Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 02251

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/02251

 

 

 

                     Ч.А, О.М нарын нэхэмжлэлтэй

                                        иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.А, О.М нарын хариуцагч О.Х.У.Т.Ө.Х.У.Г, О.Х.У.Т.Ө.Х.У.Г, Ц.Б нарт холбогдуулан гаргасан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Ч.А, О.М нараас 2 384 258 төгрөг гаруулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч О.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан, хариуцагч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч В.В.Белозеров, орчуулагч П.Марина, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.А, О.М нар шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар хуралдаанд гаргасан тайлбартаа: В.В Белозеров, Ц.Б нар 15 жил амьдран суугаа орон сууцны байрны түрээсийн гэрээг г биднийг оролцуулалгүйгээр хийгээд, "... байраа чөлөөлж өг гэсэн маргаан үүслээ. Бидэнд 72/19-01 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээг  эхээр нь өгөөгүй бөгөөд уг гэрээг уншаад үзэхэд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж хийсэн ба Иргэний Хуулийн 547-р зүйлийн 547.1.1, 547.1.3, 547.1.6 заалтад заагдсаны дагуу Монгол Улсын хуулийг хэрэглэх ёстой гэж үзсэнээс гадна бидэнд мэдэгдэлгүйгээр ашиглаж байгаа үл хөдлөх хөрөнгийн талаар хэлцэл хийсэн нь хэлцэл дээр юу гэж бичигдсэнээс үл хамааран Иргэний Хуулийн 57 дугаар зүйлд заагдсанаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие уг байрыг 15 жилийн турш хөлсөлж амьдрахдаа cap бүрийн төлбөрийг төлж, зөрчилгүй амьдарч байсан учир цаашид ч хөлслөн амьдрах эрхтэй гэж үзэж байна. Өмчлөгч өмчлөлийн зүйлээ чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй боловч ингэж захиран зарцуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, Иргэний эрх зүйн хамгийн наад захын шаардлагыг хангах ёстойгоос гадна бусдын эрхэнд бүдүүлгээр халдах ёсгүй гэж үзэж байна. Иймд 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү. Ц.Б хаалга эвдсэн, гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулна гэжээ.

Хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газар-ын төлөөлөгч В.В.Белозеров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн оршин суугаа газрын харьяаллын дагуу гаргадаг. Ц.Б болон манай байгууллагын хэн нь ч уг шүүхийн харьяалах газар оршин суудаггүй. Гэрээ нь манай хилийн чандад байгаа төрийн байгууллага болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан. Нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Орос улсын эд хөрөнгө, түүний ашиглалт бол Орос улсын өмч. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа Орос улсын өмч хөрөнгөд аль ч улсын иргэнд хөнгөлөлт үзүүлэхгүй болсон байгаа. Хариуцагч тал нь Орос улсын хилийн чанд дахь суурин төлөөлөгчийн газар байгаа юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ В.В.Белозеров гэдэг хүн 8 ам.доллароор гэрээ хийхийг шаардсан гэж худал хэлж байна. Хэргийн материалд хавсаргасан баримтуудаас харахад өдрийн 1 м.кв нь 8 ам.доллар биш. Өдрийн 8 ам.доллар гэж тооцож байгаа. 8 ам.долларт бүх ашиглалтын зардал орсон. Манай байгууллага Ц.Бтай ийм нөхцөлөөр гэрээ хийсэн. Орос улсын Монгол улсад оршин суух элчин сайдын яамнаас бидэнд 3 ам.доллароор гэрээ хийх үүрэг өгдөггүй. 2015 оноос өмнө буюу Орос улсын Засгийн газрын тогтоол гарахаас өмнө 50 центээр гэрээ хийх боломж байсан. 2015 оноос хойш Засгийн газрын тогтоол гарснаар бид 50 центээр гэрээ хийдэггүй болсон. Тус 8 дугаар байр нь Орос улсын өмч болох талаарх гэрчилгээ хэргийн материалд байгаа. Хуулийн дагуу Ц.Бтай байгуулсан гэрээний талаар шаардлага гаргах, тайлбар тавих эрхгүй. 8 дугаар байр бол Монгол улсад бэлэглэсэн байр биш. Уг байрыг Монгол улсын Засгийн газарт шилжүүлэх талаар ямар ч зүйл яригдаагүй. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай улсаас Монгол улсын Засгийн газарт 14 объектыг шилжүүлсэн. Түүний дотор 8 дугаар орон сууц байсан. Одоогоор Монгол улсын Засгийн газарт 8 дугаар байр шилжүүлэх асуудал яригдаагүй. Нэхэмжлэгч нар Ц.Бтай хийсэн гэрээг хууль бус гэж үзэж байгаа ч нэхэмжлэгч талаас хууль ёсны эзэмшигч гэсэн баримт шүүхэд гаргаагүй. Бид Монгол улсын хууль болон олон улсын хууль тогтоомж, хяналтын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нар 2006 онд гэрээ байгуулсан гэж хэлсэн. Гэвч нэхэмжлэгч нар тэр үед болон одоо ч энэ байрны өмчлөгч биш. Мөн нэхэмжлэгч нар Даяар хас ХХК-тай гэрээ байгуулаад 650.000 төгрөг төлсөн гэж хэлсэн. Одоо яагаад ийм шаардлага тавьж байгаа нь сонин байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлж байгаагаар манай төлөөлөгчийн газар нэг орон сууцанд давхар гэрээ хийж байгаагүй. Нэхэмжлэгч нар ямар ч тайлбар тавихгүйгээр зориудаар өмчлөгчид өөрийн өмчдөө халдах, оролцох боломж олгохгүй байна. Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6, 94 дүгээр зүйлийн 94.1, 95 дугаар зүйлийн 95.1-д тодорхой заасан. Нэхэмжлэгч нар шаардах эрхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар болон манай төлөөлөгчийн газрын хооронд гэрээний харилцаа бий болоогүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Хариуцагч Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие тус байрны хууль ёсны өмчлөгч болох ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар /ФГУП.ГЗС/-тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 72/19-01 тоот Байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм. Иймд өмчлөгч тал болох ОХУ-ын байгууллагыг хууль зөрчсөн гэрээ байгуулаагүй гэдэгт миний бие итгэж байна. Би 1991 оноос 2009 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Орос улсын цагдаагийн сургуульд сурч байсан. 2018 онд би Монгол улсад ирээд Сонгинохайрхан дүүрэгт айлын хажуу өрөөнд амьдарч байгаад хотын төвд амьдаръя гээд Орос улсын төрийн өмчийн байгууллагатай гэрээ байгуулаад тус байранд орсон. Оросуудтай байгуулсан гэрээг хэрэгт өгсөн байгаа. Гэрээ хийх гэж очиход тэр байранд хууль ёсоор оршин суух хүмүүс нь байрандаа орж чадахгүй байна гэж байсан. Тэр асуудал хэвлэл мэдээллээр цацагдаж байсан. Тэр үед Орос улсын өмчлөлийн орон сууцнуудыг Монгол улсын Засгийн газарт шилжүүлэх гэж байгаа гэсэн асуудал яригдаж байсан. Энэ үед Орос улсын төлөөлөгчийн газартай гэрээ байгуулсан байсан нэхэмжлэгч нартай уулзаж, байраа суллах бололцоо байгаа эсэх, ямар гэрээ байгуулж байсан эсэх талаар ярихад манай нөхөр Орос хүн. Шүүхээс гар гэвэл гарна. Цагдаа прокурор дээр очиж асуудлаа шийдье гэсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаа, прокурор, Цагдаагийн Ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн иргэний шүүх гээд намайг олон тийш гүйлгэдэг байсан. Би хувийн ашиг харж ийм зүйл хийгээгүй. Хаалга эвдэлсэн асуудлаар нэхэмжлэгч яагаад хохирол нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Энэ байр Орос улсын өмч. Хохирол учруулсан талаар баримт байхгүй байж хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Баримт нь байвал би төлнө. Би Баянзүрх дүүргийн шүүх дээр 50 000 төгрөгөөр торгуулсан асуудал бол олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн зөрчил байсан. Түүнээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж арга хэмжээ авагдаж байгаагүй. Орос улсын төлөөлөгчийн газартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан учир хууль ёсны эзэмшигч. Тус орон сууцны хаалгыг яагаад эвдсэн талаарх бичлэг байгаа. Хаалганы цоож эвдээд өгөөч гэсэн. Нэхэмжлэгч нарын маргаад байгаа орон сууцны жижиг өрөөнд нь амьдарч байхад миний эд зүйлийг энэ хүмүүс гадаа гаргаж хаясан. Тус байрны хаалгыг өөрөө янзлаад нэг түлхүүрийг Оросын улсын төлөөлөгчид өгөөд нэг түлхүүрийг нэхэмжлэгч нарт өгөөд нэг түлхүүрийг нь өөрөө авсан байсан. Тэгэхэд эд нар сүүлд цоожны гол сольчхоод чаддаг юм бол эвдээд орж ирээрэй гэж хэлсэн. Харин миний хохирлыг нэхэмжлэгч нар барагдуулах ёстой. Эрх зүйн харилцааг В.В.Белозеровтой үүсгэж,  Орос улсын хилийн чанд дахь суурин төлөөлөгчийн газартай гэрээ байгуулаад төлбөрөө төлсөн байрандаа орж чадахгүй, нэхэмжлэгч нар амьдарч байгаа. Төлөөлөгчийн газрын хүмүүс нэхэмжлэгч нарыг гэрээгээ байгуулаач гэхэд та нар зугтаагаад явж байсан. Надад хохирол төлөх үндэслэл байхгүй. Хаалганы төлбөрийг хариуцагч байгууллагын төлөөлөгч надаас нэхээгүй. Гэтэл гэм хорын хохирлыг надаас нэхэмжлэгч нар ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа юм. Үүнийг зөвшөөрөхгүй. В.В.Белозеров надаас хохирол нэхвэл би төлөх ёстой. Яагаад гэвэл өмчийн эзэн. Яах гэж миний шинээр хийсэн хаалгыг эвдээд энэ хүмүүсээс зөвшөөрөл авалгүй, хууль бусаар хаалга хийсэн юм гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 72/19-01, 72/19-02, 102/19-01 тоот байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах газрын үйлдвэрийн газрын төлөөлөл болох алс Дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгч В.В.Белозеровтой тус байгууллагын өмч болох түрээсийн байр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 5 дугаар хорооны Жуковын 8 дугаар байрны 37 тоотыг эзэмшихээр cap бүрийн 223 ам.доллар 20 центийг төлж албан ёсны гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл төлбөрөө төлсөөр ирсэн. Гэвч түрээсийн гэрээгээ зөрчин тус байранд хууль бусаар оршин сууж Оросын холбооны байгууллагад хохирол учруулан олон жил энэ байранд амьдарч ирсэн иргэн Ч.А болон О.М нар нь түрээсийн байрнаас гарахгүй өдий хүрч байна. Эдгээр хүмүүс нь үнэн худал шалтаг шалтгаан тоочин заль зохиож хугацааг сунган Ц.Б миний төлсөн төлбөр дээр үнэгүй амьдарч, элдэв хэл ам гарган доромжилж миний сэтгэл санаа болон эд хөрөнгө эдийн засгаар минь хохироож байгаад маш их гомдолтой байна. Иймд Ц.Б  тус Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын 5 дугаар хорооны Жуковын 8 дугаар байрны 37 тоотыг түрээслэн эзэмшихээр албан ёсны гэрээ байгуулан 2019 оны 06 сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл төлсөн нийт төлбөр болох 892 ам.доллар 80 цент буюу 2019 оны 06 дугаар сараас 12 дугаар cap хүртэлх Монгол банкны 2019 оны 08 сарын валютын дундаж ханш болох 2670,54 төгрөгөөр тооцон нийт 2.384.258 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн зардал болох 53.100 төгрөгийг тус байранд хууль бусаар оршин суугч иргэн Ч.А болон О.М нараас нэхэмжилж байна. Намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.А, О.М нар сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотор нь айл амьдарч байгаа байрыг чөлөөлөөгүй байхад өөр хүнтэй гэрээ байгуулна гэж байхгүй. Мөн айл амьдарч байгааг мэдсээр байж түрээслэнэ гэж байхгүй. Хэрэв төлбөр нэхэж байгаа бол төлбөрийн мөнгийг банкаар дамжуулан шилжүүлсэн байх ба ашиг сонирхол нэгтэй 2 этгээдийн 1 нь хүлээн авч нөгөө нь хүлээлгэн өгсөн баримт нотлох баримтад тооцогдохгүй. Хэрэв мөнгийг бэлнээр өгсөн бол бэлнээр хүлээн авсан этгээд уг мөнгөө банканд тушаасан байх ёстой. Бид Ц.Бтай ямар ч хэлцэл хийгээгүй. Хэрэв төлсөн мөнгөө авна гэж байгаа бол байрыг чөлөөлөөгүй байж байранд суулгана гэж мөнгө авсан Белозоревоос л нэхэмжлэх эрхтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.1-д заасныг баримтлан Оросын холбооны улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Ц.Бгаас 1.200.000 төгрөг гаргуулах Ч.А, О.М нарын нэхэмжлэл болон Ч.А, О.М нараас 2.384.258 төгрөг гаргуулах Ц.Бгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103.550 төгрөг, хариуцагч Ц.Бгаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оросын холбооны улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар, Ц.Б нараас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М, Ч.А нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ОХУ-ын хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газрын төлөөлөгч В.В.Белозеров давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчдийг шударга ёсны эзэмшигч болохыг үндэслэлгүй тогтоосон. Гэхдээ Монгол улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа этгээдийг шударга өмчлөгч гэж хүлээн зөвшөөрдөг. Гэвч нэхэмжлэгчид шүүхэд эд хөрөнгийг хууль ёсны дагуу эзэмшиж буйг нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нарын өгсөн Билгийн үүдэн дунд сургууль, Алексей Чинбат нарын хооронд 2010 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байгуулсан дугаарлагдаагүй гэрээг шүүх өөрийн үндэслэлдээ ишлэл болгон ашигласан нь эд хөрөнгийг түрээслэх эсвэл ашиглах тухай албан ёсны баталгаатай гэрээ биш юм. Ийнхүү гэрээ нь олон нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ бөгөөд гэрээний зүйлд нь эд хөрөнгийг ашиглах талаар заагаагүй болно. Тиймээс гэрээний нэн чухал нөхцөлийг зөрчсөн тул түүнийг хүчин төгөлдөр бус болгож байна. Шүүх өөрийн үндэслэлдээ ишлэл болгож байгаа төлбөрийн баримтууд нь нэхэмжлэгчдийг шударга эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй. Энэ нь эд хөрөнгийг ашигласны төлбөр биш зөвхөн төлбөрийн зориулалт нь ашиглалтын төлбөр болно. Хоёрдугаарт төлбөрийг нэхэмжлэгч нар нь төлөөлөгчийн газрын дансанд дур мэдэн, сар бүр тогтмол биш өөрийн дураар хийж байсныг хэргийн материалаас харж болно. Төлөөлөгчийн газар нь орон сууцны 8 дугаар байрны 37 дугаар тоот оршин суугчдад хэзээ ч ашиглалтын төлбөрийг төлөх талаар нэхэмжлэл гаргаж байгаагүй, яагаад гэвэл эд хөрөнгө ашиглах гэрээгүйгээр байранд амьдарч байсан. Үүний зэрэгцээ, аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээг ханган нийлүүлэгчид болон өмчлөгчийн төлөөлөгчийн байгууллагатай шууд байгуулагдсан бөгөөд бүрэн хэмжээгээр нь зөвхөн манай байгууллага төлдөг. Ийнхүү нэхэмжлэгчид нийтийн аж ахуйн үйлчилгээний төлбөрийн хэмжээг өөрөө дур мэдэн тогтоож, ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаагүйгээр байгууллагын дансанд байршуулсан болно. Заагдсан төлбөр нь үл танигдсан төлбөрийн ангилалд багтдаг учир өмчлөгчийн харилцах данснаас ямар нэгэн буцаалт хийх боломжгүй. Яагаад гэвэл харилцах дансаар бус харин банкинд төлбөр нэрээр тушаагдсан мөнгө нь хувь хүнээр бэлэн мөнгөөр тушаасан. Иймд хэргийн 27 дугаар талаас 33 дугаар талд авагдсан баримтууд нь нэхэмжлэгчдийг үнэнч шударга эзэмшигч гэж хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчид эзэмшил нь хууль ёсны болохыг нотлох өөр баримт гаргаж өгөөгүй. Шүүх нэхэмжлэгч нарыг Плехановын нэрэмжит сургууль болон Билгийн үүдэн бүрэн дунд сургуультай 2006 оноос хийсэн түрээсийн гэрээгээр 37 дугаар тоотыг тасралтгүй ашигласан гэж үндэслэлгүйгээр тогтоосон бөгөөд үүнд ямарч нотлох баримт байдаггүй, Шүүх эдгээр дүгнэлтийг зөвхөн нэхэмжлэгчдийн үгийг үндэслэн хийсэн, хариуцагчид үүнийг зөвшөөрөхгүй. Иймд шүүх ямар үндэслэлээр нэхэмжлэгчдийг шударга ёсны эзэмшигчид гэж хүлээн зөвшөөрсөн нь огт ойлгохгүй байна. Нэхэмжлэгчид эд хөрөнгийг хууль ёсны үндэслэлгүйгээр ашиглаж байгаагаа ухамсарлаж байсан, учир нь тэд түрээсийн гэрээ байгуулахыг Төлөөлөгчийн газар, ОХУ-ын Элчин сайдын яам, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газарт удаа дараа хандсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, үүний зэрэгцээ ОХУ-ын хууль тогтоомжид зөрчилтэй нөхцлөөр гэрээ байгуулахыг шаардсан. Мөн эдгээр шаардлагууд нь Монгол улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчиж байна. Ч.А, О.Мягмасүрэн нар болон Төлөөлөгчийн газрын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.6 дахь хэсгийг үндэслэн үүргийн харилцаа үүссэн гэж шүүх буруу тогтоосон мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар түрээсийн шинэ гэрээг байгуулах давуу эрх эдлэх эрхтэй гэж үзсэн. Гэхдээ энэ тохиолдолд манай байгууллагатай ямар нэгэн эд хөрөнгийг түрээслэх, дамжуулан түрээслэх гэрээ байхгүй байхад давуу эрх эдлэхгүй гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчдийг Билгийн үүдэн бүрэн дунд сургуультай байгуулсан 37 дугаар орон сууцыг түрээслэх гэрээний үргэлжлүүлэгч болсон гэж ташаа тайлбарласан боловч Монгол улсын Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.6 дахь хэсэгт “Эд хөрөнгийг дамжуулан түрээслэх гэрээний хугацаа, уг хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7- т заасны дагуу, үндсэн гэрээний хугацаанаас хэтрэхгүй байна” гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийг хугацаа нь дуусгавар болсон түрээсийн гэрээний үргэлжлүүлэгч гэж тооцож болохгүй, мөн Монгол улсын Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн агуулгыг хэрэглэх боломжгүй, яагаад гэвэл түрээсийн болон дамжуулан түрээслэх гэрээ байхгүй тул Монгол улсын Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.7-д зааснаар хөлслөгч нь эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх болон түүнийг шилжүүлэн түрээслэхийг зөвхөн хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасан. Мөн шилжүүлэн түрээслэх зөвшөөрөл олгосон нотлох баримт байхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 1 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэхэд хэрвээ эрх зүйн харилцаа тогтоогдоогүй бол хэн ч түүний хүсэл зоригийн эсрэг эрх зүйн харилцаа холбоо тогтоох, эсвэл гэрээ байгуулсан гэж хүлээн зөвшөөрүүлэх үүрэг өгч болохгүй. Шүүх маргааны зүйлийг 37 дугаар орон сууц гэж үндэслэлгүй тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй байгаа бөгөөд уг байр нь ОХУ-ын хөрөнгө гэдэг нь маргаангүй, үүнтэй холбогдуулан Монгол улсын Иргэний хуулийн 547 дугаар зүйлийн 547.1.6-д заасныг хэрэглэх боломжгүй. Төлөөлөгчийн газар нь Ч.А, О.М нарт гэрээ байгуулах тухай саналыг явуулах үүрэгтэй гэж шүүх тогтоосон. Төлөөлөгчийн газраас оршин суугчдад удаа дараа хандсан хэдий ч 72/19-01тоот гэрээ байгуулахаас өмнө Төлөөлөгчийн газраас хандаж байсан нь баримтаар нотлогдоогүй. Гэсэн хэдий ч, Ч.А, О.М нар өмчлөгчийн төлөөлөгчдөд энэ асуудлаар хандсан нь баримтаар нотлогдоогүй. Энэ тохиолдолд шүүх Монгол улсын Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн. Иргэний хууль тогтоомж нь тэгш байдал, хүсэл зоригийн бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хэн нэгэн дур мэдэн оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй байх, иргэний эрхийг ямар ч хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчимд суурилдаг. Үүний зэрэгцээ хэрэгт Төлөөлөгчийн газраас нэхэмжлэгчдэд гэрээний харилцаа байгуулах саналыг илгээсэн болохыг нотлох баримт хангалттай байгаа бөгөөд энэхүү боломжийг ашиглахгүйгээр ОХУ-ын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 884 тоот "ОХУ-ын хил хязгаарын гадуур байрлах холбооны эд хөрөнгийг удирдах тухай" тогтоолтой зөрчилдөх нөхцөлийгшаардсан. Мөн уг тогтоолыг Төлөөлөгчийн газар өөрийн үйл ажиллагаанд удирдлага болгон ажилдаг. Мөн хэрэгт нэхэмжлэгч нар эд хөрөнгийг тухайн байрны үндсэн оршин суугчдын нэгэн адил эрх эдлэх сонирхолтой байгаагаа удаа дараа бичгээр мэдэгдэж, тэдэнд хөнгөлөлт олгохыг шаардсан болохыг нотолсон баримтууд багтсан болно. Өмчлөгчийн төлөөлөгчид түүнчлэн бусад эрх бүхий байгууллагууд, тэр дотор ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь төрийн өмч хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газар нь А.Чинбат, О.М нарт хууль эрх зүйн үндэслэлгүй тул ямар нэгэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хангах боломжгүй гэсэн тайлбарыг удаа дараа өгч байсан, гэхдээ тэд гэрээний харилцаа байгуулахаас татгалзаж, орон сууцаа чөлөөлөхөөс татгалзсан. Монгол Улсын Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “эзэмших эрхгүй буюу эзэмших эрхээ алдсан эзэмшигч нь энэ эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй", мөн Монгол улсын Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт "Шударга бус өмчлөгч нь эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэгтэй" гэж тус тус заасан байдаг. Шударга бус өмчлөгч гэдэг нь хууль ёсны үндэслэлгүйгээр өмч хөрөнгө эзэмшдэг аливаа этгээдийг хэлж байгаа өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр гэрээгүй. Тиймээс өмчлөгч нь өөрийн үзэмжээр гэрээ байгуулах нь хууль тогтоомж болон бусдын эрхийг зөрчөөгүй бөгөөд гэрээний харилцааг байгуулахгүй байх шаардлага нь хууль бус юм. Үүнийг шаардаж буй нь өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн байршил, оршин суугаа газарт гаргах ёстой хэдий ч, тэдгээрийн аль нь ч нэхэмжлэл гаргасан газарт оршин сууж амьдардаггүй, нэхэмжлэлийн шаардлагаа өгөх байршилд байрладаггүй, үүнийг шүүх үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу эрх нь зөрчигдсөн аливаа этгээд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж болно, гэхдээ нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй, яагаад гэвэл үүнийг үүсгэх үндэслэл байхгүй өөрөөр хэлбэл өмчлөгчтэй хууль эрх зүйн харилцаа үүсгээгүй байхгүй мөн удаа дараа түүнийг байгуулах саналыг нэхэмжлэгчид хүлээн аваагүй болно. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй. Шүүх 72/19-01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор өмчлөгчийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн үүнд Монгол улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч өөрийн үзэмжээр өмчлөлийн зүйлийг чөлөөтэй өмчлөх, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Нэхэмжлэгчид 8 дугаар байрны 37 тоот орон сууцад хууль бусаар оршин суусаар байгаа нь түүнийг чөлөөлөхөөс татгалзаж байгаа нь ашиглахад санаатайгаар саад бэрхшээл учруулж байна. Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч нь өөр этгээдийн хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг шаардах эрхтэй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байрыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийг шийдвэрлэтэл тухайн хэргийг түдгэлзүүлсэн. Ийнхүү нэхэмжлэгчид эд хөрөнгийг хууль ёсны дагуу ашиглаж байгааг нотлох баримт бичиг байхгүй боловч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчид орон сууц ашигласны төлбөрийг санаатайгаар төлөөгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч шүүх тэднийг шударга ёсны эзэмшигч гэж хүлээн зөвшөөрсөн болно. Үүний үр дүнд Ч.А, О.М нар өмчлөгчийн эрхийг санаатайгаар зөрчиж, гадаад улсын өмчийг хууль ёсны үндэслэлгүйгээр ашиглаж, эрх зүйн харилцаа тогтоох оролдлого хийхгүйгээр үргэлжлүүлэн ашиглаж байна. Үүнтэй хариуцагч нар санал нийлэхгүй. Шүүхийн шийдвэрээр хууль бус өмчлөгч өмч хөрөнгийг хууль ёсны үндэслэлгүйгээр ашиглах боломжтой байх жишгийг бий болгож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.А, О.М болон ОХУ-н “ХЧБТӨХУНГ” нарын хооронд сууц хөлслөх талаар шууд гэрээ байгуулагдаагүй боловч эдгээр этгээдийн хооронд хуульд заасан үндэслэлээр үүргийн харилцаа үүссэн гэж үзэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ц.Б миний бие өмчлөгч талтай гэрээ байгуулсан байхад үүргийн харилцаа үүссэн байна гэж уг гэрээг хүчингүй болгосон нь учир дутагдалтай шудрага бус байна. ОХУ-ын засгийн газраас удаа дараа шаардлага хүргүүлж байсныг нотлох, нотлох баримтуудыг шаардаж аваагүй энэ талаар тухайн шүүх хуралд оролцсон 8-р байрны өмчлөгчийн төлөөлөгч В.В Белозеров шүүх хурал дээр удаа дараа хэлсээр атал анхаарч үзэхгүй нэхэмжлэгч талд шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн Ц.Б миний нэхэмжлэл гаргасан нотлох баримт бүхий 2 834 258 төгрөгийг хаанаас гаргуулах талаар шийдвэрт тусгаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.А, О.М нар нь В.В.Белозеров, Ц.Б нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулах, орон сууц хөлслөх гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2 384 258 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч В.В.Белозеровыг хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч, хөрөнгийг удирдах нэгдсэн газраар сольсон байна. /2хх 86 дугаар тал/

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ... Ч.А, О.М бид Оросын Холбооны Улсын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг болох 37 тоот хаягт байрлах орон сууцыг 2006 оноос хойш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байхад бидэнд мэдэгдэлгүйгээр өөр хүнтэй үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан ... гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ... тус байрны хууль ёсны өмчлөгч болох ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар /ФГУП.ГЗС/-тай 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 72/19-01 тоот Байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ... гэж тус тус тайлбарласан. Хх/1-2, 79/

Хэргийн баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаарт бүртгэгдсэн, 3.025 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Оросын Холбооны Улсыг бүртгэж, Монгол Улсын бүртгэлийн байгууллагаас 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000362121 дугаартай гэрчилгээ олгосон байна. /1 хх 60 дугаар тал/ Талуудын маргаж буй 37 тоот орон сууц нь дээр дурдсан Оросын Холбооны Улсын өмчлөлийн 3.025 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн салгаж үл болох бүрдэл хэсэг мөн болох нь талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч, хөрөнгийг удирдах нэгдсэн газар нь, өөрийн өмчлөлийн хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байр хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаарт бүртгэгдсэн, 3.025 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдад дамжуулан хөлслөх эрхтэйгээр, бүхэлд нь Плехановын нэрэмжит сургууль болон Билгийн үүдэн бүрэн дунд сургуульд гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулж байсан талаар зохигчид маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримт болох ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тухайн орон сууцыг ажилчдаа амьдруулах зорилгоор Билгүүн үүдэн бүрэн дунд сургуульд түрээслэж байсан гэж тайлбарласан тул нэхэмжлэгч Ч.А, О.М болон Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч, хөрөнгийг удирдах нэгдсэн газар нарын хооронд орон сууц хөлслөх талаар шууд гэрээ байгуулагдаагүй ч эдгээр этгээдийн хооронд Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.6-д заасан харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт зөв. Хариуцагч нарын “нэхэмжлэгч нар тухайн орон сууцанд ямарч гэрээгүйгээр, хууль бусаар амьдарч байгаа” гэх агуулга бүхий тайлбар гомдол үндэслэлгүй юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ч.А, О.М нар нь Оросын Холбооны Улсын өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг болох 37 тоот хаягт байрлах орон сууцыг Плехановын нэрэмжит сургууль болон Билгийн үүдэн бүрэн дунд сургуультай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр, 2006 оноос хойш тасралтгүй эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч Ч.А, О.М нар дээрх орон сууцыг 2006 оноос хойш хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байсан тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигчид гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. /1 хх 9-11, 27-33 дугаар тал/

Нэхэмжлэгч Ч.А болон О.М нар нь дамжуулан хөлслүүлэгч Билгийн үүдэн бүрэн дунд сургууль нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсон байх тул хуулийн дээрх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.6-д зааснаар, Ч.А, О.М нарын өмнө хүлээсэн Билгийн үүдэн бүрэн дунд сургуулийн үүрэг, хөлслүүлэгч буюу хөрөнгийн өмчлөгч Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газарт шилжсэн гэж үзэхээр байна.

Иймээс хууль зөрчиж хийсэн Оросын Холбооны Улсын Хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах нэгдсэн газар болон Ц.Б нарын хооронд байгуулагдсан 72/19-01 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ нэртэй орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно.

Нэхэмжлэгч нар нь 37 тоот хаягт байрлах орон сууцыг хуулийн дагуу эзэмшиж байгаа шударга эзэмшигчдийн хувьд, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлээр, уг орон сууцны бүрдэл хэсэг болох эвдэрсэн хаалгыг засварлахад гарах зардлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй боловч уг хаалгыг хариуцагч Ц.Б эвдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул хаалгыг эвдсэн гэх үндэслэлээр гэм хорын хохиролд 1 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн хариуцагч Ц.Бд учирсан гэх 2 384 258 төгрөгийн хохирол болон нэхэмжлэгч Ч.А, О.М нарын үйлдэл /эс үйлдэхүй/-ийн хооронд шууд шалтгаант холбоо байхгүй, талуудын хооронд өөр бусад гэрээний үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нараас гэм хорын хохиролд 2 384 258 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Бгийн сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах боломжгүй болно. 

Шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... нэхэмжлэлийг хариуцагчийн байршил, оршин суугаа газарт гаргах ёстой хэдий ч, ... үүнийг шүүх үл харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан ...” гэжээ. Нэхэмжлэл гаргах үед хариуцагч Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн хаягийн бүртгэлтэй байсан бөгөөд өөрчлөгдсөн  гэх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол  Ж.Лхагвасүрэнгийн гудамжны 8 дугаар байр 37 тоотод амьдардаггүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Анхан шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүсэлт гаргаж, хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 184/ШЗ2019/12546 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн боловч уг захирамжийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор хүчингүй болгосноор хэргийг тухайн шүүх хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг зөрчөөгүй болно

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2020/02706 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

                  

                                                    ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                          Б.НАРМАНДАХ