өөрчилсөн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1321 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 405 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 769 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

            Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр - дугаар байрны “Т” нэртэй дэлгүүрээс Б.Бгийн эзэмшлийн “Iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Чы Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бд 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Бд оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бгийн цагдан хоригдсон нийт 19 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийн нөхөн төлбөрт иргэний хариуцагч А.Еаас 1.160.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Эт олгож, хохирогч Б.Б нь хохирол төлөгдсөн гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүн таслах ажиллагааны видео бичлэгийг хянуулах хүсэлтэй байна. Учир нь, уг шүүх хуралдаан эхэлсэн цагаасаа эхлэн, өмгөөлөгчийн ярианаас эхлэн миний өмнө эдэлж байсан ял шийтгэлийн тухай ярьж эхэлсэн. Улмаар улсын яллагчаас ял сонсгохдоо миний өмнө ял эдэлж байсан байдлуудыг дурдан 3 жилийн хорих ял оногдуулах санал оруулж, миний эрх зүйн байдлыг дордуулсан. Уг өндөр ялын санал оруулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж зайлшгүй хорих ял оногдуулах нөхцөл байдал үүсгэсэн. Миний бие шинэ хуулийн заалтаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг шүүн таслах ажиллагаанаас өмнө нөхөн төлсөн, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, миний урьд ял эдэлж байсан байдлыг шинэ хуулиар хүндрүүлэх нөхцөл байдал болгохгүйгээр хуульчилсан зэргийг харгалзан үзсэн бол надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Шүүх хуралдаанд улсын яллагч Г.Гармаа ямар ч бэлтгэлгүй оролцож, бүх зүйлийг шүүгчийн туслахаар хийлгэж, яллах дүгнэлтэд тэмдэглэгдсэн зүйлс хаана байгааг ч мэдэхгүй, шүүх хуралдаан даргалагчаас удаа дараа сануулга авч, уучлалт гуйх зэргээр сандарч байсан нь шүүх хуралдааны бичлэгт хадгалагдан үлдсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Миний өмнөх ял шийтгэлүүдийг дурдаж ял шийтгэл оногдуулсан мөртөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан журмын дагуу ял хөнгөрүүлэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байна. Хэрвээ уг журмыг хэрэглэсэн бол миний үлдсэн насанд таарсан тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой байсан. Эсхүл 60 наснаас дээш насанд хязгаар тавиагүй учир цахим гав буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломж шүүхэд байсан. Гэвч улсын яллагч хуралдаан даргалагчид удаа дараа зэмлүүлсэндээ шаралхаж 3 жилийн хорих ял сонсгож, шүүхийн шийдвэрт нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Миний бие 2022 онд 60 нас хүрч өндөр насны халамжийн тэтгэвэрт гарсан ба сард 288.000 төгрөг авдаг. Хэрвээ зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан бол сар бүр төлдөг цахим гавын 40 мянган төгрөгийг төлөх, мөн торгох ял оногдуулсан бол хэсэгчлэн төлж барагдуулах орлогын эх үүсвэр, чадамжтай байсан. Аливаа оногдуулж буй эрүүгийн хариуцлага тодорхой хэмжээгээр үр нөлөөтэй байх ёстой. Хорихоос өөр төрлийн ял, хариуцлага хүлээлгэх хуульд заасан үндэслэлүүд миний хувьд бүрэн хангагдсан байхад хорих ял оногдуулснаар одоо мөрдөж буй тарифаар нэг ялтан нэг өдөрт 10.200 төгрөгийн хоол, хүнс хэрэглэдэг гэж үзэхэд би 8 сар буюу 240 хоногт ял эдлэхэд ойролцоогоор 2 сая 900 мянган төгрөгийн хоол хүнс улсаас хэрэглэж, цаашлаад эм эмчилгээний хэрэгсэл бусад зүйлээр хангагдана гэж үзвэл нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах нь ойлгомжтой. Хэрвээ залуу байсан бол хөдөлмөр эрхлэн тодорхой орлого оруулах боломжтой байсан. Би олон жил тэр газар амьдарсны учир бие мах бодиороо бүхнийг ойлгож байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр тодорхойлсон. Гэтэл хууль хэрэглэж байгаа практикаас өөрт жишээ болгон харахад зөвхөн урьд ял эдэлсэн тогтоол шийдвэрүүдийг цуглуулах, үүнийгээ ял оногдуулахдаа дурдаж, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгох, зөвхөн иргэний бичиг баримт шалгах зэргээр хязгаарлаж байна. Эрүүгийн хуулийн тайлбарт гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдгийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхийн өмнөх болон үйлдсэний дараах үеийн ажил, хөдөлмөр, сурлага, иргэний үүрэгтээ хандах хандлага, зан төлөв, дадал зуршил, нас хүйс, биеийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар, өөрийн болон өрхийн орлого, төлбөрийн чадвар, гэр бүлийн байдал, ам бүлийн тоо, асрамжид байгаа хүний тоо, гэр бүлийн амьдралд эзлэх байр суурь, нэр хүнд, ажил амьдралын дадлага, туршлага, шагнал урамшуулал, шийтгэл зэрэг өргөн хүрээтэй асуудал хамаарна гэж заасан. Хамгийн наад захын жишээ гэхэд, намайг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цагдан хоригдож байхад өмгөөлөгч Б.Баттулга миний охин Б.Лтай ярьж, энэ хэргийн хохирол болох 120.000 төгрөгийг шүүх хуралдааны урд өдөр төлж барагдуулсан. Энэ нь миний ар гэрийн байр суурийг илэрхийлээгүй гэж үү. 2022 оны 4 дүгээр сараас эхлэн 288 мянган төгрөгийн халамжийн тэтгэвэр авч байгаа нь миний бодит орлого биш гэж үү. Гэтэл үүнийг огт харгалзаж үзээгүй. Миний бие энэ хэрэгт 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 20 хоног цагдан хоригдсон. Намайг 8 сарын хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хоногийг 19 хоног гэж буруу тооцсоныг залруулж өгнө үү. Эсхүл цагдан хоригдсоны маргаашаас эхлэн хоног тооцдог болсон бол тайлбарлаж өгнө үү. Эдгээр байдлуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, хуулийн ялгамжгүй энэрэнгүй зарчмыг баримтлан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч Б.Баттулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ч.Б өөрт холбогдох хэргийн гэм буруу, зүйлчлэлийн талаар ямар нэг маргаан байхгүй, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хүлээн зөвшөөрдөг ба шүүхийн шатанд ч гэм буруугийн хувьд маргаагүй юм. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй болно. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцоогүй бөгөөд ял оногдуулахдаа шүүгдэгч урьд 9 удаа ял шийтгэгдэж байсан нөхцөл байдлыг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй гэсэн боловч тусгай ангийн хамгийн хүнд ялыг оноож байгаа нь үндэслэлгүй, шүүхээс хийж буй хууль зүйн дүгнэлт нь зөрчилтэй, ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан тул 3 жилийн хорих ялын санал гаргасан нь “шүүгдэгчийн хувийн байдал” гэх хууль зүйн ойлголтыг хэт явцуу утгаар тайлбарлаж үйлчлүүлэгчийн маань гэмт хэргийн бүртгэл, түүхээр нь эрх зүйн байдлыг нь дордуулан ялласан болно. Энэ нь зөвхөн ял шийтгэгдэж байсан эсэх асуудал биш бөгөөд шүүгдэгчид хамаарах өргөн агуулгатай, олон төрлийн мэдээлэл агуулсан ойлголт юм. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн маань урьд ял шийтгэгдэж байсанд үндэслэн /үндэслээгүй гэх боловч/ хорих ял оноосон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна”, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан тул Ч.Бд хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой хэмээн үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Прокурор Г.Гармаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Б нь хувийн байдлын хувьд засарч өөрчлөгдсөн зүйл ажиглагдаагүй. Өмчийн эсрэг гэмт хэргийг дахин үйлдсэн. Мөн шүүгдэгч нь анхны шүүх хуралдаанд согтуу ирж таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр - дугаар байрны “Т” нэртэй дэлгүүрээс Б.Бгийн эзэмшлийн “Iphone 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.025.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...Би ... 8 дугаар сарын 10-ны өдөр 13 цагаас 17 цагийн орчимд өөрийн “Iphone 11” загварын хар өнгөтэй гар утсаа ... лангуу дээр тавиад, бараа өрөх зэрэг ажлаа хийгээд, хажуугаар нь захиалга хийж байсан. ...Тэгээд тэр хавиар хайгаад олохгүй болохоор цагдаад хандсан. ...” /хх 8/,

иргэний нэхэмжлэгч Д.Эийн “...Би өөрийн ашиглаж байгаа ... гар утсыг 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ... зарын дагуу авахаар болж Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Х м худалдааны төвийн ... урд талын замд байх түргэн үйлчилгээний цэгт ажиллаж байсан А.Е гэх ... хүнээс 1.160.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Бид хоёр тохиролцоод би өөрийн ... данснаас А.Еркулан гэх эзэмшигчтэй ... данс руу 1.160.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /хх 11/,

иргэний хариуцагч А.Еы “...2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх жижиг ТҮЦ-д худалдагчаар ажиллаж байсан. ...Намхан, бага зэргийн сахалтай 50-60 насны эрэгтэй хүн орж ирээд “гаднаас гар утас оллоо, энэ хэдэн төгрөгийн утас бэ” гэхээр нь би тухайн утсыг үзэхэд “Iphone 11” загварын хар өнгийн утас байсан. Тэгээд би тэр утсыг 150.000-180.000 орчим төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан гар утасны кодыг youtube сувгаас бичлэг үзэж байгаад тайлчихсан. Тэгээд фейсбүүк сүлжээнд тухайн гар утсыг “1.200.000 төгрөгөөр зарна” гэсэн зарыг 2022 оны 10 дугаар сард тавьсан ба ... нэг ах, эхнэрийн хамт ирээд нөгөө гар утсыг үзэж байгаад 1.160.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. ...” /хх 129/,

Ч.Бгийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... дэлгүүрээс архи авах гэж орсон. Тэгэхэд лангууны буланд хар өнгийн, сүүлийн үеийн хүүхдүүд бариад байдаг гар утас байхаар нь тэр утсыг аваад дэлгүүрээс гарсан. Тэндээс автобусны буудлын хавьд байх ТҮЦ-д 120.000 төгрөгөөр барьцаанд тавиад, авсан мөнгөөрөө архи аваад ууж дуусгасан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...” /хх 123/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 18-19/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 80-82/, иргэний хариуцагч А.Еы дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-86/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 87-93/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Бг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэпч А.Ед учирсан 120.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Голомт банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Бгийн гар утсыг бие байдлаар өгч барагдуулсан ба анхан шатны шүүхээс талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн иргэний нэхэмжлэгч Д.Э /хх 11/, иргэний хариуцагч А.Е /хх 129/ нарын мэдүүлгүүд болон иргэний хариуцагч А.Еы дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-86/ зэргийг үндэслэн иргэний нэхэмжлэгч Д.Эт учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Ч.Б “...надад хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Миний өмнөх ял шийтгэлүүдийг дурдаж ял шийтгэл оногдуулсан мөртлөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан журмын дагуу ял хөнгөрүүлэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүйд гомдолтой байна. Хуулийн ялгамжгүй энэрэнгүй зарчмыг баримтлан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч Б.Баттулга “...Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцоогүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн маань урьд ял шийтгэгдэж байсанд үндэслээгүй гэх боловч үндэслэн хорих ял оноосон гэж үзэж байна. ...Ч.Бд хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс уг заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэнтэй нийжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/301 дугаар захирамжаар шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоол гарах хүртэл шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт нийт 20 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 19 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлоос “цагдан хоригдсон хоногийг 19 хоног гэж буруу тооцсоныг залруулж өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бгийн цагдан хоригдсон нийт 20 /хорь/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлын цагдан хоригдсон хоногийн талаар гаргасан хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 /тавин дөрөв/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ