Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 20

 

     2018 оны 01 сарын  25 өдөр                       2018/ШЦТ/20                      Хэрлэн сум

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс:180/2018/0031/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                А.Уламбаяр,

Улсын яллагч                                          Д.Отгонтуяа,    

Шүүгдэгчийн өмгөөлөгч                           П.Амаржаргал,          

Шүүгдэгч                                                  Г.О нарыг оролцуулан

    

 Тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Охолбогдох 1739000450008 дугаартай эрүүгийн хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 1977 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, ээж, дүү, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг Оонтын 5 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Г.О /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.О нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаа С.О  “Г.Оыг согтууруулах ундаа хэрэглэн хүч хэрэглэсэн шалтгааны улмаас цагдаагийн тасаг руу авч явна” гэсэн шаардлагыг эсэргүүцэж зэвсэг хэрэглэн түүний зүүн гарын бугалган тус газар нь хутгалж хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.О мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой 20 цаг 40 минутын үед олон нийтийн цагдаагаар судлагдаж байсан Ж.Энхболдын хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын төвд Арвижих дэлгүүрийн ойр орчмоор эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд Жаргалтхаан сумын харъяат Г.О гэгч нь гартаа лаазтай пиво барьчихсан ууж байхад нь очиж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлага тавьсан. Би Энхболд ахаар гэр рүүгээ хүргүүлсэн. Гэртээ ирээд гэрийнхээ үүдэнд зогсож байсан чинь Г.О нь эргээд морьтойгоо давхиж ирээд морьноосоо бууж ирээд та муусайн гөлөгнүүд дандаа намайг ялгаж харьцаж байдаг. Би хэнээс ч айхгүй гээд над руу дайрч давшилсан. Би түүнийг барьж аваад цагдаагийн тасаг руу авч явах гэхэд шаардлага эсэргүүцэж ноцолдсон. Тэр үед Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн цагдаа ахлах ахлагч М.Мөнхбат нь манай гэрээс гарч ирээд над руу гүйж ирээд наадах чинь гартаа хутгатай байна ш дээ барьж бай гэж хэлэхэд нь анзаарч харахад Онь баруун гартаа хутга барьсан байсан. Би тухайн үед Отгоныг доош нь тонгойлгоод газар дөрвөн хөллүүлээд дарсан байсан. Мөнхбат баруун гарт нь байсан хутгыг булааж авсан. Энэ үед би Отгоныг тавиад зүүн гарын бугалга орчмоор хорсоод байхаар нь харахад бугалга орчмоос цус гарч байсан. Би Отгонд хутгалуулсан шархандаа оёдол тавиулаад үлдсэн. Нийт 7 оёдол тавиулсан. Мөнгөн Г.Оыг драгер багажаар үлээлгэхэд 0.77 хувийн согтолттой байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,

 Хохирогч С.О 2 дахь удаагаа өгсөн мэдүүлэг: “... Би тэр үед дээгүүрээ хар ногоон өнгийн пудволктой байсан. Болсон явдлын талаар харахад зүүн ханцуйных нь доод хэсэг тасраад уначихсан байсан. Шар модон бариултай гар хийцийн гэмээр хутга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч М.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017.08.03-ны орой 20 цаг өнгөрч байхад би Жаргалтхаан сумын төвд цагдаа Оын гэрт цонхных нь хажуу талд сууж байтал цонхны гадна талд цагдаа О, согтуу хүнтэй муудалцаж барилцаж байхыг хараад гүйж очсон. Тэгтэл нөгөө согтуу хүн нь баруун гарандаа хутга барьсан байсныг хараад хутгыг нь булааж авсан. О руу харахад зүүн талын бугалга нь ярагдсан цус гоожиж байсан... Тэр хутга нь модон иштэй Хятад улсад үйлдвэрлэсэн хуучин гэмээр хутга байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Ж.Энхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... Онь дэлгүүрийн гадаа лаазтай пиво уугаад зогсож байсан. Нилээн согтуу байсан. О цагдаа “Олон нийтийн газар битгий пиво уу, боль” гэж хэлсэн. Тэгтэл Онь өөдөөс нь “Би согтуу цагдаатай харьцахгүй, та нарт хаана юу уух нь хамаагүй” гээд байхаар нь О машинаас буугаад пивийг нь асгасан. Онь Оын өөдөөс салаавч гаргаад мориндоо мордоод “гөлөгнүүдийг алнаа” гээд хойшоо давхисан. ... Би Оыг буулгаад хөдлөөд явж байхад Онь морьтойгоо хойноос Оын гэрийн гадаа ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

Гэрч Д.Мөнгөний мөрдөн байцаалтад өгсөн: “... Мөнхбат над руу утсаар яриад Оыг нэг согтуу хүн хутгалчихлаа гэж хэлсэн. Тэр үед цагдаа Оын зүүн гарын бугалганы гадна хэсэгт 10 см орчим хөндлөн зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарсан байдалтай байсан. Онь сумын эрүүл мэндийн төвийн гадаа машинд сууж байхдаа “пяздакийг дутуудуулчихлаа гүйцээх байсан юм гээд хэд хэдэн удаа хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Шинжээчийн дүгнэлт: 2017.08.07-ны өдрийн 2017.084 дугаартай Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт № 84 1. С.О зүүн гарын бугалганы гадна хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 44 тал/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-61 тал/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-67 тал/  зэрэг болно.

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.О нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны орой Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаа С.О гудамж талбай, олон нийтийн газар архи, согтууруулах ундаа битгий уу гэсэн хууль ёсны  шаардлагыг эсэргүүцэн, зэвсэг хэрэглэж түүний зүүн гарын бугалган тус газар хуталж, хүч хэрэглэсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна. Иймээс шүүх шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч Г.Оы үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр хангалттай нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болно.

Хохирогч С.О нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Г.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь “тухайн хэрэг болох үед хэсгийн төлөөлөгч хохирогч С.О нь энгийн хувцастай явж байсан байх тул хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэж Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна хэмээн улсын яллагчтай мэтгэлцэх боловч, шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Мөнгөн, Ж.Энхболд, М.Мөнхбат нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Оыг танина, манай сумын цагдаагаар ажилладаг гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.О нь хохирогчийг хууль сахиулагч гэдгийг мэддэг, мэдсээр байж гудамж, талбай олон нийтийн газар архи битгий уу гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хүч хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан мөн хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол ажлын 8 цагийг нэг хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилвөл хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг тус тус үүрэг болгосугай.

 

5. Шүүгдэгч Г.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болох бөгөөд мөн шүүгдэгч нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулж болохыг тус тус дурьдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Л.УЯНГА