| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0435/З |
| Дугаар | 128/ШШ2024/0680 |
| Огноо | 2024-09-10 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/0680
| 2024 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 128/ШШ2024/0680 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д*******
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, Ц.О******* нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа, нэхэмжлэгч Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, Ц.О******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагаа: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн******* дугаар захирамжаар олгосон 241м.кв газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгасан болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Н.Д*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгож, Сонгино хайран дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн******* дугаартай захирамжаар Н.Д*******т олгосон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ******* зүүн талд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 241м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгуулах гэж өөрчлөн нэмэгдүүлсэн байна.
2. Н.Д******* нь 2024 оны 02 дугаар сард тус дүүргийн газар зохион байгуулалтын албанд очин газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж явж байхдаа тус дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдэж, зохих шатны байгууллагад гомдол гаргаж татгалзсан хариуг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай албан бичгээр авч, шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн******* буюу 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийг 15 жилээр сунгасан боловч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэснийг би хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж яваад мэдсэн,
4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн******* дугаартай захирамжаар олгосон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ******* зүүн талд байрлах 241 м.кв газар эзэмших эрхийн хугацааг хуульд заасан хугацаагаар нь сунгахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны эс үйлдэхүй хууль бус иргэний миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэжээ.
5. Нэхэмжлэгч Н.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр эзэмшиж буй газраа 15 жилийн хугацаатай сунгуулсан. Нийтдээ 2002 оноос хойш 22 жил эзэмшиж байгаа. Газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Энэ хугацаанд Газар зохион байгуулалтын албатай ямар нэгэн тооцоо байхгүй, асуудалгүй газар дэрээ үл хөдлөх хөрөнгө барьж амьдарч байсан. Миний газар эзэмших эрхийн хугацаа дуусах үед хугацаагаа сунгуулах хүсэлтээ өгөхөөр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд очиход таны газар эзэмших эрх 2010 оны ******* дугаар захирамжаар хүчингүй болсон байна. Мөн таны газар эзэмших эрх сүүлд 5 жилийн хугацаатай олгогдсон байна гэж хэлсэн. Ийм учраас би шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан гэв.
6. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 1 дэх шаардлагын тухайд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулснаар анх олгосон 2009 оны ******* дугаар захирамжийг сэргээлгэх агуулгатай гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 15 жилийн хугацаа нь дууссан тул ******* дугаар захирамжийг хүчингүй болгож, өмнөх газар эзэмших эрх олгосон захирамжийг сэргээлээ гэхэд Н.Д******* гуайн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гол зорилго нь газар эзэмших эрхээ сунгуулах гэсэн атлаа 2010 оны хүчингүй болсон захирамжийг хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нь 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх авч, гэрээ байгуулж, гэрчилгээ авч, газрын төлбөрөө төлж байсан. Одоогийн нөхцөл байдлын тухайд нэхэмжлэгч газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт өгөхөд дүүргийн Засаг даргын ******* дугаар захирамж маргаан үүсгэсэн үйл баримтууд байгаа юм. Дүүргийн Засаг даргын *******, ******* дугаар захирамжуудын үйлчлэх хугацаа нь дууссан учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй, эрх ашиг нь сэргэхгүй учраас татгалзах үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгахыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгасан хугацаа 5 жил, 15 жилийн аль аль байсан ч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтад 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулснаар газар эзэмших эрхийн хугацааг сунгах Засаг даргын эрх хэмжээ дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
7.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэргэжилтнээр 7 дугаар сараас хойш ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулахтай холбоотой асуудлаар надтай ирж уулзаж уг асуудлыг судалж үзсэн. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2009 онд сунгаад, 2010 онд хүчингүй болгосон байна. Энэ талаар дүүргийн Засаг даргад танилцуулахад шүүхэд захиргааны хэрэг үүссэн байгаа учраас шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Манай Газар зохион байгуулалтын албанаас авч болох арга хэмжээ нь хүчингүй болсон захирамжийг сэргээх юм бол хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой юм. Дүүргийн Засаг даргаас нэгэнт газар эзэмших эрхийн хугацаа дууссан байгаа учраас сэргээх боломжгүй гэсэн байр суурьтай байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Анх нэхэмжлэгч Н.Д*******т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн******* дугаар захирамжаар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонсголонгийн зам, 4 тоотод байрлах нэгж талбарын дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай 241 м.кв газрыг эзэмших эрхийг олгож, 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар сунгуулж, 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 15 жилийн хугацаатай гэрээ байгуулж, 0241014 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, уг газарт зориулалтын дагуу барилга барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтуудтай маргаагүй болно.
2. Харин нэхэмжлэгчээс ...нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан энэ хугацаа дуусахаас өмнө хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргахад, дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаар захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж..., хариуцагч нараас ...дүүргийн Засаг даргын 2009 оны ******* дугаар тогтоолгох захирамжаар Н.Д*******ын газар эзэмших эрхийг 5 жилээр сунгаж, 2010 оны ******* дугаар захирамжаар түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дах заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль зөрчөөгүй... гэж тайлбарлан маргаж байна.
3. Мөн тус дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн ******* дугаартай захирамжийн 10 дах талд Н.Д******* Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******* зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 241 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр сунгаж, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний зургаадугаар зүйлийн 6.2-д энэхүү гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулав гэжээ. /нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар/
4. Харин хариуцагч захиргааны байгууллагаас гаргаж өгсөн баримтаар тус дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн 10 дах талд Н.Д******* 20 дугаар хороо ******* зүүн талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 241 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр сунгасан баримтууд шүүхэд ирүүлсэн байна.
5. Газар эзэмших эрхийн 0241014 дугаартай гэрчилгээнд Н.Д*******т Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******* зүүн талд байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай 241 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, газрын сангийн мэдээлэлд тус маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрээг 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар бүртгэгдсэн байна.
6. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзвэл 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 0 төгрөг гэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичигт ...Н.Д*******ыг 2009 оны газрын төлбөрт 142714 төгрөг төлөхөөс 317064 төгрөгийг төлж 174350 төгрөгийн илүү төлөлт үүссэн байна. Илүү төлсөн төлбөрөөс 127248 төгрөгийг 2010, 2011 оны газрын төлбөрт, 31812 төгрөгийг алдангид тооцож, 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна.
7. Хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн байх бөгөөд энэхүү баримтыг үзвэл Сонгинохайрхан дүүргийн газрын албаны хуулбар үнэн болно гэсэн тэмдэгтэй 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хуулбарлан өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.
8. Мөн 2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ц.Т*******, газар зохион байгуулагч Б.З******* нар газар эзэмшүүлэгчийг төлөөлж гарын үсэг зурсан, газар эзэмших эрхийн 0241014 дугаартай гэрчилгээнд Газрын албаны дарга Ц.Т******* гарын үсэг зурж, тамга дарагдсан зэрэг баримтуудаас үзвэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 30 дугаар зүйлийн 30.1-т Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно, 34 дүгээр зүйлийн 34.1-т Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасантай нийцэж байна.
9. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн дээрх заалтуудаар аливаа иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг өөртөө олгох боломжгүй, эдгээр нь зөвхөн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах боломжтой бөгөөд тухайн шатны Засаг даргын газар эзэмшүүлэх эрх олгосон захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгох асуудлыг газрын алба зохион байгуулахаар заасан байх тул нэхэмжлэгч Н.Д*******т тус дүүргийн Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан болох нь тогтоогдож байна.
10. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаартай захирамжийн хавсралтын 46 дах талд Н.Д*******ын тус дүүргийн 20 дугаар хороонд байршилтай 240 м.кв газрын 2 жилийн төлбөр төлөөгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч Н.Д******* газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаад буюу 2024 онд мэдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
11. Дээрх маргаан бүхий актад заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, уг маргаан бүхий газар баригдаж өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг баримтуудаар няцаагдаж байгаа боловч дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
12. Учир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийдвэрийг үндэслэн нэгж талбарын дугаар бүхий Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******* зүүн талд байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай 241 м.кв газрын 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгож, газрын сангийн мэдээлэлд тус маргаан бүхий газрын эзэмших эрхийн 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар бүртгэгдсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаартай захирамжийн үйлчлэл 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон гэж үзэхээр байна.
13. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон байх хэдий ч энэ хугацаанд нэхэмжлэгч Н.Д******* нь уг газраа зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж, газрын төлбөрөө төлсөөр байгаа үйл баримт тогтоогдож байх тул нэгэнт хууль зүйн үр дагавар үүсгээгүй, одоо хүчин төгөлдөр бус актыг шүүхээс дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
14. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8-д дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-д зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ, 37 дугаар зүйлийн 37.2-д Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж заажээ.
15. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр иргэн Н.Д*******ын газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгөхдөө дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх үндэслэлийг зааж, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/377 дугаартай албан бичгээр иргэн Н.Д*******ын дүүргийн Засаг даргын 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар түүний Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******* зүүн талд 241 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай сунгасан, харин дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаартай захирамжаар хүчингүй болгосон талаарх нотлох баримтуудыг хүргүүлсэн нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
16. Нэхэмжлэгч Н.Д******* нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгээр тус дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдэж, удаа дараа хүсэлт гаргаж, захиргааны байгууллагаас татгалзсан хариуг өгсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
17. Учир нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахыг хүссэн хүсэлтээс татгалзаж байгаа захиргааны байгууллагын үндэслэл болгож буй дүүргийн Засаг даргын 2010 оны ******* дугаар захирамж нь Н.Д*******ын газар эзэмших эрхийг хязгаарласан үр дагаврыг үүсгээгүй, энэ захирамжийн талаар нэхэмжлэгч огт мэдээгүй байхад түүний хууль зүйн үр дагавар дуусгавар болсон байх тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас нэхэмжлэгч Н.Д*******ын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан нь хууль бус гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Н.Д*******ын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо ******* зүүн талд байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай 241 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2009 оны ******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан болохыг тогтоож, түүний газар эзэмших эрхийг сунгахыг Сонгино хайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 106.3.5, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д*******т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн******* дугаар захирамжаар олгосон 241м.кв газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгасан болохыг тогтоож, Н.Д*******т олгосон газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжийн Н.Д*******т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ