Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01233

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/01233

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: ***од оршин суух, Б Д-ын Б,

хариуцагч: ***од оршин суух, Б Д-ын Б-д холбогдох,

32,000,000 (гучин хоёр сая) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий 155/2024/01042/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, түүний өмгөөлөгч Ч.Ө (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.З нар оролцлоо

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Д.Бд холбогдуулан 32,000,000 (гучин хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Б нь уул уурхайн Д ХХК-д бүртгэл бүхий 0000 УБП улсын дугаартай, North benz маркийн авто машиныг урьд том тэрэг барьж байхдаа танилцаж, сайн найз нөхдийн харилцаатай болсон Д.Б- гэх залуутай хамтран 62.000.000 төгрөгөөр 2023 оны 3 дугаар сард худалдан авч байсан.

Тухайн үед Д.Б- нь өөрөөсөө 20.000.000 төгрөг гаргасан бол миний хувьд 42.000.000 төгрөгийг гарган уг тээврийн хэрэгслийг өөрсдийн болгосон юм.

Ингээд уг машиныг худалдан аваад хэдхэн хоносны дараа миний хувьд Т ХХК-д ажлын ярилцлагад дуудагдан, цаашид худалдан авсан дээрх тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ хийх шаардлагагүй болсон тул Д.Б-д уг машиныг худалдан авах саналыг тавьсан. Д.Б- нь миний энэхүү саналыг хүлээн авч, бид хоёр 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чирэгч толгой болон чиргүүлийн үлдэгдэл тооцоо төлж барагдуулах тухай хэлцлийг бичгээр хийн, нотариатаар баталгаажуулсан юм. Тус хэлцэлд, Д.Б- нь ...эхний мөнгө болох 10 сая төгрөгийг 2023 оны 4 дүгээр сард багтаан төлөөд үлдэгдэл 32 сая төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ... гэсэн байдаг. Гэвч хариуцагч Д.Б- нь хэлцэл хийсэн цагаас хойш хэлж, ярьсандаа хүрэлгүй эхний мөнгө болох 10.000.000 төгрөгийг удаа дараа гуйлгуулж байж арай хийж 2023 оны 7 дугаар сард төлж барагдуулан, хугацаа хэтрүүлсэн. Харин тэрээр үлдэгдэл 32.000.000 төгрөгийг ...тун удахгүй төлж барагдуулна... гэх итгэл үнэмшил төрүүлсэн хий хоосон зүйлийг ярин цаг хугацааг аван, намайг хуурч мэхэлсээр өдийг хүрсэн. Эцэс сүүлдээ Д.Б- нь миний утасны дуудлагыг авахаас татгалзан, элдэв башир арга хэрэглэсээр өдийг хүртэл намайг хохироож байна. Найз нөхөд гэсэн сэтгэлээр түүнд хандсан итгэлийг минь далимдуулан өдийг хүртэл миний мөнгийг өгөхгүй, хохироож байгаа Д.Б-д маш их гомдолтой байна. Миний хувьд түүнийг өнгөрсөн хугацаанд эрж хайн маш их цаг хугацааг зарцуулсан бөгөөд шаардлагатай тохиолдолд өнгөрсөн хугацаанд гарсан аливаа зардлыг ч нэхэмжпэх хүсэлтэй байгаа.

Иймд Д.Б-д худалдсан тээврийн хэрэгслийн төлбөрийн зөрүү үлдэгдэл 32.000.000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б Г аймагт том даацын тээврийн хэрэгсэл жолоодож нүүрс тээвэрт явж байх хугацаандаа ЛҮ аймагт оршин суух Д.Б- гэх залуутай танилцаж бизнес хийхээр болж Д гэх нэртэй компанид бүртгэлтэй **** УБП улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг 62,000,000 төгрөгөөр хамтран 2023 оны 3 дугаар сард худалдаж авч байсан ба тухайн үед Д.Б-ы зүгээс 20,000,000 төгрөгийг, Д.Бгийн зүгээс 42,000,000 төгрөгийг тус тус гаргаж уг тээврийн хэрэгслийг хамтран эзэмшихээр болсон байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсны дараа Д.Б нь Т компанийн ажлын ярилцлагад дуудагдаж ажилд орохоор болсон тул уг тээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон тул Д.Б-д тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах саналыг тавьсны үндсэн дээр Д.Б- худалдаж авахаар болсон байдаг. Ингээд тэд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр чирэгч толгой болон чиргүүлийн үлдэгдэл тооцоог төлж барагдуулах тухай хэлцлийг нотариатчаар баталгаажуулж, бичгээр хэлцэл байгуулсан байдаг юм. Тиймээс тус хэлцэлд 2023 оны 4 дүгээр сард 10,000,000 төгрөгийг, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар, тухайн хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. Гэвч хариуцагч Д.Б- нь дээрх хэлцлийг байгуулсан цагаас хойш тохиролцсон хугацаандаа мөнгөө төлж барагдуулалгүй янз бүрийн шалтаг тоочиж явсаар хамгийн сүүлд 2023 оны 7 дугаар сард 10,000,000 төгрөгийг түүний эхнэрийн дансаар дамжуулж шилжүүлсэн ба үлдэгдэл 32,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж явсаар 1 жил гаруй хугацаа өнгөрч, сүүлдээ утсаа авахгүй хэл чимээгүй болсон тул шүүхэд хандах болсон байдаг. Иймд Д.Б-д худалдсан тээврийн хэрэгслийн зөрүү төлбөр болох 32,000,000 төгрөгийг хариуцагч Д.Б-аас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд ***од оршин суудаг учир ирэн очин явах боломжгүй тул өмгөөлөгч надад итгэмжлэл олгосон байдаг юм. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бтай Ө аймагт нүүрсний машин барьж явж байгаад танилцсан нь үнэн. 2023 оны 2 сарын үед Б нь өөртөө машин худалдан авч нүүрс зөөх ажилд явна гайгүй машин харж байгаарай хө гэж надад захисан. Тэгээд би машин зарах хүн судалж байтал 1 зарах гэж байгааг Бд хэлсэн. Тэгтэл Б тэр машиныг би авъя гэж ярьсан. Тэгээд надаас машин авахад мөнгө дутаж байна гээд надаас 20.000.000 /хорин сая/ төгрөг зээлсэн. Уг машиныг аваад удаагүй байхдаа Б өөр ажилд орох боллоо Би чиний 20,000,000 төгрөгийг өгч чадахгүй болсон тул чи энэ машиныг ав гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би авч үлдэх болвол энэ машиныг өөрийг нь явуулж, мөнгө хийж байж чиний мөнгийг гаргана шүү дээ гэж хэлэхэд ямар ч байсан чи аваад үлд гээд 1 нотариатын бичиг хийсэн. Ямар бичиг нотариатаар хийлгэснийг мэдээгүй. Тухайн үед би өөрийн мөнгөө авах зорилгоор Бгийн машиныг авч үлдсэн. Анхнаасаа би Бгийн машиныг өөрийн мөнгөний барьцаанд авч үлдсэн. Б надад чи наад машинаа явуулж байгаад надад мөнгийг нь гаргаж өгөөрэй гэсэн ба би жолооч олж тухайн машиныг явуулж байгаад Бд 2023 оны 7 сард 10.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед Ө аймагт ажил муу байсан учраас би С аймаг руу тээвэр хийхээр явсан. С аймаг руу явж байтал Бгийн үлдээсэн машины мотор эвдэрсэн. Тэгээд тухайн машины моторыг өөрөөсөө мөнгө гаргаж засаад У луу оруулсан. Тэгтэл У ороод дахиад мотор нь эвдэрсэн. Тэрнээс хойш уг машиныг хөдөлгөөгүй 22-ын товчоонд орхисон байгаа. Б өөрөө очиж машинаа хараад бичиг баримтаа аваад явсан байсан. Тухайн машиныг надад шилжүүлж өгөөгүй, Бгийн өөрийн нэр дээр байгаа болно. Д.Бгийн нэхэмжилж байгаа 32.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би харин Бгаас надаас зээлсэн 20.000.000 төгрөг, дараа нь өгсөн 10.000.000 төгрөг, мотор сольж тавихад гарсан 10.000.000 төгрөг нийт 40.000.000 төгрөгийг авах ёстой.

Иймд Бгийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь 2023 онд тээврийн хэрэгсэл худалдаж авахаар болж гайгүй машин байгаа бол асууж сураглаж байгаарай гэх саналыг хариуцагч Д.Б-д тавьсан байдаг. Үүний дагуу хариуцагч Д.Б- нь Ө аймагт ажиллаж байх хугацаандаа том тээврийн хэрэгсэл асууж сураглаад явж байхдаа **** УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл зарагдах болсон талаар нэхэмжлэгч Д.Бд хэлсэн байдаг. Ингээд тухайн тээврийн хэрэгслийг Д.Б нь 2023 оны 3 дугаар сард худалдаж авахдаа найздаа 20,000,000 төгрөг зээлээч, машин худалдаж авах гэсэн юм гэж хариуцагч Д.Б-д хэлээд 20,000,000 төгрөгийг зээлж авсан байдаг юм. Үүний дараа удаа ч үгүй нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Б-д хэлэхдээ би тухайн тээврийн хэрэгслийг явуулж чадахаа байлаа чи худалдаж аваад мөнгөө гаргаж авбал ав, би чиний мөнгийг өгөх боломжгүй болоод байна гэж хэлсэн байдаг. Тиймээс хариуцагч Д.Б- нь өөрийнхөө мөнгийг гаргаж авах үүднээс тухайн тээврийн хэрэгслийг өөр дээрээ авч үлдсэн байдаг. 2023 онд буюу ковид өвчний улмаас хил бүрэн бүтэн нээгдээгүй байсан учир том тээврийн хэрэгсэл хилээр гарахгүй байсан учраас өөрийнхөө мөнгийг гаргаж авахын тулд С аймаг руу нүүрс тээвэрт явсан байдаг. Ингэж явах замдаа машины мотор эвдэрч машин зогссон учраас У хот руу уг машиныхаа моторыг хүнд захиж авчруулсан байдаг. Энэ талаар нэхэмжлэгч Д.Бд тухайн үед нь утсаар хэлж дуулгаж байсан. Үүнээс хойш 2024 оны 7 дугаар сард нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Б-тай утсаар ярихдаа чи надад мөнгө өгөөд наад машинаа ав гэх талаар сүүлд нь хэлсэн байдаг юм. Тэгээд нэхэмжлэгч тухайн үед хариуцагч Д.Б-аас машин худалдаж авахдаа чамаас 20,000,000 төгрөг зээлж авсан. Мөн эгчээрээ банкны зээл гаргуулж авч байсан, эгч маань надаас мөнгөө нэхээд байна. Чи надад 10,000,000 төгрөг зээлээч гэж хэлэхэд нь 2024 оны 7 дугаар сард хариуцагч Д.Б- нь эхнэрээрээ банкнаас зээл авахуулж 10,000,000 төгрөгийг Д.Бд өгсөн байдаг. Үүний дараа буюу сарын дараа 2024 оны 8 дугаар сард ***од явж байхдаа хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч Д.Бтай уулзсан байдаг. Ингэж уулзахдаа Д.Б нь хоёулаа нотариат орж машин худалдсан талаар гэрээ хийе гэж хэлсэн учраас 2024 оны 8 дугаар сард нотариат дээр очиж хэлцэл хийсэн байдаг. Гэхдээ тухайн хэлцлийг хийсэн цаг хугацааны хувьд 2024 оны 4 дүгээр сард хийсэн хэлцэл гэж тусгасан байдаг ба хариуцагч Д.Б-ы хувьд тухайн үед яг ямар хэлцэл байгуулж байгаа талаар сайн ойлгоогүй байдаг. Тиймээс хариуцагч Д.Б-ы хувьд нэхэмжлэгч Д.Бд анх 20,000,000 төгрөгийг, сүүлд 2024 оны 7 дугаар сард 10,000,000 төгрөгийг тус тус зээлүүлж нийт 30,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн хувьд мотор нь цохиж эвдэрснийг янзалсан боловч дараа нь дахиад эвдэрч ***од явахгүй зогсонги байдалд орчихсон байхад Б нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бичиг баримтыг нь аваад явчихсан. Тиймээс уг тээврийн хэрэгсэл бичиг баримтгүй болсон учир засаж янзлаад явах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс үүдэн хариуцагч Д.Б-ы хувьд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж, ажилд явуулж чадаагүй. Энэ байдлаас болж хариуцагчийн хувьд одоог хүртэл мөнгөө ч гаргаж авч чадаагүй нөхцөл байдалд байгаа юм. Мөн талууд 2024 оны 4 дүгээр сард хэлцэл хийсэн гэдэг боловч яг үнэндээ 2024 оны 8 дугаар сард хийгдсэн хэлцэл байдаг. Уг хэлцлийг Д.Бгийн хувьд тухайн үедээ сайн ойлгоогүй, мөн анх зээлсэн мөнгөө гаргаж авах зорилгоор нэхэмжлэгчээс машиныг нь анх авч үлдсэн байдаг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Ө шүүх хуралдаанд нь маргаж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсоны үндсэн дээр өөрийнхөө эрхийг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Уг тээврийн хэрэгсэл одоогийн байдлаар хэний эзэмшилд байгаа нь нэхэмжлэл гаргах цаг хугацаагаар, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй байсан эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Тиймээс нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхтэй субъект гэж тодорхойлох боломжгүй. Хэрэгт *** ХХК-ийн албан бичиг авагдсан байдаг. Уг албан бичгээс харахад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар тухайн тээврийн хэрэгсэл нь *** ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн талаар зохицуулсан. Мөн Зам тээврийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/220 дугаартай шийдвэрийн хавсралтаар авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн улсын дугаар олгох журмыг баталсан байдаг. Уг журмын гол зорилго нь тээврийн хэрэгслийг өмчлөх эрх болон бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохилцуулахад оршдог. Тэгэхээр уг бүртгэлийн журмаар тухайн тээврийн хэрэгслийг өмчлөх эрх бүхий этгээдийг хэн болохыг тодорхойлсон гэж ойлгож байгаа. Тиймээс 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар уг тээврийн хэрэгслийн талаар албан бичиг гаргасан *** ХХК-ийн нэр дээр тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан болох нь харагдаж байна. Мөн уг албан албан бичгээс харахад тухайн байгууллага болон иргэн Д.Б хоёрын хооронд ямар нэгэн байдлаар иргэний хуульд заасан хэлцэл хийгдсэний улмаас уг тээврийн хэрэгсэл нь тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй байсан гэж харахаар байгаа юм. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр *** ХХК-ийн зүгээс албан бичиг гаргасан өдрөө нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд чирэгч болон толгойн үлдэгдэл тооцоо төлж дуусгах тухай хэлэлцээр хийгдсэн байдаг. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад тухайн хэлцлийг хийх эрхтэй субъект нь Д.Б мөн болох нь эргэлзээтэй харагдаж байна. Тиймээс тээврийн хэрэгслийн талаар эрх зөрчигдсөн гэж үзэж хариуцагчийн зүгээс Д.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна гэж харж байна. Учир нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрх нь тодорхой бус этгээд хариуцагч Д.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэх байр суурийг илэрхийлсэн.

Нэхэмжлэгчээс: Чирэгч болон толгойн үлдэгдэл тооцоо төлж барагдуулах тухай Д.Б-, Д.Б нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нотариатчаар гэрчлүүлж хийсэн хэлцлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар хувь, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д.Бгаас Б.Мт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д-ын Б, С Б нар 2001 оны 05-р сарын 10-ны өдөр гэр бүл болсон учир 2001 оны 07-р сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв. гэх бичилт бүхий гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, харилцагчийн нэр С Б, дансны дугаар 00000000, эхлэх огноо 2023-07-01, дуусах огноо 2023-08-31 одоогийн огноо 2024/11/19 гэх бичилт бүхий ХААН банкны дипозит дансны хуулга, Д ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Манай байгууллагын эзэмшилд байгаа 0000 УБП улсын дугаартай чиргүүл нь иргэн Д- овогтой Б /РД:ЛЛ11111111-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн болохыг тодорхойлов гэх бичилттэй 01.82 тоот албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас)

Хариуцагчаас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Б-аас Х.Бод олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлт, (хавтаст хэргийн 15-18, 25, 38 дугаар хуудас)

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бын нэхэмжлэгч Д.Бд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. (хавтаст хэргийн 38-45, дугаар хуудас)

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

 Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Д.Б-тай байгуулсан чирэгч болон толгойн үлдэгдэл төлбөр төлж дуусгах тухай хэлцлийн дагуу төлөгдөх 32,000,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Д.Б эгчээсээ 40,000,000 төгрөг зээлж, өөрөөсөө 2,000,000 төгрөг гаргаж, хариуцагч Д.Б-аас 20,000,000 төгрөгийг зээлж уг тээврийн хэрэгслийг худалдаж авч байсан. Үүнээс хойш удалгүй машинаа явуулж чадахаа болилоо чи энэ машиныг явуулаад мөнгөө гаргаж ав гэж хэлсэн ба 20,000,000 төгрөгөө гаргаж авахын тулд тухайн машиныг өөртөө авч үлдсэнээс биш тээврийн хэрэгсэл худалдаж авах зорилго байгаагүй. Нэхэмжлэгчтэй хэлцлийг 2023 оны 4 сард биш, 2024 оны 8 дугаар сард хийсэн. Тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрх нь тодорхой бус этгээдээс Д.Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чирэгч болон толгойн үлдэх тооцоо төлж дуусгах тухай хэлцлийг байгуулсан байх ба талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг.

Иймээс шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч Д.Бд 2023 оны 4 дүгээр сард багтааж 10,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 32,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлбөр өгөөгүй тохиолдолд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхийг тус тус харилцан тохиролцож гэрээг байгуулжээ.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний зүйл болох 0000 УБП улсын дугаартай, 000000 арлын дугаартай норд бенз загварын чирэгч толгой, 0000 ОЧ улсын дугаартай 000000 арлын дугаартай чиргүүлийн эзэмшил нь *** ХХК-д бүртгэлтэй болох нь www.autobox.mn буюу Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан-ийн нийтэд илэрхий бүртгэл болон дээрх компанийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 57 дугаар хуудас)

Талууд маргаан бүхий тээврийн хэрэгслийн үнийн дүн болон тухайн тээврийн хэрэгсэл нь *** ХХК-д бүртгэлтэй болох талаар маргаагүй, харин нэхэмжлэгч тал автомашиныг хариуцагчид худалдсан гэж, хариуцагч тал тухайн нэхэмжлэлийг тээврийн хэрэгслийн эзэмшигч бус тул Д.Б гаргах эрхтэй этгээд биш, нэхэмжлэгчээс тээврийн хэрэгслийг худалдаж аваагүй, зээлсэн 20,000,000 төгрөгөө буцааж авахын тулд хэлцэл бичгээр хийж, тус тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж тээвэр хийсэн гэж тус тус тайлбар гарган маргасан болно.

Маргаан бүхий 0000 УБП улсын дугаартай, 0000 арлын дугаартай норд бенз загварын чирэгч толгой, 0000 ОЧ улсын дугаартай 0000 арлын дугаартай чиргүүл нь *** ХХК-д бүртгэлтэй боловч бодит байдал дээр уг автомашины эзэмшигч нь нэхэмжлэгч Д.Б мөн болох нь *** ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Э-ын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01.82 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-ийн 57 дугаар хуудас/

Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Д.Б-аас дээрх тээврийн хэрэгслийн үнийн үлдэх төлбөр 32,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй этгээд мөн гэж үзлээ.

Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгчтэй байгуулсан Худалдах худалдан авах гэрээ-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсэх үндэслэл бий болсон байх ба талуудын байгуулсан гэрээний үйлчлэх хугацаа 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж нэхэмжлэгч нь тус шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл болох чирэгч толгой, чиргүүл нь хөдлөх эд хөрөнгийн төрөлд хамаарах ба Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба ийнхүү хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх тохиолдлуудыг мөн хуулийн 111.2.1, 111.2.2, 111.2.3-т тус тус заасан.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж заасны дагуу 0000 УБП улсын дугаартай, 0000 арлын дугаартай норд бенз загварын чирэгч толгой, 0000 ОЧ улсын дугаартай 0000 арлын дугаартай чиргүүл нь нэхэмжлэгчээс хариуцагч Д.Б-ы эзэмшилд шилжсэн болох нь талуудын хооронд байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нотариат гэрчилсэн хэлцэл, зохигчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 2 дугаар хуудас/

Иймээс хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар автомашины үнийн үлдэх төлбөр 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Хариуцагч Д.Б- нь гэрээгээр шилжүүлэн авсан автомашиныг худалдан авч бус, харин өөрийн зээлсэн мөнгийг гарган авах зорилгоор автомашиныг өөртөө үлдээсэн гэж тайлбарлах боловч энэхүү тайлбар нь талуудын хооронд байгуулсан Д- овогтой Б- миний бие нь Д- овогтой Бс УБП 0000 дугаар Норд чирэгч толгой болон 0000 О чиргүүлийн хамт худалдан авсан. Эхний мөнгө болох 10 сая төгрөг 2023 оны 4-р сард багтааж төлөөд үлдэдэл 32 сая 2023.7.1-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа өгөөгүй тохиолдолд хуулийн байгуулаар шийдвэрлүүлэнэ. Хүсэлт гаргасан Д.Б- 0000000, Хүлээн зөвшөөрсөн Д.Б 000000 гэх бичвэр бүхий 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч Ц.А-гийн үйлдлийг гэрчилсэн гэрээгээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, хариуцагч нь дээрх автомашиныг зээлсэн мөнгөө авахын тулд өөрийн эзэмшилдээ авсан бус, харин тухайн автомашиныг нэхэмжлэгчээс худалдан авч эзэмшсэн байна гэж үзлээ.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, мөн хуулийн 251.2 дахь хэсэгт Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж заасан байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт ...Д.Бгийн үлдээсэн машины мотор Сүхбаатар аймаг руу тээвэр хийхээр явж байхад эвдэрсэн. Өөрөөсөө мөнгө гаргаж засаад Улаанбаатар хот руу оруулсан боловч дахиад мотор нь эвдэрсэн. Түүнээс хойш уг машиныг хөдөлгөөгүй. ...гэж тайлбарласан ба худалдан авагч үүргээ зохих ёсоор гүйцэтгэх шаардлага гаргахдаа уг доголдлыг арилгуулах, эсхүл өөр зүйлээр солиулах талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй атал ийм шаардлага гаргаагүй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар дээрх шаардлагыг гаргаагүй бол доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байхад хариуцагч доголдлыг арилгахад гарсан нэмэлт зардлын хэмжээгээр үнийг бууруулахаар шаардлага гаргаагүй.

Мөн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар чирэгч толгой болон чиргүүлийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор дээрх шаардлагыг гаргах эрхтэй байна.

Гэвч хариуцагч тал дээрх шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул хариуцагчийн энэ үндэслэлээр маргааны үйл баримтыг татгалзаж буй тайлбар нь үндэслэл бүхий байж чадаагүй, түүний тайлбар татгалзлыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй нь хэрэгт цугларсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 317,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Б-аас 32,000,000 (гучин хоёр сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 (гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 317,950 (гурван зуун арван долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН