Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 14

 

“Т”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Б.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0508 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0609 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Ө нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0508 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар ногдуулсан 398.795,1 мянган төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээж, 1.4 дэх заалтаар ногдуулсан 2008 оны нэмэгдсэн өртгийн албан татвар 68.332 мянган төгрөгийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 2,358,7 мянган төгрөгийн торгууль, 1.1, 1.2, 1.3 дахь заалтаар ногдуулсан 316.858.6 мянган төгрөгийн хүү, 144,251,4 мянган төгрөгийн торгууль, 67,038,6 мянган төгрөгийн алданги нийт 530.507.300 төгрөгийн төлбөрийг өршөөлд хамруулж хассан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0609 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0508 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т”  ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 дугаар актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 дугаар актаар “Т”  ХХК-д ногдуулсан хүү, торгууль, алданги нийт 530,507.3 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0508 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар ногдуулсан 398.795,1 мянган төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/MA2018/0609 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

4. Татварын улсын байцаагчийн 0300942 тоот актын Тогтоох хэсгийн 1.1, 1.2-д нөхөн татвар ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь улсын байцаагч нь компанийн бусад агентад байрлуулсан, борлогдоогүй барааг борлуулалт хийгдсэн мэтээр буруу дүгнэлт хийж санхүүгийн тайланд хэрэглэдэг олон улсын стандартыг баримтлаагүйгээс нөхөн татвар тооцсон нь үндэслэлгүй. Гэрээний дагуу байршуулсан барааны үлдэгдэл 2008 оны эцэст 549.192,9 мянган төгрөг байсан. Гэрээлэгч байгууллага бүртэй тооцоо нийлсэн байгаа учраас гэрээлэгч байгууллага дээр борлуулахаар байршуулсан бараанаас борлогдоогүй үлдсэн барааны үлдэгдлийг борлуулалтаар тооцож, борлогдоогүй барааны үлдэгдлийг орлого гэж үзсэн нь НББОУС-ыг зөрчсөн байна.

5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “аж ахуй нэгж байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх” гэсэн заалт, НББОУС-ын 18 дугаар зүйлд “Орлого” хэсэгт тодорхой нөхцөл бүрэн бүрдсэн үед бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхөөр заасан байдаг. Үүнд дараах нөхцөл бүрдсэн үед бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх ёстой: аж ахуй нэгж нь барааны өмчлөлд холбогдох удирдлагын болон хяналтын үүргийг өөртөө хадгалаагүй, орлогын дүнг үнэн бодитой хэмжих боломжтой байгаа, өгөгдсөн ажил гүйлгээний эдийн засгийн өгөөжийг тухайн аж ахуй нэгж хүртэх магадлалтай байгаа, тухайн ажил гүйлгээтэй уялдаж гарсан ба гарах зардлыг үнэн бодитойгоор хэмжин тодорхойлж болохоор байгаа гэж заасан бөгөөд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй бол бараа борлуулалтын орлого гэж тооцох ёсгүй.

6. Гэтэл дээрх нөхцөлүүд нь бүрэн хангагдаагүй байхад байршуулсан барааны 549.192,9 мянган төгрөгийг орлого гэж үзсэн нь буруу. Компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн дэлгүүрийн лангуугаар дамжуулан худалдан борлуулах үүргийг хамтран ажиллах гэрээний дагуу хүлээсэн нэр бүхий борлуулагч нарт өгснийг борлуулалт гэж үзэхгүй. Борлуулалт хийсэн тохиолдолд борлуулалтын мэдэгдэлд хэдэн ширхэг борлогдсон нь тусгагдах ба түүний дагуу шилжүүлсэн мөнгийг хүлээн авснаар орлогыг хүлээн зөвшөөрдөг. Борлуулагч нар барааг борлуулсан мөнгөнөөс борлуулалтын шимтгэл, хэлцэлд заасан бусад зардлыг хассаны дараа мөнгийг шилжүүлдэг бөгөөд борлогдохгүй байх эрсдэлийг үйлдвэрлэгч хүлээдэг. Иймд лангуун дээр байсан тайлан тооцоо хийх хугацаа нь болоогүй бараанд татвар ногдуулсан нь үндэслэлгүй юм.

7. Шалгалтыг 2-оос доошгүй улсын байцаагч 1-2 сарын хугацаанд анхан шатны баримтад тулгуурлан хийдэг байхад Н.Ч анхан шатны баримттай огтхон ч танилцаагүй. “Т”  ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасны дагуу ажилласан. Гэтэл улсын байцаагч борлуулалтын орлогыг тодорхойлохдоо шаардлага хангаагүй тодруулбал 2009 оны 4 сард хакерийн хууль бус ажиллагаанаас устгагдсан, цагдаагийн байгууллага шалгасан, дараа нь албан бусаар хэсэгчлэн сэргээх оролдлого хийсэн, дутуу сэргээсэн программыг хуулж авч явсан бөгөөд тус программ дээрээс буруу дүнтэй борлуулалтын журнал гэх хуулга хэвлэж түүгээрээ орлогыг тооцсон, гол үндэслэл болгон хийсвэрлэн тооцоолсон нь үндэслэлгүй болох нь татварын ногдуулалт төлөлтийн тайлан, балансын ерөнхий дүн, авлагын дүн зэргээр нотлогддог. Байцаагчийн хэвлэж авсан борлуулалтын орлогын журнал гэх хуулга нь өмнө нь шаардлага хангаж байсан тэр үеийн программаас хэвлэж авсан журналтай 643.120,5 мянган төгрөгөөр зөрүүтэй байхад мэдээллийг компаниас албан ёсоор баталгаажуулаагүй, албан ёсны бус баримт нотолгоог үндэслэн акт тавьсан нь хууль бус гэж үзэж байна. Программ дангаараа татварын акт тавих үндэслэл болохгүй. Гэтэл шүүхийн шийдвэрт энэ талаар дурдаагүй, дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Хууль зөрчсөн, анхан шатны баримтыг шалгаагүй тул акт хүчингүй юм.

8. Байцаагч Н.Ч нь “Т”  ХХК-ийн хариуцсан татварын албаны улсын байцаагч биш мөртлөө уг хариуцсан албатай харьцахгүйгээр шалгалт хийх нэрээр ирж хакерийн улмаас устсан гэмтэлтэй, эрх зүйн баталгаагүй болсон санхүүгийн пирамид программыг хуулбарлах замаар акт үйлдсэн тул актыг хүчингүй болгох нэг үндэслэл мөн. Ингэхдээ татварын байгууллагатай харилцаагүй давхардуулан шалгалт хийсэн бөгөөд харьяалсан татварын хэлтсээс гаргасан татварын төлөлтийн график, татвар төлөлтийг хойшлуулах тухай Тушаал зэрэг нотлох баримтуудыг шалгалгүй орхигдуулсан, давхардсан шалгалт хийсэн. Учир нь харьяа татварын хэлтсээс “Т”  ХХК-ний татвар төлөлтийг тогтмол шалгаж, график, хуваарь батлан татварын өр барагдуулах, өр төлөлтийг хойшлуулах зэрэг шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байсан. Гэтэл шалгалт хийсэн Татварын улсын байцаагч нь, хяналт тавьж байгаа татварын албатай харилцаж мэдээлэл, нотлох баримт авах талаар Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д “татварын хяналт хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг хувь хүн, хуулийн этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах” эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс, зайлшгүй авах ёстой нотлох баримт цуглаагүйгээс 0300942 тоот Акт утга агуулгын илэрхий алдаатай, тооцоо нь илт буруу гарсан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Татварын шалгалтыг давхардуулан хийсэн. Өмнөх акт нь хүчинтэй байгаа тул Ч-ын акт хүчингүй, хууль зөрчсөн акт мөн.

9. Татварын улсын байцаагч “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 1.4, 1.4.2, 1.5, 2.2.6, 2.2.7, 2.3.4 в, 2.3.4 д, 2.3.5 е, 2.3.6 в, 2.3.6 г, 2.3.6 ё, 3.2.1-ийн хоёр дахь хэсэг, 3.2.3 а, 3.2.5, 3.2.7, 7.1, 7.1.1-д заасныг тус тус ноцтойгоор зөрчиж “Т”  ХХК-д Татварын улсын байцаагчийн Акт тавьсан нь илт хууль бус болсон. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” захиргааны акт илт хууль бус байна гэж заасны дагуу татварын акт нь илт хууль бус юм.

10. Татварын улсын байцаагчийн 0300942 дугаар Акт хүчин төгөлдөр болоогүй. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6-д заасан татварын актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул дээрх үндэслэлээр акт хүчингүй болсон. Татварын ерөнхий хуулиар татварын байцаагчийн актны хугацаа 5 жилээр тогтоосон. Тодруулбал: Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрмийн 1.5-д “татвар төлөгч урьд нь шалгагдсан бол түүнээс хойшхи, шалгагдаагүй бол анх байгуулагдсанаас хойшхи хугацааг хамруулан хяналт шалгалт хийх боловч нэг удаагийн хяналт шалгалтанд хамруулах хугацаа Монгол улсын Татварын ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд байна” гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 11-р зүйлийн 11.1 “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй.” мөн 11.6-д “Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж заасны дагуу 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот Татварын улсын байцаагчийн Актын хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр дууссан. Тодруулбал Татварын улсын байцаагч нь актыг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тавьснаас хойш 10-аад жил Акт хүчин төгөлдөр үйлчлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

11. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...татвар төлөөгүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь илт ташаа болсон. Хавтаст хэрэгт анхан шатны баримт байхгүйгээс гадна байцаагч Н.Ч анхан шатны баримтыг үзэж шалгаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

12. Хариуцагч Н.Ч болон хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн дарга Ч.Г нь татварын улсын байцаагчдын хамт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р Шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 261 дугаар Шийтгэх тогтоолоор ял шийтгэгдсэнийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байдаг. Учир нь Н.Ч нар нь хэлтсээрээ, зохион байгуулалттайгаар татварын хууль болон ҮТА-ны ТХШАДүрмийн заалтууд, ялангуяа дүрмийн 2.2.6-д заасныг зөрчсөн байсан, хоёр ба түүнээс дээш бүрэлдэхүүнтэй хийх ёстой Татварын хяналтын шалгалтыг ганцаараа хийж татвар төлөгчдийг хохироож байсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж шүүх дүгнэсэн байгаа бөгөөд энэ нь Н.Ч нь хууль, дүрэм зөрчиж ганцаараа очиж “Т”  ХХК-д холбогдуулан акт тавьсан нь актыг хүчингүй болгох үндэслэл мөн.

13. Дээрхээс дүгнэхэд Татварын улсын байцаагч Татварын акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэх; үр нөлөөтэй байх; зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмуудыг ноцтой зөрчсөн. Татварын акт нь илт хууль бус бөгөөд “Т”  ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа, мөн татварын актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

14. Иймд Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байх тул Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0508 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн хэлтсийн татварын улсын байцаагчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0300942 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.2 дахь заалтаар ногдуулсан 398.795,1 мянган төгрөгийн нөхөн татварыг хэвээр үлдээснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/MA2018/0609 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

15. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.

16. Нэхэмжлэгч “Т”  ХХК-иас “...манай компанийг харъяалдаг Увс аймгийн Татварын хэлтэст мэдэгдэлгүйгээр, тус хэлтсээс урьд хийсэн татварын хяналт шалгалттай давхардуулан, ...ганцаарчилсан шалгалт хийсэн, ...дутуу сэргээгдсэн санхүүгийн пирамид программаас хуулбарлан тооцоо хийсэн нь хууль зөрчсөн ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, хариуцагчаас “...Татвар ногдох орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчлийг санаатай үйлдэл гэж үзээгүй тул нөхөн татвар, торгууль, хүү ногдуулсан” гэж тус тус маргажээ.

17. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн “...санхүүгийн тайланд хэрэглэдэг олон улсын стандартыг баримтлаагүйгээс нөхөн татвар тооцсон” гэх гомдол үндэслэлгүй байна.

18. Түүнчлэн “Увс аймгийн татварын улсын байцаагчийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 150062 дугаар актаар тогтоосон төлбөр давхардсан болохыг  хариуцагч хүлээн зөвшөөрсөн, уг актаар тогтоосон төлбөрийг анхан шатны шүүхээс хасч шийдвэрлэсэн, актын буюу хэсэг нь давхцаагүй байх тул  нэхэмжлэгчээс “...Татварын шалгалтыг давхардуулан хийсэн...” гэх хяналтын гомдлыг хангах боломжгүй юм.  

19. Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй”, 11.2-д “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэснийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...актын хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

20. Нэхэмжлэгчээс “...шалгалтыг ганцаараа хийж татвар төлөгчдийг хохироож байсан” гэж маргасан, Үндэсний Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм”-ийн 2.2.6-д “Хяналт шалгалтыг 2 ба түүнээс дээш Татварын улсын /ахлах/ байцаагчдын бүрэлдэхүүнтэй багаар хийх” заалтыг зөрчиж хяналт шалгалтыг явуулсан болох нь баримтаар тогтоогдсон боловч уг зөрчил нь маргаан бүхий Татварын улсын байцаагчийн актыг  хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулах үндэслэл болохгүй.

21. Учир нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын ажлыг татвар хураах зардлыг хэмнэн, үр өгөөжтэй байх, татвар төлөгчийн хэвийн үйл ажиллагааг үл алдагдуулах, чирэгдэл бага учруулах шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт болон гэнэтийн, бүрэн буюу хэсэгчилсэн, ганцаарчилсан болон нийтийг хамарсан зэрэг олон улсын жишигт нийцсэн, хуулиар хориглоогүй бүх хэлбэрээр явуулж, аль ч татвар төлөгчийн үүргийн биелэлтийг хэзээ зохистой гэж үзсэн үедээ шалгах эрхтэй” гэж зааснаар Татварын улсын байцаагчийг ганцаарчилсан шалгалт явуулахыг зөвшөөрсөн байна.   

22. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2018/0609 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН