| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00295/и |
| Дугаар | 152/ШШ2024/00571 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2024/00571
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... аймгийн .... сумын ... дугаар багт байрлах, ..... улсын бүртгэлийн дугартай, .... регистрийн дугаартай, УДС ХХК-ийн,
Хариуцагч: ... аймгийн .... сумын ... дугаар багт байрлах, О эмнэлэгт холбогдох,
Дулааны төлбөр 151,078,588 төгрөг, алданги 75,539,294 төгрөг, нийт 226,617,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч УДС ХХК-ийн Ерөнхий захирал Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: УДС ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Увс аймгийн Улаангом сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааг хэвийн явуулж, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Увс аймгийн Улаангом сумын О эмнэлэг нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дулааны эрчим хүч хэрэглэсэн 151,078,588 төгрөгийг телөхгүй байгаагаас шалтгаалж УДС ХХК нь цахилгаан эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, нүүрс, дизель түлшний их хэмжээний өрөнд орж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтооно гэж тус тус хуульчилсан. Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаартай “Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай” тушаалын Увс аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоосон. Нэхэмжлэгч УДС ХХК нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх хангах үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй хугацаандаа явуулж ирсэн болно. УДС ХХК нь Увс аймгийн Улаангом сумын О эмнэлгийн дарга н.Пд 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1/58 дугаартай “Албан мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлж 2024 оны 4 дүгээр сарын 15-ны дотор дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөхийг хүсэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл дулааны төлбөр төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувь хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна гэж хуульчилсан. Иймд Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын О эмнэлгээс 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 151,078,588 төгрөг, алданги 75,539,294 төгрөг, нийт 226,617,882 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч С.П нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч УДС ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би, хариуцагч Увс аймгийн О эмнэлэгт холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй дулааны төлбөр 151,078,588 төгрөг, алданги 75,539,294 төгрөг нийт 226,617,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөв О ХХК-ийн захирал С.П нь Зөв О ХХК-ийн халаалтын өр төлбөр төлж барагдуулах хуваарь гаргасан байна. Тус хуваарийн дагуу халаалтын өр төлбөр төлж барагдуулах саналыг УДС ХХК-ийн захирал Д.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э би хүлээн зөвшөөрлөө. Иймд халаалтын өр төлбөр төлж барагдуулах тухай хуваарийн дагуу хариуцагч Зөв О ХХК нь дулааны төлбөр төлж барагдуулахыг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцлоо. Хэрэв дээрх төлбөр төлөх хуваарийн дагуу хариуцагч Зөв О ХХК нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн болно. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хийсэн халаалтын төлбөр төлж барагдуулах хуваарийг талууд хэн нэгний дарамт шахалтгүй сайн дурын үндсэн дээр хийсэн болно. Зохигчдын хооронд хийсэн халаалтын төлбөр төлж барагдуулах хуваарь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх гэрээг дулааны төлбөр төлөх хуваарийн хамт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УДС ХХК нь хариуцагч Зөв О ХХК-д холбогдуулан дулааны төлбөр 151,078,588 төгрөг, алданги 75,539,294 төгрөг, нийт 226,617,882 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч УДС ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг О эмнэлэг гэж тодорхойлсон боловч эвлэрлийн гэрээг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч Зөв О ХХК-ийн гүйцэтгэх захирал С.П нар байгуулан ирүүлсэн байна. О эмнэлгийг Зөв О ХХК хариуцан ажиллуулдаг болох нь хариуцагчийн хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул хариуцагчийг Зөв О ХХК гэж тодорхойлов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э дулааны төлбөр 151,078,588 төгрөг, алданги 75,539,294 төгрөг, нийт 226,617,882 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 73,644,157 төгрөгөөс татгалзаж 152,973,725 төгрөгийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч С.П нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч О эмнэлэг нь 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дулааны, эрчим хүч хэрэглэсэн 151,078,588 төгрөгийг төлөхгүй байгаа... гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны дулааны төлбөр 152,973,725 төгрөг дээр 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны дулааны төлбөрийг нэмж гэрээ байгуулсныг батлаагүй болно. Учир нь нэхэмжлэгч тал тухайн төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, цаг хугацааны хувьд хариуцагчид 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг төлөх үүрэг үүсээгүй байна.
Шүүх хуралдаан дээр зохигчид эвлэрсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хувааж хариуцуулахаар заасан тул нэхэмжлэгч УДС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,291,040 төгрөгөөс 645,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 645,520 төгрөгийг, хариуцагч Зөв О ХХК-аас зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 152,973,725 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 922,819 төгрөгийн тал хувь буюу 461,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч УДС ХХК-д олгох нь зүйтэй.
Тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1697 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн буюу 226,617,882 төгрөгийн хэмжээгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар зогсоож шийдвэрлэсэн. Зохигчид эвлэрсэн тул дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч С.П нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дулааны төлбөр 151,078,588 төгрөг, алданги 75,539,294 төгрөг, нийт 226,617,882 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 73,644,157 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Зөв О ХХК нь дулааны төлбөр 152,973,725 төгрөгийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч УДС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,291,040 төгрөгөөс 645,520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 645,520 төгрөг, хариуцагч Зөв О ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 461,410 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч УДС ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1697 дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ