| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0425/З |
| Дугаар | 128/ШШ2024/0678 |
| Огноо | 2024-09-09 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2024/0678
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Х*******
Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газрын дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, түүний өмгөөлөгч Э.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тушаалаар дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
1. Х ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргаж, татгалзсан хариуг авч шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Маргаан бүхий дугаартай тушаалын шийдвэрийн үндэслэл нь тодорхойгүй. Ямар хууль тогтоомжийг зөрчсөний улмаас, ямар хууль тогтоомжийг үндэслэж шийдвэр тушаал гарч байгаа вэ гэдэг талаар тодорхой дурдаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, мөн хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн хуулийн 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах, мөн хуулийн 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн,
3. Улсын Их Хурлын гишүүн А.А******* 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга дугаартай тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй,
4. Ашигт малтмал, газрын тосны газрын дугаартай тушаалыг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргаагүй, учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргад зарласан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгох эрх олгогдоогүй гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Б******* аймгийн Б******* сумын ******* гэх газарт Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай сонгон шалгаруулалт зарлах тухай тушаалыг үндэслэж зохион байгуулагдсан дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад холбогдох хууль тогтоомж болон дүрэм, журамд заасан шаардлагуудыг бүрэн хангаж оролцсон. Уг сонгон шалгаруулалтад оролцож Х ХХК 1 дүгээрт шалгарч 70 оноо авсан. Үүнтэй Ашигт малтмал, газрын тосны газар маргахгүй байгаа. 70 оноо авч 1 дүгээрт шалгарсны дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу дараа дараагийн ажиллагаа явагдаж техникийн саналын оноо өгөх гэрээ байгуулагдах ажиллагаа явагдах ёстой байсан боловч хуульд заасан хугацаандаа явагдаагүй. Х ХХК-ийн зүгээс яагаад ажиллагаа явуулахгүй байгаа вэ гэдэг талаар тодруулахаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хандахад Ашигт малтмал, газрын тосны газрын дарга дугаартай тушаалын дагуу дугаартай сонгон шалгаруулалт зарласны Х ХХК-д хамаарах хэсэг буюу дугаартай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байсан. Ямар учраас ийм тушаал гарсан бэ гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газарт очиж тодруулахад Улсын Их Хурлын гишүүн А.А*******гээс дугаартай албан бичиг ирсэн учир тус шийдвэрийг гаргасан талаар хариу амаар өгсөн. Тус зүйлийг үндэслэж Х ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газраас гомдлыг хүлээж авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн учир шүүхэд гомдол гаргасан. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэгдүгээрт, дугаартай тушаалын шийдвэрийн үндэслэл нь тодорхойгүй. Ямар хууль тогтоомжийг зөрчсөний улмаас, ямар хууль тогтоомжийг үндэслэж шийдвэр тушаал гарч байгаа вэ гэдэг талаар тодорхой дурдаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах зарчим байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, мөн хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн хуулийн 4.2.6 дахь хэсэгт заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог нь хангах, мөн хуулийн 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны байгууллага нь аливаа хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргахдаа гагцхүү хууль тогтоомжид заасны дагуу үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл дугаартай тушаал дээр ямар хууль тогтоомжийг үндэслэж байгаа. Ямар учиртай шийдвэр гаргаж байгаа талаараа дурдаагүй байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гарахаас нь өмнө мэдэгдэж оролцоог нь хангаж тайлбар мэдээлэл авах үүрэгтэй. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйл, мөн хуулийн 33 дугаар зүйлд тодорхой тусгасан. Гэтэл Х ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх гэж байхад тушаал гарах талаараа мэдэгдээгүй. Х ХХК-иас тайлбар аваагүй. Өнөөдрийг хүртэл тус тушаалыг Х ХХК-д гардуулж өгөөгүй байдалтай байна.
Хоёрдугаарт, Улсын Их Хурлын гишүүн А.А******* 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Л.Б*******д хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт газрыг дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч нутгийн иргэдээс санал, гомдол их ирэх боллоо. Тусгай зөвшөөрөл олгогдсон дээр дурдсан газруудын албан ёсны тодруулгыг яаралтай ирүүлнэ үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Тус албан бичиг ирсэн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга дугаартай тушаалыг гаргасан. Тус тушаал Захиргааны ерөнхий хуулийн 26-27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийхгүйгээр, эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог хангахгүйгээр яарч дугаартай тушаалыг гаргаж байгаа нь хууль тогтоомжид бус, эрх бүхий этгээдийн нөлөөнд автаж гаргасан ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гэж үзэж байна.
Гуравдугаарт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын дугаартай тушаалыг хууль тогтоомжийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан байх ёстой. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалын үндэслэл дээр Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-ийн 14 дэх хэсгүүдийг дурдсан. Тус заалтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад зарласан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгох эрх олгогдоогүй, тушаал гаргах эрхтэй гэсний дагуу тушаал гаргасан. Гэвч зарласан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгох эрх дээрх хуулийн зохицуулалт дээр байхгүй байдаг. Дээрх үндэслэлүүдээс үзвэл захиргааны байгууллага нь үйл ажиллагаа нь тогтвортой, хуульд үндэслэсэн тоотой, судалгаатай явагдах ёстой. Сарын өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж Х ХХК-ийн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж шалгарсан сонгон шалгаруулалтыг Х ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, зарласан сонгон шалгаруулалтаа хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны акт 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан дүгээр Ашигт малтмал, газрын тосны газрын тушаал байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тус тушаалтай холбоотой өөрийн компанитай холбоотой буюу дугаар сонгон шалгаруулалт бүхий хэсэг дээр нэхэмжлэл гаргаж маргаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түр хугацаагаар гэж тайлбарлаж байна. Маргаан бүхий захиргааны акт дээр түр хугацаагаар гэж үг байхгүй. Хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор түр хугацаагаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон гэж дурдаж тайлбарлаж байгаа боловч маргаан бүхий захиргааны акт, актаас гарч байгаа эрх зүйн үр дагавар хүчингүй болгохгүй. Харин хүчингүй болгосугай гэсэн утгатай байдаг. Босго үнийг буцаасан гэж хэлж байгаа нь бүр мөсөн цуцлагдсан гэдгийг илэрхийлж байна. Босго үнийг буцааж өгсөн тул хохирол учраагүй гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгчийн маргах болсон шалтгаан нь 1 дүгээрт сонгон шалгаруулалт, 2 дугаарт босго үнийг тогтоох үнийн саналаар өрсөлдөж сонгон шалгаруулалтад оролцдог. Гэтэл түр хугацаагаар гэдэг байдлаар тайлбарлаж цуцалж байгаа үйл баримт нь захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуульд заасан хийгдэх ёстой ажиллагааг хийгээгүй. Сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэсний дараа бид нар буруу сонгон шалгаруулалт явуулсан байж магадгүй байна гэдэг байдлаар түр хугацаагаар түдгэлзүүлсэн гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр актаар хүчингүй болгож байгаа. Хариуцагч талын хариу тайлбар дээрээ бичиг байгаа, шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар нь дахин сонгон шалгаруулалт зарлах эрх нь нээлттэй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл Х ХХК-ийн сонгон шалгаруулалтад бусад байгууллага оролцож сонгон шалгаруулалт зарласан нөхцөл байдлыг үгүйсгэж дахин сонгон шалгаруулалт зарлах сонирхолтой байгаа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас тодорхой харагдаж байна. Үүнээс зөрчил илрэх болно. Ямар зөрчил илэрч байгаа вэ гэхээр эрх нь зөрчигдсөн этгээдийн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн нөхцөл байдал. Энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох юм бол дараагийн сонгон шалгаруулалтад дуудлага худалдаа буюу үнийн саналаар өрсөлддөг хууль тогтоомжтой тул дахин оролцох боломж үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл бодитой мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн шударга өрсөлдөж хайгуулын талбайд дахин сонгон шалгаруулалт явуулах эрх нь зөрчигдөж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа.
7. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх зүйлд үндэслэгдсэн. Мөн шүүхэд ирсэн хариу тайлбараас харахад нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа үйл баримт сөрөг нөлөөлөл бүхий зүйл гарахгүй гэх үндэслэлээр тайлбарлаж тодорхой сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг мэдэгдээгүй. Үүнтэй холбоотой Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэх тайлбарыг ирүүлж байсан. Засгийн газрын тогтоолд хамаараагүй учир үүнийг шалгах учир түр түдгэлзүүлсэн гэж хэлээд байгаа. Гэтэл сүүлд ирүүлсэн баримтаар Засгийн газрын тогтоол аймгаар шууд дурдагдаагүй боловч солбицлын талбай хамаарч байгааг албан бичгээр илэрхийлж шүүхэд ирүүлсэн байгаа. Тус нөхцөл байдалд өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлэхэд хариуцагч талын гаргаж байгаа тайлбар хууль бус буюу үндэслэлгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.15, 11.14-д тус тус заасныг үндэслэсэн гэж тайлбарлаж байгаа боловч санал, дүгнэлт гаргаж танилцуулах, тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих хуулийн зохицуулалтыг хэтрүүлэн хэрэглэж өөрт ашигтай байдлаар захиргааны байгууллага тайлбарлаж байна. Нэхэмжлэгч талын зүгээс сонгон шалгаруулалт зохион байгуулах, нийтэд мэдээлэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж маргаагүй. Хэрэгжүүлсэн боловч хяналт тавих процесс ажиллагаа сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулах үйл явцтай холбоотой тул үүнийг хууль ёсны дагуу зохион байгуул гэж шаардлага гаргаж байгаа. Түүнээс биш Засгийн газрын тогтоолд заагдсан талбайд сонгон шалгаруулалт зарлаад хэн нэгэн этгээд сонгон шалгаруулалтад тэнцээд гарч ирэхэд Улсын Их Хурлаас бичиг ирлээ гэх үндэслэлээр хүчингүй болгож, хүчингүй болгож байгаад дахин хянаж байна гэдэг хуулийн зүйл заалтыг ерөнхий утга агуулгаас хэт ерөнхий утга агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу Захиргааны ерөнхий хуульд тавигдаж байгаа захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагаанд тавих ерөнхий зарчимд нийцэхгүй байна. Сөрөг нөлөөлөл бүхий нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэсэн байдлаар захиргааны акт гаргаад үүнийгээ нийтийн эрх, ашиг сонирхлыг хэрхэн яаж хангаж байгаа вэ гэдэг талаар баримт ирүүлээгүй. Хариу тайлбар дээрээ энэ талаар дурдаагүй байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу сав газрын саналыг авах ёстой байсан талаар тайлбарлаж байгаа. Сав газрын саналыг авах ажиллагаа сонгон шалгаруулалтаас өмнө нь хийгдэх ёстой. Мөн ******* гэх нэртэй газарт усны сав газар байгаа юу?, үгүй юу гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой мэдэхгүй байна. Б******* аймгийн маргаан бүхий захиргааны байгууллага тухайн ******* гэх нэртэй газар нь усны сав газарт хамаарах уу, үгүй юу гэдэг дүгнэлтийг аймаг, орон нутаг өөрсдөө авч саналаа Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлэх ёстой. Хуульд зааснаар санал дүгнэлт авах ёстой. Тус санал, дүгнэлтийг аваагүй байж магадгүй гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь буруу гэж маргаж байгаа. Түүнээс биш түр хугацаагаар хүчингүй болгож байгаа. Шалгах болно гэсэн мэдэгдэл манайд ирүүлээгүй. Захиргааны актад тодорхой дурдаагүй байгаа тул бид нар хүчингүй болгож байгаа үр дагавартай холбоотой нэхэмжлэгч байгууллага маргаж байгаа. Иймд хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17.3-т заасны дагуу Засгийн газраас 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж өгсөн. Тус компанийн зарлагдсан талбайд бүхэлдээ хамаарч байгаа гэсэн утгатай албан бичиг Ашигт малтмал, газрын тосны газар хүргүүлсэн. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн сонгон шалгаруулалт зарлах тухай дугаар тушаалаар нийт 20 талбайг багтааж тус сонгон шалгаруулалтын талбайд СШ-6202 дугаартай Б******* аймгийн Б******* суманд ******* нэртэй газар сонгон шалгаруулалтын талбай баталж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг нийтэд ил байршуулж баталгаажуулсан. Үүнтэй холбоотой асуудлаар иргэдээс, Улсын Их хурлын гишүүдээс албан шаардлага ирүүлж тайлбар, тодруулга авах талаар мэдээлэл ирүүлсэн. Үүнтэй холбоотой Агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай гэсэн дугаар тушаалаар Засгийн газрын төсөлд хамаарч байгаа эсэх, мөн холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа талаар санал, дүгнэлт гаргаж танилцуулахтай холбоотой түр хугацаанд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Санал дүгнэлт гаргаж хууль тогтоомж зөрчөөгүйтэй холбоотой асуудлыг Кадастрын хэлтэс сонгон шалгаруулах комиссыг шалгаруулж дүгнэлт гаргасны үндсэн дээр шалгаруулалтыг дахин нийтэд зарлаж сонгон шалгаруулах эрх нь нээлттэй байгаа. Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг нийтэд мэдээлэх Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын зураг зүйн бүртгэлд санал хүргүүлэх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг Л.Б******* даргад үүрэг болгосон байдаг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын тогтоолд хяналт тавьж холбогдох журмын дагуу дахин хүчингүй болгох эрх нь нээлттэй байгаа. Босго үнэ байршуулсантай холбоотой асуудлаар бүх аж ахуй нэгж, байгууллагад босго үнийг буцаан төлсөн. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгжид хохирол учирсан зүйл байхгүй. Ажлын хэсгээс санал, дүгнэлтэд нийцсэн талаар дүгнэлт гаргасан тохиолдолд дахин сонгон шалгаруулалт зарлахад компаниуд оролцоод явах эрх нээлттэй байгаа. Сонгон шалгаруулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд зохицуулж өгсөн. Сонгон шалгаруулалтын комисс үнийн санал нээснээс хойш ажлын 5 хоногийн дотор 11.2-т заасны дагуу техникийн санал үнэлнэ гэж хуульд тодорхой зааж өгсөн байгаа. Техникийн саналын холбогдох хугацаа өнгөрсөн. Иймд ажлын хэсэг дахин ажиллах боломж байхгүй гэж үзэж байгаа. Иймд дахин хууль тогтоомжид нийцсэн дүгнэлт гаргасан тохиолдолд дахин сонгон шалгаруулалт зарлаж аж ахуй нэгж байгууллагууд оролцоод явах бүрэн боломжтой. Өнөөдрийн байдлаар санал, дүгнэлт эцэслэн гараагүй байгаа. Төрийн бус байгууллагатай холбоотой асуудал Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар ашигт малтмалд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо сав газрын саналыг үндэслэж олгоно гэж хуульд зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой асуудлаар төрийн бус байгууллагаас нэхэмжлэл гаргаж хэд хэдэн тусгай зөвшөөрөл хүчингүй болж байгаа. Усны газраас санал авах талаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Дээрх хууль тогтоомжийн дагуу нийцүүлж ажлын хэсэг эцэслэн гаргах буцаах буюу түр хугацаанд хүчингүй болгож зогсоосон байгаа. Хуульд нийцсэн тохиолдолд дахин зарлаад явах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай дугаар тушаалын хавсралтаар 25 талбайг сонгон шалгаруулахаар баталсан талбайд Б******* аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 1860.94 гектар талбай багтаж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системд байршуулсан байна.
2. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх, 9.1.11-т геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх, 17 дугаар зүйлийн 17.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж зааснаар Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар тогтоолуудаар сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцолд Б******* аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 1860.94 гектар талбайн солбицол багтсан гэдэгтэй хэргийн оролцогчид маргаагүй, харин нэхэмжлэгчээс санхүүгийн саналын оноогоор хамгийн өндөр онооны санал авсан манай Х ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах байтал, үнийн санал нээснээс хойш хоёр хоногийн дараа Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны дугаар тушаал гарч сонгон шалгаруулалт зарласан тушаалыг хүчингүй болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж,
3. Хариуцагчаас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2024 оны дүгээр тушаалаар уг сонгон шалгаруулалтын талбай хууль тогтоомжид нийцсэн эсэхийг санал дүгнэлт гарган танилцуулж нийтэд мэдээлэх хүртэл сонгон шалгаруулалтыг түр хойшлуулсан нь бүрэн эрхийн хүрээнд гарсан гэж тайлбарлан маргаж байна.
4. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.А*******гээс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр албан бичгээр Б******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт Сухантын худаг, Хүрэл толгой, ******* зэрэг нэр бүхий гурван газрыг дуудлага худалдаагаар худалдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч, нутгийн иргэдээс санал, гомдол ирсэн гэх утга бүхий албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно, 7.3-д Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батлах-аар заажээ.
6. Дээрх хуулийг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл Засгийн газрын 2018 оны 243 дугаар, 2023 оны дугаар, 2023 оны дугаар тогтоолуудаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад үүрэг болгож, хуулиар ашигт малтмалын хайгуулын талбайд сонгон шалгаруулалт зарлах эрх хэмжээг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон ба хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарлагдахаас өмнө тухайн талбай нь хууль журамд нийцэж буй эсэхийг шалгаж, танилцаж сонгон шалгаруулалт зарлах үүргийг Ашигт малтмал газрын тосны газарт өгсөн байна.
7. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар дээрх хууль, журамд заасан үүргээ сонгон шалгаруулалт зарлахаас өмнө хийхээр байхад, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай дугаар тушаалын гаргаж, дугаартай Б******* аймгийн Б******* сумын ******* нэртэй 1860.94 гектар талбайг оролцуулан нэр бүхий 5 талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтыг үнэлэх үе шатанд маргаан бүхий 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалыг гаргасан нь шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
8. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд Ашигт малтмал газрын тосны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Сонгон шалгаруулалт зарлах тухай дугаар тушаалын хавсралтын дугаартай Б******* аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 1860.94 гектар талбайн сонгон шалгаруулалт оролцсон нэхэмжлэгч Х ХХК нь санхүүгийн саналын оноогоор хамгийн өндөр буюу 70 оноо авсан байхад сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог цаашид техникийн саналыг үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэж, уг талбайг Засгийн газрын 2023 оны дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд багтсан эсэхийг нягтлан шалгах, хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар санал дүгнэлт гаргаж танилцуулан нийтэд мэдээлэх гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон нь захиргааны байгууллага хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтаас өмнө хийгдэх ажиллагааг сонгон шалгаруулалт зарлаж, үнэлгээний үйл ажиллагаа явагдаж байхад, хүчингүй болгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна
9. Гэвч шүүхээс маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сэргэхээргүй байна гэж үзлээ.
10. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д сонгон шалгаруулалтын журам батлах гэж заасныг үндэслэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Тусгай зөвшөөрөл олгох тухай журмыг баталсан байна.
11. Дээрх журмын хоёрдугаар зүйлийн 2.2-д Сонгон шалгаруулалтын үнийн саналын үнэлгээг дараах журмаар хийнэ, 2.3-д Сонгон шалгаруулалтад оролцогчийн техникийн саналыг үнэлэхэд дараах журмыг баримтална, 2.4-д үнийн болон техникийн саналын оноог нэгтгэн шалгаруулахад дараах журмыг баримтална гэж үнийн саналын оноо нь 40 оноонд хүрээгүй оролцогчийн техникийн саналд цаашид үнэлгээ хийхгүйгээр журамласан байна.
12. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д сонгон шалгаруулалтын комисс үнийн саналыг нээснээс хойш ажлын таван өдрийн дотор энэ хуулийн 10.1.2-т заасан журмын дагуу техникийн саналыг үнэлэх, 20.2.3-д сонгон шалгаруулалтын комиссын гишүүдийн баталгаажуулсан техникийн саналын оноог үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын гурван өдрийн дотор оролцогчдод мэдэгдэж, нэгтгэсэн дүнг нээлттэй мэдээлэх, 20.3.1-т сонгон шалгаруулалтын комисс оролцогчдоос ирүүлсэн үнийн болон техникийн саналын үнэлгээний оноог нэгтгэж, хуралдааны тэмдэглэл үйлдэн, дүгнэлт гаргах, 20.5.1-т сонгон шалгаруулалтын комисс энэ хуулийн 20.2.3-т заасан нэгтгэсэн дүнг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргад ажлын нэг өдөрт багтаан хүргүүлэх, 20.5.2-д геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан холбогдох шийдвэрийг гаргах гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт хуульд заасан үе шат, цаг хугацааны шаардлага тавигдсан байх бөгөөд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор хуульд заасан цаг хугацааг нөхөн гүйцэлдүүлэх боломжгүй байна.
13. Нөгөөтэйгөөр сонгон шалгаруулалт оролцсон нэхэмжлэгч Х ХХК-ийн сонгон шалгаруулалтын комиссоос дугаартай Б******* аймгийн Б******* сумын нутаг ******* нэртэй 1860.94 гектар талбайн ялагчаар шалгаруулсан дүгнэлт гаргаагүй, хариуцагчаас үнэлгээний шатанд хамгийн өндөр оноо авсантай нь маргаагүй боловч одоо техникийн үнэлгээг хуульд заасан хугацаанд явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, захиргааны байгууллагаас дахин сонгон шалгаруулалт зарлахад оролцох эрх нь нээлттэй байна.
Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.3, 20.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газрын даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дүгээр тушаалаар дугаартай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэснийг хууль бус болохыг тогтоолгож, тушаалын дугаартай сонгон шалгаруулалтад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ