Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/424

 

 

 

 

 

    2023           4              19                                       2023/ДШМ/424           

 

 

П.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч П.Г,  түүний өмгөөлөгч О.Санчирбал, Б.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт,

           нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, шүүгч Х.Санжидмаа, шүүгч С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал, өмгөөлөгч О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар П.Гд холбогдох эрүүгийн 2206000000236 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчин овгийн П.Г, 1978 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хуягт танкны механик жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид тэргүүн ахлагч цолтой ангийн ахлагч ажилтай, ам бүл 4, ...............................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /.........................../;

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51а байрны 2 тоотод эхнэр А.Нийг “гадуур хоносон, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон” гэсэн шалтгаанаар хардаж, амь хохирогч бие махбодийн хувьд биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гараараа болон ахуйн хэрэглээний зүйлс болох хоолны халбага, хайруулын таваг, хоолны таваг, шалны мод зэргээр толгой, цээж, дал, хөл гар зэрэг биеийнх нь бүх хэсэгт 2 цагийн хугацаанд хүч хэрэглэн халдаж, биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсч, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт П.Г “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар П.Г 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г урьд нь цагдан хоригдсон 375 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч П.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг гар утсыг шүүгдэгчид буцаан олгож, цагаан өнгийн орны даавуу 1 ширхэг, голоороо хугарсан гурилын ганжин мод 2 ширхэг, цагаан цэнхэр өнгийн төмөр шал арчигч 1 ширхэг, шилэн таглаа 1 ширхэг, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг, бариул хэсэг нь хугарсан хайруулын таваг 1 ширхэг, ёроол хэсэг нь хонхойсон төмөр хувин 1 ширхэг, чернилэн өнгөтэй дотуур хувцас 1 ширхэг, эмэгтэй хүний ариун цэврийн хэрэгсэл 1 ширхэг, хуванцар тунгалаг дөрвөлжин хайрцгийн хагарсан хэсэг 3 ширхэг, хоосон пепси ундааны сав 1 ширхэг, цагаан өнгийн 115В залгуур 2 ширхэг, төмөр шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин. төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сиди хэрэгт хавсарган хадгалж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Зэвсэгт хүчинд 24 гаруй жил алба хаахдаа өөрийн үндсэн ажил үүргээ чадварлаг хангалттай гүйцэтгэхээс гадна хэд хэдэн тусгай ажиллагаанд оролцож зэвсэгт хүчин, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан. Монгол улс 20 жил Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд 2021 онд Өмнөд судан улсад анх удаа түр ажиллагааны бааз байгуулан үүрэг гүйцэтгэхэд миний бие голлон оролцож 2 түр ажиллагааны баазыг шинээр байгуулан 70 гаруй хоног ширэнгэд байрлан эргүүл, цуваанд тасралтгүй явж энгийн иргэдийг хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгэн Монголдоо төдийгүй НҮБ, Олон улсад нэр төртэй Энхийг сахиулагч явсан. Эрхэм шүүгчдээ та бүхний мэргэжил нэгт, Америкийн нэгдсэн улсын Нью Жерси мужын шүүгч Викториа Прат “Алдаа бол ердөө үйлдэл болохоос хүнийг тодорхойлох шинж чанар биш, хүн өөрөө алдаа байж таарахгүй” гэж хэлсэн байдаг шүү дээ.  Шударга шүүгч та бүхнийг дотоод сэтгэлийн хаалгаа нээж над руу өнгийж харна гэдэгт итгэж найдаж байна.  Хань минь миний хувьд маш эрхэм хүн байсан. Бид хоёр армийн цалин, ажиллагааны мөнгөөрөө бор зүрхээрээ зүтгэж энэ амьдралаа бий болгосон. Ид сайхан ухаажиж бие биеийнхээ нөмөрт жаргаж суудаг насан дээрээ ханиа алдсандаа маш ихээр харамсаж, гэмшиж байна. Зөв бодож хүн шиг хүн явах юмсан. Сайн хань, сайн аав байх юмсан гэж өнгөрсөн он жилүүдэд ханыхаа энэ олон хууралт /гэр бүлээс гадуур харилцаанд ордог байсан 20 гаруй хүнийг нь мэднэ, тал нь нэг салбарынхан/ сэтгэл хугалж, сэмлэж ээдүүлсэн үйлдлийг нь бурхнаас ч илүү тэвчиж байсан. Эхнэрээ 1, 2, 7, 10 хоногоор яваад ирэхэд нь аргадаж учирлаад одоо л намайг ойлгох байх гэж итгээд шартсан үед нь бантан хийж өгөөд хүйтэн уух юм дөхүүлээд, ухаарал хайрласан дууны үг, шүлэг бичиж өгөөд, интернэтээс сэтгэл зүйч нарын зөвлөгөөг уншиж эрүүл үед нь хэлж өгдөг байсан. Эхнэр маань уучихаараа нэлээд агсан намайг хөөж тууна, согтуугаараа далимдуулж цохино, тэр үед 2 хүү маань аав нүдэнд нь битгий харагд бид хоёр унтуулчихъя гэдэг байсан. Би эхнэртээ хөөгдөөд зун машиндаа сууж радио сонсоно, өвөл подвалдоо орж суудаг байсан. Та бүхэн ганцхан эр хүн архи ууж ар амьдралаа зовоодог гэж битгий бодоочдээ. Эмэгтэй хүн ч бас найгүй архи ууж ар гэртээ тамладаг гэдгийг ойлгож үзээч. Би өөрийн гэмтэй үйлдлээ зөвтгөх гэсэнгүй ээ. Миний буруу, миний түмэн буруу өршөө намайг. Хүн олон хүнтэй харьцдаг хамгийн муухай доромжлол, гомдмоор үгийг гэр орноосоо, хамгийн хайртай хүнээсээ л сонсох юм. Бид хоёр хорин хэдэн жилийн өмнө 20 гаран насандаа айл гэр болж 2 сайхан хүүтэй болсон. Гэтэл хань минь Энхийг сахиулах ажиллагаанд явж явж дөнгөж гэртээ ирсэн нөхрөө өөртэйгөө унтаж хэвтэж явалддаг хорин хэдтэй хүүхэдтэй зүйрлэж доромжлоход тэссэнгүй гомдсон гомдол минь үйлдэл болж үр дүнд нь асар том хагацал зовлонд унагалаа. Хоёр хүүгээ маш ихээр өрөвдөж, маш ихээр харамсаж гэмшиж байна. Тэр үед дөнгөж Энхийг сахиулах ажиллагаанаас ирсэн байсан болохоор дайн байлдааны цагийн байдлаас гараагүй, ажиллагааны стресттэй байсан үе. Хайртай бүхнээ санан сана гэртээ ирэхэд эхнэр маань гэр орондоо байхгүй 10 гаруй хоног хүлээлгэснийхээ дараа согтуу ирээд хүн битгий хэл бурхан ч тэсэж тэвчихээргүй хорон үгээр дайрч доромжлоосноос болоод миний сэтгэл зүйн бэлтгэл тэсэж чадаагүй. Ийм харамсаад гэмшээд барахгүй үйлдэл хийсэндээ үгээр хэлшгүйгээр гэмшиж харамсаж байна. Орчлонд үлдэж байгаа нь үхлийг дэндүү ихээр мэдэрдэг юм байна. Харамсаж гэмшиж элэг, зүрх сэтгэлээ урж тасдаж, эмтэрч шаналал мэдэрч байна. Бас хатуужиж  уучилж, тэвчин хүлцэж амьдралыг хайрлаж, үр хүүхдүүдийнхээ төлөө улаан голоо тасартал чадах бүхнээ хийх ёстойг, цаг хугацааны үнэ цэнийг ойлгож үхэхээсээ өмнө амжуулж олон сайхан зүйлийг хийхийг хүсэж байна. Би ходоодны шархтай болчихсон болохоор надад цөөхөн хэдэн жилийн нас үлджээ. 2022 оны 10 дугаар сарын 20-нд шинжилгээний дүнг өмгөөлөгч маань шүүхэд танилцуулсан байгаа. Миний амь зөвхөн минийх бишээ. Эх орны маань амь давхар байгаа, эцэг эх маань өвлүүлж өгсөн ирээдүйд үр ачдаа үлдээх амь шүү дээ. Миний бие 1998 оны 1 дүгээр сарын 2-нд 5 толгой Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв орчмоор болсон цасан шуурганаас 80 гаруй хүний амийг аварч Зэвсэгт хүчний 028 дугаар анги дээр цуглуулж амь насыг нь хөлдөлтөөс аварч явсан. Асуувал манай 150 дугаар ангийн захирагч хурандаа Цэрэнчимэд мэдэж байгаа. Ямар их хичээж амьдарч байсныг минь та бүхэн мэддэгч болоосой. Эх орон, төр ард түмэн та бүхнийхээ төлөө амь насаа үл хайрлан үхэхээс айхгүй үнэнч зүтгэснийгээ минь харж үзэж өршөөл нигүүлсээ хайрлаач шударга үнэний шүүх минь. Миний том хүү Эрхтөр бүх шүдээ эмчлүүлэх шаардлагатай ихэнх нь цоорхой, 2 хөл нь өвдөг, шилбэ, шагайгаараа байнга өвдөж бариулдаг. Бага хүү Ихтөр маань 2017 оноос үс нь унаж үстэй байх бүх газар нь үсгүй болсон. Толгой нь гялаан хуйх, 2 хөмсөггүй Монгол Улсад онош нь тодорхойлогдохгүй байгаа. Солонгос явж хуйхны шинжилгээ өгөх, мөн 2 чихний хэнгэрэг нь цоорхой булаг гардаг, хэнгэрэг нөхүүлэх шаардлагатай. Би өөрөө 2 чих цоорхой насаараа “Дүүлий хараараа” дуудуулсан. Хүүгээ өөр шигээ дуудуулмааргүй байна. Өмнө нь хоёр хүүгээ эмчлүүлэх санхүүгийн ямар ч боломж байгаагүй, байр цалингийн зээл төлдөг байж байгаад сая явсан энхийг сахиулах ажиллагааны мөнгөөрөө бүх зээлээ төлж дуусгасан. Мөн миний 2 хүүгийн сурч боловсорч, мэргэжил эзэмших ирээдүй нь бүрхэг болчихлоо. Туслах, дэмжих, зааж зөвлөх, чиглүүлэх хүнгүй болчихлоо. Би үр хүүхдүүдийнхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаа болохоор дэмий бачимдаж, давчдаж зүрх гаднаа гарчихсан мэт савлаж, уйлах юм. Үр хүүхэд, хадам ах, эгч, хайртай бүхнийхээ төлөө энэ биеийг танагтай байгаа дээр зүтгэх юмсан гэсэн бодол ясанд минь тулж зүрхээрээ ярьж хэлж байгааг минь та бүхэн ойлгож мэдрээсэй. Би хэн байснаа эх орон, төр, ард түмэндээ дахин харуулахын төлөө амьд байж зүтгэх ёстой. Энэ бүх хүсэлтээ үгээр сайн хэлж ойлгуулж чадахгүй байх шиг байна. Хүн нас ахих тусам ертөнцийг өөр өнцгөөр хардаг гэдэг. Би амьдралын өнгөрч буй хором бүрд туйлын ихээр харамсаж байна. Миний эх орон, төр, ард түмэн, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, даян дэлхийн энх амгалангийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэснийг минь үргэлж бусдад туслахын төлөө хичээж явсныг минь гэр бүл үр хүүхдүүдийнхээ төлөө тэсэж, тэвчиж хичээж амьдарч явсныг минь, үлдсэн 2 хүүгийн минь ирээдүйг бодож оногдуулсан ялаас минь хасч, өнгөрсөнд бүтээсэн байгуулсан, оролцож сайн сайхан үйлсийг, хөдөлмөр хөлсийг минь харж үзэн, 2 хүүгийн минь алдаж гишгэх гээд байгаа амьдрал, үр хүүхдүүдтэйгээ уулзаж сэтгэлээ нимгэлж, зааж зөвлөж байхыг минь харгалзан үзэж дэглэмийг минь өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Г өмгөөлөгч Б.Баасанжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч П.Г нь, ажиллаж байсан цэргийн анги, байгууллагадаа нэр хүндтэй, үлгэр жишээч тэргүүн ахлагч байсан бөгөөд Монгол Улсаас Нэгдсэн үндэсний байгууллагын мандат дор олон удаа энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож ирсэн туршлагатай алба хаагчаас гадна олон удаагийн гавьяа шагнал хүртэж байсан юм. Анги байгууллагадаа хүндэтгүүлэхийн тулд гэр бүлийн байдал тогтвор суурьшилтай байх нь томоохон нөхцөлүүдийн нэг болсон байдаг. Тэрээр эхнэрийнхээ гадуур явдаг, архи уудаг, гэр бүлээ хайхардаггүй, гэр бүлээс гадуур харьцаатай байсныг мэдэж байсан хэдий ч амьдрал, гэр бүлийн, үр хүүхдүүдийнхээ төлөө гэр бүлээ салгаж сарниахгүйн тулд эхнэрээ уучилж ирсэн нэгэн. Шүүхийн тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд гэр бүлийн хүн А.Нийг “хардаж” гэх үгийг хэрэглэн яллах талыг хэт их барьсан. П.Г нь эхнэр А.Нийг хардаагүй, харин  гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн гэрч Т.Бтэй бэлгийн харьцаанд удаан хугацаанд ордог байсныг мэдсэн. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд хүрсэн. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцон 15 жилийн хорих ял оногдуулсан. Хардах гэдэг нэр томьёо нь гэр бүлийнхээ хүний хийгээгүй, хэлээгүй зүйлийг нь хийсэн болгож мушгин гуйвуулах оролдлого буюу үл итгэх явдлыг хэлдэг. Гэтэл амь хохирогч А.Н нь бусадтай гэр бүлээс гадуур бэлгийн харьцаанд орж байсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Б мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон байхад түүнийг буруутган гуйвуулж байгаа нь харамсалтай байна. Түүнчлэн амь хохирогч өөрийн үйл хөдлөлөө удирдан жолоодож чадваргүй байсан тул өөрийгөө хамгаалах боломжгүй нөхцөл байдалд П.Г нь удаан хугацаанд зодсон мэтээр буюу 19:30 минутаас 23:00 цаг хүртэл тасралтгүй зодон тарчлаан зовоосон мэтээр хэт өрөөсгөл байдлаар нотлох баримтуудыг дүгнэж, шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь өөрийнхөө биеийг бусдын хууль бус халдлагаас хамгаалах чадваргүй байсан гэж шууд дүгнэн миний үйлүүлэгч П.Г буруутган дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял ногдуулсан нь өрөөсгөл юм. Учир нь амь хохирогч өөрөө П.Г үсдэн эсэргүүцээд улмаар амь хохирогч өөрийн буруутай үйлдлийн улмаас өөрийгөө бусдын халдлагаас хамгаалахгүй байхаар шийдэж сонголт хийсэн байх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгээс харагддаг. Энэхүү нөхцөл байдал бүрэн дүүрэн эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шийдвэр гарган хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт буруутайд тооцон ял ногдуулсанд гомдолтой байна. Мөн түүнчлэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт нь өрөөсгөл буюу харилцан нөхцөлүүдээ үгүйсгэсэн буюу олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж шууд үхэлд хүргэсэн тухай бичсээр байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шинжээчийн дүгнэлтийг туйлын үнэн мэтээр ойлгож хэргийг шийдвэрлэлээ. Шинжээчийн дүгнэлт болоод шинжээч эмчээс авсан мэдүүлгүүдэд дурьдсанаар амь хохирогчийн олон тооны хавирганы хугарлууд нь арьсан дээр хөхрөл, няцрал үүсэхгүйгээр үүсэж болно гэж тодорхойлсон байгаа нь П.Г нь амь хохрогчийн зүрхэн тус газар буюу яг хавирганы хугарал болсон хэсэгт зүрхний массаж хийж амь хохирогчийн амь насыг аврах оролдлого буюу болгоомжгүй байдлаар дээрх хавирганы хугарлуудыг үүсгэснийг анхан шатны шүүх огт дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадахгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “онц харгис хэрцгийгээр, мөн зүйлийн 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ... болохыг мэдсээр байж” гэснийг хүчингүй болгож түүний үйлдэл холбогдолд тохирсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял...” шийтгэлийг шүүгдэгч П.Гд оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, О.Санчирбал нар хамтран гаргасан заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч П.Г нь 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эхнэр А. Нийг гадуур хоносон, гэр бүлээс гадуур харилцаанд орсон зэргээр зодож амь насыг нь хохироосон үйлдэл, гэм буруу, хор уршгийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байдаг. Шүүгдэгчийн эцсийн үг хэлэхдээ гэм буруугийн болон амь хохирогч А.Нийн хувийн байдал, гэр бүлийн харилцааны талаар тодорхой мэдүүлж байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас учирсан хор уршиг, тэдгээрийн дотоод зүй тогтол, харилцан хамаарлыг шалтгаант холбоо гэж эрүүгийн эрх зүйн хэрэглээний хувьд тайлбарлах ба бодит хор уршиг шаардсан буюу материаллаг шинжтэй гэмт хэргийн хувьд “үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг тэдгээрийн дотоод харилцан хамаарал зүй тогтол болох шалтгаант холбоо” зайлшгүй тогтоогдсон байхыг шаардах ба энэ нь амьдрал гарсан үйл явдалд гэмт хэргийнх шинж байгааг тогтоох обьектив талын үндсэн шинж болдог. Эрүүгийн хуулийн хэрэглээний энэхүү ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас учирсан хор уршиг, шалтгаант холбоотой байх тухай хуульчлан заажээ. Үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, шалтгаант холбооны талаарх хэрэглээний ойлголт зүйлчлэл эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтыг иш үндэслэл болгон миний үйлчлүүлэгчийн холбогдох хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжилж нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч П.Г амь хохирогчийн зодсон үйлдэл, амь хохирогчийн амь нас хохирсон хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоог тогтоож байгаа шинжээчийн дүгнэлт нь тусгай мэдлэгийн болон шинжлэх ухааны үндэслэл бүхий эргэлзээтэй дүгнэлт гаргасан байна. Энэ нь шинжээчийн мэдүүлэг, дүгнэлт нь зөрүүтэй, агуулга, ойлголтууд тодорхойгүй байгаагаар тайлбарлагдана. 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 395 дугаар шинжээчийн дүгнэлтэд хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талууд шинжлэн судалсан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.5-д “шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх” шүүх шинжилгээний зарчмыг хуульчлан заажээ. Шүүгдэгч П.Г “тэгээд сандраад түргэн дуудсан. Тэгээд хиймэл амьсгал хийсэн ...хоёр гарын алгыг нийлүүлж байгаад цээжин хэсэг дээр нь олон удаа хүчтэй дарьж амьсгал оруулахыг оролдсон” гэх яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн 395 дугаар дүгнэлтэд “үхлийн шалтгаан болж буй олон хавирганы хугарал нь хиймэл амьсгал оруулах дээрх үйлдлийн улмаас бий болсон байж болзошгүй гэж үзэх үндэслэл байсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг нь хавтас хэрэгт авагдсан цогцост хийсэн гадна үзлэгийн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтэд амь хохирогчийн биеийн цээж хавирганы хэсэг, хажуу талд ил харагдах шарх, гэмтэл, хөхрөлт, зулгаралт байхгүй байгааг тусгасан нотлох баримтын эх сурвалжаар тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй юм.

Үүнээс хавирганы орчим цээж хэсэгт цохих зэрэг үйлдлийг хийгээгүй болох нь тодорхой харагддаг. Шинжээч эмчээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “шууд болон шууд бус хугарал гэж байдаг. Энэ тохиолдолд шууд хугарал байсан. Мохоо зүйл нь өргөн хүрээтэй ойлголт, хүний алга нь мохоо зүйлд хамаарна. Хиймэл амьсгал хийх үед шууд болон шууд бус хугарал үүсдэг” гэж  мэдүүлдэг боловч шүүхийн хэлэлцүүлэгт “зөвхөн шууд хугарал үүсдэг” гэж зөрүүтэй мэдүүлж байгаа нь гэмтэл үүсгэх механизмыг хоёр өөр байдлаар тайлбарлаж байгаа нь харагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчээр өгсөн мэдүүлэгт “олон тооны хавирганы хугарлаас өөхөн бөглөөдөс үүснэ. ...хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт зэрэг дээрх гэмтлүүд үхэлд хүргэхгүй” гэсэн мэдүүлэг өгчээ. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хиймэл амьсгал хийх үед олон хавирганы хугарлын улмаас өөхөн бөглөөдөс үүсч үхэлд хүргэх боломжтой гэсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нь “миний мэдүүлэгт боломжгүй гэсэн боловч тэр нь цогцсын хувьд гэсэн” гэх шинжилгээний объектын хувьд ойлгомжгүй зөрүүтэй мэдүүлгээс гадна “массаж хийхдээ хавтгай хатуу гадаргуу дээр хийх ёстой байдаг. Зөөлөн орон дээр хийхэд хүн хөдлөөд байдаг учир анхны тусламж авдаггүй” гэж хиймэл амьсгал хийх аргачлалын тухай мэдүүлсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хиймэл амьсгал хийсэн эсэх мөн хиймэл амьсгал хийх үед анхны тусламж авах боломжтой байсан эсэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар мэтгэлцээгүй ба тухайн нөхцөл байдалд хиймэл амьсгал хийх үед хүчтэй дарагдах үед олон хавирганы хугарал учрах боломжтой эсэх талаар тусгай мэдлэгийн үндэслэл эргэлзээтэй талаар мэтгэлцэж оролцсон. Шинжээчийн тусгай мэдлэгийн үндэслэл эргэлзээтэй гэж үзэх дараах үндэслэл шүүхийн хэлэлцүүлэгт дахин тогтоогдсон. Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “ковид 19” халдвараас хүндрээд нас барах тохиолдол их байдаг. “Ковид 19” өвчнөөр өвчилсөн. Энэ хүний уушгийг шинжлэн судлахад тэрнээс үүссэн нөхцөл байдал байгаагүй. Үүнийг энгийн нүдээр хараад мэднэ” гэж мэдүүлсэн боловч энэ талаар шинжээчийн дүгнэлтэд дүгнээгүй. Хэргийн үйл баримтаас үзэхэд амь хохирогч тухайн үед “ковид 19” өвчнөөр өвчилсөн эмнэлгээс дөнгөж гарсан үйл баримт тогтоогдох ба энэ өвчний улмаас цус өтгөрөх байдал өөхөн бөглөөдөс үүсэх боломжтой эсэх нөхцөл байдалд хариут өгч байгаа шинжээчийн мэдүүлэг эргэлзээтэй байна. Шинжээч эмч энгийн нүдээр хараад мэднэ гэх боловч “ковид 19” өвчний вирусээр өвчилсөн эсэхийг PCR шинжилгээний аргачлалаар нарийвчлан тогтоодог нь нийтэд илэрхий болсон ойлголт байдаг. Энэ нь шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтийн шинжлэх ухааны үндэслэлийг эргэлзээтэй болгож байна. Шинжээчийн дүгнэлтийн шинжлэх ухааны болон тусгай мэдлэг нь үндэслэл бүхий эргэлзээтэй байгаа байдал нь шинжээчийн мэдүүлэг нь агуулгын хувьд эрс зөрүүтэй, үндэслэл болгож буй тусгай мэдлэг нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгааныг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх хангалттай үндэслэл болоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад заасан “онц харгис хэрцгий аргаар” “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хангасан байна гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн эсэх талаар өмгөөлөгч нар маргахгүй ба өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц хэрцгий аргаар” хүнийг алах үйлдлийн талаар “хохирогчид олон тооны гэмтэл шарх учруулах, зовуурь шаналгаа үүсгэх, ойр дотны хүмүүсийн дэргэд алсан байхыг” ойлгох тухай эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын Дээд шүүх албан ёсоор тайлбарласан байна. Тайлбарын агуулгаас үзэхэд нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хүнийг алахдаа олон тооны шарх гэмтэл үүсгэсэн нь олон тооны буюу бодит шинж болдог. Субьектив шинжийн хувьд хохирогчийг амьдад нь өвдөлт, зовуурь шаналгаа үүсгэх аргыг урьдчилан сонсгосон тэрхүү аргаар хүний амь насыг хохироох, хор уршигт зориуд хүргэсэн, хүсч үйлдсэн байхыг ойлгох ба урьдаас төлөвлөсөн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэх явцдаа гэнэт үүссэн шууд санаагаар, нэг болон хэд хэдэн үйлдлийн улмаас амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нь энэ зүйлээр зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно гэж өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж байгаа болно. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч амь хохирогчд олон тооны шарх, гэмтэл учруулах, зовуурь шаналгаа үүсгэх санаа зорилго байгаагүй нь тогтоогддог. Шүүхээс “хохирогчийг зодож, цохисон үйлдэл оройны 19:30 минутад эхэлж шөнийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн болохыг шүүгдэгч өөрөө тодорхой мэдүүлдэг” гэх мэдүүлгийг үндэслэн дүгнэх боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь нотолгооны хүчин зүйлийн хувьд хангалтгүй, мөн тэр цаг хугацаанд маргалдаж, хэрэлдсэн нөхцөл байдлыг энэ хугацаанд тасралтгүй цохиж, зодсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймээс хуулийн хэрэглээ, хэргийн зүйлчлэлийн хувьд өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авагч, шүүгдэгч П.Г үйлдлийг “онц харгис хэрцгий аргаар” хүнийг алсан гэж зүйлчлэх үндэслэл, тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “Биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” санаатай алах зүйл хэсгээр зүйлчилсэн зүйлчлэлийг эс зөвшөөрнө. Бие хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэдэгт амь хохирогч бага насны, согтуурсан болон мансуурсны улмаас биеэ хамгаалах чадвар бүрэн алдагдсан байхыг ойлгодог. Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн “талийгаачийн цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь дунд зэргийн согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах бодис илрээгүй. Хувь хүний архи даах чадвар өөр өөр байдаг” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “эхнэр надад би ээмэг бөгжөө ломбардад тавьчихсан, хүн гуйсан юм, эргүүлээд авчихна. Эхнэр араас би хаагуур явж байх нь чамд ямар хамаатай юм бэ. Намайг үсдэж аваад доошоо дарсан” гэх мэдүүлэг нь амь хохирогчийг орчин тойрондоо харьцах чадвартай, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, үйлдэл хийх чадвартай буюу бие хамгаалах чадваргүй байдал алдагдаагүй байсныг нотолж байдаг. Шүүгдэгч нь хэрэг гарсан үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаа талаар илэрхийлэн мэдүүлэг өгөхдөө тухайн үед амь хохирогч, шүүгдэгч нарын хоорондын үг, яриа, харилцаа, маргалдсан байдлыг тодорхой мэдүүлдэг бөгөөд үүнээс хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдал алдагдаагүй нь тодорхой тогтоогддог. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа шинжээчийн дүгнэлт бүрэн бодитой эсэхэд дүгнэлт хийж давж заалдах шүүхийн шатанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хэргийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу түдгэлзүүлж өгөх үндэслэл байгаа эсэхийг хянаж өгнө үү. Хэрэв шүүхээс шинжээч томилох шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрвэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шаардлагагүй гэсэн дүгнэлтэд хүрвэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалжуудаар тогтоогдож байгаа үйл баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч П.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Г өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, агуулга ойлголтууд нь тодорхойгүй. Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийхэд баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн сарвууны шарх гэх мэт гэмтлүүд тогтоогддог. Шинжээч эмчээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “шууд болон шууд бус хугарал гэж байдаг. Энэ тохиолдолд шууд хугарал байсан. Мохоо зүйл нь өргөн хүрээтэй ойлголт, хүний алга нь мохоо зүйлд хамаарна. Хиймэл амьсгал хийх үйд шууд болон шууд бус хугарал үүсдэг” гэж  мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө “зөвхөн шууд хугарал үүсдэг” гэж гэмтэл учруулсан механизмын талаар хоёр өөр байдлаар тайлбарласан нь эргэлзээтэй байдал үүсгэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч “олон тооны хавирганы хугарлаас өөхөн бөглөөдөс үүснэ гэж мэдүүлсэн байдаг. Хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсны доорх цус харвалт, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт зэрэг дээрх гэмтлүүд үхэлд хүргэхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хиймэл амьсгал хийх үед олон хавирганы хугарлын улмаас өөхөн бөглөөдөс үүсэж үхэлд хүргэх боломжтой гэсэн нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч нь “миний мэдүүлэгт боломжгүй гэсэн боловч тэр нь цогцсын хувьд гэсэн” гэх шинжилгээний объектын хувьд ойлгомжгүй зөрүүтэй мэдүүлгээс гадна “массаж хийхдээ хавтгай хатуу гадаргуу дээр хийх ёстой байдаг. Зөөлөн орон дээр хийхэд хүн хөдлөөд байдаг учир анхны тусламж авдаггүй” гэж хиймэл амьсгал хийх аргачлалын тухай мэдүүлдэг. Гэтэл “хиймэл амьсгал хийсэн эсэх мөн хиймэл амьсгал хийх үед анхны тусламж авах боломжтой байсан эсэх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нар маргалдаагүй ба тухайн нөхцөл байдалд хиймэл амьсгал хийх үед хүчтэй дарагдах үед олон хавирганы хугарал учрах боломжтой эсэх талаар тусгай мэдлэгийн үндэслэл эргэлзээтэй талаар мэтгэлцэж байгаа. Өөхөн бөглөөдөс гэдэг онош бол “ковид 19” өвчнөөр өвчилсөн энэ үед өөхөн бөглөөдөс үүсдэг гэж агуулга бүхий мэдүүлгүүд байгаа. Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт энэ хүний уушгийг шинжлэн судлахад тэрнээс үүссэн нөхцөл байдал байгаагүй гэж мэдүүлдэг. Шинжээч эмч энгийн нүдээр хараад мэднэ гэх боловч “ковид 19” өвчний вирусээр өвчилсөн эсэхийг PCR шинжилгээний аргачлалаар нарийвчлан тогтоодог нь нийтэд илэрхий болсон ойлголт байдаг. Шинжээчийн дүгнэлтийн шинжлэх ухааны болон тусгай мэдлэг нь үндэслэл бүхий эргэлзээтэй байгаа байдал нь шинжээчийн мэдүүлэг нь агуулгын хувьд эрс зөрүүтэй, үндэслэл болгож буй тусгай мэдлэг нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгааныг эргэлзээгүй тогтоосон гэж үзэх хангалттай үндэслэл болоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад “Биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж” санаатай алах зүйл хэсгээр зүйлчилсэн зүйлчлэлийг эс зөвшөөрч байгаа. Хууль хэрэглээний гол үндэслэл нь шинжээч эмчийн талийгаачийн цусанд 1.7 промилли спиртийн агууламж илэрдэг. Гэхдээ дунд зэргийн согтолттой гэж дүгнэсэн. Цусанд мансууруулах бодис илрээгүй. Хувь хүний архи даах чадвар өөр өөр байдаг гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “эхнэр надад би ээмэг бөгжөө ломбардад тавьчихсан, хүн гуйсан юм, эргүүлээд авчихна. Эхнэр араас би хаагуур явж байх нь чамд ямар хамаатай юм бэ” гэх мэдүүлэг нь амь хохирогчийг орчин тойрондоо харьцах чадвартай, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, үйлдэл хийх чадвартай буюу бие хамгаалах чадваргүй байдал алдагдаагүй байсныг нотолж байдаг. Шүүгдэгч нь хэрэг гарсан үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгч байгаагаа илэрхийлсэн. Шинжээчийн дүгнэлтэд 1.7 промилли гэдэг хувь нь тухайн хүний архи даах чадвар өөр өөр байдаг учраас биеэ хамгаалах чадваргүй байдал гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгчийг “онц хэрцгий аргаар” хүнийг алсан” гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Субьектив шинжийн хувьд хохирогчийг амьдад нь өвдөлт, зовуурь шаналгаа үүсгэх аргыг урьдчилан сонсгосон тэрхүү аргаар хүний амь насыг хохироох, хор уршигт зориуд хүргэсэн, хүсч үйлдсэн байхыг ойлгодог. Харин хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэх явцдаа гэнэт үүссэн шууд санаагаар, нэг болон хэд хэдэн үйлдлийн улмаас амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан байхыг онц хэрцгий арга гэж үзэхгүй гэж Улсын Дээд шүүхийн хэрэг маргааныг шийдвэрлэх замаар Эрүүгийн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар практикуудаас харагдаж байгаа. Шүүхээс “хохирогчийг зодож, цохисон үйлдэл оройны 19:30 минутад эхэлж шөнийн 23.00 цаг хүртэл үргэлжилсэн болохыг шүүгдэгч өөрөө тодорхой мэдүүлдэг” гэх мэдүүлгийг үндэслэн дүгнэх боловч шүүгдэгчийн мэдүүлэг нь нотолгооны хүчин зүйлийн хувьд хангалтгүй, мөн тэр цаг хугацаанд маргалдаж, хэрэлдсэн нөхцөл байдлыг энэ хугацаанд тасралтгүй цохиж, зодсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн дүгнэлт, мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй. Иймээс давж заалдах шүүхийн шатанд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж үхлийн шалтгааныг тогтоож, Г үйлдлийн улмаас учирсан болон шалтгаант холбоог хууль зүйн үндэслэлтэй, тусгай мэдлэгийн үндэслэлтэй, шинжлэн ухааны үндэслэлтэй тогтоолгож өгнө үү.  Хэрвээ боломжтой гэж дүгнэлт өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь заалтад зааснаар зүйлчлэлийг, ялангуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан үйлдсэн гэдэг зүйлчлэлийг эс зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор оршуулгын зардалд шүүгдэгч П.Г ар гэрийн зүгээс 20.940.715 төгрөгийг зарцуулсан. Дээрх баримтыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар гаргаж өгсөн. Анх мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш П.Г хувьд сэжигтэн, яллагдагчаар оролцож байхдаа мэдүүлгийн эх сурвалжаар хэргийн үйл баримтын талаар өөрийн мэдэх зүйлийн хүрээнд ярьсан. Мэдүүлгийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж бусад байдлаар тогтоогдсон. П.Г зүгээс өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрэв зүйлчлэлийг хөнгөрүүлсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэх зэргийг хувийн байдлыг харгалзан үзээд цаашид эцэг байх, үр хүүхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээ биелүүлэхэд нь тодорхой боломжоор хангах зорилгоор тухайн хаалттай дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Гд холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Өмгөөлөгч О.Санчирбал, Б.Бат-Ерөөлт нараас шинжээчийн дүгнэлтэд өөхөн бөглөөдөс үүссэн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй гэх гомдлыг гаргасан байна. Амь хохирогчийн биед үүссэн бүхий л гэмтлүүдээс уг өөхөн бөглөөдөс шалтгаант холбоотой үүсдэг гэдгийг шинжээч эмч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөх замаар нөхцөл байдлыг тодорхойлсон. Хэргийн үйл баримттай амь нас эрсэдсэн шалтгаан нөхцөл хангалттай тогтоогдсон гэж үзээд шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн. Хавирганы гэмтлийг өмгөөлөгч нарын зүгээс хиймэл амьсгаа хийхэд үүссэн гэж тайлбарладаг. Шинжээчийн мэдүүлгээр хиймэл амьсгаа хийхэд уг гэмтэл үүсэхгүй, цохилтын улмаас үүсэх боломжтой гэмтлүүд байна, хиймэл амьсгаа хийхэд шууд бус хугарал үүсдэг гэж байгаа. Тэгэхээр хиймэл амьсгаа хийсэн байх боломжгүй. Хэрэгт 3 төрлийн хяналтын камерын бичлэг байдаг. Амь хохирогчийн архи ууж байгаа байдал, зодуулсны дараах байдал, нас барсан байдал гээд 3 бичлэг байгаа. Зодоон эхлэх үе, зодуулсаны дараах үе энэ хоёрын хооронд цагийн зөрүү үүсч байгаа. Уг цагийн зөрүүгээр 2 цаг зодсон гэдгийг тодорхойлж гаргасан. Өөхөн бөглөөдөс үүсгээд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. Энэ эмнэлзүйн шинж тэмдэг хиймэл амьсгаа хийхээс өмнө эхэлсэн нь хяналтын камерын бичлгээр тогтоогддог. Хиймэл амьсгаа хийхэд хавирганы гэмтэл үүсээгүй гэдгийг үгүйсгэж байна. 2 цагийн хугацаанд зодуулахдаа П.Г биед ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй нь шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлээр харагдана. Олон төрлийн гэмтэл шарх авч байгаа хүн биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдэг нь тухайн нотлох баримтуудаар шинжлэн судлахад тогтоогддог. Амь хохирогчийн 2 цагийн турш зодуулж, биед нь олон тооны гэмтэл, шарх, зовуурь үүсээд, ямар байдалтай нас барж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэж дүгнэсэн. Яагаад хаалттай хорих ангид 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг амь хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэдгийг харгалзан үзсэн гэж бодож байна. Улсын яллагчийн зүгээс 16 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэх саналыг гаргасан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул оролцогч нараас гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Г нь эхнэр А.Нийг “гадуур хоносон, гэр бүлээс гадуурх харилцаанд орсон” гэсэн шалтгаанаар хардаж, амь хохирогч бие махбодийн хувьд биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, гараараа болон ахуйн хэрэглээний зүйлс болох хоолны халбага, хайруулын таваг, хоолны таваг, шалны мод зэргээр толгой, цээж, дал, хөл гар зэрэг биеийнх нь бүх хэсэгт 2 цагийн хугацаанд хүч хэрэглэн халдаж, биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсч, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож, хүнийг алсан болох нь:

                   хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дийн “...Би Г энэ хэргийг санаатай хийсэн гэж үзэж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” /1хх 77/,

            гэрч Д.Дын нөхөр нь над руу залгаад чи ямар нэг аргаар олоод өгөөч гэсэн. Тэр өдөр талийгаач хэнтэй архи уусныг би мэдээгүй тухайн айлын эзэн Б гаднаас миний дараа орж ирсэн. Тэгээд би нөхөр рүү нь залгаад Мөнхжаргал гээд ажлынхаа газрын хүний гэрт байна би бунхны энд аваад очно чи хүрээд ир, тэгээд би ажлынхан газрын хүн рүү залгасан тэгээд би ойрхон байна та ирээд машин авчих гээд би гэрээс нь очиж машиныг нь аваад талийгаачийг суулгаад байж байсан чинь нөхөр нь ирсэн. Чимгээ надтай хамт 19 цагийн үед хүргэж өгчихөөд бид хоёр буцаж бунхны тэнд буугаад доошоо гэр рүүгээ алхаж явсан. Гэртээ хэвтэж байтал талийгаачийн нөхөр над руу залгаад Нараа бид хоёр ганц юм уугаад сууж байна хүрээд ирэх үү, чиний ярьснаас шал өөр юм яриад байна гэсэн тэгэхээр нь би одоо очих боломжгүй байна, 2 охиныг харах хүн байхгүй гэсэн чинь цаанаас нь талийгаач Даавка зөв яриарай гэсэн, талийгаач чамайг манайд хоносон гэж хэлээрэй гэж хэлснээр нь би нөхөрт нь хэлсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. ...” /1хх 80-81/,

            гэрч Т.Б “...Н манай эрт ирэхэд манай ажлын Мөнхжаргал, Ц нар байсан бөгөөд би 2022 оны 1 дүгээр 16-ны өдөр хээрийн бэлтгэлээс бууж ирээд манай гэрт бид гурав карентилагдаж байсан. Нийг манай гэрт орж ирэхээр нь хэдүүлээ архи ууя гэдэг санааг би гаргаад, Нийг та пиво аваад өгөөч гэсэн чинь Н манай ангийн Дын данс руу мөнгө хийгээд Д манай гэрт удалгүй 10-20 минутын дараа гаднаас ирэхдээ 2 литрийн савлагаатай нийслэл пиво, тамхитай авч орж ирсэн. Бид 5 хувааж уугаад дараа нь дахиад 2 литрийн савлагаатай нийслэл пиво 2-ыг авч уусан. Тэгээд дараа нь үргэлжлүүлээд хоёр ширхэг 0,75 литрийн савлагаатай Соёрхол архи аваад манай гэрт хувааж ууцгаасан. Тэгээд бүгдээрээ тасраад унацгаасан. Би орой Нийг та гэртээ харихгүй юм уу нөхөр чинь уурлах юм биш үү гэсэн чинь Н эгч харихгүй ээ нөхөртэйгөө хэрэлдчихсэн байгаа гэж надад хэлсэн. Тухайн өдөр Н бид хоёр хоёр удаа бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бэлгэвч хэрэглээгүй, дотор нь тавьсан. Тэгээд 18-ны өглөө 8 цагийн орчимд Д эгч ажил руугаа орлоо гэж хэлээд явсан. Би Н эгчийг та яагаад гэртээ харихгүй байгаа юм бэ гээд асуусан чинь надад нөхрийнхөө бичсэн “Гай болохгүй амьдралаас минь зайлаарай гэж бичсэн чатыг надад уншуулсан юм. Д эгч би “Алтан-Өлгийн” оршуулгын газрын хажууд бунхан дээр Нийн нөхөртэй нь хамт гэрт нь хүргэж өгсөн бусад нь гэр рүүгээ харьцгаасан эгч нь гэртээ ирчихсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би буцаад гэртээ ганцаараа унтаж байтал Н эгчийн 88141813 дугаараас нөхөр нь над руу залгаад надад хандаж “чи манай эхнэр Нтэй явдаг юм уу сая Н надад бүх үнэнээ хэллээ чи өнгөрсөн жилийн 3 сараас хойш Нтэй явсан юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би нөхөрт нь тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн нөхөр нь би мэдчхээд байна энэ нэг юмыг чинь аллаа шүү алахаас нь өмнө гэрээс ирж аваарай, маргааш юм уу хагас сайн өдөр Нийг хувцас хунартай нь нэр төртэй нь чамд хүлээлгэж өгнө гэж согтуу надтай утсаар ярьсан бөгөөд “хөөш чи энэ нэг юмтайгаа утсаар ярь” гээд утасны цаана Нийг татаад байх шиг надад сонсогдсон, Н утасны цаана айн гэж дуугарах шиг надад сонсогдсон. Тэгэхээр нь би Нийн нөхөр Г намайг айлгаж байна гэж бодоод би 2022 оны 1 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнөдөө унтаад өгсөн юм. Тэгээд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө босоод утсаа үзсэн чинь шөнө 4-5 цагийн орчимд Нийн утаснаас над руу залгасан байсан бөгөөд мессеж, фейсбүүк чат ирсэн байсан. Чат нь болохоор нөхөр мэдчих шиг боллоо ирээд ав гэж бичсэн байсан. Тэгэхдээ бичиг нь Нийн бичдэгээс өөр байсан. Мессеж нь болохоор “хар ац минь жил шаасан юм бол нэр төртэй амьдаръя нэг бол зайл” гэж бичсэн байсан. Би энэ мессежийг ч гэсэн Н бичээгүй гэж бодож байна. Яагаад гэвэл Н надтай чат эсхүл мессеж бичихдээ ихэвчлэн крилл үсгээр бичдэг байсан. Тэгээд 19-ний өдөр би босоод Д эгч рүү залгаад өчигдөр юу болсон бэ Н эгчийн нөхөр нь надтай согтуу ингэж утсаар ярьсан гэж хэлсэн чинь Д эгч гайгүй байлгүй дээ би гэрт нь хүргэж өгсөн, нөхөртэйгөө хоёулаа инээгээд буусан шүү дээ, нөхөр нь цаныхнаараа гэрт ирж цай уугаарай гэж хэлж байсан гэхээр нь би Д эгчид хэрвээ та Н эгчтэй холбоо баривал надад хэлээрэй гэж хэлээд утсаа салгасан, тэгээд 2022 оны 1 дүгээр сарын 19-ний оройны 17 цагт Нийг нас барсан гэдгийг Д эгчээс мэдсэн. ...” /1хх 88-90/,

гэрч Г.Ц“ ...Д, Мөнхжаргал, Б, талийгаач бид нар манай байгууллагын ажилчдын байранд Бийн гэрт цуг ороод 2.5 литрийн багтаамжтай Сэнгүр пиво 3-ыг Соёрхол нэртэй архи 0.75 гр багтаамжтай архинаас 2 шилийг ууцгаасан. ...Тэгээд тухайн үед би нэлээд муудсан бараг тасарсан байна лээ, өглөө нь сэрэхэд би Мөнхжаргалтай нэг оронд сэрсэн, Д, Б, талийгаач нар нөгөө талын өрөөнд байсан. Бийнх 2 өрөө байр юм, намайг нөгөө өрөөнд унтахад талийгаач буйдан, нөгөө нь газар унтаж байсан. Тэгээд би гараад гэр рүүгээ орсон. Би тэд нартай дахин уулзаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний орой Нийн нас барсныг сонссон. ...”  /1хх 94-95/,

                   гэрч А.Ж“...2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчимд Н рүү залгаад “ахын дүү хаана байна, юу болоод утас чинь холбогдохгүй байгаа юм бэ” гэсэн чинь Г намайг хөөж туугаад байна дүү нь урьд шөнө гэртээ харьж хоноогүй гэж надтай утсаар ярьсан. Тэгэхээр нь ах нь том ах Дид хэлэх үү гэсэн чинь яах юм бэ учраа олчих байх дүү нь орой хариад учраа олчхоод ярина гэчхээд дахиж яриагүй. ...” /1хх 97-98/,

                   гэрч П.М“...Г Суданаас ирсэн өдөр Нийг согтуу байсан гэж Г надад хэлсэн. Би уг нь Нт чи яагаад нөхрийгөө ирэхэд нь согтуу оноогоо унагаад байгаа юм бэ гэж хэлж байсан. Н нь эцэг, эхгүй өнчин хоёр ахтайгаа хамт л байдаг байсан. Би Нийн хэлж ярих хүнгүй болохоор ууж идээд яваад сурчихсан юм байна гэж боддог байсан ч гэсэн миний дүүгийн хоёр хүүг гаргачихсан юм чинь ингээд амьдралаа аваад яваад байх юм байна гэж боддог байсан. Нөхрийгөө байхгүй хойгуур цуг ажилладаг ангийнхаа нэг залуутай хамт байж байгаад л хоорондоо муудалцсан юм шиг байна даа янз нь би яаж байгаа юм бэ миний дүү ухаантай шүү дээ гэж хэлэхэд харин тиймээ эгч ээ миний уурыг бараад гэж хэлсэн. Нтэй хамгийн сүүлд 15-ны өдөр утсаар ярихдаа миний дүү битгий тамхи тат, архи уу, ядаж сүүлийн үеийн электрон тамхи тат эмэгтэй хүнд цэвэрхэн гэж хэлсэн чинь тэр чинь худлаа уушги муутгадаг гэж байна лээ гэж хэлээд инээж байсан. Хоёр хүүхэд нь манай гэрээр их орж гардаг бөгөөд аавыгаа байхгүй хойгуур ээж гадуур хоносон, ээжийг уруу татдаг нэг ах, нэг эгч байдаг гэж надад ярьсан. ...” /1хх 103-104/,

насанд хүрээгүй гэрч Г.Э“ ...Ээж гэртээ ирэхгүй 2 өдөр нэг шөнө болсон байсан бөгөөд ээжийг архи уусны дараа ер нь л аав, ээж хоёр хэрэлдчих гээд байдаг байсан. Тийм болохоор нь би аавд хандаж иймээ тиймээ юм битгий болоорой, битгий хэрэлдээрэй хоорондоо ярилцаад учраа олоорой гэж хэлсэн. ...” /1хх 113/,

                    насанд хүрээгүй гэрч Г.И“Тухайн өдөр би том өрөөнд байсан бөгөөд ахыг аавд юу гэж хэлснийг би мэдэхгүй. Аав, ээжийн зүгээс бид хоёрыг гадуур хоно гэж хэлсэн зүйл байхгүй. Тэр өдөр ах Эрх-төр надад хандаж 2 уулаа гадуур хоноё гээд ПС тоглоомын газарт хамаатны Энхзолбоогийн хамт очиж хоносон. ...” /1хх 114/,

                   Шинжээч эмч О.Б“ Уушгины тараагуур судсуудыг өөхөн эд, өөхөн дуслууд очиж бөглөн амьсгалын дутагдалд орж нас барж байгааг хэлнэ. Өөхөн бөглөөдөс болон шалтгаан нь их хэмжээний зөөлөн эд өөхлөгийн хамарсан няцрал гэмтэл мөн ясны хугарлын улмаас няцарсан зөөлөн эдүүд нь гэмтсэн судсаар шимэгдэж цусны урсгалын дагуу уушгины артер бөглөрдөг... хавирганы хугарал гэмтэл нь өөхөн бөглөөдөс үүсгэнэ, олон тооны хавирганы хугарлын улмаас өөхөн бөглөөдөс үүснэ. Мөн биеийн гадна цус хуралт бүх гэмтэл тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Цогцсын баруун зулай, чамархай, чамархайн суурин хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус харвалт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт зэрэг дээрх гэмтлүүд шууд үхэлд хүргэхгүй, хэмжээний хувьд жижиг байжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын тогтоох журмын дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчийн үхэлд бүх гэмтэл нөлөөлсөн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. ...” /1хх 192-193/,

                   Шинжээч эмч Э.Ч“...Биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй боловч ДНХ-ийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрэх боломжтой. Энэ хоёр шинжилгээ нь хоёр тусдаа өөр шинжилгээ, ДНХ-ийн шинжилгээ нь илүү нарийн молекулын түвшинд хийгддэг ахисан шинжилгээ учир эр бэлгийн эс илрэх боломжтой. ...”/1хх 195-196/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 836 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн гурилын ганжин мод, ногоон өнгийн бариултай төмөр, хуванцар хугархай дугаар 1, цагаан өнгийн орны даавуунаас авсан цусны толбо дугаар 1, 2-оос авсан дээжийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн бариултай төмөр цагаан даавуунаас авсан цусны толбо дугаар 2-ийн ДНХ-ийн тогтоц Нийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн элдүүр цагаан даавуунаас авсан дээж дугаар 1-ийн ДНХ-ийн тогтоц П.Г ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 155-157/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 395 дугаар “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун зулай чамархай, чамархайн суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун зулай, хоёр талын хажуугийн ховдлын дээд хэсэг, дагзны аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун 2,3,4,5 дугаар хавирга, зүүн 3,4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн дал, зүүн сарвууны шарх, биеийн нийт гадаргуугийн 25-30%-г хамарсан, нүүр, их бие мөчдийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5 дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний аюулхайн баруун, зүүн хэсгийн цус хуралт нь нас барахаас 4-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой ба бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачийн цусанд 1,7 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Цусанд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Э.Талийгаач нь дээрх биеийн нийт гадаргуугийн 25-30%-ыг хамарсан цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, олон хавирганы хугарлын улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс үүсэж шууд үхэлд хүргэжээ. ...” /1хх 167-172/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 856 дугаартай “...Шинжилгээний ирүүлсэн Т.Б гэж хаягласан ягаан өнгийн вакумтай цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.Шинжилгээнд ирүүлсэн Т.Б гэж хаягласан ягаан өнгийн вакумтай цусны ДНХ-ийн тогтоц нь А.Нийн гэх үтрээний арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсний ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 182-185/,

                   Шүүх сэтгэц эмгэг судлалын 126 дугаартай “...П.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. П.Г нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. П.Г нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байна. П.Г нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 163/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-7, 9-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-21/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 28-54/, сүлд 112 чиглэлийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 56-58/, Цагдаагийн энгэрийн камерын бичлэг/1хх 59/, цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 8д2/85 дугаартай албан бичгийн хавсралт бүхий сд-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 62-63/, дүрс бичлэг бүхий DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 67-73/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

             Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

            “Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

             “Онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.

             Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогч биеэ хамгаалж чадахгүй байх тухай ойлголтод хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн хөгжлөөр илтэд сул дорой, эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй болсон байхыг ойлгох бөгөөд амь хохирогч А.Н нь 1.7 хувийн согтолттой байсан нь тогтоогдсон.

             Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д -эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2-т “тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү” нарыг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон.

             Эдгээрээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.

Шүүгдэгч П.Г амь хохирогч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгийгээр алсан” үйлдлийг, 2.7 дахь заалтад “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, ...мэдсээр байж”, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжтэй гэж дүгнэж зүйлчилсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад “...арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.” гэж заасан ялаас 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр П.Г шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Харин шүүгдэгч П.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, урьд түүний эрхэлж байсан ажил, мөн уг гэмт хэргийн улмаас асран хамгаалах, харж хандах хүнгүй үлдсэн түүний хоёр хүүхэд, мөн шүүгдэгчийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс  түүнд 15 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн өөрчилж түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, О.Санчирбал, Б.Баасанжаргал нарын ял хөнгөрүүлж, дэглэм өөрчлөх талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэргийн зүйлчлэл өөрчлөх талаар гаргасан өмгөөлөгч нарын гомдлыг хангах шаардлагагүй гэж үзсэн болно.   

Шүүгдэгч П.Г нь 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 2023/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар П.Г 15 /арван таван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар П.Г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гд оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, О.Санчирбал, Б.Баасанжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.Г нь 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ШҮҮГЧ                                           Д.МӨНХӨӨ

  

  ШҮҮГЧ                                           М.АЛДАР

 

  ШҮҮГЧ                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ