Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 16

 

  2018 оны 01 сарын 23 өдөр                      2018/ШЦТ/16                                  Хэрлэн сум

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0114/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  А.Цэрэндулам,

Улсын яллагч                                             Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                     Б.С нарыг оролцуулан

 

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буурал овогт Баярсайханы Сад холбогдох 1739000830014 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, эгч, дүүгийн хамт, Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хэсэгт оршин суух,  улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Буурал овогт Баярсайханы С /РД: СА96042619/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  Б.С нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Бат-Отгоны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Бат-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн: “... би 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Бэрхээс гараад гэртээ ирэхэд манай эхнэр Ш.Эрдэнэчимэг 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө хоттой хонийг маань хүмүүс баруун зүгт хөөж гэрээс холдуулаад дотроос 4 тооны хонийг барьж авч хөлнүүдийг хүлж хэвтүүлээд зөөж байх үед очиж хашгирахад 1 мотоцикльтой 2 хүн авч явах гэж байсан хонио хаяад зугтаасан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг / хх-ийн 21-22 тал /

 

  Иргэний нэхэмжлэгч А.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Бошоолыг Бэрх хотын төвд төрсөн эгч Б.Мөнгөнтовчийн гэрт нь буулгаж өгчихөөд тэнд байж байтал Б.Бошоолын төрсөн дүү Б.С нь та мотоциклоо өгчих хөдөө яваад айлаас идэх ямаа аваад ирье гэж гуйхаар нь өгөөд явуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

 

 Гэрч Ш.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчимд гэрийн урд талд малын хашааны баруун талд хураагаад хотлуулж хонуулсан хонь, ямаа байхгүй байсан. Гэтэл манай гэрээс баруун зүгт 1 км хүрэхгүй зайд гэрлээ асааж явж байгаад унтарсан. .. би гэрт ороод унтаж байсан Б.Эрдэнэбаатар, П.Баярчимэг нарыг сэрээсэн. ... Баярчимэг бид 2 “хөөе та нар хонь хулгай хийж байгаа юм уу” гэж хашгиртал хүлээтэй хонийг газар хаячихаад мотоцикльтойгоо зугатаагаад явчихсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

 Гэрч П.Баярчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... бид гуравыг очиход хонь ямаа үргээд явчихсан  Эрдэнэбаатар хонийг эргүүлсэн. Эрдэнэчимэг бид 2 нөгөөл хөл хүлээтэй хонины ойролцоо очиж газар хэвтээд ажиглаж байтал нөгөө мотоцикльтой 2 хүн өнөөх хөл нь хүлээтэй хонийг мотоцикль дээрээ голдоо дүүрч явах гэтэл бид 2 яахаараа хонь хулгайлдаг юм гэж хашгирахад зугатаагаад явчихсан. Тэгээд урьд шөнийн газар өглөө очиход 3 тооны хонь хөл хүлээтэй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

 Гэрч Б.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... өглөө тэр газраар очиход 3 тооны хонь хөл нь хүлээтэй хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/ ,

 

Эд хөрөнгө битүүжлэх тухай тогтоол, тэмдэглэл / хх-ийн 10-11 тал /

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 13 тал /

Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 4 тал /

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 60 тал / зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч  Б.С нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны хөдөө хэсэгт оршин суух иргэн С.Бат-Отгоны хоттой хониноос 6 тооны хонь хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Бат-Отгоны мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Ш.Эрдэнэчимэг, П.Баярчимэг, Б.Эрдэнэбаатар нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч  Б.Сын бусадтай бүлэглэн иргэн С.Бат-Отгоны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Бат-Отгонд 580.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо төлүүлсэн талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч  нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг нь харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Буурал овогт Баярсайханы Сыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.ГАНЗОРИГ