2024 07 29 128/ШШ2024/0601 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ******* ХХК Хариуцагч: Сангийн сайд Хариуцагч: Барилга, хот байгуулалтын сайдын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагч Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , иргэдийн төлөөлөгч нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болох /эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох/ 1.2.Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, 1.3.Нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцоохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгах гэж эцсийн байдлаар тодорхойлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар: 2.1.Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны Баруун бүсэд цементийн үйлдвэр байгуулах тухай 335 дугаар тогтоолоор аймгийн сумын нутагт төслийн хэрэгжүүлэхээр тогтож, уг стратегийн ач холбогдуулан бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг ******* ХХК хийж гүйцэтгэхээр болжээ. 2.2.Тус компанийн хувьд цементийн үйлдвэр байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2019 онд төслийн барилга угсралтын үйл ажиллагааг өөрийн болон зээлийн хөрөнгөөр эхлүүлсэнтэй холбогдуулан Монголын Улсын Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нараас 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* ХХК-тай Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ-г байгуулсан байна[1][1]. 2.3.Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоож, хил, гаалийг тодорхойгүй хугацаагаар хааж, нийт долоон удаагийн хөл хорио тогтоож, мөн гамшгийн эрсдэлийн улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд байснаас үүдэн төслийн худалдан авалтын үйл ажиллагаа мөн хугацаагаар удааширч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл нөлөөлсөн хэмээн гэрээнд заасан Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/22-006[2][2], 2022 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн 08/22-182[3][3], 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 08/22-182[4][4] дугаар албан бичгээр хариуцагч Сангийн сайд болон Барилга, хот байгуулалтын сайдад хүсэлтээ гаргаж байсан. 2.4.Харин хариуцагч Монгол Улсын Сангийн сайдаас 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-21374 албан бичгээр[5][5] ...Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас танайд компанид татварын дэмжлэгийг нэгэнт олгосон тул 2 жилээс илүү хугацаагаар татвар төлөх хугацааг сунгах эрх зүйн үндэслэлгүй...албан татвараа хугацаанд нь төлөхийг анхаарна уу...., 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 албан бичгээр ...Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жилээр сунгасан гэрээг дахин сунгах зохицуулалт байхгүй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй...[6][6] хэмээн хариуг ******* ХХК-д хүргүүлсэн байна. 2.5.Дээрх шийдвэрийг ******* ХХК-аас эс зөвшөөрч шүүхэд *******" ХХК болон Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан "Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ"-ний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар сунгахыг Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайдад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл[7][7] гаргасан. 2.6.Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны эцэст 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2023/470 шийдвэр[8][8], Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2023/0486 магадлалаар[9][9] нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон бол Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 78 тоот тогтоолоор[10][10] дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. 2.7.Тус шүүхээс дээрх тогтоолд заасан холбогдох ажиллагааг хийж, хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцээд шийдвэрлэсэн болно. Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: 3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл эцсийн байдлаар: Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 176 дугаар тогтоолоор "*******" ХХК-ийн хэрэгжүүлж буй "*******" төслийн үйлдвэрт зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар сунгасан ба энэхүү заалтыг хэрэгжүүлэх 3 талт гэрээ зохих журмын дагуу байгуулагдсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай, "Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ"-г Сангийн сайд болон Барилга хот байгуулалтын сайд нартай байгуулсан ба уг гэрээгээр албан татвар төлөхийг хойшлуулах хугацаа нь хэзээ эхлэхийг тогтоосон. Дээрх гэрээний 6.3-т Гэнэтийн болон давагдашгүй хүчний тохиолдол гэдэгт Хар салхи, гал түймэр, цасан шуурга, хүчтэй ширүүн аадар бороо зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарч бий болсон, түүнийг зогсоох боломжгүй байгалийн гамшигт үзэгдлийг хэлэх бөгөөд уг тохиолдол гарсныг холбогдох эрх бүхий эрх бүхий төрийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэн талууд баталгаажуулах бөгөөд уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх хугацааны түр зогссон гэж үзэх боловч энэ хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заасан. Гэрээ байгуулагдсаны дараа дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу давагдашгүй хүчний шинжтэй нөлөөний улмаас тоног төхөөрөмж татан оруулж ирэх үйлдвэр барьж угсрахад хүндрэлтэй нөхцөл үүсэж гэрээнд заасан хугацаа хэрэгжих боломжгүй болсны улмаас Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болногэх заалтыг үндэслэж Засгийн газрын шийдвэр /2020 оны 176 дугаар тогтоолоор/-ээр манай компанид олгогдсон дэмжлэг бодит бус болох буюу зорилгодоо нийцэх боломжгүй нөхцөл үүссэн болно. Гаалийн албан татвар төлөхийг хойшлуулж байгаа үндэслэл нь Хөрөнгө оруулалтын тухай хууль-ийн 10.1-д заасан хөрөнгө оруулалтын татварын дэмжлэг бөгөөд нэхэмжлэгчийн хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоол, 2015 оны 335 дугаар тогтоол, 2016 оны Эдийн засгийн сэргээх хөтөлбөрт багтсан жилд 250,000 тонн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах ач холбогдол бүхий үйлдвэрийн төсөл тул татварын дэмжлэгийг Засгийн газраас үзүүлж дээрх гэрээг байгуулсан гэж ойлгож байгаа. Татварын дэмжлэг нь бодитой, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц байх ёстой байтал дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд уг дэмжлэг бодитойгоор бүрэн хэрэгжсэн гэж үзэхээргүй байгаа тул талуудын хооронд байгуулсан гэрээний 6.3-т давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг түр зогсоож, түр зогссон хугацаа нь татвар төлөхийг хойшлуулах 2 жилийн хугацаанд тооцогдохгүй байх зохицуулалтын дагуу гэрээний талууд хугацаанд өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. Энэ асуудлаар ******* ХХК-аас, гэрээний талууд болох Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нарт тодорхой үндэслэл, нотлох баримтуудыг тусган хүсэлт гарган хандсан боловч Сангийн сайд нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 дугаартай албан бичгээр манай хүсэлтийг ...2жилээр сунгасан гэрээг дахин сунгах зохицуулалт байхгүй тул тайн хүсэлтийг хүлээн авах боломжгүй... гэх үндэслэлээр татгалзан шийдвэрлэжээ. Хариуцагчийн дээрх татгалзсан шийдвэр нь буюу үндэслэл нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал: Нэгдүгээрт. Хариуцагч нар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. эрхэлсэн асуудлын хүрээнд ..., хууль тогтоомж..., Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг... хариуцах-аар үүрэг хүлээсэн. Хоёрдугаарт: Засгийн газрын 2020 оны 176 дугаар шийдвэрт заасан хугацаа хэзээнээс эхлэхийг заагаагүй ба хугацааг нарийвчлан тогтоох үүрэг нь хариуцагч нарт байгаа бөгөөд шаардлагатай гэж үзвэл хариуцагч нар нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д Засгийн Газрын хуралдаанд хэлэлцэх асуудлыг Засгийн газрын гишүүн эрх хэмжээний дотор санаачлах эрхтэй гэсэн заалтын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бүрэн боломжтой. Гуравдугаарт: Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт нь гэрээгээр олгогдсон хугацаанд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэний улмаас гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн агуулгатай байхад хариуцагч тал Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийг хэрэгжүүлэлгүй татгалзсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нарын дээрх татгалзсан шийдвэр нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч ******* ХХК нь төр /Засгийн газрын шийдвэрээр/-өөс хуульд заасан журмын дагуу олгож буй Хөрөнгө оруулалтын дэмжлэг, татварын хөнгөлөлттэй эдлэх эрх, төрийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, эдлэх боломжийг бодитоор хүртэх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөхөд хүрч байна гэжээ. 3.2. Хариуцагч Барилга, хот байгуулалт сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 08/22006 дугаар Дэмжлэг хүсэх тухай албан бичгээр тус яаманд хандаж, Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам болон ******* ХХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 93, 188А, ВХ-08/20-16 дугаартай Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл сунгах 3 талт гэрээ-ний хугацааг дахин 2 жилээр сунгаж, төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Энэхүү албан хүсэлтийг тус яам нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 2.2.2-т Татвар төлөгчтэй татварын асуудлаар харилцах, 2.3.4-т Татвар төлөгчийн хэрэгжүүлж буй төсөл хэрэгжих боломжгүй, эсхүл үндсэн зорилгоос өөр байдлаар хэрэгжих эсхүл төслийн ажил нь төлөвлөсөн хугацаанаас өөрчлөгдөхөөр бол энэ талаар ажлын 5 хоногт багтаан Сангийн яаманд мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн Сангийн яаманд Хүсэлт уламжлах тухай 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/250 дугаар албан бичгээр уламжилсан байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээний дээрх заалтуудаар уг асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг нь Сангийн яаманд хамаарч байх тул уг ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. 3.3.Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1-11.2.3-т заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэж заасныг үндэслэн Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, ******* ХХК-ийн хооронд 3 талт 93/188А/ВК-08/2016 гэрээг байгуулсан тус гэрээний хавсралтаар ******* ХХК-ийн хэрэгжүүлж буй ******* төслийн хүрээнд импортоор оруулж ирэх барааны жагсаалт, хойшлуулсан татварын төсөвт төлөх хуваарийг баталсан. Тус хуваарийн дагуу ******* ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төсөлд шаардагдах тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг импортолж түүний ногдох татварыг хойшлуулсан. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон холбогдох Засгийн газрын тогтоол, 3 талт гэрээгээр гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцох зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 4.4.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт болон хөгжлийн эхлэл тавигдаж байгаатай холбогдуулан үйл ажиллагаа жигдэрч борлуулалт тогтворжиход томоохон нөлөөлөл үзүүлэгч улирлын шинж чанартай ажил бизнес тул дахин хөнгөлөлт үзүүлэх /хугацаа сунгахыг хүссэн хүсэлт/ нь зөв юмаа гэв. ҮНДЭСЛЭХ нь: Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд: 4.1. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 4.2.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл, Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ... улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болно гэж заасны дагуу Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар тогтоолоор ******* ХХК-ийн ******* төслийн үйлдвэрт зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жилийн хугацаагаар сунгах, импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийн жагсаалтыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу ангилан баталж, техник тоног төхөөрөмжийг баталсан жагсаалтын дагуу гаалийн хилээр нэвтрүүлж байхыг Сангийн сайдад үүрэг болгож, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гурван талт гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайдад үүрэг болгосон шийдвэрийг гаргасан. 4.3.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд дээрх Монгол Улсын стратегийн ач холбогдуулан бүтээн байгуулалт болох аймгийн сумын нутагт төслийн бүрэн хийж гүйцэтгэсэн, тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа талаар талуудын хэн аль нь маргадаггүй. 4.4.Харин уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэх явцад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм тогтоож, хил, гаалийг тодорхойгүй хугацаагаар хааж, нийт долоон удаагийн хөл хорио тогтоож, мөн гамшгийн эрсдэлийн улаан, улбар шар буюу гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд байснаас үүдэн төслийн худалдан авалтын үйл ажиллагаа удааширч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд орсон эсэх, улмаар талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 93,188А,ВХ-08/20-16 дугаар Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээний 6.3-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаа түр зогссон гэж үзэх эсэхэд тус тус шүүх талуудын тайлбар, маргаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй байна. 4.5.Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 93,188А,ВХ-08/20-16 дугаар Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээний 2.1.8-д Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдлоос болж үүргээ бүр болон түр хугацаагаар гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд энэ талаар гэрээний талуудад 10 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй, 6.3-д гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй тохиолдол гэдэгт хар салхи, гал түймэр, цасан шуурга, хүчтэй ширүүн аадар бороо зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарч бий болсон, түүнийг зогсоох боломжгүй байгалийн гамшигт үзэгдлийг хэлэх бөгөөд уг тохиолдол гарсныг холбогдох эрх бүхий төрийн байгууллагын албан ёсны дүгнэлтийг үндэслэн талууд баталгаажуулах бөгөөд уг хугацаагаар үүрэг гүйцэтгэх хугацааг түр зогссон гэж боловч энэ нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 6.5-д Энэ гэрээнд тусгагдаагүй бусад асуудлыг хууль, тогтоомжийн дагуу зохицуулна гэж тус тус тохиролцсон аж. 4.6.Гэвч нэхэмжлэгч компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахлын нөлөөлөл, уг нөлөөллийн улмаас гаргасан Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэр, түүнчлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч компанийн худалдан авалт, бараа түүхийн эдийн татан авалд, тээвэрлэлт нь гэрээнд заасан төлөвлөсөн хугацаанд хийгдээгүй, хугацаа алдсан болох нь гүйцэтгэлийн мэдээний баримтаар тогтоогдсон[11][11]. 4.7.******* ХХК-аас Албан татвар төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээний 2.1.8-д заасан нөхцөл байдлыг тогтоосон Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majure/-ийн гэрчилгээг[12][12] төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүргийг хэрэгжүүлж буй Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосон байх бөгөөд үүндээ ******* ХХК-аас *******-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй болсныг нотолсон. 4.8.Энэ нь төслийн барилга угсралтын үйл ажиллагааг нэхэмжлэгч өөрийн болон зээлийн хөрөнгөөр эхлүүлсэнтэй холбогдуулан холбогдох санхүүгийн чадавх суларсан, банкны зээл болон ******* төслийн үйлдвэрт зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын эргэн төлөлтийг төлөх боломжгүй байсан болохыг илэрхийлж байна. 4.9.Өөрөөр хэлбэл гурван талд гэрээнд заасан Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан татварын хөнгөлөлтийг бүрэн утгаар нь эдэлж чадаагүй, үүнийгээ ч гэрээний хугацаа дуусахаас өмнө бичгээр хариуцагч нарт илтгэж байсан болно. 4.10.Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээнд заасан татварыг төлөхөөс татгалзаагүй, түүнийг төлөхийг үгүйсгээгүй зөвхөн гурван талд гэрээний 2.4.3-д татвар төлөгч Барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тухай бүрд энэ гэрээний 3.1-т заасан баримтыг үйлдэж, талуудад хүргүүлнэ..., 6.1-д ...гаалийн хилээр нэвтрүүлж бүрдүүлэлт хийснээр хойш холбогдох татварыг ...төлөхөөр заасны дагуу ******* ХХК-ийн хилээр оруулж ирсэн бараа, иж бүрнээр 2022 оны 08 дугаар сард орж ирснээр үйлдвэр баригдах боломжтой болсон зэргийг харгалзан үзэн, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварын эргэн төлөлтийг 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сар хүртэл хойшлуулж, улмаар мөн оны дуусах хүртэл хугацаанд буцаан төлүүлж дуусгах үндэслэл бүхий байж болох саналыг хариуцагч нар дээрх үйл баримтад дурдсан нөхцөл байдал болох давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийн улмаас бодитоор хэрэгжсэн талаар үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шийдвэр, үйл ажиллагаа хууль бус байна. 4.11.Товчхондоо гэрээний 5.1-д заасан хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор гүйцэтгэн, гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзэхээргүй. 4.12.Хариуцагч нар гурван талт гэрээний 6.5-д Энэ гэрээнд тусгагдаагүй бусад асуудлыг хууль, тогтоомжийн дагуу зохицуулна гэж заасны дагуу гэрээний нөхцөл хэрэгжих боломжтой зэргийг судлан нөхцөл байдалд бодит үнэлэлт дүгнэлт өгч Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр шийдвэрлэх боломжтой байсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. 4.13. Энэхүү үндэслэлтэй санал нэгдэж буй болохоо шүүх хуралдаанд олон нийтийн зүгээс хяналт тавьж буй иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар гаргасан өөрийн санал, дүгнэлтэндээ бичгээр илэрхийлсэн болно. 4.13.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнээд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болохыг тогтоон, Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцоохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгахаар шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.3,106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 176 дугаар тогтоолоор нэхэмжлэгчид татвар төлөх хугацааг 2 жилээр хойшлуулах дэмжлэгийг хүртэх эрхтэй болохыг тогтоон, Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулагдсан гэрээний /татвар хойшлуулсан/ хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн шалтгааны улмаас нэхэмжлэгч татварын дэмжлэгийг бодитоор буюу бүрэн хүртэх боломж хязгаарлагдсаныг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулах, нэхэмжлэгч болон Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай гурван талт гэрээ-ний хугацаанд гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан хугацааг харгалзан тооцоохоос татгалзсан хариуцагч Сангийн сайдын 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 01/5099 дугаартай албан бичиг /шийдвэр/, Барилга, хот байгуулалтын сайдын татгалзаж байгаа үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоож, гэрээний хугацааг давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл арилах хүртэл хугацаагаар тооцохыг хариуцагч нарт даалгасугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийн тус тус гаргуулсугай. 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.БАТБААТАР ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ |