Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 547

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Иргэн Ж.С*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдлүүдийг зохих журмын дагуу гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, Я.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ж.С******* миний бие 1993 оноос эхлэн Тагнуулын байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газарт 20 гаруй жил ажилтан, ахлах ажилтан, албаны дарга, хэлтсийн дарга, газрын орлогч даргаар тасралтгүй ажиллаж ажил үүргээ хуулийн хүрээнд тавигдах шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж ирсэн билээ. Миний бие 2014 оноос Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж байхад тус газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 дугаар тушаалаар эрхэлж байсан албан тушаалыг ТТ-15-5 зэрэглэлээс 4 зэрэглэл бууруулан Харуул хамгаалалтын албаны харуулын захирлаар шилжүүлэн томилж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТТ-11-5 байхаар тогтоосон.

Энэхүү тушаалыг миний бие эс зөвшөөрч хуулийн дагуу шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаар тогтоолуудаар дээрх Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны Б/428 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.С******* намайг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.

Миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үүрэг ажилдаа эргэж орох талаар удаа дараа хариуцагчид хандан хүсэлт гаргасан боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсч албадан биелүүлэх ажиллагаа явагдаж Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн томилсон. Надад энэхүү тушаалыг 03 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн.

Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын Б/64 дүгээр тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Авилгын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 26.1 дэх хэсэг, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 05/1417 тоот албан бичгүүдийг үндэслэн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй гэж үзэж надад төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Авилгатай тэмцэх газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/1417 тоот албан бичгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Б*******д хандаж Ж.С******* намайг 2015 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тухай дурьдаж, хариуцлага тооцохыг мэдэгдсэн байна.

Миний бие захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас 2015 онд нийтийн албанд нэг ч өдөр ажиллаагүй бөгөөд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах боломжгүй байсан.

Энэхүү тушаалыг миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь намайг дээрх 2014 оны Б/428 дугаар тушаалаар шилжүүлэн томилсон өдөр тус газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар Х.А******* гэдэг хүнийг томилсон бөгөөд миний бие тушаалын чиг үүргийг нэг ч өдөр гүйцэтгээгүй. 

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 57 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дүгээр тогтоолуудаар Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 дугаар тушаалын биелэлтийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байсан.

Надад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ч үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж олгохгүй, миний эрхийг зөрчиж байсан атлаа 2015 онд Төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй, ажиллах боломжгүй байсан хүнийг Хувийн ашиг сонирхолд, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй гэж үзэж төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй, тангараг өргөсөн төрийн албан хаагч миний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр албан тушаалдаа эгүүлэн томилогдсон, Төрийн албаны тухай хуулийн дагуу эрх хамгаалагдсан төрийн албан хаагчийн эрхийг зөрчсөн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.С******* намайг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдлүүдийг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа”...:“Төрийн тусгай хамгаалалтын газар ажиллаж байсан Ж.С*******ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь маргаан бүхий 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалын улмаас хөндөгдөж, төрийн албанд ажиллах, цалин хөлс авах зэрэг эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна. 

Маргаан бүхий акт буюу 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын гол үндэслэл нь Авилгатай тэмцэх газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг байдаг. Энэ нь зөвхөн Төрийн тусгай хамгаалалтын газраас ирүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй албан тушаалтнуудын жагсаалт, мэдээ тайлан зэргийг үндэслэсэн байдаг. Түүнээс бусдаар нэхэмжлэгч өөрөө тухайн хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн томилогдсон боловч шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураараа биелүүлэхгүй байсны улмаас албан үүргээ гүйцэтгэх боломжгүй цаг хугацаа байсан. Ийм учраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулах хугацаа нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх хугацаатай давхцаж таарч байна. 

Авилгатай тэмцэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгөх гэдэг ойлголт өөрөө  нийтийн албанд ажиллаж байгаа буюу төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан, сонгогдсон буюу томилогдсон өдрөөсөө хойш 1 сарын дотор хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаад цаашид төрийн албанд ажиллаж байх хугацаандаа жил бүр гаргана гэсэн хуулийн заалт байдаг. Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ж.С*******ийн эрх нь зөрчигдөөд төрийн албанд ажиллах анхны бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдсан байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2015 онд нэг ч өдөр албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан. 

2014 онд албан тушаал буулгаж Харуулын захирлаар томилоод оронд нь Төрийн захиргаа удирдлагын газрын Хүний нөөцийн хэлтсийн даргаар Х.А******* гэдэг хүнийг томилсон. Х.А******* нь энэ албан тушаалын бүрэн эрхийг хэрэгжүүлээд явж байсан. Харуулын захирлын албан тушаалд шилжүүлэн томилсон тушаалыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Давж заалдах шатны шүүхийн тогтоолоор тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3 дахь хэсэгт зааснаар актын биелэлтийг түдгэлзүүлсэн учраас Харуулын захирлаар ажиллах үүрэггүй, ажиллах боломж байхгүй байсан. 

Үндсэн ажил болох Төрийн захиргаа удирдлагын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх гэхээр өөр хүн тэр албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлж байсан учраас нэг ажлын байрны чиг үүргийг хоёр албан тушаалтан хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул Ж.С******* өөрөөсөө үл хамаарах шалтгаанаар захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас 2015 онд төрийн албанд орж ажиллах, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх, цалин хөлс авах эрхээ эдлэх боломжгүй байсан. Энэ цаг хугацаатай давхцаж хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргах мөн боломжгүй байгаа юм. Ийм нөхцөл байдлыг харгалзан Төрийн тусгай хамгаалалтын газраас зөвтгөж иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоож шийдвэр гаргах боломжтой байсан боловч Авилгатай тэмцэх газраас албан бичиг ирсэн гэдгээр нэгэнт Ж.С*******ийн эрхийг зөрчиж, дахиад хууль бус захиргааны акт гаргасан байгаа учраас шүүхийн журмаар энэ эрхээ сэргээн эдлэх боломж үлдсэн. Ж.С*******ийн зөрчигдсөн эрхийг шүүхийн журмаар сэргээн эдлүүлэх бүрэн боломжтой. Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлаар тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Б.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:”... “Тус газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга асан, хурандаа Ж.С******* нь харуулын захирлаар томилогдсон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428  тоот тушаалыг хууль зөрчиж гарсан, эрх ашгийг нь хөндсөн хэмээн үзэж Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлүүдийг олгуулж өгөх нэхэмжлэл гаргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийг нь ханган шийдвэрлэсэн. 

2. Төрийн тусгай хамгааллалтай газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 335 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаар тогтоол, Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны журмын 207 дугаар зүйлийн 207.2.1-ийн “а” 207.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн Газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 тоот тушаалыг хүчингүй болгож, Ж.С*******ийг урьд эрхэлж байсан Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 8.844.885 /найман сая найман зуун дөчин дөрвөн мянга найман зуун наян таван/ төгрөгийг зохих журмын дагуу татвар, шимтгэлүүдийг суутган, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 60.000 /жаран мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгасан тухай 1513 дүгээр тогтоолыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тус газарт ирүүлсэн.

Ж.С******* нь шүүхээр маргаж байсан тушаалаар ажлаас халагдаагүй, харуулын захирлаар шилжин томилогдсон байсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний 57 дугаар захирамжаар Газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 тоот тушаалын биелэлтийг уг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсэн байсан нь түүнийг төрийн албанаас халагдаагүйг баталж байгаа юм.

Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сониррхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2014 оны 20 дугаар тогтоолоор Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалтыг шинэчлэн баталсан. Уг жагсаалтын Хоёрт: Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай , төрийн үйлчилгээний албаны дараах ангилал, зэрэглэлийн албан тушаалтнаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргана” гэж заасны дагуу жагсаалтын 2.11-д тагнуулын байгууллагын ТТ-1-ТТ-9-д хамаарах албан тушаалтан хуулийн үйлчлэлд хамаарах бүхий этгээдээс хасагдсан. Харин ТТ-10, ТТ-15 ангилалтай харуулын захирал, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга нар хуулийн үйлчлэлд хамааралтай хэвээр байгаа бөгөөд өөрөөр хэлбэл Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж өгч байсан, өгөх ёстой албан тушаалтан юм.

Мөн Ж.С*******ийн урьд хашиж байсан Захиргаа, хүний нөөцийн хэлстийн дарга, түдгэлзсэн / шүүхийн шийдвэрээр/ тушаалаар шилжүүлэн томилсон Харуулын захирагч хуулийн үйлчлэлд хамаарал бүхий этгээд байсныг Ж.С******* мэдэж байсан бөгөөд шүүхийн маргаантай байхдаа буюу тушаалын биелэлтийг түдгэлзүүлэн ажилдаа ирээгүй байх хугацаандаа 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлж байсан байна.

Нэхэмжлэгч Ж.Самбүлхүндэвийг төрийн албанаас халсан шийдвэр огт гарч байгаагүй бөгөөд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйл, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу холбогдох мэдүүлгийг хугацаанд нь өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь зөвхөн төрийн албан хаагчийн цалингаар илэрхийлэгдээгүй, түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийг хөрөнгө орлого, ашиг сонирхол, үл хөдлөх хөрөнгө, түүнд орсон өөрчлөлтийг тусгасан авилгаас урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий төрийн албан хаагчийн заавал гаргаж өгөх үүрэгтэй мэдээлэл тул үүнийг зөвхөн өөрийн цалинтай холбож тайлбарлан мэдүүлэг гарган өгөх ёсгүй гэх нь ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Энэ үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээллийг тус газрын www.sssd.gov.mn цахим хуудас болон нэгжүүдийн байранд зарлал байрлуулах байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сурталчилсан бөгөөд Авилгатай тэмцэх газраас ч олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлэлж байсан.

Хуулийн хугацаандаа үүргээ биелүүлж ирүүлсэн тус газрын төрийн албан хаагчдын мэдүлгийг нэгтгэн Авилгатай тэмцэх газраас холбогдох журмын дагуу мэдээллэсэн бөгөөд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй нь нотлох баримтаар нотлогдож байх тул Авилгатай тэмцэх газраас Ж.С*******т хуульд заасан арга хэмжээ авч хариу мэдэгдэх тухай 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 05/1417 тоот албан бичгийг ирүүлсэн” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т******* шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Ж.С******* Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ Авилгын эсрэг хуулийн 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу холбогдох мэдүүлгийг хугацаанд нь өөрөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд үүргээ биелүүлж ирүүлсэн тус газрын төрийн албан хаагчдын мэдүүлгийг нэгтгэн дүнг Авлигатай тэмцэх газарт холбогдож журмын дагуу мэдээлсэн.

Авилгатай тэмцэх газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/1417 тоот албан бичгээр Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ ирүүлээгүй нь нотлох баримтаар нотлогдож байх тул Ж.С*******т хуульд заасан арга хэмжээ авч хариу мэдэгдэх үүрэг өгсөн бөгөөд Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн дээрх албан тоотын дагуу түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх нь Аивлгын эсрэг хуулийн 13.9 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26.6 дахь хэсгийг зөрчсөн санаатай зөрчсөн үйлдэл болох юм. Уг бичигт дурьдсан хуульд зааснаар авах сахилгын арга хэмжээнүүд нь бүгд төрийн албан /төрийн албан/-аас халах зохицуулалтууд байсан тул Ж.С*******т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан сахилгын шийтгэл ногдуулж, хуульд заасан хугацаанд Авилгатай тэмцэх газарт хариу мэдэгдсэн болно.

Авилгын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.13, 18.4.14, 18.4.15 дахь заалтаар Авилгатай тэмцэх газрын чиг үүрэг бүрэн эрхийг, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар Авилгатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүй биелүүлэх үүрэгтэйг, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газрын албан хаагч, эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр даалгаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцах ёстойг тус тус хуульчилсан.

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны Б/64 дугаар тушаал нь Авилгатай тэмцэх газраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ирүүлсэн үүрэг, даалгаврыг биелүүлэх байдлаар гарсан захиргааны акт бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газар нь төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, биелүүлэх байдлаар гарсан акт бөгөөд Төрийн тусгай хамгаалалтын газар нь төрийн албан хаагчийн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үүрэгтэй харин түүнийг хянах, дүн шинжилгээ хийх, шалгах чиг үүрэг Авлигатай тэмцэх газарт хуулиар олгогдсоныг харгалзан үзэх шаардлагатай. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Ж.С*******ийн нэхэмжлэлийн хариуцагчийг жинхэнэ хариуцагч Авилгатай тэмцэх газраар солих хүсэлт гаргаж байгааг хүлээн авч, хангаж өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ж.С*******ийн Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдлүүдийг зохих журмын дагуу гаргуулахыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 335 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаар тогтоолыг биелүүлж, 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ж.С*******ийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон боловч 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт, Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4 дэх хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар 26.1 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 05/1417 тоот албан бичгүүдийг үндэслэн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй гэх үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч дээрх шийдвэрийг гаргасан үндэслэлээ Ж.С*******ийг төрийн албанаас халсан шийдвэр гараагүй учраас Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, мэдүүлэг нь зөвхөн төрийн албан хаагчийн цалингаар илэрхийлэгддэггүй, түүний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийг хөрөнгө орлого, ашиг сонирхол, үл хөдлөх хөрөнгө, түүнд орсон өөрчлөлтийг тусгасан авлигаас урьдчилан сэргийлэх ач холбогдол бүхий төрийн албан хаагчийн заавал гаргаж өгөх үүрэгтэй мэдээлэл тул үүнийг зөвхөн өөрийн цалинтай холбож тайлбарлан мэдүүлэг гарган өгөөгүй нь ёс зүйгүй үйлдэл гаргасан. Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны Б/64 дүгээр тушаал нь Авлигатай тэмцэх газраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ирүүлсэн үүрэг, даалгаварыг биелүүлэх байдлаар гарсан захиргааны акт гэж тайлбарласан.

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/64 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болох нь доорх байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон Авлигатай тэмцэх газрын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 05/1417 дугаар албан бичигт “Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуул хамгаалалтын албаны харуулын захирал Ж.С******* нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 дугаар тушаалаар уг албан тушаалд томилогдсон бөгөөд 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд буюу 2016 оны 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж бүртгүүлээгүй нь Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний 04/2356 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлан, мэдээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Ж.С******* нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна” гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална”,  23 дугаар зүйлийн 23.3-д “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж заажээ. 

Гэтэл Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 дугаар тушаалаар Ж.С*******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс Харуул хамгаалалтын албаны харуулын захирлаар томилсон бөгөөд уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд хандан дээрх шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Ж.С*******ийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацаанд нэхэмжлэгч  албанд ажиллаагүй байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/428 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.С*******ийг урьд эрхлэж байсан Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тооцож олгохыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн даьж заалдах шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 232 дугаар тогтоолоор хэвээр үлдэж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.5-д “энэ хуулийн 24.1.2-24.1.4-т зааснаас бусад албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг түүнийг томилсон, эсхүл удирдах эрх бүхий албан тушаалтан”   хуульд заасан хугацаанд бүртгэж, хадгалахаар,  26 дугаар зүйлийн 26.6.”Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу авлигын шинжтэй зөрчил илэрвэл Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.” гэж зааснаар Төрийн тусгай хамгаалалтын газар Ж.С*******ийг эрхэлж байсан ажил, албан тушаалаас өөрчлөн томилсон тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байгаа талаар Авилгатай тэмцэх газарт мэдэгдэх тайлбарлах үүрэгтэй байна.

 Тодруулбал Төрийн тусгай хамгаалалтын газрын 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 04/2356, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 04/484 дүгээр албан бичгээр Авилгатай тэмцэх газарт 2016 онд Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт, 2015 оны  Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг хүргүүлэхдээ дээр дурьдсан Ж.С*******ийн ажлаас чөлөөлөгдсөн асуудал шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа талаар тайлбар хийгээгүйгээс Авилгатай тэмцэх газраас Ж.С*******ийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болжээ.

           Иймд нэхэмжлэгч Ж.С******* дээр дурьдсан хуулийг зөрчсөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл хүлээх  үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдлүүдийг тооцоолон зохих журмын дагуу татвар шимтгэлүүдийг суутган тооцож олгохыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106,1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/64 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг Төрийн тусгай хамгаалалтын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацааны цалин хөлс, олговор, нэмэгдлүүдийг тооцоолон зохих журмын дагуу татвар шимтгэлүүдийг суутган тооцож олгохыг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн тгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.АДЪЯАСҮРЭН