| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0029/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Отгонтуяа |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүхийн тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 17
2018 оны 01 сарын 24 өдөр 2018/ШЦТ/17 Хэрлэн сум МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0029/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул ,
Улсын яллагч Д.Отгонтуяа,
Иргэдийн төлөөлөгч Г.Сүхбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.М-т холбогдох 1739000000095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1990 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булгийн 14-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Ж.М / РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 10-14 тоотод байх өөрийн гэртээ иргэн Ч.М хэвлийн тус газар нь хутгалж, зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.М мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд мал маллаж амьдардаг. 2017 оны 12 дугаар сарын эхээр Хэнтий аймагт ээжийгээ эргэж явсан. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хамаатны дүү Ж.Мийн гэрч очиход Ж.М хүүтэй хамт байж байсан. Би Ж.Мт ганц шил архи ууя гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Би дэлгүүрээс 0.75 граммтай архи авчирч Ж.Мийн гэрт уусан. Дараа нь 0.5 граммын архи авчирч уусан. ... Ж.М шөнө 23 цагийн орчим ганцаараа ирсэн. Намайг сэрээсэн. 2 литрийн том пиво авчирсан байсан. Би Ж.Мт пиво авчирлаа гэж уурласан. Бид 2 пивоныхоо талыг нь хүртэл уусан. Ж.М үлдсэн тал пивийг уурлаад асгасан. Та авчирсан пиво голлоо гэж уурлаад намайг яв гээд хөөгөөд байсан. Би босоод хувцасаа өмс ч байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Тэдний гэрээс гараад явж байтал зүүн ташаа хэсэгт халуун зүйл гараад бие дагаад урсаад байсан. Гэрэлтүүлэгийн дор очоод харахад миний гар цус болсон байсан. Тэгээд Ж.М намайг хутгалсан гэж мэдсэн. Миний биеийн ташаан толгойн дээд хэсэгт зүүн бөөрний хэсэгт зүсэгдсэн шарх байсан. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй”гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
Гэрч С.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Ч.М гэх нутгийн залуу гаднаас би хүнд хутгалуулчихлаа гэж орж ирсэн. ... чи хаанаа хутгалуулсан юм гэж асуухад дээлийнхээ бүсийг тайлаад, цамцаа тайлаад харахад зүүн талын бөөрний өөх нь атгасан гарын чинээ гарсан байхаар нь би түргэн дуудаад, цагдаа дуудсан. Ч.М нэлээн согтуу манайд орж ирсэн түүний хаана амьдардагийг би сайн мэдэхгүй, харин ээж Оюун нь Хэнтий аймагт хүүхэд харахаар намар ирсэн гэж сонссон. Хаана хэнд хутгалуулчихав гэхэд хол хол бүүр урд танихгүй зөрсөн хүнд хутгалуулчихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25 тал/,
Гэрч Т.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн: “... Ч.М гэх манай нутгийн залуу би хутгалуулчихлаа гэж орж ирсэн. Би хараа муутай болохоор Мөнхтамгыг хоолойгоор нь таньсан. Манай эхнэр хаанаа хутгалуулсан юм гэхэд бөөрөнд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаа, түргэн дуудсан. Манай эхнэр л юм асуугаад байсан Ч.М юм хэлэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Шүүгдэгч Ж.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр хүүтэйгээ гэртээ байж байхад Ч.М ах орж ирсэн. Хамт архи ууя гэхээр нь би зөвшөөрөөд хүүхдийнхээ ёолкон дээрээс 10,000 төгрөг авч өгөөд архинд явуулсан. Авчирсан нэг шил архиа ууж дуусаад, Ч.М ах хоол хийж иднэ гээд байсан би түр орхиод дэлгүүрээс 2 литрийн пиво авчраад задлахад Ч.М ах пиво авчирлаа гэж голоод уурлаад байсан. Тэр пивоныхоо талыг нь уугаад уурлаад байхаар нь би гаргаад асгасан. Тэгээд орой болчихлоо та одоо харь хүүхдээ унтуулна гэхэд орилж хашгираад газар хэвтээд гарахгүй байхаар нь би гаргахаар айлгах санаатай хутга бариад очтол хаалга тэгнэж хэвтчихээд орилоод байсан. Хүү маань тархины өвчтэй эрт унтаж амрахгүй айлгаж ичээвэл шөнө унтдаггүй юм. Тэгээд Ч.М ахыг гаргах гэхэд өөрөө өндийгөөд хутганд зүсэгдсэн байсан. Яг тэр өдөр би Ч.М ахыг хутгалсан гэж мэдээгүй. Гаргаад явуулсан. Маргааш нь цагдаа нар намайг хүн хутгалсан байна гэж ирэхэд нь л би хүн хутгалсан гэдгээ мэдсэн. Хэрэлдэж зодолдсон зүйлгүй. Хэрэв тухайн үед мэдсэн бол би эмч дуудаад анхны тусламж үзүүлэх байсан гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн дүгнэлт: 2017.08.11-ний өдрийн 2017.091 Дүгнэлт: 1. Ч.М биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 44 тал/
Хохирогч Ч.М өмсөж явсан дээлний урагдалтыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-6, 8, 12 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 тал/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ч.Ч.М, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд шүүгдэгч Ж.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Учир нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.М “Би Ж.Мт пиво авчирлаа гэж уурласан. Ж.М та авчирсан пиво голлоо гэж уурлаад намайг яв гээд хөөгөөд байсан. Би босоод хувцасаа өмсөж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна. Тэдний гэрээс гараад явж байтал зүүн ташаа хэсэгт халуун зүйл гараад бие дагаад урсаад байсан. Гэрэлтүүлэгийн дор очоод харахад миний гар цус болсон байсан. Тэгээд Ж.М намайг хутгалсан гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч С.Наранцэцэгийн “Ч.М нэлээн согтуу орж ирсэн тэгээд хаана хэнд хутгалуулсан бэ гэхэд хол хол зөрсөн хүнд гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ж.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Ч.М ахыг явуулах гэхэд гарахгүй байхаар нь айлгах санаатай хутга бариад очтол өөрөө өндийгөөд хутганд зүсэгдсэн байх, би хутгалчихлаа гэж тэр үедээ мэдээгүй, маргааш нь мэдсэн, бид хэрэлдэж, муудалцаагүй” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Мийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна гэж шүүх үзлээ.
Иймээс Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирогч Ч.Ч.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байх тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүгдэгч Ж.М нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ж.Мийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Мт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй байж оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөхдөө хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.
5. Шүүгдэгч нь 7 хоног цагдан хоригдсон ба бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгөтэй, хар судалтай хуванцар бариултай, бариулын хоёр тал бичвэртэй 1 ширхэг хутга, хохирогчийн өмсөж явсан хүрэн бор өнгөтэй дээлийг устгасугай.
7. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Энэ шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Л.УЯНГА