Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00007

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2025/00007

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн .... дугаар хороо, ******* ******* ... дугаар гудамжны .... тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь Багануур дүүргийн Орон сууц нийтийн ахуй үйлчилгээний газарт 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н.******* миний бие 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар сантехник слесариар ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэр надад өгөхгүй байж байгаад сүүлд байгууллагад гал гарахад хамт шатсан. Би тус газарт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч нотлох баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Н.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 1983 онд эхнэртэйгээ гэр бүл болоод 1984-1987 он хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 132 дугаар ангид цэргийн алба хаагаад, 1987 онд халагдаад Багануурт шилжиж ирсэн. Би 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд Дорноговийн Сайншанд сумын Барилга угсралтын конторт эвлэлийн илгээлтээр очоод, тэндээ слесарь мэргэжил эзэмшсэн юм. Тэгээд 1987 онд Багануурт ирээд Багануурын Орон сууц, нийтийн үйлчилгээний газарт слесариар ажилд орсон. Тухайн үед Орон сууц нийтийн үйлчилгээний газар 14 дүгээр байранд байдаг байсан. Би 1987-1995 он хүртэл ажиллаж байсан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт өгсөн. Гэхдээ би Багануур-Ус ААТҮГ-т 2000 он хүртэл ажилласан.

Би 1987 оны 6 дугаар сарын 20-нд цэргээс халагдаж байсан, тухайн үед цэргээс халагдаад 10 хоногийн дотор ажилд орох хуультай байсан бөгөөд хэрвээ энэ хугацаанд ажилд орохгүй бол цэргийн алба хаасан 3 жилийг ажилласан жилд оруулдаггүй байсан. Тийм учраас би цэргээс халагдаад 8-9 хоногийн дараа ажилд орж байсан болохоор 1987.06.29-нд ажилд орсон гэж бичсэн. Ингээд 1987 оноос хойш 8 жил тасралтгүй ажилласан, харин 1995-1996 оны хооронд олон хүмүүс ажлаас гараад Эрээн рүү наймаанд явж байсан, би Эрээн рүү наймаанд явахаар 1995 оны 06 дугаар сарын дунд үед ажлаа хаяад гарч байсан. Тэгээд 1997 онд буцаад ажилдаа орсон, орохдоо ажлаа хаяж явсан гээд нэлээн юм болж байж буцаж орж байсан, ажилдаа сайн байсан тулдаа буцаж орсон байх.

Хэрэгт авагдсан гэрэл зургуудын талаар тайлбар хэлэхэд хавтаст хэргийн 7 дугаар талд байгаа эхний зураг бол 1994 онд байгууллагын өвлийн спартакиадын үеэр авахуулсан зураг, би ард зогсож байгаа том биетэй, цувааны түгжигч хийгээд зогсож байгаа зураг байна, 7 дугаар хуудасны хоёр дахь зураг 1993 онд явган аяллаар Хөх нуур явж байхад авахуулж байсан зураг байна. Хавтаст хэргийн 8 дугаар талд байгаа эхний зураг 1994 онд олс таталтын үед авахуулсан зурагтай нэг дор авахуулсан зураг, 2 дахь зураг 1994-1995 шинэ жилээр хамт ажиллаж байсан оны аварга болоод авахуулж байсан зураг байна. Миний хөдөлмөрийн дэвтэр 2005 онд гал гарахад шатсан, тухайн үед манай нягтлан бодогч Цэрэндолгор, дарга нь Буянтогтох гэдэг хүн байсан. Улсад ажилласан хугацаагаа үнэлүүлж тэтгэвэрээ тогтоолгох эрх надад байгаа гэж бодож байна. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Үндэсний төв архивын 2024.12.29-ний өдрийн 1653 тоот тодорхойлолт, Дорноговь аймаг дахь *******хэт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024.11.13-ны өдрийн 168 тоот тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2024.11.01-ний өдрийн 10/1066 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 1993, 1994, 1995 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зургууд, Багануур дүүргийн Багануур-Ус ААТҮГ-ын 2024.11.29-ний өдрийн 304 дугаартай албан тоот, гал унтраасан талаарх нотломж, гал түймэр гарсан талаарх шинжээчийн дүгнэлт, 1997-1999 онуудад Ус суваг орон сууц ашиглалтын газарт даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Шүүхээс Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-21 А маягт, Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуйн газрыг Ус суваг, орон сууц ашиглалтын газар болгож өөрчилсөн хурлын протокол болон хөдөлмөрийн дотоод журам, Ус суваг, орон сууц ашиглалтын газар, Дүүргийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 онд хамтран ажиллах гэрээ, гэрч Ц.Нямсүрэн, Н.Одончимэг, Ч.Баттөмөр нарын мэдүүлгийг нотлох баримтаар бүрүүлсэн болно.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.******* нь Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1987.06.29-ний өдрөөс 1995.06.13-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж болохыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

3.Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газрын конторын барилгад 2005 оны 02 дугаар сарын 08-нд гал гарч хүсэлт гаргагчийн 1987 оны 6 дугаар сарын 29-нөөс 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг гэрчлэх баримт болох хөдөлмөрийн дэвтэр нь устаж үгүй болсон, мөн архиваас холбогдох баримт шүүлгэхэд лавлагаа гаргах боломжгүй болох нь Нийслэлийн архивын газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1653 тоот тодорхойлолт, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10/1066 тоот албан бичиг, Багануур-Ус ОНӨААТҮГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 304 тоот албан бичиг, гал түймэр гарсан талаарх шинжээчийн дүгнэлт, гал унтраасан тухай нотломж зэргээр тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй байна.

4. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хүсэлт гаргагч Н.******* нь Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл слесариар ажилласан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,

-Паспорт авах өргөдөл болох 1988.02.22-ны өдрийн ХААТР-21 маягт, уг маягтын 10 дугаарт ажилладаг газар-Багануур ОСНААҮГазарт, 11 дугаарт эрхэлдэг ажил-слесарь гэсэн байв,

-1993 онд Багануур дүүргийн Ус суваг, орон сууц ашиглалтын газрын хамт олонтой явган аяллаар Хөх нуур явж байхад авахуулсан гэрэл зураг,

-1994 онд Багануур дүүргийн Ус суваг, орон сууц ашиглалтын газрын хамт олон өвлийн спортын тэмцээнд оролцож олс таталт болон хамт олноороо жагссан байх үеийн гэрэл зургууд,

-1994-1995 онд шилжих шинэ жилээр Багануур дүүргийн Ус суваг, орон сууц ашиглалтын газрын хамт олны оны аваргатай авахуулсан гэрэл зураг,

-Гэрч Ц.******* шүүхэд өгсөн: Би 1987 оны 4 дүгээр сарын 9-нд Нийтийн ахуй үйлчилгээний газарт зам талбайн цэвэрлэгчээр ажилд орсон, 2010 оныг хүртэл ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай байгууллага намайг ажиллаж байх хугацаанд Орон сууц, Ус суваг, Цэвэрлэх байгууламж гэх хэсгүүдтэй байсан. ******* ******* намайг 1987 онд зам талбайн цэвэрлэгч хийж байх үед орон сууцны хэсэгт сантехникийн слесараар ажиллаж байсан, Би 1988 оноос ЦТП-д машинист болж одоогийн Тамгын газрын байрны ард байдаг ЦТП хэсэгт ажиллах болсон. Тухайн үед яг миний ажиллаж байсан ЦТП-1 дээр бүх слесарууд харьяалагддаг байсан бөгөөд биднийг нийтэд нь хариуцдаг Марат гэх техникч байсан. ******* 1987-1995 оны хороонд дандаа дуудлагын слесарь хийж байсан, эхнэр нь манай байгууллагад орон сууцны засварын хэсэгт тасралтгүй ажиллаж байсан. Хэргийн 7-р хуудсанд авагдсан 1-р зураг их бүдэг зураг байна, сайн харахгүй байна, сангийн слесарь Намжилсүрэн, хойно олс татаж байгаа үстэй хар малгайтай хүн ******* байна, 2 дахь гэрэл зураг 1990-ээд оны зураг байх шиг байна. Баруун байдлагийн Хөх нуур руу явган аяллаар явсан зураг байх шиг байна. Доор нь явган сууж байгаа нүдний шилтэй хар малгайтай эрэгтэй ******* байна, Хойно захад шар оруулгатай хувцас өмссөн эмэгтэй ******* эхнэр Эрдэнэтуяа, хойно голд зогсож байгаа инженер байна, Машинист Одончимэг, Наранчимэг гээд бүгд л таних хүмүүс байна, 8-р хуудсанд авагдсан эхний зураг өвлийн спортын зураг, Хэрлэн гол дээр байна. Наанаасаа 3 дахь наашаа харсан байдалтай зогсож байгаа хар малгайтай эрэгтэй ******* байна, 2 дахь зураг хэдэн оны зургийг мэдэхгүй байна, манай сангийн слесарь ийн байгууллагын аврага болж байгаа шинэ жилийн зураг байна, улаан пиджактай эмэгтэй ******* эхнэр Эрдэнэтуяа, хажууд нь хөндлөн харсан байдалтай байгаа эрэгтэй бол ******* байна. Слесарь Манлайбаатар, Батзориг гээд бүгд манай хамт болон байна, ихэнх нь сангийн слесарууд, машинистууд байна гэх мэдүүлэг,

- Гэрч Н.******* шүүхэд өгсөн: ******* Орон сууц нийтийн аж ахуй газарт 1987 онд сантехникийн засварчнаар ажилд орсон. Би 1984 онд ажилд орж байсан бөгөөд орон сууцны диспетчерээр 2017 он хүртэл ажиллахдаа *******тай дандаа нэг салбарт цуг ажиллаж байсан, 1998 он хүртэл ажилласан. *******ыг 1987 оноос 1998 он хүртэл тасралтгүй ажилласныг гэрчилж байна. Манай контор 2005 оны цагаан сарын өмнө шатхад ажилчдын бүх бичиг баримт шатсан. Миний хөдөлмөрийн дэвтэр, сургууль төгссөн диплом хүртэл шатсан. Би шүүхээр ажилласан жилээ тогтоолгож байсан. Манайд олон слесарь байдаг, гэхдээ тогтвортой биш байнга солигдож байдаг байсан. Би *******ыг удаан хугацаагаар тасралтгүй ажилласан гэж бодож байна. 1-р зураг, олс таталтын тэмцээний зураг байна, хамгийн ард ноосон малгайтай хүн *******, 2-р зураг Байдлаг руу 1994-1995 оны үед явсан явган аялалын зураг, урд эгнээнд сууж байгаа нүдний шилтэй эрэгтэй ******* байна. Би энэ аялалд хамт явж байсан юм, энэ зурагт авахуулаагүй байна. Хэргийн 8-р хуудсанд байгаа зураг өвлийн цасны баярын зураг байна, оныг мэдэхгүй байна, ******* наад талаас 3 дахь хар саарал ороолттой, хар үстэй малгайтай зогсож байна, манай байгууллага хэсэг хэсгээрээ зогсож байгаа зураг байна, шар куртиктэй хүн манай инженер байна, доод талын зурагт ноосон эрээн цамцтай хажуу тийшээ харсан ******* байна, манай слесарь аварга болоод шинэ жилээр авахуулсан зураг байна. Манай орон сууцны салбарын хэсэг ажилчид байна гэх мэдүүлэг,

-Гэрч Ч. шүүхэд өгсөн: Би 1982-2014 он хүртэл тэтгэвэртээ гартал Багануур Ус сувагт тасралтгүй оператор, машинистаар ажиллаж байсан. ******* нь 1987 оноос 1994 он хүртэл ажилласныг мэднэ, тэгээд ажлаасаа гараад эмнэлэгт ганц хоёр жил ажиллаад хөдөө гараад явсан гэсэн сураг сонссон. Энэ хүн манайд өдрийн слесарь хийж байгаад дараа ээлжийн слесарь болсон. 1987 онд манай дарга , дараа нь гэж дарга сүүлд нь орон нутгийн контор болоход Буянтогтох дарга тус тус ажиллаж байсан. Яах аргагүй цуг ажиллаж байсан улсууд байгаа юм. Манай контор цагаан сарын өмнө шатаад ажилчдын бүх бичиг баримт шатсан. Энэ үйл баримт нь бид нарт их хэцүү байдаг, ажиллаж байгаад ажлаасаа гараад өөр тийшээ явчихсан хүмүүс шүүхээр их орж ажилласан жилээ тогтоолгож байгаа харагддаг. Нэг дэх зургийг нь сайн мэдэхгүй байна, 2 дахь зургийн доор сууж байгаа нүдний шилтэй ******* мөн байна, өөр , нарын слесариуд байна. Энэ зурагт дандаа орон сууцны слесариуд байна. Арын 8 дугаар хуудасны зурагт хар ноосон малгайтай *******, инженер, слесарь, , Манлай слесариуд байна. Энэ манай байгууллагын өвлийн арга хэмжээ их зохиодог байсан тэрний зураг байна. Доод талын зураг ноосон эрээн цамцтай хажуу тийшээ харсан ******* байна, манай слесарь аварга болоод шинэ жилээр авахуулсан зураг байна. Манай орон сууцны салбарын хэсэг ажилчид байна гэх мэдүүлэг гэх зэрэг нотлох баримтууд болно.

5.Хүсэлт гаргагч Н.******* нь 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт слесариар ажиллаж байгаад 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс ажлаасаа гарч хувиараа хөдөлмөр эрхэлсэн, эргээд 1997 оны 5 дугаар сараас Багануур дүүргийн УСОСАГ-т слесариар ажилд орж 1999 оныг дуустал ажилласан болох нь дээрх хэрэгт авагдсан баримтууд, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан талаарх Нийгмийг даатгалын лавлагаагаар тогтоогдож байна.

6.Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газрыг 1992 оноос Ус суваг, орон сууц ашиглалтын газар гэж нэрлэн цех салбарын хувьд бүтцийн өөрчлөлт хийсэн болох нь Орон сууц нийтийн аж ахуйн газрын 1991.12.28-ны өдрийн хариуцлагатны хурлын протокол, байгууллагын дотоод журам, Ус суваг, орон сууц ашиглалтын газар, Дүүргийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 онд байгуулсан хамтран ажиллах гэрээ зэргээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн ажиллаж байсан газрын нэрийг 1992 оноос хойш Ус суваг, орон сууц ашиглалтын газар гэж бичсэн болно.

7.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, мөн гэрч нарын ажиллаж байсан талаарх мэдээлэл тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт бичигдсэн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг Багануур дүүргийн Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Багануур дүүргийн Ус суваг, орон сууц ашиглалтын газарт 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА