Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/425

 

   

 

 

 

 

     2023           4             19                                        2023/ДШМ/425          

 

 

М.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

            хохирогч Ч.Бгийн өмгөөлөгч  Э.Намжилцэрэн,

            шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа,  

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Дт холбогдох эрүүгийн 2105024632585 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Хасгууд овгийн М.Д, 1981 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Увс аймаг, Цагаанхайрхан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “МАК” ХХК-д зүсэгч суурь машины оператор ажилтай, ам бүл 3, ..................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ................................/;

         Увс аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, улмаар Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 24 дүгээр захирамжаар 1 жил 5 сар 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Шүүгдэгч М.Д нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны 10 тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Бтай “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүн рүү гэрийнхээ эд зүйл болох тоглоомын хайрцаг, аяга, жимс зэргийг шидэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

            Налайх дүүргийн прокурорын газраас: М.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хасгууд овогт М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжпэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгд: Анхан шатны шүүх М.Дт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал, Налайх, Багахангай Дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалан нь яллагдагч М.Дыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн улмаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд  шилжүүлснийг, шүүх 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлосон. Гэвч манай үйлчлүүлэгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд “Миний бие хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаж” байна. Миний хувьд гэм буруугийн хувьд маргаж байгаа ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй, мөрдөгч тогтоолуудыг танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулаад байсан. Би хөгжлийн бэрхшээлтэй, сонсгол муу тул хууль зүйн үр дагаврыг огт ойлгоогүй. Эхнэр Ч.Б сэтгэцийн өвчтэй тул группт байдаг. Энэ хүний мэдүүлгийг үндэслэн намайг яллаж байгаад гомдолтой байна. Прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцааж өгнө үү..” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжинд дурдсанаар “Шүүх хуралдаанаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзав. Шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай. Даргалагч шүүгч Э.Энхжаргал гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан. Гэтэл шүүх мөн хуулийн заалтыг удирдлага болгон хүсэлтийг хангахаас татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар ердийн журмаар шийдвэрлэхээр шүүх шийдвэр гаргасан тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвхөн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах зохицуулалт, үзэл баримтлал, агуулгыг алдагдуулсан шийдвэр гарсан байна. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд, мөрдөгч прокурорын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль ёсны зарчмыг хангаагүйн улмаас оролцогчийн үндсэн эрх зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан                             /гэмт хэргийг хэн үйлдсэн/ нотолвол зохих байдлын хүрээнд мөрдөгч, прокуророос яллагдагчийн хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчний улмаас өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж чадах эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байхад энэ заалтыг хэрэгжүүлээгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй яллагдагчийн оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан журамласан нь оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх нөхцлийг хангах агуулгатай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг журмыг алдагдуулснаар яллагдагчийн дээрх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй юм. Яллагдагчаас мэдүүлэг авах, шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцуулах зэрэг ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж, Эрүүгийн хэрэг хянан шидвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг ноцтой зөрчигдсөн нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон боловч анхан шатны шүүх анхаараагүй, нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн хохирогчоор тогтоогдсон гэх Ч.Б нь мэдүүлгээ үнэн зөвөөр өгөх боломжгүй, тэрбээр олон улсын Р25.2 буюу шизофрени эмгэгтэй, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, энэхүү өвчин нь 2004 оноос эхэлсэн гэх бөгөөд энэ тухай хохирогч шүүх хуралдааны явцад /шинээр гаргаж өгсөн баримтыг үндэслэн/ мэдүүлдэг.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р25.2 гэсэн сэтгэцийн өвчний онош нь олон улсын өвчний жагсаалтын ямар ангилалд хамаарагдах, сэтгэл хөдлөлийн ямар шинж илэрдэг, түүнчлэн болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай эсэх зэрэг бусад асуудлын талаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Хохирогч Ч.Бгийн шүүх хэлэлцүүлэгт мэдүүлэг өгч буй байдлаас шүүх дүгнэхэд хохирогч өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй байгаа байдал тогтоогдоогүй, өгсөн мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, болсон үйл баримтын талаар хангалттай мэдүүлж өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв" хэмээн дотоод итгэлээрээ таамаглан үзэж, шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёрт: Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд , бодит байдпаар нь хянаж үзээгүй шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус, эргэлзээтэй, үзүүлэгч, магадлуулагч болох Ч.Бгийн биед учирсан гэх талаарх бүхий л баримтанд тулгуурлаж дүгнэлтээ гаргаагүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон байхад анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдпыг огт анхаараагүй шийдвэрээ гаргасан.

Гуравт: Эрүүгийн 2307000000030 дугаартай дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн бодитой, нарийвчлан шалгаагүй /гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрийн шинж/ хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй гэж үзнэ. Хэргийн үйл баримтаас үзэхэд, бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр буюу тухайн эд зүйлсийг хана руу шидэх явцад Ч.Бгийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба бусдын биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн субъектив шинж үгүйсгэгдэж байна. Түүнчлэн хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 0006877 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар эрх бүхий албан тушаалтан иргэн Ч.Бгийн “Манай нөхөр намайг цохиж, танхайрсан" гэх асуудпыг шалгаад холбогдогч М.Дыг зөрчил үйлдсэнд тооцож, түүнд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байгааг анхаарахгүйгээр шүүх "тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй" хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг “зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан үйлдэл нь байнгын шинжтэй” гэж хуульчилж тогтоосон. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан. Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд “байнга” гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын ,сэтгэл санааны , эдийн засгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Гэвч хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Д.Буянзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ж.Нарантуяагийн гомдолтой байр суурь нэг, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр гомдлоо гаргаж байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцохдоо эхнэр гэх Ч.Бгийн шизофрени эмгэгтэй буюу сэтгэцийн өвчтэй гэдгийг тогтоосон байна. Анхан шатны шүүхэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн сэтгэцийн шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулж талуудын мэтгэлцэх болон энэ хүнийг үнэн зөв мэдүүлэг өгч чадсан байна уу, үгүй юу, энэ хүний мэдүүлэг хэр бодитой вэ гэдгийг тогтоолгох зорилгоор хүсэлт гаргасан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдааныг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад өмгөөлөгчийн зүгээс гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж байгаа.  Энэ үндэслэлээр нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тогтоогдсон тул гээд гэр бүл салах шүүх хуралдааныг зарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар М.Дын өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байгаа. Учир нь, М.Д 2 байртай, Б гэдэг эмэгтэй сэтгэцийн өвчтэй 2 настай хүүхэд үрчилж авсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх гэр бүлийн орчны нөхцөл байдлыг тогтоолгох талаар бүх талын арга хэмжээ авах зорилгоор баримтыг гаргаж өгөхөд анхан шатны шүүх холбогдох нотлох баримтыг бүрдүүлээгүй атлаа шийдвэр гаргасан. ...” гэв.

            Хохирогч Ч.Бгийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт Ч.Бгийн ах гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд хөнгөн гэмтэл учруулсан. Тэгээд  эрүүгийн хэрэг үүсэж, шүүхэд шилжүүлсэн байдаг. Сэтгэцийн өвчтэй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй тохиолдолд сэтгэцийн өвчтэй гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Дын өмгөөлөгч нарын зүгээс гаргасан гомдлуудтай танилцахад анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар бичигдсэн байна. Гомдлын төгсгөлд бичсэнээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй гэж хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, мөн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхээс татгалзаж, ердийн журмаар шийдвэрлэхээр тогтоосон шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан уу гэдэгт өмгөөлөгч нарын зүгээс байр сууриа илэрхийллээ. Прокурорын хяналтын шатанд анх яллагдагчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гаргасан хүсэлтүүдийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журам эхэлсэн. Тухайн цаг хугацаанд М.Д өмгөөлөгчтэй байсан. Энэ үед прокурортой ирж ял тохиролцож, холбогдох хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тохиролцсон. Энэ ажиллагаа прокурорын хяналтын шатанд яллагдагчийн эрх ашгийг хязгаарлаагүй, өмгөөлөгчтэй явуулсан. Улмаар шүүхийн шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээс татгалзсан. Шүүх энэ хүсэлтийг хүлээж авахдаа гаргах шийдвэр нь 2 төрөл байдаг. Өөрөөр хэлбэл,  нэг бол прокурорт буцаана, эсхүл ердийн журмаар хэргийг шийдвэрлэнэ. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээ бүхий байсан. Түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг шийдвэрлэхэд эргэлзээгүй байсан учраас тухайн хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан байдаг. Яллагдагч нь сонсголын бага зэргийн бэрхшээлтэй нөхцөл байдал байсныг прокурорын хяналтын шатанд буюу прокурортой ял тохиролцох гэж анх ирэх үед мэдсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй өмгөөлөгч оролцуулах шаардлагатай байсан гэдгийг дараа дараагийн өмгөөлөгч илэрхийлсэн. Прокурорын хяналтын шатанд дахь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг үе шат шүүхийн шатанд өмгөөлөгчгүйгээр оролцуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй гэхээс илүүтэйгээр сонсголын бага зэргийн бэршээлтэй нөхцөл байдал байсан. Гэхдээ уншиж, бичих, өөрийнхөө үзэл бодол, хэлэх гэсэн зүйлээ чөлөөтэй илэрхийлэх чадвар чадамжтай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Ямар нэгэн байдлаар иргэний шүүхээр болон бусад шүүхээр хохирогчийг эрх зүйн чадвар, чадамжгүй гэж тодорхойлогдсон шүүхийн шийдвэр байхгүй. Ийм учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцох боломжтой. Үнэхээр өөрийнхөө үзэл бодол, нөхцөл байдлыг илэрхийлэх чадваргүй тохиолдолд хууль ёсны төлөөлөгч оролцуулах хуулийн шаардлага байгаа. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд талууд бүгд харсан. Хохирогч өөрийнхөө мэдүүлгийг тогтвортойгоор өгч байсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь харилцан ямар нэгэн байдлаар зөрүүгүй, өөрийнхөө байдлыг бүрэн илэрхийлж байсан учраас түүнд заавал хууль ёсны төлөөлөгч тогтоож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй, мөн шинжээч томилж сэтгэцийн нөхцөл байдлыг дүгнэх шаардлагагүй гэж тухайн үед прокурор дүгнэлт гаргаж байсан. Хохирогчийн биед нь учирсан баруун шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл. Хэргийн үйл баримтуудыг харьцуулан шинжлэн үзвэл тухайн цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шүүгдэгч М.Д нь хохирогчид уурласан уурандаа хатуу мохоо зүйл болох тоглоомын хайрцаг, аяга, жимс зэргийг шидсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон. Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт биш гэдэг нөхцөл байдлыг илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь эрүүгийн хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх хууль зүйн заалт байгаа. Анх энэ хэрэгт хэрэг бүртгэлийн хэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Улмаар эрх бүхий албан тушаалтны гаргасан хүсэлтийг прокурор зөвшөөрөл олгож, шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Энэ үйл ажиллагаа нь тухайн цаг хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохицуулагдах боломжгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохицуулах боломжтой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргана, прокурор зөвшөөрнө, шинжээч дүгнэлт гаргана гэсэн хуулийн заалт байдаг. Шинжээчийн дүгнэлт нь эрүүгийн хэрэгт нотлох баримтын шаардлагыг бүрэн хангана гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад М.Дт оногдуулсан зөрчлийн шийтгэл байгаа. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчлийн шинжтэй үйлдэл. Хэрэв эвдэгдсэн, гэмтсэн эд зүйл 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан байвал Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг, түүнээс доош байвал Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлүүлбэл зохих үйл баримт байгаа. Шинжээчийн дүгнэлтэд 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан тооцоонд тухайн эвдэгдсэн эд зүйл буюу хохирогчийн хуваарьт эд хөрөнгө болох “Samsung А 10” загварын гар утас нь 220.000 төгрөгийн үнэлгээтэй. Үүнтэй хэргийн оролцогч нар бүгд танилцсан, ямар нэгэн байдлаар зөрүүтэй зүйл байхгүй. Ийм учраас Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулсан. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хөнгөн хохирол учруулсан гэмт хэргээс тусдаа зүйлчлэгдвэл зохих зөрчил юм. Тухайн шийтгэврийн эрх зүйн баримт бичгийн гараар бичдэг үйлдлийн товч утга дээр анх цагдаад гаргасан гомдол буюу хохирогчийн зүгээс “нөхрөө намайг зодож танхайрсан” гэх утга бүхий гомдолд гэж байгаад Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан. Өмгөөлөгч нарын гаргаж байгаа гэмт хэргийн шинж, үйлдлийн хэлбэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг шууд утгаараа нэрлэн заагаад байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэгдсэн болсон шалтгаан нөхцөл буюу тухайн хэрүүл маргааны нөхцөл байдлаас шалтгаалж энэ гэмт хэргээр зүйлчлэгдэх үү, үгүй юу гэдэг асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, буруутай этгээдийн зүгээс гэр бүлийн бусад гишүүдийнхээ эсрэг өөрийнхөө зүгээс сэтгэл зүйн болоод биеийн хүчний давуу байдал бусдад мэдрүүлэх гэсэн санаа зорилготой үйлдэгдэж байгаа санаатай үйлдэл нь дээр дурдсан Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж М.Дт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр гарсан хууль ёсны шийдвэр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

М.Д нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 8 дугаар хороо, 55 дугаар байрны 10 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.Бтай “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүн рүү гэрийнхээ эд зүйл болох тоглоомын хайрцаг, аяга, жимс зэргийг шидэн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун шуу, зүүн бугалгад цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Ч.Бгийн “...Нөхөр М.Д гэрт байсан 1 шил вискийг ганцаараа уугаад эхэлсэн. Тэгээд шөнө 22 цагийн үед уусан вискиндээ согтож тасраад над руу “танай ар гэрийнхэн намайг тоодоггүй, би уг нь өнөөдөр танай аав, ээж хоёрыг гэртээ урьж байхад ирсэнгүй шүү дээ” гэж хэлээд уурлаж агсам тавьж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнд уурлаад “чи согтчихоод болиоч ээ, одоо унтаж амар” гэсэн чинь миний Самсунг А10 маркийн гар утсыг надаас булааж аваад нугасаар нь гараараа нугалаад эвдэлчихсэн. Би түүнд уурлаад “чи чинь одоо яагаад байгаа юм бэ” гэхэд над руу дайраад миний толгой руу гараараа 3 удаа цохиод, үргэлжпүүлээд гэрт байсан хүүхдийн тоглоомын хайрцаг, жимс, аяга зэргийг над руу шидэхэд нь би гараараа хааж түүнийг болиулсан юм. Үүний дараа М.Д бид хоёрын хэрүүл маргаан хэсэг намжаад байж байтал М.Д нь ёлканы тоглоомон дээр гишгээд хөлөө зүсчихсэн. Тухайн үед гаднаас манай төрсөн ах Ч.Сайнбат манай хүүхдэд шинэ жилийн бэлэг өгөхөөр орж ирсэн. 2021 оны 09 дүгээр сард М.Д гэртээ архи ууж согтчихоод надад агсам тавьж миний мөр хэсэг рүү гараараа цохиж байсан. Тухайн үед нь бол би цагдаа сэргийлэх гэж явалгүй чимээгүй орхичихсон. ...Гэмтлийг М.Д нь над руу агсам тавьж хүүхдийн тоглоомын хайрцаг, жимс, аяга шидэхэд нь би тэдгээрийг нь баруун болон зүүн гараараа хааж оногдох үед учирсан гэмтэл байгаа юм. Миний толгойд айхтар гэмтэл шарх учраагүй. ...Би Налайхын эмнэлэг болон шинжээч эмчид үзүүлснээс өөр эмнэлгээр явж үзүүлж, эмчилгээ хийлгээгүй болохоор надад хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт бичиг байхгүй. ...Сүүлд М.Д миний гар утсыг эвдсэндээ гэмшээд шинээр гар утас авч өгсөн. ...” /хх 7-8/

гэрч Ч.С“...Би дүү Ч.Бгийн хүүхдэд бэлэг өгөхөөр тэднийд очсон. Намайг тэднийд ирэхэд Ч.Б, М.Д нар хоорондоо хэрэлдэж маргалдсан шинжтэй, М.Д нь бол нэлээн согтчихсон ёлканы тоглоомон дээр хөлөөрөө гишгээд цус гарчихлаа гээд, гэр орных нь эд хогшил ундуй сундуй болчихсон байсан. Тэгэхээр нь би М.Дт хандаж “чи наад хөлөө боолгооч” гэхэд над руу уурлаж “чамд ямар хамаатай юм бэ” гээд хэрүүл маргаан өдөөд байхаар нь би баярын өдрөөр янз бүр болоод яах вэ гэж бодоод дүү Ч.Бг хүүхдийнх нь хамт дагуулаад гэрлүүгээ явсан. Тухайн үед Ч.Бгийн нүүр ам нь бага зэрэг улайчихсан байхаар нь өөрөөс нь юу болсон талаар асуухад “...М.Д над руу агсарч дайраад намайг цохиж зодон, над руу гэрт байсан эд зүйлсийг шидсэн. ... /хх 12/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 29 дүгээр “Ч.Бгийн биед баруун шуу, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Гэмтэл учирсан гэх цаг хугацаатай тохирч байна. ...”/хх 21-22/ гэсэн дүгнэлт,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /архи уухаараа байнга айлган сүрдүүлж, заналхийлдэг/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 61-72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ч.Бд хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч М.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох ял шийтгэл оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн гэж үзэв.

Хохирогч Э.Б хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон актаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр  F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр гэх оноштой, хөдөлмөрийн чадвар алдалыг 60%-иар тогтоосон /хх 134/ гэсэн хэдий хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэг болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэлт хийхэд тэрээр хүсэл зоригоо илэрхийлж байгаа чадвар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тухайн болсон үйл явдлын талаар үнэн зөв илэрхийлсэн байна гэж дүгнэх боломжтой байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 29 дүгээр дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

Харин 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсын удирдах хэсэгт “нөхөр намайг зодож танхайрсан” гэж бичсэн боловч М.Дт Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эд хөрөнгө устгах гэмтээх” гэж зааснаар 200.000 төгрөгөөр торгох шийтгэл авагдсан бөгөөд энэ нь хүний биед хөнгөн хохирол учруулсан эрүүгийн хэргийн шинжид хамааралгүй, зөрчилд хариуцлага оногдуулсан байна.

Шүүгдэгч нь анх хэргийг хялбаршуусан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэдий  боловч /хх 106-107/  шүүгдэгч өөрөө хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзсан /хх 118/ хүсэлт гаргасны дагуу шүүх 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/51 дүгээр захирамж гаргаж хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэнийг хууль зөрчсөн гэж үзсэнгүй. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЦТ/28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Дын өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                   М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                   О.ЧУЛУУНЦЭЦЭГ