Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 152/ШШ2024/00573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... аймгийн .... сумын ... дүгээр багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Б ургийн овогт Д-ийн Д-гийн,

Хариуцагч: :... аймгийн ... сумын .... дүгээр багт байрлах, ... аймгийн ...сумын ЭМТд холбогдох,

2024 оны 1 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч П.Н, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд холбогдуулан 2024 оны 1 дүгээр сараас хойших хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд 15 дахь жилдээ ажиллаж байгаа ба одоогоор амаржсаны амралттай байгаа. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд ажилласан. 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 08:00 цагаас 16:00 цаг хүртэл ээлжтэй байсан. Тухайн өдөр чөлөө авах шаардлага гарсан. Учир нь би 2 сартай жирэмсэн байсан. Маргааш нь буюу хагас сайн өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж эмчийг хүлээсэн боловч ажилдаа ирээгүй би эмчтэй утсаар холбогдож миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авах хэрэгтэй байна гэхэд чиний оронд ажиллах хүн байхгүй шүү дээ гэж хэлээд утсаа тасалсан. Миний бие тухайн өдөр дараагийн ээлжийн ажилтанд чөлөө хүссэн өргөдлөө бичиж үлдээгээд явсан. 1 дэх өдөр сувилагч Отгонтуяагаас чөлөөний талаар лавлахад хүсэлт авахгүй байна гэсэн. Тэгвэл өргөдлийг минь бичиг хэрэгт өгчих, би учир шалтгаанаа хэлсэн эмчдээ үзүүлээд очно гэж хэлсэн. Миний зүгээс 2023 оны 8 дугаар  сарын 21-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Манай эмнэлэгт шүдний лаборатори, төхөөрөмж шинээр нэмэгдэж эмч, сувилагч нар цаашид сурах шаардлагатай болсон. Миний зүгээс шүдний сувилагчаар мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлын мэйл хаяг руу өргөдөл явуулж, утсаар ярьсан ба сувилагч хүлээж аваад даргад хэлсэн байх. П.Нэс үүнтэй холбоотой хариу мэдэгдээгүй. Би тухайн сургалтад 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сурсан. Улмаар сумандаа ирээд миний жирэмсний амралт авах 7-14 хоногийн ажиллах хугацаа байсан учраас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа очоод ажилдаа оръё гэхэд П.Н намайг ажилд авахгүй гэж хэлсэн. Би яагаад намайг ажилд авахгүй гэж байгаа юм. Тэгвэл намайг хал гэхэд “үгүй халах тушаал гаргахгүй, би мэдэхгүй” гэсэн. Маргааш нь П.Нийн өрөө рүү ороход би чиний листийг явуулсан гэж хэлсэн. Би одоо яах вэ гэхэд хуулийн дагуу, амралтаа аваад явж болно гэсэн. Миний зүгээс 10 гаруй хоногийн дараа цахимаар тухайн хүсэлтийг хараад баталгаажуулж, илгээсэн. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтын мөнгө 3,600,770,280 төгрөг миний данс руу орсон. Нягтлан бодогч Цэндсүрэнгээс нийгмийн даатгалын талаар лавлахад төлөхгүй юм шиг байна лээ гэх хариулт өгсөн. Үүнийг сонсоод П.Н рүү залгахад төлөх боломжгүй гэх хариулт өгөөд утсаа тасалсан ба удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Миний бие 2024 оны 4 дүгээр  сарын 17-ны өдөр амаржсан. Дараа нь миний амаржсаны тэтгэмжийн мөнгө орж ирсэн ба үүнтэй холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавласаар байсан. Надад тодорхой хариу өгөхгүй байсан. Энэ асуудлаас болоод би нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байсан. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас 3 жилийн тэтгэмжийг авч чадахгүй байна. Иймд би гомдолтой байгаа тул 2024 оны 1 дүгээр сараас хойших хугацааын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТөөр нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч анх 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу явахдаа ЭМТд албан ёсоор хүсэлт гаргаж чөлөө авч явсан зүйл байхгүй. Д.Дд чөлөө олгосон тушаал огт гараагүй, ажилдаа ирэхгүй алга болчихсон байхаар нь яасан талаар хамт олноосоо асуутал Улаанбаатар хот руу шилжин амьдрахаар явсан гэсэн сургийг хүмүүсийн дам ярианаас сонссон. Эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тайлбарын тухайд эмчилгээ, шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан бол эмчийн тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь хувийн чөлөө авсан, мэргэжил дээшлүүлэхээр шүдний сувилагчийн 3 сарын сургалтад хамрагдсан гэж байна. Албан ёсоор мэдэгдэж байгууллагын дотоод журамд зааснаар чөлөө олгосон шийдвэр гараагүй, явахаасаа өмнө хүсэлт гаргаагүй, мөн байгууллагатай гэрээ байгуулан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаагүй болно. Хэрэв Д.Д нь мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцах гэж байгаа бол Наранбулаг сумын ЭМТ, ЭМТийн газрын дарга болон Хөгжлийн төвийн дарга нар хамтарч гурвалсан гэрээ байгуулж сурах гэж байгаа ажилтныхаа мэдээллийг солилцож, журамд заасан цалин хөлсийг олгодог. Гэтэл нэхэмжлэгч тухайн шаардлагыг хангаж яваагүй. Сургалтад сууна гэж яваад Бүдо гэх эмнэлэгт ажилласан байсан. Үүнийг Д.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл тодорхойлолтоос харж болно. Д.Д нь Бүдо эмнэлэгт ажиллаж байгаагаа ажил олгогчдоо мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ажил олгогчдоо урьдчилж мэдэгдээгүй. Д.Д Улаанбаатар хотод явж байгаад 2024 оны 01 дүгээр сард ажилдаа ирэхэд жирэмсний амралтыг нь олгосон. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас хойш манай байгууллагад ажиллаагүй бөгөөд Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт ажиллаж байгаад листээ авсан байсан. Лист нь манай байгууллагаас биш тухайн байгууллагаас нь олгогдсон тул амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг манай байгууллага биш Бүдо эмнэлэг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТийн даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/16 дугаар “Ажилд авах тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

4. Хариуцагчаас өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ, цагийн бүртгэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 

5.  Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас Д.Дгийн 2023 оны 08 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн болон эрүүл мэндиийн даатгалын шимтгэлийг ямар байгууллага төлсөн талаарх баримтууд болон жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ямар байгууллагаас олгогдсон талаарх баримтуудыг, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс "Бү До" эмэгтэйчүүдийн эмнэлгийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, хуулийн этгээдийн гэрчилгээ, эзэмшигчийн талаарх мэдээлэл болон тус хуулийн этгээдийн хувийн хэргийг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн, Д.Дгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 2024 оны 1, 4 дүгээр сард ямар байгууллагаас олгосон талаарх үйл баримтыг тодруулах зорилгоор Увс аймгийн Нийгмийн даатгалын газрын цахим системд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Дгийн хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд холбогдох 2024 оны 1 дүгээр сараас хойших нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Миний бие 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд ажилласан. 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 08:00 цагаас 16:00 цаг хүртэл ээлжтэй байсан. Тухайн өдөр чөлөө авах шаардлага гарсан. Учир нь би 2 сартай жирэмсэн байсан. Маргааш нь буюу хагас сайн өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явах гэж эмчийг хүлээсэн боловч ажилдаа ирээгүй би эмчтэй утсаар холбогдож миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөө авах хэрэгтэй байна гэхэд чиний оронд ажиллах хүн байхгүй шүү дээ гэж хэлээд утсаа тасалсан. Миний бие тухайн өдөр дараагийн ээлжийн ажилтанд чөлөө хүссэн өргөдлөө бичиж үлдээгээд явсан.

2.2. Миний зүгээс 2023 оны 8 дугаар  сарын 21-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

2.3. Манай эмнэлэгт шүдний лаборатори, төхөөрөмж шинээр нэмэгдэж эмч, сувилагч нар цаашид сурах шаардлагатай болсон. Миний зүгээс шүдний сувилагчаар мэргэжил дээшлүүлэх сургалтад бүртгүүлж, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлын мэйл хаяг руу өргөдөл явуулж, утсаар ярьсан ба сувилагч хүлээж аваад даргад хэлсэн байх. П.Нэс үүнтэй холбоотой хариу мэдэгдээгүй. Би тухайн сургалтад 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл сурсан.

2.4. Улмаар сумандаа ирээд миний жирэмсний амралт авах 7-14 хоногийн ажиллах хугацаа байсан учраас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа очоод ажилдаа оръё гэхэд П.Н намайг ажилд авахгүй гэж хэлсэн. Би яагаад намайг ажилд авахгүй гэж байгаа юм. Тэгвэл намайг хал гэхэд “үгүй халах тушаал гаргахгүй, би мэдэхгүй” гэсэн. Маргааш нь П.Нийн өрөө рүү ороход би чиний листийг явуулсан гэж хэлсэн.

2.5. 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний амралтын мөнгө 3,600,770,280 төгрөг миний данс руу орсон. Нягтлан бодогч Цэндсүрэнгээс нийгмийн даатгалын талаар лавлахад төлөхгүй юм шиг байна лээ гэх хариулт өгсөн. Үүнийг сонсоод П.Н рүү залгахад төлөх боломжгүй гэх хариулт өгөөд утсаа тасалсан ба удаа дараа залгахад утсаа авахгүй байсан. Миний бие 2024 оны 4 дүгээр  сарын 17-ны өдөр амаржсан. Дараа нь миний амаржсаны тэтгэмжийн мөнгө орж ирсэн ба үүнтэй холбогдуулж нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавласаар байсан. Надад тодорхой хариу өгөхгүй байсан.

2.6. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй учраас 3 жилийн тэтгэмжийг авч чадахгүй байна. Иймд би гомдолтой байгаа тул 2024 оны 1 дүгээр сараас хойших хугацааын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТөөр нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч анх 2023 оны 8 дугаар сард Улаанбаатар хот руу явахдаа ЭМТд албан ёсоор хүсэлт гаргаж чөлөө авч явсан зүйл байхгүй. Д.Дд чөлөө олгосон тушаал огт гараагүй, ажилдаа ирэхгүй алга болчихсон.

3.2. Эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тайлбарын тухайд эмчилгээ, шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан бол эмчийн тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлээгүй.

3.3. Нэхэмжлэгч нь хувийн чөлөө авсан, мэргэжил дээшлүүлэхээр шүдний сувилагчийн 3 сарын сургалтад хамрагдсан гэж байна. Албан ёсоор мэдэгдэж байгууллагын дотоод журамд зааснаар чөлөө олгосон шийдвэр гараагүй, явахаасаа өмнө хүсэлт гаргаагүй, мөн байгууллагатай гэрээ байгуулан мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаагүй болно.

3.4. Нэхэмжлэгч сургалтад сууна гэж яваад Бүдо гэх эмнэлэгт ажилласан байсан. Үүнийг Д.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл тодорхойлолтоос харж болно. Д.Д нь Бүдо эмнэлэгт ажиллаж байгаагаа ажил олгогчдоо мэдэгдэх ёстой байсан. Гэтэл ажил олгогчдоо урьдчилж мэдэгдээгүй.

3.5. Д.Д Улаанбаатар хотод явж байгаад 2024 оны 01 дүгээр сард ажилдаа ирэхэд жирэмсний амралтыг нь олгосон.

3.6. Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас хойш манай байгууллагад ажиллаагүй бөгөөд Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт ажиллаж байгаад листээ авсан байсан. Лист нь манай байгууллагаас биш тухайн байгууллагаас нь олгогдсон тул амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг манай байгууллага биш Бүдо эмнэлэг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж, мөн зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хандахаар зохицуулснаар нэхэмжлэгч Д.Д нь Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад хандсан боловч хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй гэх хариуг өгсөн тул нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргажээ.

 

5. Нэхэмжлэгч Д.Д нь Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд ээлжийн сувилагчаар ажиллаж байсан ба 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажиллаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө хүсэх тухай өргөдлийг тус ЭМТийн даргад бус ажилтанд үлдээгээд Улаанбаатар хот руу явсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж, мөн зүйлийн 100.2-т Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Д чөлөө хүсэх тухай өргөдлийг дээрх хууль болон дотоод хэм хэмжээнд зааснаар ажил олгогч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад ажлын байрыг орхин явсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд шүдний сувилагчаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдахдаа чөлөө хүссэн талаараа “2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ажлын мэйл хаяг руу өргөдөл явуулж, утсаар ярьсан ба сувилагч хүлээж аваад даргад хэлсэн байх. П.Нэс үүнтэй холбоотой хариу мэдэгдээгүй” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Д.Д мөн л чөлөө хүсэх тухай өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байхад ажилдаа ирэхгүй, Улаанбаатар хотод сургалтад хамрагдсан байх ба 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа иржээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Дгийн 2023 оны 5-6 дугаар сар, 8 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг “Бүдо” гэх ажил олгогч төлсөн, 2023 оны 1-8 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТ төлсөн, 2023 оны 5-6, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх 2 ажил олгогч давхардуулан төлсөн болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

7. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т "нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг, мөн зүйлийн 4.1.11-д "нийгмийн даатгалын шимтгэл төлөгч" гэж энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх үүрэг хүлээсэн даатгуулагч, ажил олгогч, төр, хуулийн этгээдийг ойлгохоор заасан байх тул Д.Д болон эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Бүдо ХХК, Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТийг даатгуулагч, ажил олгогч гэж үзэхээр байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 57.2-т Дараах тохиолдолд ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна:

 

57.2.1. ажилтан үндсэн ажил олгогчтой энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан;

 

57.2.2. үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсхүл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол;

 

57.2.3. ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авахаар зохицуулсан байна.

 

Бүдо ХХК нь Д.Дгийн үндсэн ажил олгогч болох Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТтэй ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байх ба нэхэмжлэгч энэ талаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т зааснаар Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөл аваагүй байна. Гэвч нэхэмжлэгч нь мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй нь үндсэн ажил олгогч болох Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТийг Д.Дгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна гэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө гэж, мөн зүйлийн 21.6-д Энэ хуулийн 7.2.4-т заасан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө гэж, 7 дугаар зүйлийн 7.2.4-т нэг ба түүнээс дээш сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа энэ хуулийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-т заасан ажилтан гэж,  21 дүгээр зүйлийн 21.14-т Энэ хуулийн 7.4.5-д заасан эх, эсхүл эцгийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө гэж,  7 дугаар зүйлийн 7.4.5-д гурав хүртэлх насны хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хөдөлмөрийн гэрээтэй ажилтан эх, эсхүл эцэг, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч эх, эсхүл эцэг гэж заасан.

 

Хариуцагч нь одоог хүртэл нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй байх тул ажил олгогч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТ нь дээрх хуулийн заалтуудад зааснаар ажилтан Д.Дгийн жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй.

 

10. Ажилдаа ирсэн хугацааг нэхэмжлэгч Д.Д “Улмаар сумандаа ирээд миний жирэмсний амралт авах 7-14 хоногийн ажиллах хугацаа байсан учраас 2024 оны01 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа очоод ажилдаа оръё гэхэд П.Н намайг ажилд авахгүй гэж хэлсэн” гэж тайлбарласан, хариуцагч П.Н “Д.Д Улаанбаатар хотод явж байгаад 2024 оны 1 дүгээр сард ажилдаа ирэхэд жирэмсний амралтыг нь олгосон” гэж тус тус тайлбарласан, хариуцагч нэхэмжлэгчийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа очсон гэх хугацааг үгүйсгээгүй тул Д.Дгийн тухайн хугацаанаас хойшхи нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТ төлөх үүрэгтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч Д.Д нь 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнөх хугацааны чөлөөг хууль, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар аваагүй байх тул тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТ хариуцах үндэслэлгүй.

 

11. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Тэтгэмжийн даатгалын сангаас дараах тэтгэмж, шимтгэлийн төлбөрийг олгоно:

 

2.1.1. хөдөлмөрийн чадвар түр алдсаны;

 

2.1.2. жирэмсний болон амаржсаны;

 

2.1.3. нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох;

 

2.1.4. гурав хүртэлх насны хүүхдээ асарч байгаа сайн дураар даатгуулагч эхийн тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн төлбөр гэж заасан байна.

 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг дээрх хуульд зааснаар ажил олгогч бус нийгмийн даатгалын сангаас олгодог байх тул хариуцагчийн “Нэхэмжлэгч нь 2023 оны 8 дугаар сараас хойш манай байгууллагад ажиллаагүй бөгөөд Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт ажиллаж байгаад листээ авсан байсан. Лист нь манай байгууллагаас биш тухайн байгууллагаас нь олгогдсон тул амаржсаны амралттай байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг Бүдо эмнэлэг төлөх үүрэгтэй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

12. Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.14-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТөөр нөхөн төлүүлж, нэхэмжлэлээс үлдэх 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13. Нэхэмжлэгч Д.Дгийн шүүхэд гаргасан гомдол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, тухайн нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэл гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 21.14-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТөөр нөхөн төлүүлж, нэхэмжлэлээс үлдэх 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын ЭМТөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ