| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00670/и |
| Дугаар | 152/ШШ2025/00007 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 152/ШШ2025/00007
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... тоотод оршин суух, регистрийн дугаар ... , Б ургийн овогт Б-ын Д-гийн,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух, регистрийн дугаар:..., З ургийн овогт Н-н Д-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д нь амаар хэлцэл хийж 2023 оны 8 дугаар сард 5,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг эмээл аваад бэлнээр 2,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 3,000,000 төгрөгийг удаа дараа шаардсан ч өгөхгүй байна. Иймд Н.Доос 3,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Дд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Дийн тайлбартай танилцлаа. Н.Д нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 2,000,000 төгрөгийг 2024 оны 1 дүгээр сарын 15-ны төлөхөөр тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Дид холбогдох, худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Дгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгөөс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэх 2,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаа хариуцагч Н.Д илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийн тал хувь болох 31,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,475 төгрөг, хариуцагч Н.Доос 31,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Дгийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,000,000 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 2,000,000 төгрөгийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хариуцагч Н.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,475 төгрөг, хариуцагч Н.Доос 31,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, 31,475 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ