| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Уянга |
| Хэргийн индекс | 180/2018/0028/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2018-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 18
2018 оны 01 сарын 24 өдөр 2018/ШЦТ/18 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0028/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл
Шүүгдэгч Д.Снарыг оролцуулан
Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бужгар овогт Доржсүрэнгийн Сэржмядагт холбогдох 1739000000097 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1975 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, Скай дизайн ХХК-д дизайнер ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 171 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д.С/ РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Снь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байрны эмч Б.Баярцэцэгийн энгэрийн хяналтын камерийг нүүр рүү нь шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Баярцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.12.01-ний өдөр Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд жижүүр эмчээр томилогдож цагдаа сургагч ахлагч Эрдэнэбулганы хамт үүрэг гүйцэтгэж байсан. Орой 23 цаг 15 минутын үед хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч И.Сүхбат, жолооч Ренчинбазар нар нь “Андууд гэдэг баарнаас бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн зөрчлөөр Д.Сболон Эрдэнэцэцэг гэх 2 эмэгтэйг эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэж ирсэн. Би цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 630-д зааснаар албадан эрүүлжүүлэх явцад Д.Снь эсэргүүцэл үзүүлэн үзлэг хийх явцад адилхан эмэгтэй хүн байж намайг шоронд хийлээ хэмээн хэл амаар доромжилж энгэрийн камерыг булаан авч нүүрэн тус газарт шидсэн. Д.Сэмчийн ширээний зүүн талын төмөр сандал дээр сууж байсан. Би үзлэг хийх гээд тонгойтол Д.Снь гараараа миний цээж рүү 1 удаа түлхсэн. Намайг түлхэх үед би хөл алдаж арагшаа ухарсан чинь өөдөөс шууд энгэрийн камер миний нүүр лүү шидсэн. Д.Снь намайг түлхэхдээ миний энгэрт зүүлттэй байсан камерыг татаад авчихсан юм байна лээ. Камер миний зүүн нүдний ухархай хамар хэсэгт оносон учраас хамраас нэлээн цус гарч их өвдсөн. Биед үүссэн гэмтлүүдийг эмчлүүлэх зардлыг гаргуулмаар байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8, 19-20 тал/,
Гэрч Б.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтад өгсөн: “... Тус өдрийн 23 цаг 15 минутын орчим хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч И.Сүхбат нь Сэржмядаг, Эрдэнэцэцэг гэх 2 согтуу эмэгтэйг хүргэж ирсэн. Эмч Б.Бүзлэг хийх гэхэд тэр 2 эсэргүүцэл үзүүлж шаардлага биелүүлэхгүй байсан. Сэржмядагийг бол камер руу хувцастай нь оруулсан эмч үсний боолт, ээмэг зэрэг өөрийн амь бие, эрүүл мэнддээ хохирол учруулах эд зүйлийг хураан авах гэхэд өгөхгүй эсэргүүцээд байсан. Шоронд би яахаар ордог юм гээд байсан. Камер руу хийх гэж байхад Д.Снь эсэргүүцэж эрх чөлөөнд нь халдаж энгэр дээр нь байсан камерыг авч нүүр лүү нь шидсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч Р.Ренчинбазарын мөрдөн байцаалтад өгсөн: “... миний хувьд үүдний өрөөнд зогсож байсан ба хүлээн авах өрөөнд нэг эмэгтэй наад шоронд орохгүй гээд согтуурхаад байгаа нь сонсогдсон. Хэсэг хугацааны дараа эмч Б.Бнүүрээ дараад эмчийн өрөө рүү гүйгээд орчихсон. Би юу болсон юм бол гээд араас нь ороход хамарнаас нь цус гарчихсан байсан. Тухайн үед эмч Б.Бнь Д.Снь энгийн камер аваад нүүр рүү шидсэн гэж хэлсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,
Гэрч И.Сүхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.12.01-ний орой 23 цагийн үед Андууд пабд согтуу тооцоо хийхгүй хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Эрдэнэцэцэг гэх эмэгтэй маш их согтолттой тооцоогоо хийхгүй, тус байгууллагын ажилчидтай хэрүүл маргаан үүсгэсэн байдалтай байсан. Д.Сгэх Улаанбаатар хотын харъяат эмэгтэй нь мөн маш их согтолттой, биеэ удирдан авч явах чадваргүй байсан тул дээрх 2 эмэгтэйг цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд хүргэсэн. Эмч Б.Бнь тухайн 2 эмэгтэйд үзлэг хйих явцад наад шоронд чинь орохгүй гэх мэтээр шаардлага эсэргүүцэж байсан. Камер луу хийх гэж байтал эмч Баярцэцэгийн энгэрийн камерийг шүүрч аваад нүүр лүү нь шидсэн асуудал гарсан. Баярцэцэгийн хамраас цус гарчихсан. Хамрын дээд хэсэг нүдний ухархай хавьцаа цөмөрчихсөн юм шиг болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
Шүүгдэгч Д.С мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... тэр өдөр найз Эрдэнэцэцэгийн хамт Андууд караокед орж нэг шил архи авч уусан. Би уусан архиндаа согтоод болсон хэргийн талаар огт санахгүй байна. Миний санаж байгаа зүйл гэвэл нэг мэдсэн цагдаа дээр ирчихсэн байснаа санаад байгаа юм. Мөн камер руу орохгүй гээд зүтгэж байгаад хүчээр чирэхээр нь урдаас нь эсэргүүцэж байснаа санаад байгаа юм. Өөр зүйл санахгүй байна. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхэд сэрээд мэдсэн. Болсон хэргийн дараа Баярцэцэгтэй уулзаж шаардлагатай эм тариа, Улбаанбаатар хот руу явах зардал, хотод хийлгэх эмчилгээний зардлыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, ... би архи их уудаггүй болохоор бааранд согтоод унтчихсан байсан тэгээд цагдаа ирээд аваад явахад хэрэлдэж муудалцаагүй, цагдаа дээр очсон. Гэтэл үзлэг хийнэ гээд 3 эрэгтэй хүн байхад хувцас тайлах гээд байхаар нь би эмзэглээд хувцсаа тайлахгүй гэсэн юм. Хувцас тайлах гээд байхаар нь л ихэд цочирдоод ийм хэрэг хийчихлээ, миний буруу, харамсаж, гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн дүгнэлт: 2017.12.06-ны өдрийн 2017.371 дугаартай Хүний биед үзлэг хийсэн акт 1. Б.Баярцэцэгийн биед хамрын зүүн таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хамрын зүүн таславчийн мурийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10% алдагдана /хх-ийн 28 тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/ зэрэг болно.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Д.Снь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн албан хаагч эрүүлжүүлэх, саатуулах байрны эмч Б.Баярцэцэгийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, энгэрийн камерийг нүүр рүү нь шидэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болно.
Хохирогч Б.Бнь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй шүүгдэгчийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давхар зүйлчлэх үндэслэлгүй гэж улсын яллагчтай мэтгэлцэх боловч шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь улсын яллагчийн яллах дүгнэлтэнд дурьдсан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай, улсын яллагчийн зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Схүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч, хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Снь тэнссэн хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй байж ажил, оршин газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоолыг танилцуулснаас хойш 3 сарын хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Снь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор бодож хорих ялаар солиж болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Снь 8 хоног цагдан хоригдсон ба энэ хэрэгт эд баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УЯНГА