Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/426

 

   

 

 

 

     2023           4             19                                       2023/ДШМ/426           

 

 

Ч.Х, Ө.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ганчимэг,

            нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

           Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ганчимэгийн бичсэн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 8 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарт холбогдох эрүүгийн 2108030441854 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Боржигон овгийн Ч.Х, 1991 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баян Чандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр, 3 хүүхдийн хамт ................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /........................./;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1039 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан,

  2. Илжгэн овгийн Ө.Ц, 1989 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт .........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /........................./;

Шүүгдэгч Ч.Х нь Ө.Цтай нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний биед “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ч.Х нь Ө.Цтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар, хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн,

Мөн Ч.Х, Ө.Ц нар нь  бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.З, П.Инарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Х, Ө.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Ч.Х, Илжгэн овогт Ө.Ц нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн, хоёр хүний эсрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэв.

Прокурор Д.Ганчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Хыг Ө.Цтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохьж, түүний биед хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Х нь Ө.Цтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И нүүрэн тус газарт цохиж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ч.Х нь нийтийн хэв журмыг Ө.Цтай бүлэглэн зөрчиж иргэн Б.З, П.Инарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 60 хоног буюу 2 сарын хорих ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн 2 жил 2 сарын хорих ял шийтгэх санал,

Шүүгдэгч Ө.Ц нь Ч.Хтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт өшиглөж, түүний биед хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ө.Ц нь Ч.Хтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И нүүрэн тус газарт цохиж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар хоёр, түүнээс олон хүнийг, мөн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан бүлэглэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар уг гэмт хэргийг үйлдсэн, Мөн Ө.Ц нь нийтийн хэв журмыг Ч.Хтай бүлэглэн зөрчиж иргэн Б.З, П.Инарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд дүйцүүлэн 50 хоног буюу 1 сар 20 хоногийн хорих ял, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж дээрх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн 2 жил 1 сар 20 хоногийн хорих ял шийтгэх саналыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Гэтэл шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг  хүлээлгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял, нийт 1 жил 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчлагдсан. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл бөгөөд шүүгдэгч нарын хувьд Улаанбаатар хотоос гарахыг хориглосон нь нийтлэг байдлаар хамрах хүрээг өргөтгөсөн, өргөн хүрээнд тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын
зорилготой нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар "Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" гэж үзэх үндэслэлтэй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолын "Тогтоох нь" хэсгийн 3, 4 дахь заалт, мөн шийтгэх тогтоолын “Тодорхойлох нь" хэсэгт хийсэн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянуулж, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Д.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ял шийтгэлийн хувьд нэгэнт хуульд байгаа ялыг оногдуулсан учраас хэлэх зүйлгүй. Харин зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Улаанбаатар хотын хэмжээнд хязгаарласан нь үндэслэлгүй тул шүүгдэгч нарын оршин суух газрын харьяалалаар тогтоож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ч.Х, Ө.Ц нарт  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Х нь Ө.Цтай нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн Б.Зтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, түүний биед “хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Ч.Х нь Ө.Цтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цэлмэг пабын гадна 2021 оны 11 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө иргэн П.И нүүрэн тус газарт цохиж, түүний биед “баруун баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Ч.Х, Ө.Ц нар нь  бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж иргэн Б.З, П.Инарт хүч хэрэглэж тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь:

                   хохирогч Б.Зын “...Бид гурав нэг шил архи хувааж уучихаад тооцоогоо хийж дуусгаад хаалга руу гарахаар алхаж байсан. Энэ үед хажуу талд байх ариун цэврийн өрөөнөөс хар өнгийн саравчтай малгайтай, цагаан цамцтай залуу, улаан куртиктэй, туранхай өндөр залуу, хар малгайтай хип хоп малгайтай залуучууд гарч ирсэн. Тэгсэн цагаан цамцтай залуу нь цээжээрээ намайг мөргөөд бид хоёр муудалцсан. Би тэр залууд хандаж “гарах гэж явна, хүнтэй муудалцмааргүй байна хойшоо байгаарай” гэж хэлсэн чинь тэр залуу надтай муудалцаж над руу дайрсан. Тэр гурван залуу надтай муудалцаж гадаа гарсан чинь цагаан цамцтай, махлаг, хар малгайтай залуу миний нүүр, цээж рүү цохисон. ...Тэгээд И намайг өмөөрч “та нар яахаараа зүгээр яваа хүн рүү дайрдаг юм бэ гэж хэлтэл тэд нар ...бөөнөөрөө И руу дайрсан. Тэгэхээр нь би наад хүн чинь настай хүн битгий дайраад бай гэж хэлсэн Тэр хэд намайг хэлсний дараа “наадах чинь настай хүн гэж байна, наадах руугаа битгий дайраад бай” гэж хоорондоо ярьж байсан. Тэр хооронд манай хоёр найз руу дайрч бие махбодод халдсан байсан. Дараа нь над руу бөөнөөрөө дайрч намайг цохисон. Тэнд улаан куртиктэй залуу, цагаан цамцтай залуу нь цээж нүцгэн хувцсаа тайлчхаад хоёулаа үзье, зодолдъё гээд орилоод байсан. Улаан куртиктэй залуу ахыгаа өмөөрөөд хоёулаа зодолдъё гэж хэлээд согтуу дайраад байсан. ...Тэнд байсан өндөр хар куртиктэй залууд хандаж манай ах цагдаа чи мэднэ биз дээ наадуулаа надаас салгаач ингэж болохгүй биз дээ гэж хэлсэн чинь тэр мэр чинь надад хамаагүй ээ ахаа гэж хэлээд нөгөө хэдийгээ аваад зугтаасан. Миний биед махлаг шар залуу буюу Х гэх хүн цохиж уруул, хацарт гэмтлүүдийг үүсгэсэн. Харин улаан өнгийн пүүзтэй байсан Цэндбаяр гэх залуу нь миний зүүн нүдний орчим руу өшиглөсөн. Дээрх гэмтлүүдийг Х, Цэндбаяр нар надад үүсгэсэн. ...”/хх 16-17/,

                   хохирогч П.И “...тооцоогоо хийж дуусгаад гарах гэхэд хажуу талын ариун цэврийн өрөөнөөс үл таних нэг залуу гарч ирээд манай дүү Зыг цээжээрээ мөргөсөн. Тэр залуу яасан гэж Заас асуухад би наагуур чинь гарч байна шүү дээ гэж хэлэхэд учир зүггүй цохиод байсан. Бид нар тэндээс пижигнээд гараад явсан. Гараад нөгөө залуус манай дүүг дахиад цохиод унахаар нь би салгах гэж ороход манай дүү наад хүн чинь хөгшин хүн. Та нар битгий дайраад бай гэж хэлсэн. Тэгээд би тэд нарт та нар яасан гэж хүүхэд нүдээд байгаа юм. Чи миний нүдэн дээр хоёр гурван удаа цохио биз дээ гэж хэлэхэд тэнд байсан өндөр залуу, цагаан өнгийн цамцтай залуус тантай юм яриагүй. Та хамаагүй цаашаа байж бай гэж хэлсэн. Тэгээд манай дүүг  тэр залуус цохиод унасан. Би салгах гэж очсон чинь нүд рүү цохиод авсан.  ...” /хх 20/,

                   гэрч Г.Х“...Манай найзыг бараан өнгийн саравчтай малгайтай 2 цээж нүцгэн залуу зодсон. Түүний нэг махлаг нүцгэн гарынхаа шуунд шивээстэй залуу голчлон зодсон. ...” /хх 23-24/,

                   гэрч О.М“...Цэндбаяр, Х ах нар маань урд нь архи уучихсан согтуу байсан. Бид нар пабаас гарах гэж байхад Х ахтай нэг махлаг шардуу залуу маргалдсан байсан. Тэгээд Х ах тэр маргалдсан гэх залуутайгаа пабаас гарсан юм. Х ахын маргалдсан гэх залуу нь 30-40 орчим насны хоер хүнтэй явж байсан. Х ах пабаас гараад тухайн маргалдсан шар махлагдуу залууг нүүр орчимд нь гараараа цохичихсон. Яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд Цэлмэг пабын гадна талбайд хоорондоо зодолдоод эхэлсэн. Зодоон болох үеэр манай хуурай ах Цэндбаяр манай найз Цолмонбаатар нар пабын гадна мөн байсан. Би Х ахыг тухайн маргалдсан залуугаас нь салгах гэж байсан. Би тус зодоонд огт оролцоогүй юм. Х ахын хамраас нь цус гараад өмсөж байсан богино цамц нь урагдаад тэр богино цамцаа тайлаад цээж нүцгэн болчихсон. Тэр үеэр нь улаан өнгийн цамц өмссөн байсан Цэндбаяр ах Х ахын маргалдсан залуугийн найз нар нь бололтой хөгшин ахтай маргаад байсан. Цолмонбаатар бид хоёр Х болон Цэндбаяр ах нарыг арай гэж салгаад 21 дүгээр хорооллын автобусны буудлаас таксинд суулгаж өгөөд гэртээ харьцгаасан Цэндбаяр ах улаан өнгийн урт ханцуйтай цамцтай, хар жинсэн өмдтэй, улаан өнгийн пүүзтэй. Х ах цагаан өнгийн богино ханцуйтай футболк. жинсэн өмдтэй байсан. Гэхдээ сүүлд өмсөж байсан футболк нь урагдаад тайлчихсан цээж нүцгэн болсон байсан. Харин манай найз Цолмонбаатар нь улаан өнгийн малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, ногоон өнгийн пүүзтэй байсан. Миний санаж байгаагаар гараараа нүүр орчим нь нэг удаа цохиж харагдсан Тэгээд л пабын гадна эмх замбараагүй болчихсон. ...” /хх 26-27/,

                   Шүүгдэгч Ч.Хын яллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 81-82/

                   Шүүгдэгч Ө.Цяллагдагчаар өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй.. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 91/ гэсэн мэдүүлгүүд,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “...Б.Зын биед хамрын нуруу, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн нүдний зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулын салстад цус хуралт, шарх, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 37-38/,

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11497 дугаартай “...П.И биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 43-44/ гэсэн дүгнэлтүүд,

            Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 163-166/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн, хоёр хүний эсрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн, хоёр хүний эсрэг үйлдсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, тэдний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоож Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжид энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилсан.

Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, байгууллага аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, хүчээр түрэмгийлэх, эд хогшлыг нь эвдэх, айлган сүрдүүлэх хэлбэрээр илрэх бөгөөд үүнээс хальж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.

Шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүх  Ч.Х, Ө.Ц нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэмжээ, болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь хуульд нийцсэн байна.

Анхан шатны шүүхээс тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулсан байх хэдий ч уг ялыг эдлэх бүсчлэлийг тогтоохдоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж хэт ерөнхийлөн тогтоож, зорчих эрх хязгаарлах ялын эдлэх хэлбэрийг буруу тодорхойлсон байх тул шүүгдэгч Ч.Х, Ө.Ц нарын бүртгэлтэй албан ёсны гэрийн болон одоо амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх байдлаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, прокурорын Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/201 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай. ...” гэснийг “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт Сонгинохайрхан дүүргээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарласугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                       Д.МӨНХӨӨ

 

       ШҮҮГЧ                                      М.АЛДАР

 

       ШҮҮГЧ                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ